Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/668

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Мягмардорж,

иргэдийн төлөөлөгч Б.Ц,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208007120350 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Хөвсгөл аймгийн ... сум ... дугаар баг ... гэх газар оршин суух хаягтай, урьд

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн С (РД:...)   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Г-тэй “ирж золгосонгүй, чи манай эхнэртэй утсаар байнга ярьдаг” гэх маргаанаас үүдэлтэйгээр хэвлий болон цээжний зүүн хэсэгт тус бүр 1 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед  Х, талийгаач Г- бид нар архи уугаад байгаад би Г-тэй маргалдсан. Би талийгаачид “яах гэж авгай хүүхэдтэйгээ маргалдаад байдаг юм бэ чи” гэж хэлсэн ба тэр асуудлаас болж бид 2 хоорондоо маргалдсан, тэгж байгаад больсон. Тэгээд тэрнээс хойших үйл явдлыг би санахгүй байгаа юм. Яагаад гэвэл би тухайн өдөр бэрийн гуйлгад явсан ба тэнд очоод архи уугаад ирээд архи нэмж уусан тул согтсон байсан. Мөрдөгч нь надаас мэдүүлэг авахдаа гар хурууны чинь хээ илэрсэн гээд дарамтлаад байсан тул би өөрийгөө үйлдсэн юм байна гэж ойлгосон. Г- бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Г-тэй маргалдсанаа санаж байгаа бусдыг нь санахгүй байна. Тухайн үед Х, Г- хоёр л байсан. Намайг бэрийн гуйлгад яваад ирэхэд талийгаач нь унтаж байсан, тэр хөл нүцгэн, өмд цамцтай л байсан. Харин Х ямар хувцастай байсныг санахгүй байна. Би тухайн үед өмсөж явсан хувцастайгаа буюу дээлтэй л байсан. Би нэг сэргэхэд цагдаагийн машин дотор сууж байсан ба маргааш өглөө нь 6 цагт улсын өмгөөлөгч гээд хүнийг оролцуулаад мэдүүлэг өгсөн. Айж сандраад буруу зөрүү ярьсан байх” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би амь хохирогч нөхөр болон хүүхдийн хамтаар 4 жил орчим хамт амьдарч байгаа. Оршуулгын зан үйлийг Хөвсгөл аймагт очиж хийсэн. Тэгээд оршуулгын зардалд нийдээ 10,150,000 төгрөг зарцуулагдсан байгаа. Би нөхрийн эд зүйлийг шатаахдаа тэр баримтуудыг хамт шатаадаг юм байх гэж бодоод шатаачихсан. Одоо ямар нэгэн баримт бол байхгүй. Шүүгдэгч талаас өгсөн мөнгө төгрөг бол байхгүй. Иймээс дээрх зардлыг нэхэмжилж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

3. Гэрч П.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Х-тай 42 дахь жилдээ хамт амьдарч байгаа. Би М, М, Н гэх хүүхэдтэй. Миний хүү М нь Х-ын төрсөн хүүхэд биш, миний дагавар хүүхэд. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С-тэй хамт байсан. Бид өглөө бэрийн гуйлгад Тахилт руу яваад өдөр 15-16 цагийн орчим гэртээ буцаж ирсэн. Биднийг ирэхэд талийгаач, манай нөхөр хоёр архи уусан согтуу байсан, согтолтын хувьд бараг тасарсан байсан. Тухайн өдөр манай нөхөр Х гэртээ цоохор өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан, дээгүүрээ ямар өнгийн хувцас өмссөн байсныг одоо сайн санахгүй байна. С тухайн өдөр их хэмжээний архи уугаагүй, гайгүй байсан. Би С, талийгаач, Х нарт Соёрхол нэртэй архи задалж өгсөн. Тэгээд би дүүгийнхээ гэрт очихоор 18 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Намайг гэрээс гарах үед Х, С, талийгч нар хоорондоо хэрэлдэж, маргалдаагүй байсан. Тэгээд шөнө унтаж байхад миний гар утас дуугараад дуудлага ирсэн, шөнийн 1-2 цагийн орчим хэрэг гарсан талаар мэдсэн. Би гэртээ маргааш нь 11 цагийн үед гэртээ орсон, гэрийн нөхцөл байдал ундуй, сундуй болсон, ширээ, ор зэрэг эд зүйлс эвдэрсэн байсан.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

