Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2020/0546

 

2020 оны 08 сарын 31 өдөр              Дугаар 128/ШШ2020/0546                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Б.Д” ХХК

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо”

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлээр Тендерийн үнэлгээний хорооны “Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б.Д” ХХК-г шаардлага хангаагүй гэж татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Д” ХХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай ШЕЗ/202001009 дугаартай тендерт оролцсон бөгөөд тендер захиалагчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01/710 тоот албан бичгээр тендерт шалгараагүй гэж мэдэгдсэн. Ингэхдээ тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.в “Сүүлийн 3 жил /2017, 2018, 2019/-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгаа тухай захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл хэмжээ, мөнгөн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр гаргаж ирүүлэх, 11.1 “тендерийн хэл Монгол” гэх шаардлагыг тус тус хангаагүй гэж үзсэн байна.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 02/21 албан тоотоор Сангийн яаманд гомдол гаргасан. Тус яамны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/4651 тоот албан бичгээр “Б.Д” ХХК-г тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.в-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн.

Тус тендерийн баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлэн www.tender.gov.mn вэб сайтад зохих журмын дагуу байршуулсан. Гэтэл захиалагчийн зүгээс тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.в, 11.1-д заасан шаардлагыг хангаагүй гэх нь үндэслэлгүй болох нь дараах тайлбараар тогтоогдоно. Үүнд:

  1. Захиалагчид хүргүүлсэн тендерийн баримт бичиг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.в-д заасан сүүлийн 3 жилийн гэрээний хуулбарын хамт, гэрээ дүгнэсэн акт он тус бүрээр 2-оос доошгүйг хүргүүлсэн. Үүнийг Сангийн яамны 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 6-1/4651-н гомдлыг хянан албан бичгээр зөвтгөсөн буюу үндэслэлтэй гэсэн.
  2. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 11.1заасны дагуу бүх бичиг баримтыг монгол хэлээр үйлдэн хүргүүлсэн. Гэтэл захиалагчийн 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 01/710 дугаар хариу бичигт "2020 онд байгуулсан ижил төстэй 2 англи хэл дээрх гэрээ монгол хэлээр орчуулагдаагүй” гэжээ. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд зааснаар сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 оны гэрээний хүрээнд шалгаруулалт хийгдсэн байтал тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тусгагдаагүй 2020 оны гэрээний монгол хэл дээрх орчуулгыг шаардаж улмаар шаардлага хангаагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.

“Б.Д” ХХК нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т заасан шаардлагыг бүрэн хангасан төдийгүй 28.7.4-т заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хүргүүлсэн тул тендерт шалгарч гэрээ байгуулах эрхтэй юм.

Иймд манай компанийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.в, 11.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн тендерт шалгаруулах татгалзсан захиалагчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.И нар шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөл зарласан Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б.Д” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.2-т заасан даатгалын төлбөрийг улсын төсвөөс гаргаж, даатгалын байгууллагаас төлнө” гэж тус тус заасан бөгөөд үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх нээлттэй тендер”-ийг зарласан. Даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг нийт найман компани уг тендер шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасны дагуу ирүүлсэн материал тус бүрийг нарийвчлан шалгасан бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “дараах тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасныг үндэслэн бүх тендерээс татгалзсан тухай 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01/710 дугаар албан бичгээр тендерт оролцогч тус бүрд мэдэгдэл хүргүүлсэн юм.

Нэхэмжлэгч “Б.Д” ХХК-ийн хувьд уг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн (4.2.в)-д “Сүүлийн З жил /2017,2018, 2019 он/-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй (амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал болон эдгээртэй дүйцэхүйц) үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгаа тухайг захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл хэмжээ, мөнгөн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр гаргаж ирүүлэх /гэрээний хуулбарын хамт, гэрээ дүгнэсэн акт он тус бүрээр 2-оос доошгүй байна/” гэж заасны дагуу “М.К групп” ХХК, “М.Э” ХХК-тай байгуулсан даатгалын /*******, ******* дугаар/ гэрээг ирүүлэхдээ англи хэл дээр ирүүлсэн нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн (11.1)-д “Тендерийн хэл: Монгол” гэж заасан шаардлагад нийцээгүй тул уг тендерийг шаардлага хангаагүй гэж үзэн татгалзсан.

Үнэлгээний хорооны хувьд нэгэнт тендер шалгаруулалтын үндсэн баримт бичигтээ тендерийн хэлийг монгол хэл байхаар, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж тус тус заасны дагуу тендерт оролцогч бусад компаниудад уг шаардлагыг адил тэгш тавьсан мөртлөө “Б.Д” ХХК-д давуу байдал олгох боломжгүй юм.

