| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01778/И |
| Дугаар | 102/ШШ2018/00037 |
| Огноо | 2017-12-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2018/00037
| 2017 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2018/00037 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч АС даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга МГ суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 802 дугаар байрны 1002 тоотод оршин суух, эрэгтэй, 47 настай, ББ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 16 дугаар байрны 26 тоотод оршин суух, эмэгтэй, 35 настай, Боржигон ургийн овогт ДД холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ТБ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ББ, хариуцагчийн өмгөөлөгч ББ /ШТҮД: 0922/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ДД нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хамт ажилладаг ГО гэх эрэгтэйн хамт ирж надтай уулзан 19,000,000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай 1,000,000 төгрөгийн хүүтэй зээлээч, байраа чөлөөлүүлээд 20,000,000 төгрөг болгож өгнө гээд авсан. ГО нь надад урьдын өглөгтэй байсан тул миний бие ГОд мөнгө өгөхгүй гэдгээ хэлж ДДгийн 5003363997 тоот дансанд мөнгөө шилжүүлсэн. Гэтэл мөнгө төлөх хугацаа болоход ДД нь утсаа авахгүй алга болсон. ДД нь ГОтой хамт эрүүгийн хуулийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүү үүсгэгдэн шалгагдаж, бусдаас болон надаас онц их хэмжээний мөнгө авсан үйлдэлдээ ГО ял шийтгүүлсэн. ДД нь мөрдөн байцаалтын шатанд надаас зээлсэн мөнгөө дангаар захиран зарцуулснаа мэдүүлж, тус үйлдэл нь ГОд хамааралгүй гэж хэрэгсэхгүй болсон бөгөөд иргэний маргаан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Иймд ДДгаас үндсэн зээл 19,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ТБ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Хариуцагч ДДгаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа. ДД нь ББгөөс шилжүүлэн авсан мөнгөө цаашаа хэрхэн зарцуулсан нь зээлдүүлэгчид хамаагүй. Мөнгийг зээлдэж авсан этгээдээс л буцаан шаардаж байна. Энэ гэрээний хувьд ГО гэгчийн бусдын өмнө хүлээсэн төлбөр төлөх үүргийг хэрэгжүүлэхээр тохирсон зүйл байхгүй. Уг мөнгийг ДД өөрийн хадам эцгийн зээлийн төлбөрийн данс руу шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа ч мэдүүлсэн байдаг. Энэ талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх дүгнэж, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Нэгэнт хэрэгт бичгээр хийсэн хэлцэл нь эх хувиараа байхгүй байгаа болохоор хүүгийн төлбөрт шаардсан 1,000,000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 19,000,000 төгрөг болгон багасгаж байгаа тул энэхүү шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ББ, өмгөөлөгч ББ нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
ДДгийн дансанд уг 19,000,000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Үүнтэй бол хариуцагч талын зүгээс маргахгүй. Харин уг мөнгийг ДД хувьдаа зарцуулалгүйгээр, нэг өдрийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хадам аавынхаа зээлийн төлөлтийг хийдэг данс руу шилжүүлсэн. Үндсэндээ бол тухайн мөнгийг ГОгоор дамжуулж авсан. Учир нь ГО нь ДДгийн хадам аав С.Жалсанд өртэй байсан бөгөөд ББгөөс авсан мөнгийг ГОгийн зээлийн төлбөр гэж ойлгож дансаараа хүлээж авсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын 19,000,000 төгрөгтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо уг мөнгийг ГО аваагүй гэж дүгнээгүй, харин уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлж, буруутай этгээдээс шаардах эрхтэй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан явж байгаад хэрэгсэхгүй болсон асуудлын дагуу нэхэмжлэл гаргаад байна уу? эсвэл Зээлийн гэрээний дагуу шаардаад байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. ДД өөрийн данснаас бусдын өрийг төлж байгаа нь ББгийн өмнө харицлага хүлээх үндэслэл болохгүй. Хэлцэл хийгдсэний дагуу шаардаж байгаа гэвэл, тэр үед ГО мөн хамт байсан учир түүнийг мөн хамтран хариуцагчаар оролцуулах хэрэгтэй байсан болов уу. Иймд хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББ нь хариуцагч ДДд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, нийт 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрийг хасч, нэхэмжлэлээ 19,000,000 төгрөг болгон багасгаж байна.
Хариуцагч ДДгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаан бүхий 19,000,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн боловч уг мөнгийг ГО гэгчийн өмнөөс, түүний зээлийн төлбөрт тооцож авсан гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч ББ нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч ДДгийн ХААН банк дахь 5003363997 дугаар дансанд 19,000,000 төгрөгийг шилжүүлж, уг мөнгийг ДД хүлээж авсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан талуудын банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдсон байна. /хх 10, 45/
Дээрх мөнгийг хариуцагч ДД хүлээн авснаар талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч ББ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч ДДгаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Хариуцагчийн зүгээс уг мөнгийг ДД бус, харин ГО гэгч нь ДДгийн хадам эцгээс зээлж авсан зээлийн төлбөрт төлөх зорилгоор түүний дансаар мөнгийг авахуулсан гэж тайлбарлан, ДДгийн дансны хуулга, ГО гэгчийн гар бичмэл бүхий тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргасан. /хх 10, 74/
Гэвч банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч ДД нь 19,000,000 төгрөгийг ББгөөс хүлээн авч, үүнээс хойш 1 өдрийн дараа С.Жалсан гэгчийн зээлийн данс руу 18,960,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 208 дугаар магадлалд ... ББгийн данснаас ДДгийн дансанд шилжигдсэн баримт байх бөгөөд ДД нь уг мөнгийг дангаар захиран зарцуулж өр төлбөрт шилжүүлсэн тухай мэдүүлсэн байна. Иймээс уг төлбөрийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлье гэсэн хохирогч ББгийн хүсэлт нь үндэслэлтэй байх тул ГОд холбогдох эрүүгийн хэргээс хохирогч ББд учирсан 31,600,000 төгрөгийн хохирлоос 19,000,000 төгрөгийн хохирол бүхий үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүй гэж үзэх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов... гэж дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй. /хх 8 дугаар хуудасны арын нүүр/
Түүнчлэн, ГОгийн тодорхойлолтод: ББгөөс авсан 19,000,000 төгрөгийг Дэлгэрмаагийн хадам ааваас зээлсэн мөнгийг өгсөн гэж тайлбарласан байх боловч уг тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, ГО гэгч уг тодорхойлолтыг өөрөө бичсэн эсэх нь тодорхойгүй, мөн уг тодорхойлолтоор 19,000,000 төгрөгийг ДД нь ББгөөс зээлж аваагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд, хариуцагч ДД нь ГО гэгчийн өмнөөс уг 19,000,000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан хүлээн авсан гэх байдал тогтоогдохгүй байна. Харин өөрийн хадам эцэг гэх С.Жалсангийн данс руу шилжүүлсэн байх бөгөөд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар ББгөөс авсан 19,000,000 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэгтэй байна. /хх 74/
Хавтаст хэргийн 75 дугаар хуудаст авагдсан иргэн С.Жалсан, ГО нарын хоорондын зээлийн гэрээтэй холбоотой баримт нь ББгийн нэхэмжлэлтэй ДДд холбогдох энэхүү зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэгт хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДДгаас 19,000,000 /арван есөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ББд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ АС