4. Гэрч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ш-ын хуримын гуйлган дээр очоод архи уусан байсан. Намайг байхад талийгаач, С хоёр нэг нэгнээ “би чамаас ах, чи надаас дүү” гээд маргалдаад байсан, зодолдсон асуудал байхгүй. Талийгаачийг хутгалуулсан байсныг орой урд гэрт ороод мэдсэн. Тухайн үед гэрт эхнэртэйгээ хамт орсон, манай эхнэр талийгаачийг дуудах гээд хувцаснаас нь татахад цус гоожсон байсан, бага зэрэг хэмжээтэй цус гарсан байсан, их хэмжээний цус урссан зүйл байгаагүй. Гэрт манай аав Х, С, талийгаач нар байсан. С дээлтэйгээ ертөнцийн зүгээр гэрийн зүүн талын орон дээр Х-тай зэрэгцээд сууж байсан. Х, С нар хоёулаа согтуу байсан, С тухайн үед саарал өнгийн дээлтэй байсан. Хуримын гуйлганд явж ирээд С, Х, талийгаач нартай архи уусан. Х тухайн үед цамцтай байсан, ямар өнгийн хувцастай байсныг сайн санахгүй байна. Х гэртээ хувцсаа солиод янз бүрийн хувцастай л байж байдаг, тухайн өдөр хөх өнгийн жинсэн өмдтэй байсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

5. Гэрч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ ирээд унтах гээд ороо засаж байхад аав намайг дуудсан, гэрийнхээ хаалга онгойлгоод толгойгоороо дохиж дуудсан юм. Аав Х-ын гэрт ороход С гэрийн баруун талын ор буюу аав, ээжийн унтдаг орон дээр унтаж байсан. Аав Х бараан өнгийн хувцастай байсан. Гэрт ороод талийгчийг шалан дээр хэвтэж байхаар нь согтуу байгаа юм байх гээд би босгож орон дээр хэвтүүлэх санаатай футболкноос нь татахад  цус гарч, өөх шиг юм цухуйсан байсан юм. Би талийгаачийг татахад ямар нэгэн дуу авиа гаргахгүй байсан, би гэр рүүгээ буцаж гараад нөхрөө дуудсан, дараа нь түргэн дуудсан, түргэний эмч намайг цагдаа дууд гэж хэлсэн. Аав Х-аас юу болсон талаар асуухад нойл орчхоод ирэхэд ийм зүйл болсон гэсэн. Цагдаа нар ирж бүх зүйлийг авч явсны дараа манай банди, Мөнхбат бид нар гэрт орж цэвэрлэгээ хийсэн, цагдаа нар ирэхээс өмнө ямар ч цэвэрлэгээ хийгээгүй. Цагдаа нар ч хурдан ирсэн. Би тухайн өдөр гадуур явж байгаад ирсэн, намайг гэрт байхгүй байх үед Х, манай нөхөр, талийгч, С нар хамт архи уусан гэсэн, би Х-ын гэрт эхэлж ороод талийгчийг татаж харчхаад буцаж гэр рүүгээ орж нөхөр М-ыг дуудсан юм. Тухайн өдөр би дүү Ш- руу утсаар залгасан, Энхжаргалтай утсаар яриагүй, мөн Ш-ын эх рүү залгасан. Би Х-ын гэрт орж байснаа санаад тэрнээс хойших зүйлийг сайн санахгүй байна, сандраад юу болоод байгааг сайн ойлгоогүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

