Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0440

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Э-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 485 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Татварын алба Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.11, 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах ёстой. Татварын ерөнхий газрын бодлого хэрэгжүүлэгч газар, хэлтсээс заавал энэхүү актын биелэлтийг хангаж ажиллах чиглэл өгөх шаардлагагүй бөгөөд акт хүчин төгөлдөр болсон тохиолдолд тухайн татварын алба ямар ч саадгүйгээр актын биелэлтийг хангах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэх ёстой.

“Ж” ХХК-ийн тайлангаар баталгаажсан 759.892.800 төгрөгийн онц их хэмжээний өрийг хүчингүй болгосон зөрчил гаргасан. Татварын алба нь “Ж” ХХК-д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс Татварын албаны процесс ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад дээрх шүүхийн шийдвэрийг тухайн үед ажиллаж байсан зөрчил гаргасан албан хаагчид буруу ойлгож, их хэмжээний өрийг мэдээллийн сангаас хассан байсан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 393 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж , Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 485 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Э-ыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Эрсдэлийн удирдлага, мэдээллийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Эд 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 307 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах гомдолдоо'. Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 485 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 гэсэн заалт байх ёстой байсныг бичиг хэргийн, техникийн алдаа гаргаж, 26.1.1 гэж бичсэн байсан ба 1 хоногийн дараа буюу мэдсэн даруйдаа залруулсан болно.

Энэ нь нэхэмжлэгч Н.Э-ын гаргасан зөрчил Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулахаар зөрчил байсан гэдгээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ч мөн адил Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 28.1.3 гэсэн алдаа гаргасан байна.

Мөн Н.Э нь “Ж” ХХК-ийн өрийг хүчингүй болгох талаар өөрийн ажилтан Б.А-т чиглэл өгсөн, энэ талаар холбогдох нотлох баримт байсаар байхад анхан шатны шүүх эдгээр баримтыг үл харгалзан Татвар хураалт, болон хуулийн тасгийн гүйцэтгэх үүрэг байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайн татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 29 дүгээр зүйлийн 29.1.11-д заасны дагуу татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах ёстой. Татварын ерөнхий газрын бодлого хэрэгжүүлэгч газар, хэлтсээс заавал энэхүү актын биелэлтийн хангаж ажиллах чиглэл өгөх шаардлагагүй бөгөөд акт хүчин төгөлдөр болсон тохиолдолд тухайн татварын алба ямар ч саадгүйгээр актын биелэлтийг хангах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэх ёстой.

Татварын ерөнхий газрын даргын 485 дугаар тушаалд "..тус компанийн өрийг мэдээллийн баазад 2013 оны 05 сарын 17-ны өдөр өрийн программд шивж оруулахдаа мөн өдрөөр бус..." гэсэн нь тушаалаа үгүйсгэж байна гэжээ. Татварын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхэд дээрх өдөр “А” ХХК-ны өрийг татварын өрийн программд шивсэн үйлдэл хийгдсэн байдаг боловч, ингэхдээ тэр шивж оруулсан өр нь Үндэсний татварын албаны 2011 оны жилийн эцсийн баталгаажсан өрийн үлдэгдлийн мэдээллийг хөдөлгөж, өөрөөр хэлбэл татварын бааз руу хандаж мэдээлэл тодорхойлолт авахад 2011 онд өр үүсчихсэн байсан мэтээр хариу өгөхөөр шивэгдсэн байсныг хэлж байгаа болно. Харин зөрчил 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэнийг нотолж байна.

Татварын ерөнхий газрын дарга Т.Б-д хандсан гомдол Татварын ерөнхий газрын бичиг хэрэгт 2013 оны 05 сарын 28-ны өдөр бүртгэгдэж даргад танилцуулагдсанаар шалгалт хийх удирдамж гаргасан.

Улмаар шалгалтыг 2013 оны 06 сарын 06-аас ажлын 2 өдөрт хийх явцад дээрх зөрчлүүд илэрсэн. Тиймээс 2013 оны 05 дугаар сарын 17-нд зөрчил гаргаснаас хойш 6 сар болоогүй, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар дотор хариуцлага тооцсон тул хуульд бүрэн нийцсэн байна.

Татварын ерөнхий газрын дарга Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.3, 27.6.4, 27.6.7, 27.6.8-д заасан эрхтэй. Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 76 дугаар тушаалаар баталсан "Монгол Улсын татварын ажилтны ёс зүйн дүрэм", Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу шийдвэр гаргаж ажилласан нь хуульд нийцсэн юм.

Дээрх үндэслэлийг нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргаж мэдүүлсээр байтал шүүх татварын албаны тайлбарыг үл харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Гомдлыг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Н.Э нь Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 485 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргажээ.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 485 дугаар тушаалаар “өрийн мэдээллийг бүртгэлгүйгээр татвараас зайлсхийх боломж олгосон, тайлангаар баталгаажсан онц их хэмжээний өрийг мэдээллийн баазаас арилгах үүрэг өгсөн” гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Эрсдэлийн удирдлага, мэдээллийн тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Н.Э-ыг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж шүүхэд маргажээ.

  1. Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 115 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн бусад дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг, түүний дотор Мэдээлэл боловсруулалт, статистикийн тасгийн чиг үүрэг, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны чиг үүргийг шинэчлэн батлах тухай” 102 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг, түүний дотор Эрсдэлийн удирдлага, мэдээллийн тасгийн чиг үүрэг зэргийг судлан үзэхэд нэхэмжлэгч Н.Э нь “А” ХХК-ийн татварын өрийн мэдээллийг бүртгэх үүрэггүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, Татварын ерөнхий газрын даргын 2011 оны 156 дугаар тушаалаар батлагдсан “Татварын бүртгэл, мэдээллийн сангийн дүрэм”-ийн 5.1.3.2, 5.1.3.4-т татвар хураалтын ажил хариуцсан ажилтнууд татварын өрийн бүртгэлийг, Мэдээлэл боловсруулалт, статистикийн ажил хариуцсан ажилтнууд татварын орлогын бүртгэлийг хариуцахаар тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч Н.Э-ын ажлын байрны тодорхойлолтод хуулийн этгээдийн татварын өрийн мэдээллийг бүртгэх чиг үүрэг тусгагдаагүй байтал нэхэмжлэгчийг өөрийн ажил үүрэгт хамааралгүй татварын өрийн бүртгэлийг бүртгээгүй, татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

  1.  Нэхэмжлэгч Н.Э нь “Ж” ХХК-ийн тайлангаар баталгаажсан 759.892.800 төгрөгийн өрийн мэдээллийг баазаас арилгах үүрэг өгсөн болох нь нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдааны үед гаргасан “Захирамжийн сүүлийн хэсгийг сайн хараагүй, захирамжлах хэсэг дээр “759.892.800 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хараад энэ хэрэг хүчингүй болсон гэж ойлгон. өрийг хүчингүй болгосон” гэх тайлбар, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий газрын Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байх бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Татварын бүртгэл, мэдээллийн сангийн дүрэм”-ийн 5.1.3.2-т “Татвар хураалтын ажил хариуцсан ажилтнууд татварын өрийн бүртгэл”, 5.1.3.4-т “Мэдээлэл боловсруулалт, статистикийн ажил хариуцсан ажилтнууд татварын орлогын бүртгэл”-ийг тус тус хариуцан ажиллахаар заасан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь татварын өрийг мэдээллийн баазаас хасалт хийх эрхгүй болох нь тогтоогдож байна.

Гэтэл дээрх зөрчил нь 2012 оны 7 болон 8 дугаар сард гарсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “Ж” ХХК-ийн асуудлаар 2012 онд шүүхийн шийдвэр гараад яг хүмүүсийн зуны ээлжийн амралттай байх хугацаанд мэдэх мэдэхгүй байцаагч нар томилогдож шүүх хуралдаанд оролцсон асуудал байгаа. Яг энэ өрийг хэзээ шивсэн гэдэг нь харагдахгүй байна. Хоёрдугаар улиралд өртэй гэж гарсан боловч гуравдугаар улиралд өрийг устгасан асуудал гарсан” гэх тайлбараар тогтоогдож байх тул “дээрх зөрчил гарснаас хойш Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан зөрчил гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрч сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна” гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 485 дугаартай хоёр тушаал гарсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан заалтыг баримталсан тушаал нь хүчинтэй” гэх тайлбарыг үндэслэн тухайн тушаалыг анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасныг баримталсны улмаас хүчингүй болгоогүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                               ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                      ШҮҮГЧИД                                  Д.БАТБААТАР

                                                                          С.МӨНХЖАРГАЛ

                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН