Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0518

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/00518

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Ө нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Б.М холбогдох,

  

62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч С.О /0229/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ө би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Ланд круйзер 200” маркийн авто машиныг тээврийн хэрэгсэл арилжах гэрээ байгуулан Б.Мөнгөнхонхоос худалдаж авсан боловч хүлээн авсан авто машин нь биет байдлын доголдолтой байсан. Автомашин нь дээвэр замаск хагарсан бүх шилийг сольсон, зүүн урд хаалга цонхны араам хэсгээр ан цав үүссэн хаалганы дотор талуудаар мөн крило, губер гээд бүхэл хэсгээр бүтэн будаг орсон, хойд хаалга нээгдэхгүй гэх мэт доголдол ихтэй байсныг худалдан авсны орой ахдаа машинаа үзүүлэхэд мэдэж тэр даруй Б.Мөнгөнхонход утасдаж наймаа буцах тухай хэлсэн боловч дахиж гар утсаа авахгүй блок хийж, гэрт нь хаягаар очиход хаалгаа нээхгүй, өөр хүний дугаараас залгаад авахдаа машины мөнгийг уурхайд хөрөнгө оруулалт хийсэн хавар 4, 5 сараас наана мөнгө гарах боломжгүй гэсэн тул шүүхийн байгууллагад хандаж байна. Иймд иргэн Б.Мөнгөнхонхтой хийсэн гэрээг хүчингүй болгож 62,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т.Өлзийдэлгэр нь Б.Мөнхгөнхонхын тавьсан зарын дагуу түүнтэй холбогдож түүнээс “Ланд круйзер 200” маркын автомашиныг худалдан авсан. Уг “Ланд круйзер 200” маркын автомашины үнийг талууд 62,000,000 төгрөг гэж харилцан тохирсон бөгөөд  22,000,000 төгрөгт “Тоёота харриер” маркын автомашин тооцон өгч, харин  40,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Ингээд Т.Өлзийдэлгэр нь өөрийн худалдан авсан “Ланд круйзер 200” маркын автомашиныг унаж яваад орой нь ахдаа үзүүлэхэд дараах эвдрэл, доголдолтой болохыг нь олж мэдсэн. Үүнд:

1/ Автомашины дээвэрийн замаск хагарсан.

2/ Автомашины бүх хаалганы шилийг сольсон байсан.

3/ Автомашины арын хаалганы цонх онгойдоггүй.

4/ Зүүн урд хаалганы цонхны арам хэсгээр цав гарсан.

5/ Хаалганы дотор талуудаар буюу крило, гупер хэсгээрээ бүтэн будагтай.

6/ Хойд буюу багажны хаалга онгойдоггүй.

Өөрөөр хэлбэл, илт доголдолтой, аваарт орсон автомашиныг хариуцагч Б.Мөнгөнхонх засч, янзлаад зарсан, үүнийг нь нэхэмжлэгч Т.Өлзийдэлгэр мэдэлгүй авсан. Эдгээр доголдлыг олж, асуудал байгааг нь мэдээд хариуцагч Б.Мөнгөнхонх руу эргэж холбоо барих гэж удаа дараа оролдсон боловч холбоо барьж чадаагүй. Түүний гэрийн хаягаар нь очиход байхгүй байсан.  Автомашин авсан өдрөөс хойш ахин дахин оролдсоор 3 хоногийн дараа өөр утаснаас залгаж холбогдоход тэрээр “...мөнгийг уурхайд хөрөнгө оруулсан учраас 4, 5 сараас л буцаан олгох боломжтой” гэж хариу мэдэгдсэн. Нэхэмжлэгч Т.Өлзийдэлгэр уг автомашиныг Дорноговь аймагт уурхайн ажилд ашиглах зорилгоор худалдаж авсан байсан ч автомашиныг авсан зориулалтаар унаж хэрэглэх боломжгүй байсан тул 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан.