6. Гэрч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2 шил архи уусан.  Тухайн өдөр би хүрэн өнгийн куртиктэй, хөвөнтэй жинсэн өмдтэй, бор ноосон цамцтай байсан. Хэрэг гарсан өдөр цагдаа нар бид нарын биед үзлэг хийсэн. Надад учирсан гэх шархны талаар мэдэхгүй байна. Миний зүүн хацар дээр үүссэн  шарх нь гэртээ орохдоо үүдний довжоон дээр шургаж унаснаас үүссэн.  Тэр өдрийн өглөө хоол хийж байхдаа баруун гарын завсартаа шарх үүсгэсэн. Зүүн гарын долоовор хураан дээр шарх үүсээгүй, миний гар хуруу зүгээр байгаа. Баруун гарын алган дээрх шарх заазуураар өглөө хоол хийхдээ хөлдөө мах хөшиглөж байгаад уг шархыг үүсгэсэн.  Миний бие хүний гар жаахан хүрэхэд л хөхөрчихдөг болчихсон, баруун эгэмд хэзээ хөхрөлт үүссэнийг мэдэхгүй. Намайг байхад С, талийгаач хоёр маргасан зүйл байхгүй. Намайг нойлд ороод ирэхэд талийгаач хутгалуулсан, цээжин дээр нь дарахад цус гарсан байсан. Талийгаач гэрийн зүүн хойд талд байсан, С орон дээр сууж байсан. Тэгээд бэрээ дуудаад, түргэн тусламж дууд гэж хэлсэн, манай бэр түргэн тусламж дуудсан байсан.  Дуудлагаар 3 цагдаа ирсэн байх, сайн санахгүй байна. Би цагдаа нарт бүүр өмнө нь дэлгүүр орсон гэж хэлсэн, тухайн үед бол 00 орчхоод ирсэн. Би нойлд 20 орчим минут болсон.  Би С-ээс юу болов та хоёр гэж асуухад тухайн үед С надад юм хэлж байгаа нь сонсогдоогүй. Би гэрт орж ирээд талийгаачийг дуудахад “ахаа зүгээр ээ” гэж хэлж байсан, цээжин дээрээс нь цус гарсан байсан юм. Тухайн үед миний биед хэн ч гар хүрээгүй, надад талийгчтай маргаж, муудалцсан асуудал байхгүй.  Би талийгчийг тэврээд та хоёр яасан бэ гэж хэлснээ санаж байна, өөр зүйл санахгүй байна, би харсан зүйлээ үнэн зөвөөр хэрэгт мэдүүлсэн байгаа. Намайг нойл орчхоод орж ирэхэд С орон дээр хэвтэж байсан, унтаж байсан эсэхийг нь мэдэхгүй. Би цагдаа нарт баригдаж цагдаагийн газарт очоод үзлэг хийх үед хувцсаа сольсон, үзлэг хийх үед гэртээ байсан хувцастайгаа байсан. Талийгаачийг цус алдаж байхад би гараараа цээжин дээр нь дарсан, тухайн үед үзлэг хийхэд өмсөж байсан хувцастайгаа байсан, хувцсаа солиогүй. Миний өмдний өвдөг дээр бага зэрэг цус болсон байсан, шинжилгээнд өгөх гээд хувцсыг маань аваад явсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

7. Шинжээч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаачийн цээж, хэвлий, мөчдөд учирсан шарх бүхий гэмтэл бол унах үед үүсэх боломжгүй, мөрдөн байцаалтад мэдүүлсэн тайлбар мэдүүлэгтээ энэ талаар тодорхой ярьсан байгаа, хэрэв талийгаачийг тухайн үед унасан гэж үзэхээр бол нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байдаг, энэ тохиолдолд 3-4 удаагийн үйлчлэлээр гэмтэл учирсан байгаа учраас унах үед үүсэх боломжгүй гэмтэл гэж үзсэн. Талийгаачийн амьд байх үед үүссэн гэмтлүүдийг дүгнэлтэд бичсэн байгаа, нас барсны дараа гэмтэл үүссэн бол цус эргэлтгүй болсон байдаг учраас хүрэн улаан өнгийн толбо үүсэхгүй.  Талийгаачийн хэвлий цээжнээс гарсан цусны хэмжээг дүгнэлтэд тусгасан байгаа. Хэргийн газарт их хэмжээний цус гараагүй байж болно, учир нь талийгаачийн дотор эрхтэн гэмтээд, цээж нь дээш харсан байхад цус гадагш алдахгүй байж болно. Талийгаачийн зүүн гарын сарвуу нь гэмтсэн бол цус гарна, ямар хэмжээний цус гарсныг би хэлж мэдэхгүй байна. Шалтгаан нь, талийгаачийн хэвлийгээс цус гараад тэр хэсэг нь их бохирлогдсон харагдаж байна, сарвуунаас гарсан цус, хэвлийгээс гарсан цус гэж ялгаж хэлэх боломжгүй юм. Талийгаачийн цээж гэмтээд хэвлийдээ дотор цус алдаж байна гэсэн үг.  Талийгаач учирсан гэмтэл нь ихэвчлэн шууд үхэлд хүргэх аюултай гэмтэл байна, эмнэлгийн тусламж авалгүй нас барах боломжтой, 5-10 минут л амьд байх боломжтой. Талийгаачид цээж, хэвлий, сарвуунд хутгалагдсан шарх байсан.  Талийгаачийг тухайн үед хутгыг барьж авч өөрийгөө хамгаалах үедээ гарын сарвуундаа гэмтэл авсан байх боломжтой байсан тул амь тэмцэлдсэн байна гэж үзсэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

