Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 386

 

 Э.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

   прокурор Б.Батбаяр,

шүүгдэгч Э.Н,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батбаярын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Э.Н-д холбогдох эрүүгийн 1807 0067 00021 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-н Н, 19... оны ... дүгээр сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, .. ... . .............. ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт .............дүүргийн ... дугаар хороо, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Э.Н нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Налайх дүүргийн .... дугаар хороо, .............. тоотод А.С, Э.Б нартай архидан согтуурч, улмаар А.С-ай “дахиж архи авахуулах гэлээ” гэж маргалдаж байх үедээ мах идэж байсан хутгаа айлгах санаатай барихад А.С нь бугуйнаас нь татах явцад А.С-н гэдсэн тус газар нь хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Шүүгдэгч Э.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлснийг хүлээн авч мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг товлон зарласан боловч энэ зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудаар нотлогдоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ял прокурор тохирсон бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй тул шүүгдэгч Э.Н-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Учир нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч, уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан ба гэрч Э.Б 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтад “... намайг мөн сарын 14-ний орой С утсаар дуудсан. Гэрт нь орох үед С түүний эхнэр Н нар архи уугаад согтуу сууж байсан. Тэгээд уг архийг уугаад сууж байх үед С өөрийн эхнэр Н-тай маргалдаж байгаад С өвдөж байгаа бололтой орилсон. Гэтэл Н “би жоохон хутгалсан сүртэй юм биш” гэж хэлээд байсан. Яг үнэн байдал бол гэртээ архи ууж байгаад эхнэр Н нь маргалдаж байгаад хутгалсан юм...” гэж мэдүүлсэн нь энэ зүйлийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт эсхүл, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн баталгааг хавсаргана гэж заажээ. Харин яллагдагч Э.Н, хохирогч А.С нарын эвлэрсэн баталгааг хохирол төлөх эсэх, төлсөн баримт хавсаргаагүй байна.

3. Хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар зориулагдсан хүйтэн зэвсэг хутга нь аливаа биетийг устгах, гэмтээнэ гэдгийг мэдсээр байж Э.Н санаатай хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байхад болгоомжгүй бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж прокурор үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагатай нийцэхгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Э.Н-д холбогдох хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав нь гэм буруугийн дүгнэлтдээ “шүүхийн хэлэлцүүлгийн явцад зүйлчлэлийн хувьд анхаарах зүйл гарч байна” гэснийг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэсэн байх бөгөөд хуулийн заалтыг хэргийн нөхцөл байдалд тулгуурлан авч үзэхэд:

4.1 “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”.

Эрүүгийн 1807006700021 дугаартай хэрэгт авагдсан хохирогч А.С-н “....манай эхнэр тавагтай махан дотор байсан хутга авах үед би хутгыг нь булааж авах гэж байгаад өөрийн цээжин зүүн хэсэгт хатгасан. Ингээд хутгалсан газар үзэхэд цус гарахгүй зүгээр байхаар нь орондоо ороод унтах гэхэд шээс гарахгүй байхаар нь шөнө эхнэр түргэн дуудаж, цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орсон” гэх мэдүүлэг, гэрч Э.Б-н “... А.С өөрийн эхнэр Н-тай маргалдаж байгаад А.С өвдөж байгаа байдалтай орилсон. Гэтэл Н “би жоохон хутгалсан, сүртэй юм биш” гэж байсан. Би санаа зовоод шархыг нь харахад гэдэсний дээд талд бага зэргийн шархтай цус гарахгүй байсан... зурагт үзээд цаашаа хараад сууж байхад Н С-г хутгалсан. Чухам ямар хутгаар хутгалсан талаар харж чадаагүй ямар ч байсан хэвлийн дээд хэсэгт шархтай болсон...” гэх мэдүүлэг, яллагдагч Э.Н-н 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн “...ширээн дээр мах идэж байсан цэнхэр иштэй хутгыг аваад айлгах гэхэд манай нөхөр С миний барьж байсан хутгыг булааж авахдаа өөрийнхөө хэвлийн тус газар хатгасан юм...” гэх мэдүүлэг, мөн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн “...төмөр тавагтай махан дотор байсан хутга аваад айлгах санаатай барих үед А.С нь миний бугуйн хэсгээс гараараа барьж татах үед А.С-н хэвлийн тус газар болгоомжгүйгээр хатгасан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08шэ/24 дугаартай дүгнэлт зэргээр дээрх нөхцөл байдал хангагдсан гэж үзэхээр байна.

4.2. “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”.

Хэрэгт авагдсан яллагдагч Э.Н-н 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн “... ширээн дээр мах идэж байсан цэнхэр иштэй хутгыг аваад айлгах гэхэд манай нөхөр С миний барьж байсан хутгыг булааж авахдаа өөрийнхөө хэвлийн тус газар хатгасан юм...” гэх мэдүүлэг, мөн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн “... төмөр тавагтай махан дотор байсан хутга аваад айлгах санаатай барих үед А.С нь миний бугуйн хэсгээс гараараа барьж татах үед А.С-н хэвлийн тус газар болгоомжгүйгээр хатгасан...” гэх мэдүүлэг болон “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт зэргээр дээрх нөхцөл байдал хангагдсан гэж үзэхээр байна.

4.3, 4.4. “Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх”.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, уг тогтоолыг танилцуулан мэдүүлэг авахад тухайн сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлсэн байна.

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогоочийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилээр хасаж, 6 сарын хорих ял оногдуулах саналыг гаргасныг яллагдагч Э.Н өмгөөлөгчийн хамт танилцаж зөвшөөрч, гарын үсэг зурсан зэрэг нь дээрх нөхцөл байдал хангагдсан гэж үзэхээр байна.

4.5. “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх”.

Хэрэгт авагдсан хохирогч А.С, яллагдагч Э.Н нараас мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлэг болон хүсэлтээр нь нэхэмжпэх хохирол төлбөр байхгүй, тухайн үед гарсан эмчилгээний зардлыг эхнэр нь болох Э.Н төлөөд явж байсан, одоо биеийн эрүүл мэнд хэвийн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн нь дээрх нөхцөл байдал хангагдсан гэж үзэхээр байна.

4.6 “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”.

Яллагдагч Э.Н нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авч, прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүхийн гэм буруугийн хуралдаанаар үйлдсэн гэмт хэргээ мэдүүлж, эрүүгийн хариуцлагын талаар хүсэлт гаргасан зэрэг нь дээрх нөхцөл байдал хангагдсан гэж үзэхээр байна.

Гэтэл шүүгчийн захирамжаар гэрч Э.Б-н мэдүүлгийг дурдан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд гэрчийн мэдүүлгийг үгүйсгээд байна уу, үндэслээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна.

Мөн хэргийн яллагдагч, хохирогч нар нь гэр бүлийн гишүүн, олон жил хамт амьдарсан, 4 хүүхэдтэй эхнэр нь ажил хийдэг, нөхөр нь улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг, нэг санхүүтэй, эмчилгээний явцад гарсан зардлыг эхнэр нь төлсөн, цаашид эмчилгээнд зориулах зардалгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж удаа дараа мэдүүлсээр байхад хэрэгт хохирол төлсөн баримт, хохирогчтой эвлэрсэн баталгааг хавсаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн яллагдагч Э.Н-н гарт хутга байсан гэх үндэслэлээр хязгаарлан санаатай гэмт хэрэгт тооцно гэж зүйлчлэлийг хүндрүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг илт буруу тайлбарлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Э.Н-д холбогдох Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 72 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгч намайг худлаа яриад байна гэж загнасаар байгаад гаргасан. Би прокуророос санал болгосон 6 сарын хорих ялыг болон эрх хасах ялыг зөвшөөрсөн. Тавагтай мах байсан. Хутгаа аваад хураах гэтэл нөхөр “архи аваад өг” гээд байсан. Би “битгий давраад бай” гээд босоход л миний гараас бариад авсан. Тэгээд л ийм юм болсон. Прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Э.Н-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Э.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлыг нотолсон гэж дүгнэх боломжгүй байх ба хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байна.

 Тухайлбал, хохирогч А.С-н “... дахин нэг шил архи авч уумаар болоод эхнэр Н-с гуйтал “одоо архи уух хэрэг байхгүй” гэж хэлээд намайг гэрээс гаргаагүй. Тэгээд манай эхнэр Н ширээн дээр тавагтай махан дотор байсан хутга авах үед би хутгыг нь булааж авах гэж байгад өөрийн цээжний зүүн хэсэгт хутгалсан. ...” /хх 22/, шүүгдэгч Э.Н-н “...Манай нөхөр С дахин архи авах гэхээр нь болохгүй гэж хэлээд маргалдаж байгаад төмөр тавагтай махан дотор байсан хутга аваад айлгах санаатай барих үед С бугуйн хэсгээс гараараа барьж татах үед С-н хэвлийн тус газар хатгаж, эрүү мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан ...” /хх 59-60/ гэсэн мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарах үед хамт байсан гэрч Б-н “... Тэгээд уг архийг хамт уугаад сууж байх үед С өөрийн эхнэр Н-тай маргалдаж байгаад С өвдөж байгаа бололтой орилсон. Гэтэл Н би жоохон хутгалсан, сүртэй юм биш гэж хэлсэн...” гэсэн /хх 29/ мэдүүлгээс эрс зөрүүтэй байна.

Дээрх мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоосны эцэст Э.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Э.Н-д холбогдох хэргийг прокурорт буцаасан тул түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд прокурор Б.Батбаярын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.