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ “...Б.Мөнгөнхонхтой хийсэн гэрээг хүчингүй болгож, 62,000,000 төгрөг гаргуулах” гэж дурдсан. Гэвч манай нэхэмжлэлийн гол шаардлага бол хариуцагч доголдолтой эд хөрөнгө худалдсан учир гэрээг цуцалж мөнгөө буцаан авах зорилготой. Учир нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар худалдагчийн худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй байдаг. Иймд машины үнэ болох 62,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Т.Өлзийдэлгэрээс Б.Мөнгөнхонх надад холбогдуулан гэрээг хүчингүй болгож 62,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд хүлээн авсан автомашин нь биет байдлын доголдолтой, тодруулбал дээврийн замаск хагарсан, бүх шилийг сольсон, зүүн урд хаалга цонхны рам хэсгээрээ цав үүссэн, хаалганы дотор талуудаар мөн крило гупер гээд бүх л хэсгээр будаг орсон, хойд хаалга нээгдэхгүй гэх мэт доголдол ихтэй байсныг худалдан авсны орой мэдэж наймаа буцах тухай хэлсэн боловч гар утсаа авахгүй алга болсон гэж дурдсан нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Мөнгөнхонх миний бие иргэн А.Болор-Эрдэнэтэй 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж “Ланд круйзер” 0707 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг машиныг аваад миний эхнэрийн машин 4142 УНД улсын дугаартай мягмар гаригт замын хөдөлгөөнд оролцох боломжгүй мөн шинэ худалдан авсан ланд круйзер 200 маркын 0707 УНА улсын дугаартай мөн ижил замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсны улмаас авто тээврийн газарт өргөдөл гаргаж тээврийн хэрэгсэлийн улсын дугаарыг 2796 УБО болгосон. Автомашиныг худалдан авах үед бүтэн будагтай, баруун тал болон дээвэр хэсэгчлэн засвар хийгдсэн, хаалга гаццаг, яндангаас нь утаа их гардаг доголдолтой байсан. Би шинэ дизель механик машиныг 165,000,000 төгрөгт худалдан авч чадахгүй болохоор машиныг таарч тохирсон үнэд аваад засч сэлбээд сайжруулж хэрэглэх бодолтой худалдан авсан болохоор 11,745,000 төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн. Үүнд:

1/ Боди компьютер 1 ширхэг 2,500,000 төгрөг,

2/ Чип ухаалаг түлхүүр таниулах 1 ширхэг 800,000 төгрөг,

3/ Старт баттон 1 ширхэг 400,000 төгрөг,

4/ Хос турбин 2 ширхэг 4,500,000 төгрөг, 1 ширхэгийн үнэ 2,250,000 төгрөг,

5/ Шилний хөмсөг 1 ком 120,000 төгрөг,

6/ Ачаа 1 ком 350,000 төгрөг,

7/ Обуд дугуй 5 ширхэг 1,500,000 төгрөг,

8/ 2013 оны хойд гэрэл 4 ширхэг 350,000 төгрөг,

9/ Хос турбин солих ажлын хөлс 500,000 төгрөг,

10/ Тос масло 8 литр 1 бүрийн үнэ 20,000 төгрөг, нийт 160,000 төгрөг,

11/ Авто ачилт 500,000 төгрөг /1900-1950 дуудлагын ачилт/

12/ Масло шүүр 1 ширхэг 40,000 төгрөг,

13/ Зэв арилгагч 1 бүрийн үнэ 5000 төгрөг, нийт 5 ширхэг 25,000 төгрөгөөр сольж шинэчлэн 61,745,000 төгрөгийг үнэд хүргэн 2 сар орчим эзэмшиж ажиллаж байсан боловч амьдрал ахуйд маань мөнгөний хэрэгцээ гарсан тул худалдсан.

Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл арилжааны гэрээг Т.Өлзийдэлгэртэй байгуулан 22,000,000 төгрөгт Т.Өлзийдэлгэрийн “Тоёота харриер” /Тоуота harrier/ маркын 5776 УНН улсын дугаартай автомашиныг тооцож, үлдэх 40,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Уг 22,000,000 төгрөгөөр бодож авсан “Тоёота харриер” /Тоуота harrier/ маркын 5776 УНН улсын дугаартай автомашиныг 2017 оны 11 сарын 01-ний өдөр засвар оношлогоо хийгдэхэд явах эд ангийн 1,135,000 төгрөгийн засвартай /оношлогооны баримттай/, урд гупер хагарсан будагтай, баруун хойд их бие будагтай, салоны савхи хуурсан үрчгэр, агааржуулалтын хуванцар хэсгүүд хугарсан, доод явах эд ангийн хамгаалалт хуучирсан байхгүй болсон, явах эд ангиудын засваруудтай байсан. Үүнийг би ойлгохдоо 2006 онд үйлдвэрлэгдсэн 11 жилд 128,000 гаруй явсан техник болохоор байх зүйл гэж хүлээн авсан.

Т.Өлзийдэлгэр нь “Ланд круйзер 200” автомашиныг нэг бүрчлэн үзэж унаж шалган авахдаа илтэд ил харагдаж буй дээврийн хэсэгчлэн замаск, шил сольсон, будаг хийсэн зэрэг доголдол байгааг мэдэж харж авсан. Тэгээд ч уг машины шил сольсон гэхийг би мэдэхгүй уг машин нь 2010 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2011 онд орж ирээд С.Ганхуяг, С.Түвшинжаргал, А.Болор-Эрдэнэ гээд дөрвөн хүний гар дамжин 7 жил эдэлж ашиглуулсан, шинэ биш хуучин техник юм. 7 жипийн дотор 112,000 километр явсан машин тул огт согоггүй байх боломжгүй гэдгийг мэдэж өөрөө хүсч надад санал хүсэлт тавьж авсан. Худалдан авсан ажлаа доголдол согогыг нь нууж худалдсан мэтээр худал гүжирджээ. Мөн тухайн үед хуучин машин 70,000,000-80,000,000 төгрөгийн ханштай байсан одоо ч тийм ханштай байна. Би А.Болор-Эрдэнээс 50,000,000 төгрөгөөр худалдан аваад 12,000,000 орчим төгрөгөөр сар гаруй засвар үйлчилгээ хийлгэж 2 сар хүрэхгүй унаад 62,000,000 төгрөгт зарсан тул өөртөө ашиг хонжоо олох, бусдыг хуурч худалдах санаа зорилго байгаагүйг батална. Тээврийн хэрэгсэл худалдан авсны дараа Т.Өлзийдэлгэртэй 2017 оны 10 дугаар сарын 15-ны бүтэн сайн өдөр уулзахад тэрээр “хойд багажны хаалга гацаад байна, багажны гэрэл асахгүй байна, хойд гупер будагтай байна” гэхээр нь “гэрэл 500 төгрөг байдаг ах нь 2 ширхэгийг өгье, би хүнээс авсан чигээр нь заримыг нь засаж сайжруулаад чамд зарсан, шинэ машин биш. Өмнө олон хүний гар дамжсан бартаат замд олон жил явсан тул жижиг сажиг зүйл гарах болно” гэсэн. Одоо зарагдаж байгаа үнээс хамаагүй хямд худалдсан. Түүнээс гадна миний танил Ж.Пүрэвдорж гэдэг хүн “Ланд круйзер 200” машин авах хүн байна чамд авсан үнэнд чинь борлуулж өгье гэж 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр утсаа авахгүй, 23-нд Т.Өлзийдэлгэрийн утас руу нь залган хэлэхэд би Дорнод аймагт хөдөө ажилтай явна гээд хотод очоод залгана гээд чимээ алдарсан. Т.Өлзийдэлгэр надаас машин авахдаа Дорнод аймагт үр тариа тариалдаг, өвсний худалдаа хийдэг одоо явж үр тариагаа хураахад өндөр машин хэрэгтэй намхан машинтай болохгүй байна гэж хэлж байж худалдан авсан. Нэхэмжлэлээс нь харахад Дорнод аймагт үр тариагаа хураах ажилд машиныг хэрэглэж үр тариагаа хурааж дуусгаад хэрэгцээгээ хангасны эцэст шүүхэд хандсан байна. Арилжааны гэрээг нэхэмжлэгч талын хүсэлтээр машиныхаа үнийг бууруулж хэн хэнийхээ ашиг сонирхлыг ханган хүсэл зорилгоо тэгш илэрхийлэн хийсэн тул гэрээг хүчингүй болох үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд машиныг 9,302,000 төгрөгөөр засварлуулсан гэж баримтыг хавсаргасан нь хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнгөнхонх, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Өлзийдэлгэр нь машиныг худалдан авахдаа унаж, бүх техник эд ангиудыг шалгаж үзээд над руу ярьж байж гэрээ байгуулж авсан. Тухайн гэрээгээр бол тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл гэж үзээд гэрээ байгуулсан. Т.Өлзийдэлгэр 22,000,000 төгрөгт өөрийн автомашиныг тооцон өгч, үлдэх 40,000,000 төгрөгийг бэлэн өгсөн. Тухайн үед гуперний хагархай байдал болон бүтэн будганд орсон тухай мэдэгдэж гэрээ байгуулж авсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирж үзээд 11-ний өдөр автомашиныг худалдаж авсан. Тээврийн хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээ тэр өдрөө шилжсэн. Бидний хооронд Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал зарагдсан автомашиныг биет байдлын доголдолтой болохыг нарийвчлан тодорхой нотолж чадахгүй байна. Хуулинд заасны дагуу гэрээнд эд хөрөнгийн чанарын дагуу хэрэглэх боломжгүй биш бол уг эд хөрөнгийг доголдолтой гэж үзэхгүй. Арилжааны гэрээнд ямар нэгэн байдлаар хөрөнгийн чанарын байдлаар доголдлын талаар тусгасан заалт байхгүй. Тухайн үед 2010 онд орж ирсэн машин өнөөдөр зах зээлд 165,000,000 төгрөгөөс 200,000,000 төгрөгөөр зарагддаг ханштай машин. Уг машин нь дотоод салон хөгжим төрөл маркаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг. Уг машин нь 2010 оноос хойш 5 хүн дамжиж хэрэглэсэн. Мотор кроп нь асуудалгүй энэ тухай маргаагүй байгаа. Нэхэмжлэгч машиныг үзэж хараад биет байдлын доголдолгүй гэж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн зураг нь хэрэгт авагдсан бөгөөд эдгээр будаг халцарсан зэрэг байдал нь уг тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасны дагуу худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй авсан бол шаардах эрхээ алдана гэж заасан байдаг. Тэгээд ч нэхэмжлэгч өөрөө уг автомашиныг унаж хэрэглээд явж байгаа. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу уг гэрээ нь хэрэгжсэн хүсэл зоригоо илэрхийлээд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Т.Өлзийдэлгэр болон хариуцагч Б.Мөнгөнхонх нар “Тээврийн хэрэгслийн арилжааны гэрээ” байгуулжээ.

 

Уг гэрээгээр Б.Мөнгөнхонх нь 2010 онд үйлдвэрлэгдсэн, 27-96 УБО улсын дугаартай, “Ланд круйзер 200” /Land cruiser 200/ маркын, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг Т.Өлзийдэлгэрийн өмчлөлд шилжүүлэх, үүний хариуд Т.Өлзийдэлгэр нь 2006 онд үйлдвэрлэгдсэн 57-76 УНН улсын дугаартай, “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашиныг 22,000,000 төгрөгт тооцон Б.Мөнгөнхонхын өмчлөлд шилжүүлэх, мөн бэлнээр 40,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохирчээ /хх 5 хуудас/.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ “Тээврийн хэрэгслийн арилжааны гэрээ” гэж нэрлэгдсэн байх боловч зохигчийн тайлбар болон гэрээний заалтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч Т.Өлзийдэлгэр нь хариуцагч Б.Мөнгөнхонход холбогдуулж гэрээг хүчингүй болгож, 62,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...Б.Мөнгөнхонх нь илт доголдолтой, аваарт орсон автомашиныг засч, янзлаад нэхэмжлэгчид зарсан. Иргэний хуулийн 253.1 дэх хэсэгт зааснаар худалдагч худалдсан эд хөрөнгийн доголдлоо арилгах үүрэгтэй тул бид 62,000,000 төгрөгөө буцаан шаардаж байна” гэж тайлбарлав.

 

Тодруулбал, нэхэмжлэгч автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, өгсөн авснаа харилцан буцаах агуулгаар өөрийн шаардлагыг тодорхойлсон байна. 

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэйг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгээр зохицуулжээ. 

 

Гэвч шүүхээс хариуцагч Б.Мөнгөнхонхоос 62,000,000 төгрөг гаргуулах тухай Т.Өлзийдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд заасан байна.

 

“...Нэхэмжлэгч уг автомашиныг унаж, хэрэглэж байгаа” гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй байх тул хариуцагч Б.Мөнгөнхонхыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасны дагуу ердийн зориулалт, ашиглалтад нийцэх дундаас доошгүй эд зүйлийг нийлүүлсэн гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр, худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алддаг талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заажээ. 

 

Хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө худалдсан болохыг нотлох үүднээс нэхэмжлэгчийн зүгээс 27-96 УБО улсын дугаартай, “Ланд круйзер 200” /Land cruiser 200/ маркын автомашинд “Голд стандарт эстимейт” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийсэн Г-98 тоот автомашины үнэлгээний тайланг хэрэгт нотлох баримтаар өгсөн /хх 8-11 хуудас/.

 

Уг үнэлгээний тайлангаас үзэхэд 27-96 УБО улсын дугаартай, “Ланд круйзер 200” /Land cruiser 200/ маркын автомашины зах зээлийн үнэлгээг 38,000,000 төгрөгөөр тогтоосон үндэслэлээ “...дээвэр замаск хагарсан, шилнүүд сольсон, зүүн урд хаалга цонхны араам хэсгээр ан цав үүссэн, хаалганы дотор тал, крило буфер бүтэн будганд орж байсан, ...уг автомашин өмнө нь зам тээврийн осолд орж байсан” гэжээ.  

 

Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...автомашины дээврийн замаск хагарсан, автомашины бүх хаалганы шилийг сольсон байсан, автомашины арын хаалганы цонх онгойдоггүй, зүүн урд хаалганы цонхны арам хэсгээр цав гарсан, хаалганы дотор талуудаар буюу крило, гупер хэсгээрээ бүтэн будагтай, хойд буюу багажны хаалга онгойдоггүй” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон “Голд стандарт эстимейт” ХХК-ийн Г-98 тоот автомашины үнэлгээний тайланг харьцуулан судлахад Т.Өлзийдэлгэр эд хөрөнгө буюу автомашиныг хүлээж авах үедээ дээр дурдсан зүйлсийг шалгаж авах боломжтой байсан ба хариуцагч Б.Мөнгөнхонх эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Мөнгөнхонхоос 62,000,000 төгрөг гаргуулах тухай Т.Өлзийдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