Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/470

 

  

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Б.А,

нарийн бичгийн дарга Ч.Алтнай, 

улсын яллагч Д.Уянга нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ботахарасарик овогт Байдолдагийн Аэд холбогдох эрүүгийн 2211000000891 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ботахарасарик овогт Байдолдагийн А /РД: БЮ98100516/,

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн Тасганы 11-157 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамтаар амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн Тасганы 11-157 тоотод Г.Анхзултай маргалдаж, улмаар шаазан аягаар болон заазуураар толгойн тус газар нь цохиж, Г.Анхзулын духанд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 381 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.А нь

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.А 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн Тасганы 11-157 тоотод Г.Анхзултай маргалдаж, улмаар шаазан аягаар болон заазуураар толгойн тус газар нь цохиж, Г.Анхзулын духанд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Г.Анхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр оройн 09 цагийн үед хорооллын эцэст байдаг нэг нийтийн караокед ороод баяр тэмдэглэсэн. Тэгээд тэрний дараа зурагтад байрлах гэртээ харьцгаасан. Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо 11-157 тоотод ирээд байж байх үед манай найзын дүү нь гэх тэр А гэгч нь согтуурхаад байсан бид нар тэр үедээ үг хэлээ олоогүй маргалдаж байсан тэгж байгаад А манай найзын гэрээс заазуурыг нь авчраад намайг гэртээ байж байхад гаднаас орж ирээд нөгөө хэрүүлээ хийж байгаад намайг заазуураар цохиж аваад гэмтэл шарх учруулсан тул би тэр хүнд гомдол гаргаж байна” гэх /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Гэрч Э.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэрний дараа нээх удалгүй манай хаалгыг Насанжаргал тогшоод Дашка, Бек хоёр зодолдоод байна салгаад өгөөч гэж хэлэхээр нь манай нөхөр явж ороод “боль ахын дүү” гэж хэлээд салгасан. Эргээд манай нөхөр лүү дайраад янз бүрийн үг хэллэг хэлээд байсан. Бек гартаа аяга барьчихсан байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ? гэтэл чамд хамаагүй гэж хэлээд намайг гараараа зүүн нүдний хажууд цохиод би Дашкагийн гэрт нь уначихсан юм. ...хальт харсан чинь Дашкагийн гэрт хутга заазуур хайгаад “хутга, заазуур байдаггүй айл юм уу” гээд үглээд яваад байсан. Тэгсэн ээ аягаа бариад манайх руу орсон. Араас нь дагаад ороход хэдийнээ толгой руу нь аягаар цохиод, барьцалдаад авчихсан байхаар нь “боль” гээд хэлээд салгасан. Салгасны дараа Бек манайхаас гарч явсан бөгөөд дахиж орж ирэхдээ гарт нь шар иштэй том заазуур байх шиг байсан, шууд манай нөхрийн баруун хөмсөгний дээд талд зүсчихсэн” гэх /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч Э.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анхзул болон Ээгий нар амрахаар гэртээ орсон бөгөөд, бид хоёртой А манайд орж ирсэн, орж ирээд манай найз залуу Атэй муудалцаад байхаар нь Анхзулыг дуудаад орж ирээд салгасан. Гэтэл А “ална шиднэ” гээд эрээн өнгийн манайд байсан заазуурыг аваад гарсан. Манайд байсан хар өнгийн шаазан аягаар Анхзулын толгой руу цохисон. Би гэрээсээ гарчихсан байсан бөгөөд буцаж орж ирээд харахад Анхзулын хөмсөг хэсгээс цус гарч байсан. Юу болсон талаар асуухад Ээгий манай нөхөр хоол халааж идэх гээд сууж байсан чинь А заазуур барьчихсан орж ирээд хөмсөгний дээд хэсэг рүү цохичихлоо гэж хэлсэн” гэх /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын дүгнэлтэд:

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4551 дугаартай шинжээчийн Т.Анхзулын биед духанд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Байгальмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар тал/

Шүүгдэгч Б.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 32 дугаар тал/

шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй  гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Г.Анхзулыг мэдүүлэг, дээр дурдсан гэрч Э.Насанжаргалын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Анхзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.А нь хохирогч Г.Анхзулд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Анхзулд 490,000 төгрөг өгч хохирол төлбөрөө барагдуулсан, Эрүүл мэндийн даатгалын санд 262,000 төгрөг төлсөн баримт ирүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ботахарасарик овогт Байдолдагийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×           П.АРИУНБОЛД