Түүнчлэн “Б.Д” ХХК нь уг асуудлаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлыг тус яам хянан үзээд “Тус компани 2018 онд “М.К групп” ХХК, “М.Э” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээг Монгол хэл дээр орчуулаагүй нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн (11.1)-д “Тендерийн хэл: Монгол” гэж заасан шаардлагын хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/4651 дүгээр албан бичгээр ирүүлсэн байна.

2. Нэхэмжлэлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/410 дугаар албан бичгээр “Б.Д” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд “...2020 онд байгуулсан ижил төстэй 2 англи хэл дээрх гэрээ монгол хэлээр орчуулагдаагүй” гэж дурдсан байна. Тус Үнэлгээний хорооны хуралдаанаар маргаж буй тендер шалгаруулалтад ирүүлсэн баримт материалыг шалгаж үнэлэх явцдаа нэхэмжлэгч компаниас ирүүлсэн дээр дурдсан 2017, 2018, 2019 оны гэрээнүүдийг шалгасан, тендертэй холбоотойгоор Үнэлгээний хорооноос Захиалагчид өгсөн зөвлөмждөө мөн эдгээр гэрээг дурдсан. Харин нэхэмжлэгч компанид хүргүүлсэн мэдэгдэлд зөвхөн “2020 онд байгуулсан гэрээ” гэж бичиглэлийн алдаа гаргасан нь эргэлзээ үүсгэсэн байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, уг тендерээс татгалзах үндэслэл өөрчлөгдөөгүй, хэвээр байсан болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Шүүгчийн хараат бус байдал халдашгүй байх бөгөөд шүүгчийн хараат бус байдлыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна.”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.2-т заасан даатгалын төлбөрийг улсын төсвөөс гаргаж, даатгалын байгууллагаас төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгчийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, даатгуулах онцгой шаардлагатай байдаг. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Тэнгэр даатгал” ХХК-тай байгуулсан Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болж байгаа боловч “Б.Д” ХХК нь ийнхүү өөрийн хайхрамжгүй, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан алдааны төлөө ахин дахин гомдол гаргаж, дараа дараагийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сунжруулж байгаад харамсаж байна.

Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалд хоног хугацаа алдаж болохгүй. Дараагийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах хүртэл дор хаяж 36 хоногийн хугацаа шаардагдана. Гэтэл ийнхүү маргаан үүсгэж сунжруулсан завсрын хугацаанд шүүгчийн амь нас, эрүүл мэндэд аюул, эрсдэл учирвал түүний хариуцлагыг “Б.Д” ХХК бүрэн дүүрэн хариуцахаас өөр аргагүй болно.

Иймд дээрх онцгой нөхцөл байдлыг харгалзан “Б.Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Б.Д” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.в-д заасан сүүлийн 3 жилийн гэрээний хуулбарын хамт, гэрээ дүгнэсэн акт он тус бүрээр 2-оос доошгүйг хүргүүлсэн, мөн 11.1-д заасны дагуу бүх бичиг баримтыг Монгол хэлээр үйлдэн хүргүүлсэн байхад шаардлага хангаагүй...” гэж байгаа нь үндэслэлгүй байна гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь “М.К групп” ХХК, “М.Э” ХХКК-тай байгуулсан даатгалын /*******, ******* дугаар/ гэрээг ирүүлэхдээ англи хэл дээр ирүүлсэн нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн (11.1)-д “Тендерийн хэл: Монгол” гэж заасан шаардлагад нийцээгүй тул уг тендерийг шаардлага хангаагүй гэж үзэн татгалзсан...” гэж маргажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо”-ноос /цаашид үнэлгээний хороо гэх/ “Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер”-ийг  2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зарлаж, уг нээлттэй тендерт даатгалын үйлчилгээ үзүүлдэг “А**р даатгал” ХХК, “М*Г даатгал” ХХК, “Пр****кал даатгал” ХХК, “А*д даатгал” ХХК, “Б.Д” ХХК, “Х**н даатгал” ХХК, “М****л даатгал” ХХК, “Ман**л даатгал” ХХК гэсэн 8 даатгалын компани материалаа хүргүүлжээ.

