Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Б.Б**********р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батцэнгэлийн Б**********рт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Б**********р нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.М**********тай маргалдаж улмаар түүний толгойн ар, нүүр хэсэгт удаа дараа цохиж эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б**********р нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.М**********тай маргалдаж улмаар түүний толгойн ар, нүүр хэсэгт удаа дараа цохиж эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-19-24х),

Шүүгдэгч Б.Б**********рын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өчигдөр өглөө хөдөөнөөс аймаг орохоор мотоциклтой эхнэрийн хамтаар гарсан. Аймгийн төв орж ирээд ээжийнхээ гэрт очиход ээж, Соёо ах, хишгээ эгч, Батнасан эгч нар архи уугаад сууж байсан. ... ээжийн гэрт ороход Баяраа гэх залуу согтуу байсан. Баяраагаас ээж хаачсаныг асуухад нэмэргүй согтуу урдаас хариулж чадахгүй байсан. Эхнэр гэрт үлдээд хажуугийн Соёо ахын гэрт ороход Батнасан Хишгээ эгч, Соёо ах гурав архи уугаад сууж байсан. Ээжийг асуухад цагаан машинд суугаад явчихсан гэж хэлсэн. Тэд нартай 0.75 литрийн хараа архи уусан. Тэр архийг ууж байхад Батнасан эгч хэзээ гэрээс гараад явсныг бол хараагүй. Эргэж гүйж орж ирснээ хашхираад зогсож байсан. Юу болоод байгааг гайхаад гэрээс гарахад эхнэр нэг хүнтэй маргалдаад зогсож байхаар нь нөгөө хүнтэй барилцаж аваад хоёулаа газар унаж л байсан. Баярааг хашаанаас гараад гудамжинд явж байхаар нь араас нь гүйж очоод банзаар толгойны ар луу нь цохиж, мотоциклыг нь банзаар цохисон. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-41, 55х),

Хохирогч Б.М**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед гэртээ байхад Ганбаа гээд хүүхэн утсаар залгаад нэг шил архи аваад ирээч гэсэн. Тэднийд очиход хүүхэд нь өнөөдөр ирнэ гэж байсан. Тэд нартай архи уусан...хамгийн сүүлд Ганбаатарын гэрт ууж байснаа санаж байгаа юм тэрнээс хойш болсныг санахгүй байна. Нэг ухаан ороод сэрэхэд нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн толгойдоо оёдол тавиулж байхад ухаан орсон...тухайн учирсан гэмтлээ эмчлүүлсэн зардлаа түүний ээж болох Ганбаа гэх хүнээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирлоо барагдуулж авсан. Миний хувьд одоо гомдол, санал, хүсэлт байхгүй... би эмчилгээний зардалд 300.000 төгрөг, мотоциклоо засуулахад 500.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг Б**********раас барагдуулж авсан, одоо надад ямар ч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... ” гэх мэдүүлэг (хх-29, 31, 33х),

Насанд хүрээгүй гэрч Ц.Шинэмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгүүрээс гэртээ ирэхэд Баяраа ах хашаанаас зөрөөд гарсан. Тэгээд орсон чинь Болдоо ах яагаад манай ээжийнд ирээд байдаг юм гээд л чарлаад Баярааг хашаан дотор хайж гүйгээд байсан. Баяраа болохоор хашааны гадаа мотоциклоосоо буугаад хажуугийн задгай хашаагүй газар луу ороход явж байхад Болдоо ах Баярааг харсан юм байлгүй хашаанаас гарч гүйгээд Баяраагийн араас очоод толгойны ар луу нь цохисон. Тэр үед Баяраа дөрвөн хөллөөд газар унахаар нь хаашаа өшиглөснийг хараагүй. Хөлөөрөө өшиглөөд байхаар нь араас нь гүйж очоод салгасан. Болдоо ахыг салгаад хашааны үүдэнд ирж байхад зүүн талынхаа гарт барьчихсан явсан хайчаар энэ мотоцикл минийх гээд Баяраагийн мотоциклийн банк руу бүлсэн. ...мотоциклийн банкийг хайчаар бүлсний дараагаар банзаар мотоциклийг нь цохиж толийг нь хаглаж, банк руу нь бас цохиж байсан. Цохисон банз нь хоёр хэсэг болж хуваагдсан. Тэгснээ энэ мотоциклийг хашаа руу оруул гэж хэлэхээр нь соронзонболдын хамтаар оруулсан...” гэх мэдүүлэг (хх-37-39х),

Гэрч Х.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр Б**********р энэ юун хүн бэ гэж хэлээд тухайн хүнийг хоёроос гурван удаа татсанаа гараад ээжийн хашаанд байдаг Соёо гэх айл руу орохоор гараад явсан...миний араас тухайн сандал дээр байсан эрэгтэй сандал авч шидсэн тухайн сандал нь намайг оноогүй миний хажуугаар өнгөрсөн...тэгээд байж байтал манай нөхөр Б**********р Соёо ахын гэрээс гарч ирээд ээжийн гэр рүү орох гэж байтал “пизда минь чи ор” гэж хэлж маргалдсан Баяраа гэх залуутай хоорондоо барьцалдаж авч нэгнийгээ хальт цохиж авсан...гэрийн гадаа гараад хашааны хаалганы гадаа Б**********р Баяраа гэх залуу хоёр хоорондоо маргалдаад байсан...би гэрээс гарч хараагүй болохоор хашааны үүдэнд юу болсон талаар сайн мэдэхгүй байна ... ” гэх мэдүүлэг (хх-43, 45-46х),

Насанд хүрээгүй гэрч Г.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ болохоор Болдоо ахыг, би болохоор Баяраа ахыг тэвэрч авч салгаад Баяраа ахыг хашааны хаалгаар гаргах гээд явж байхад Болдоо ах араас гүйж ирээд Баяраа ахын араас нь түлхээд газар унагаасан...Шинээ бид хоёр Болдоо ахыг хальт барьж авах гэсэн боловч гэрээс гараад гүйсэн...Болдоо ах хашаанаас гараад гүйхээр нь хашааны үүдэнд гараад харж байхад Баяраа ах гудамжны зүүн тал руу алхаж байхад араас нь Болдоо ах гүйж очоод толгой хэсэг рүү нь цохисон...тэгээд Шинээ бид хоёр Болдоо ахыг салгаж авсан...” гэх мэдүүлэг (хх-50-53х),

Гэрч Т.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн оройн 19 цаг өнгөрч байхад бүүр хөлөө зөөж ядаад хамаг тамир нь барагдсан байдалтай орж ирсэн. Гадуур хувцас нь урагдаж, хувцас хунар нь цус болчихсон байдалтай байсан. Малгайг нь авсан чинь толгойны ар хэсэгт хуйх нь язарч цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг (хх-57х),

Гэрч Х.Цогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай эхнэрийн төрлийн Батнасан гэх эмэгтэй ирсэн. Тэгээд Ганбаа, манай ах Батгаа, Батнасан, манай эхнэр бид хэд архи ууж эхэлсэн. ...би хэзээ ухаангүй болтлоо согтсоноо ч мэдэхгүй хэзээ унтсан болохоо ч мэдэхгүй ухаангүй болтлоо архи уусан байна. Өглөө л сэрсэн...” гэх мэдүүлэг (хх-59х),

Гэрч С.Хишигдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай төрлийн Батнасан эгч цайлахаар ирсэн. Манайд Батгаа ах, Батнасан эгч, хажуу айлын Ганбаа би хэд архи ууж эхэлсэн. ... өглөө сэрэхэд цагдаа нар ирлээ гэхээр нь би итгээгүй. Яагаад цагдаа ирдэг юм гэж асуухад хажуу айлын Ганбаа хүүхэд Болдоо, Баяраа хоёр маргалдаж зодолдоод цагдаа нар ирсэн. Та нарыг унтаж байхад зургийг чинь дараад явчихсан. Та нар унтаж байсан болохоор эрүүлжүүлэх байр луу авч яваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-61х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 420 дугаартай:

            1. Б.М**********ын  биед тархи доргилт, хуйханд шарх, цус хуралт, баруун нүд, хөмсөг, зүүн нүдний дотор булан, нуруунд зулгаралт, уруулын дотор салстад өнгөц язралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл ба тархи доргилт, хуйхан дахь шарх тус тусдаа

гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад цус хуралт, зулгаралтууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-64х),

Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-922/3803 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан (хх-68-70х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Боржигон овогт Батцэнгэлийн Б**********рын иргэний үнэмлэхийн лавлагааны (хх-81х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-82х),  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-83х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-85-86х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б**********р нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.М**********тай маргалдаж улмаар түүний толгойн ар, нүүр хэсэгт удаа дараа цохиж эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Б**********рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.М**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-29, 31, 33х),

Насанд хүрээгүй гэрч Ц.Шинэмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг (хх-37-39х),

гэрч Х.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-43, 45-46х),

Насанд хүрээгүй гэрч Г.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-50-53х),

Гэрч Т.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-57х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 420 дугаартай дүгнэлт (хх-64х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б**********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б**********р нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б**********р нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Б**********р нь хохирогч Б.М**********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогчийн мотоциклд нь 130.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохиролд 800.000 төгрөг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Б**********рыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-45-46х),    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б**********рын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б**********р нь урьд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-83, 85-86х)-аар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Б**********рыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б**********р нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Б**********р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Б.Б**********р нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохиролд 800.000 (найман зуун мянга) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар бариултай төмөр хайч 1 ширхэг, шаргал эрээн өнгийн бариултай хутга 1 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй талаас дээгүүр өнгөгүй шингэн зүйлтэй “Хараа” нэртэй архины 1 ширхэг шилтэй зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батцэнгэлийн Б**********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батцэнгэлийн Б**********рт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б**********р нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б**********р нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б**********рын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохиролд 800.000 (найман зуун мянга) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар бариултай төмөр хайч 1 ширхэг, шаргал эрээн өнгийн бариултай хутга 1 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй талаас дээгүүр өнгөгүй шингэн зүйлтэй “Хараа” нэртэй архины 1 ширхэг шилтэй зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б**********рт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН