Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2018/00097

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00097

               Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багт оршин суух, Хар бургад овогт Бямбажавын Пүрэвсүрэн /ПЗ68030101/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 153/2018/00036/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 1984 оны 6 сарын 15-нд Мянгад сумын сургуулийг төгсөж ХАА-д илгээлтээр гарч Мянгад сумын Цагаанбулан бригадад малчнаар томилогдож 1991 оны 1 сарын 1 хүртэл нэгдэл тартал мал малласан билээ. Одоо тэтгэвэрт гарах болсон тул тэр үеийн нэгдлийн архив шатсан, архивт зарим материал байхгүй байна.

Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Цагаанбулан багийн Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Пүрэвсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэн нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэн нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1984 оны 6 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс олгосон хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Аваргын диплом, гэрч О.Чулууны ....Би 1977-1991 он буюу нэгдэл тартал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу Цагаан булан бригадад нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1991 оны 4 сард нэгдэл тараад Давшилт компани болсон ба тэнд брокероор ажиллаж байсан....Б.Пүрэвсүрэн нь 1984 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад илгээлтээр гарч 1991 оны 4 дүгээр сард нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. Пүрэвсүрэнгийн аавыг Бадамын Бямбажав гэдэг хүн байсан юм....Б.Пүрэвсүрэнгийн нөхөр нь Дашцэрэнгийн Бат-Эрдэнэ гэдэг хүн байсан.... гэх мэдүүлэг, гэрч Г.Баттогтохын ....Би 1984 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг төгсөөд хөдөө гарч малчин болсон. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад нэгдэл тартал малчин байсан.... Б.Пүрэвсүрэн бид хоёр багаасаа хамт өссөн нэг багийн хүмүүс. Б.Пүрэвсүрэн нь 1984 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар гарсан. Хөдөө илгээлтээр гарахдаа Б.Пүрэвсүрэн нь аав Бямбажав, ээж Мөнх нарын хамт нэгдлийн мал маллаж байсан. 1988 онд Б.Пүрэвсүрэн нь Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй гэр бүл болсон. Ховд аймгийн Давшилт нэгдэл нь 1990, 1991 онд тарсан. Б.Пүрэвсүрэн нь нэгдэл тарах хүртэл нэгдлийн бог мал маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудсанд авагдсан иргэн О.Чулуун, Г.Баттогтох нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, хавсралт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар бургад овогт Бямбажавын Пүрэвсүрэнгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