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан Тендерийн үнэлгээний хорооны 02 дугаартай хурлын тэмдэглэлээр “Б.Д” ХХК-иас бусад даатгалын компаниудыг тендерийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн байх ба “Б.Д” ХХК-г тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн бүх шаардлагыг хангасан гэж үзсэн ч Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Сангийн яамнаас 2017 онд ашигтай ажилласан эсэх болон гэрээний орчуулгад тодруулга авах”-аар шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 04/655 тоот албан бичгээр Сангийн яаманд “Б.Д” ХХК-ийн 2017 онд ашигтай ажилласан эсэх талаарх мэдээллийг авахаар хандсан байх ба Сангийн яам Шүүхийн ерөнхий зөвлөлд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн 6-1/4162 тоот хариу хүргүүлэх тухай албан бичигтээ ..”Б.Д” ХХК нь 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 591,126.2 мянган төгрөгийн цэвэр ашиг тайлагнасан болно гэжээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Б.Д” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04/656 тоот албан бичигт “...Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний орчуулга дээр үндсэн гэрээний дугаар, хэрэгжих хугацаа, гэрээ байгуулсан тухай тэмдэглэл байхгүй...” гэж тодруулга хүссэний дагуу тус компаниас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/746 тоот албан бичгээр “Б.Д” ХХК нь гэрээний ерөнхий нөхцөлийг орчуулан бүх даатгуулагчдад хүргүүлдэг. Гэрээний баталгаат орчуулга нь үндсэн гэрээний адил эрх зүйн чадамжтай тул гэрээний дугаар, хэрэгжих хугацаа, гэрээ байгуулсан тэмдэглэл зэрэг хэлбэрийн шаардлага хангасан байхыг шаарддаггүй. Орчуулагдсан гэрээ нь үндсэн гэрээ мөн эсэх нь даатгуулагчтай үйлдсэн гэрээний дүгнэлт дэх даатгалын гэрээний дугаар, хэрэгжих хугацаа, гэрээ байгуулсныг нотолж гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажиж байгаа бөгөөд шаардлагатай гэж  үзвэл даатгуулагчаас гэрээ байгуулсан эсэх талаар тодруулга авч болно” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Тендерийн үнэлгээний хороо Сангийн яам болон “Б.Д” ХХК-иас ирүүлсэн тодруулгад үндэслэж 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж, Үнэлгээний хорооны 4 гишүүний 3 нь бүх тендерээс татгалзаж, 1 гишүүн “Б.Д” ХХК-ийн тендер шаардлага хангасан, бусад 7 компанийн тендер шаардлагад нийцээгүй гэснээр гишүүдийн олонхоор бүх тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Б.Д” ХХК-д 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/710 тоот албан бичгээр “... тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.в-д “Сүүлийн 3 жил /2017, 2018, 2019 он/-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй (амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал болон эдгээртэй дүйцэхүйц) үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгаа тухай захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл хэмжээ, мөнгөн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр гаргаж ирүүлэх /гэрээний хуулбарын хамт, гэрээ дүгнэсэн акт он тус бүрээр 2-оос доошгүй байна /” гэсний он тус бүрээр гэрээний хуулбарын хамт гэрээ дүгнэсэн акт 2-оос доошгүй байна гэсэн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, 2020 онд байгуулсан ижил төстэй 2 англи хэл дээрх гэрээ Монгол хэлээр орчуулагдаагүй. Зөвхөн гэрээний нөхцлийг орчуулж, хэнтэй, хэзээ, ямар хугацаанд байгуулсан нь орчуулгад тусгагдаагүй, мөн дээрх гэрээ нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 11.1-д тендерийн хэл “Монгол” гэсэн шаардлагыг хангаагүй нь тендерийн шаардлагад нийцээгүй байна” гэх албан бичгийг хүргүүлж тендерт шалгаруулаагүй тухай мэдэгдсэн байна.

 “Б.Д” ХХК нь дээрх албан бичгийг эс зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/792 тоот албан бичгээр Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргасныг тус яамны зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 6-1/4651 тоот албан бичгээр “...Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх гэж заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. Харин 2018 онд “М.К групп” ХХК, “М.Э” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээг Монгол хэл дээр орчуулаагүй нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 11.1-д тендерийн хэл Монгол гэж заасан шаардлагыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэж дүгнэж хариуг хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана, 30 дугаар зүйлийн 30.1.1-д “Дараах тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана:шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасныг үндэслэн Тендерийн үнэлгээний хорооны “Б.Д” ХХК-г татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/410 дугаар албан бичгээр “Б.Д” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд “...2020 онд байгуулсан ижил төстэй 2 англи хэл дээрх гэрээ монгол хэлээр орчуулагдаагүй” гэж дурдсан нь төөрөгдөл үүсгэсэн байх боловч хариуцагчийн хариу тайлбар, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, Сангийн яамны Шүүхийн ерөнхий зөвлөлд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн 6-1/4651 тоот албан бичигт ...2018 онд “М.К групп” ХХК, “М.Э” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээг Монгол хэл дээр орчуулаагүй нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 11.1-д тендерийн хэл Монгол гэж заасан шаардлагыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” зэргээс тус тус дүгнэн Тендерийн үнэлгээний хороог 2020 оны гэрээнүүдэд хяналт хийгээгүй, бичвэрийн алдаа гаргасан байх тул хариуцагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөв хэрэгжүүлсэн гэж үзлээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б.Д” ХХК-ийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан “2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлээр Тендерийн үнэлгээний хорооны “Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б.Д” ХХК-г татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА