Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 0560

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2018/00560

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.М

 

Хариуцагч: М.Г холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б /2454/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Оминий бие 2015 оны 8 дугаар сард иргэн С.М, О.Гнарт 21,000,000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай хүүгүй зээлдүүлсэн. Тухайн үед мөнгө хүлээлгэн өгөхдөө бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд хариуцагч нарт итгэж, найдсаны үндсэн дээр мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл С.М, О.Гнар өнөөдрийг хүртэл уг төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагч С.М, О.Гнараас 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Онь 2015 оны 8 дугаар сард иргэн С.М, О.Гнарт 21,000,000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай хүүгүй зээлдүүлсэн. Тухайн үед мөнгө хүлээлгэн өгөхдөө бичгээр гэрээ байгуулаагүй. Хариуцагч нар уг мөнгийг 1 хоногийн дараа буцааж өгөхдөө юан болгож өгнө гэж тохиролцсон байдаг. Тухайн үед уг мөнгийг шилжүүлэн өгөхдөө талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу мөнгийг шилжүүлсэн байдаг. Хариуцагч нар нэхэмжлэгчтэй тохирсон ёсоор өнөөдрийн хүртэл уг зээлийг буцаан төлөөгүй байх тул С.М, О.Гнараас 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанчлан 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэгчээс 21,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. 21,000,000 төгрөг бага мөнгө биш ямар нэгэн гэрээ хэлцэл, нотлох баримтгүйгээр хүнд өгсөн байх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.М, О.Гнар нь миний ээж аав хоёр юм. Нэхэмжлэгчийн яриад байгаа зүйл нь аль 2009 онд болсон үйл явдал. Манай аав С.М нь н.Тайван гэж хүний найз бөгөөд А.Онь манай ааваар дамжиж н.Тайвантай найз нөхдийн харилцаатай болсон. Нэхэмжлэгч А.Онь 21,000,000 төгрөгийг н.Тайван гэж хүнд 1 хоногийн хугацаатай зээлсэн байдаг юм. Тэрнээс биш А.Оюунтуяагаас манай аав, ээж хоёр нэг ч төгрөг аваагүй. н.Тайван гэж хүн манай ааваас ч гэсэн их хэмжээний мөнгө аваад алга болсон. А.Онь н.Тайванд өгсөн мөнгөө авч чадахгүй байгаа учраас л манай аав, ээж хоёроос мөнгөө нэхээд шүүхэд хандаж байх шиг байна. Нэгэнт мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Онь хариуцагч С.М, О.Гнарт холбогдуулж 21,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлийг “...2015 оны 8 дугаар сард 21,000,000 төгрөгийг хариуцагч нарт 1 хоногийн хугацаатай, хүүгүй зээлсэн. Тухайн үед хариуцагч нарт итгээд ямар нэг бичгээр гэрээ байгуулаагүй” гэж тайлбарлаж байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс С.М, О.Гнартай зээлийн гэрээг амаар байгуулсан гэж үзэн уг гэрээний үүргийг шаардаж шүүхэд ханджээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч С.М, О.Гнар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрсдийн татгалзлаа “...нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг, бэлнээр болон дансаар огт аваагүй, ямар нэг гэрээ байгуулаагүй” гэжээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд  зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь мэтгэлцэхдээ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан.

 

Хариуцагч нарт 21,000,000 төгрөгийг зээлсэн буюу шилжүүлсэн болохоо нотлох үүднээс нэхэмжлэгч тал гэрчээр иргэн Ж.Намхайнямбууг асуулгасан. Хэдийгээр нэхэмжлэгч талаас асуулгасан гэрч Ж.Намхайнямбуу шүүх хуралдаанд “...маргааш нь юан болгон буцааж өгнө гэж 21,000,000 төгрөгийг С.М гэж хүн А.Оюунтуяагаас авсан” гэсэн тайлбарыг өгсөн боловч гэрчийн мэдүүлэг хэрэгт цугларсан өөр бичгийн баримтуудаар давхар нотлогдохгүй байна. 

 

Хариуцагч С.М, О.Гнарт 21,000,000 төгрөгийг зээлсэн буюу шилжүүлсэн болохоо зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нотлож чадаагүй нөхцөлд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.М, О.Гнараас 21,000,000 төгрөг гаргуулах тухай  А.Оюунтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