8. Шинжээч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “дүгнэлт гаргахдаа үзүүлж байгаа хүмүүсийг юу нь гэмтсэн болохыг асууна, хэлснийх нь дагуу үзлэг  хийнэ, мөн хувцсыг нь тайлаад гэмтэлтэй, гэмтэлгүй газруудыг нь үзэж болно. Х үзүүлэгчийн хувьд тухайн үед энэ тэнд гэмтсэн гэдэг зүйл хэлээгүй,  мөн ил харагдах гэмтэлгүй байсан тул гэмтэлгүй гэж дүгнэлтэд бичсэн байна. Ер нь С, Х нарын биед үзлэг хийх үед биед нь гэмтэл байгаагүй тул гэмтэлгүй гэж дүгнэсэн байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

9. Шинжээч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Маш бага хэмжээгээр цацарсан цус С-ийн хувцаснаас илэрсэн, цусны цацарсан хэмжээ хааш хаашаа 0,1 см, тухайн цацарсан цусны хэмжээ шинжилгээнд хүрэлцэхгүй байсан, цус яаж цацарч хувцас дээр үүссэн гэдгийг хэлэх боломжгүй. Цусны хэмжээ хүрэлцэхгүй учраас хүний цус уу, амьтны цус уу гэдгийг ялгах боломжгүй, харин цус мөн эсэхийг л хэлэх боломжтой” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч Д.С-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч нь “...гэрч арын мэдүүлгүүд зөрүүтэй, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүд зөрүүтэй байна. Иймээс шүүгдэгч нь гэм буруутай эсэх нь эргэлзээ төрүүлж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч нараас “...Талуудыг оролцуулан мэтгэлцэж оролцлоо. Хэрэгт авагдан баримтууд болон өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч, шинжээч нарын мэдүүлэг зэргээс үзвэл, дараах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна. 1. Гэрч Х-ын биед  олон тооны шарх гэмтэл учирсан байхад шинжээчийн дүгнэлтээр гэмтэлгүй гэж дүгнэсэн, гэтэл үзлэгээр учирсан гэмтэл нь яаж, хэзээ үүссэн болохыг шалгаж тогтоогоогүй. 2. Мөн шүүгдэгч Д.Сийн дээлээс цус илэрсэн бөгөөд энэ нь хүн эсхүл малын цус болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн, энэ цусыг хохирогчийнх болохыг юугаар нотлоод байгаа юм. 3. Гэрч Х нь нэг бол нойлд байсан гэдэг эсхүл дэлгүүр явсан хойгуур гэж мэдүүлэг, түүний мэдүүлэг тогтворгүй, эргэлзээтэй. 4. Гэрч Х-ын өмд цус болсон гэдэг ч түүний хувцсыг шинжилгээнд явуулж шинжлүүлээгүй орхигдуулсан. 5. Хэргийн газрын үзлэгээр 2 цагдаа ирж үзлэг хийх явцдаа энгэрийн камераараа бичлэг хийсэн байдаг, уг камерын бичлэгийг авч хэрэгт хавсаргах, тухайн 2 цагдаагаас гэрчээр мэдүүлэг авах, 6. Хэргийн газрыг цэвэрлэсэн нөхцөл байдлыг шалгах. 7. С, Х-ын хувцсыг хураан авахдаа хэрхэн яаж, ямар байдлаар хураан авч шинжилгээнд явуулсан болох нь тодорхойгүй, Х нь тухайн үед өмссөн хувцсаа сольсон байх магадлалтай” зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутаас 22 цаг 12 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24а-16а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Г-ийн “чи ирж золгосонгүй, манай эхнэртэй утсаар байнга ярьдгаа боль” гэж хэлснээс үүдэлтэйгээр хоорондоо маргалдаж улмаар түүний хэвлий болон цээжний зүүн хэсэгт тус бүр 1 удаа хутгалж амь насыг хохироосон нь дараах нотлох баримтуудтай байна. Үүнд:

I. Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаарх баримтууд нь: Тухайлбал,

1. ЦЕГ-ийн шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас: “... дугаарын утаснаас 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 22 цаг 12 минут 28 секундэд ...согтуу хүмүүс байна, хурдан ир гэсэн дуудлагыг эмэгтэй хүн өгч, тус дуудлагын дагуу 2022 оны 02 сарын орой 22 цаг 33 минут 08 секундэд цагдаагийн албан хаагчид очсон нь тэмдэглэгдсэн” (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд: “...хэрэг болсон гэх газар нь СХД 6 хороо халамжийн хэлтсийн зүүн талд ... ертөнцийн  зүгээр урагш харсан ногоон өнгийн  модон хашаа байх ба  хашааны үүдэнд 16а тоот гэсэн тэмдэгтэй  байв. Тухайн хашаанд ... 5 ханатай гэр байх бөгөөд ...бор өнгийн  модон толгойтой  диван  ор дээгүүрээ саарал өнгийн бүтээлгээр  бүтээсэн, диван ор доош цөмөрч эвдэрсэн байдалтай, дээр нь  мөн саарал өнгийн Самсунг  утасны дэлгэц хагарсан байв. Үзлэгийг цааш  үргэлжлүүлэн  гэрийн  гол хэсэгт  эрэгтэй хүний цогцос байсныг үзлэг хийхэд, ертөнцийн зүгээр  урд зүгт толгойны хэсэг нь харсан байрлалтай,  биеийн ерөнхий  байрлал ар нуруугаар хэвтэж цээжин хэсэг дээшээ  харсан байрлалтай,  хамрын доор уруулын дээр хэсэгт нийт 8 ширхэг, жижиг, жижиг хуучин өнгөц шархтай, цээжин хэсэгт  гадуур өмссөн  улаан өнгийн футболк хагас дээшээ сөхөгдсөн байдалтай, хэвлийн хэсэг нь  ил гарсан, хэвлий хэсэг нэлэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байдалтай, зүүн талын  хөхний харалдаа доод 2х0.8см, түүнээс  баруун доод зүгт буюу хүйсний дээд талд 4.5х1.5 см хэмжээтэй нийт 2 зүсэгдсэн шархтай, өөр ил харагдах шархгүй. Доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, өмдний бор өнгийн бүс тайлагдсан байдалтай, хөл нүцгэн, цогцосны ойр орчимд үзлэг хийхэд  амь хохирогчийн хүйсний хэсгээс чанх баруун зүгт харалдаа шар өнгийн хулдаасан дээр  цус мэт  улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатаж нөжирсөн. Амь хохирогчийн баруун хөлний баруун талын хэсэгт шар өнгийн иштэй хутга байсныг үзлэг хийхэд нийт урт нь 26,5см, ажлын хэсгийн урт 14.5см, өргөн нь 2.3 см, бариу хэсгийн урт 12см хэмжээтэй, хутганы ажлын хэсэг дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр  бохирлогдсон байв” гэж тэмдэглэгдсэн. (1 дэх хавтаст хэргийн 6-13 дахь тал),

3. Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл: дуудлагаар очсон эмч Ч.Э нь “...А.Г нас барсан гэж 2022 оны 02 дугаар сарын 13-ны оройн 22 цаг 41 минутад тусгасан.” (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),

4. Шинжээч  Г.Х нь “...талийгаач учирсан гэмтэл нь ихэвчлэн шууд үхэлд хүргэх аюултай, эмнэлгийн тусламж авалгүй нас барах боломжтой, 5-10 минут л амьд байх боломжтой” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

5. Гэрч Э.Х-ын: “...Намайг нойлд ороод хүндэрчхээд ирэхэд талийгаач хутгалуулсан, цээжин дээр нь дарахад цус гарсан байсан. Би нойлд 10-20 орчим минут болсон байх. Би гэрт орж ирээд талийгаачийг дуудахад “ахаа зүгээр ээ” гэж хэлж байсан, цээжин дээрээс нь цус гарсан байсан юм. Тэгээд бэрээ дуудаад, түргэн тусламж дууд гэж хэлсэн, манай бэр түргэн тусламж дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 80 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

6. Гэрч С.Д-ын: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...22 цагийн орчим гэртээ ирсэн.... гаднаас хадам аав Х гараараа даллаад нааш ир гэж дуудахаар нь ...гэрт нь ортол амь хохирогч гэрийн шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн, өмссөн байсан футболк нь цус болчихсон байхаар нь сандраад футболкийг сөхсөн чинь хэвлий хэсэгт нь зүсэгдсэн байхаар нь орилоод шууд хадам аавын гэрээс гүйж гараад гэр лүүгээ ороод нөхрөө сэрээгээд хадам аавын гэр лүү дагуулж ороод түргэн тусламж дуудсан чинь намайг цагдаагийн байгууллагад ханд гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..Амь хохирогч юм яриагүй, хөдлөхгүй байсан.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

7. Гэрч Х.М-ы: “...эхнэр Д гэрээсээ гарч яваад буцаад орилоод эд нар нэгийгээ алчихсан юм биш үү гээд ороод ирэхээр нь би эхнэр Д-ын хамт ... ортол талийгаач Г- нь гэрийн зүүн хойд талд газарт дээшээ хараад хэвтчихсэн, гэдэс нь гарчихсан, футболк нь цус болчихсон, хүйсний тэр хавьд цус гараад өөх шиг юм гарчихсан байдалтай байхаар нь би гүйж очоод Г- ахын толгойг өвдгөн дээрээ тавиад хацрыг нь гараараа барьтал хүйтэн байсан” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудтай байна.

Дээрх нотлох баримтуудад тусгагдсанаар, тодруулбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “гэмт хэрэг гарсан газар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24а-16а тоотод хашаанд байрлах 5 ханатай гэр буюу иргэн Э.Х-ын гэрт тухайн үйл баримт өрнөсөн” болох нь бэхжигдэж, тэмдэглэгдсэн байна.

Харин гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 21 цаг 30 минутаас  22 цаг 12 минутын хооронд үйлдэгдсэн байна гэж дүгнэхээр байна. Учир нь,

Гэрч Э.Х-ын мэдүүлснээр нойлд 10-20 минут орчмын хугацаанд  байсан, гарч ирэхэд амь хохирогч хутгалагдсан байсан, улмаар бэр С.Д-ыг дуудсан, гэрч С.Д нь хадам аав Э.Х-ын дуудсанаар гэрт орж амь хохирогчийг хутгалагдсан байдалтай байхыг харсны дараагаар өөрийн нөхөр Х.М-ыг дуудаж, дараа нь түргэн тусламжийн байгууллага, цагдаагийн байгууллага аль алинд нь дуудлагыг өгсөн, энэ хооронд буюу түргэний эмч, цагдаагийн албан хаагчдыг ирэхээс өмнө гэрч Х.М, С.Д нарыг амь хохирогчийн биед хүрэх болон харахад амь хохирогч нь ямар нэгэн үг хэлэхгүй, үйл хөдлөл байхгүй, хацар нь хөрсөн буюу хүйтэн болсон байсан талаар мэдүүлсэн, ЦЕГ-ын дуудлагын лавлагааны хуудаст дуудлага өгсөн цаг хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 22 цаг 12 минут 28 секунд гэж тэмдэглэгдсэн, түргэн тусламжийн эмч Ч.Э нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны оройн 22 цаг 41 минутын үед ирж үзлэг хийх үед А.Г- нь нас барсан байдалтай байсан болох нь тэмдэглэгдсэн, шинжээч Г.Х нь “...талийгаач учирсан гэмтэл нь ихэвчлэн шууд үхэлд хүргэх аюултай, эмнэлгийн тусламж авалгүй нас барах боломжтой, 5-10 минут л амьд байх боломжтой” гэж мэдүүлсэн байна.

Эндээс үзвэл, цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үед амь хохирогч А.Г- нь бусдад хутгалагдсан байсан байх ба гэмтэл авсны улмаас шууд нас барах, их удлаа гэхэд 5-10 минутын хугацаанд л амьд байсан байх боломжтой гэж үзвэл, гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 02 дугаар сарын 13-ны оройн 21 цаг 30 минутаас  22 цаг 12 минутын хооронд үйлдэгдсэн байна гэж дүгнэж, тооцоолоход хүргэсэн болно.

II. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан хутга, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогчид учирсан гэмтэл, амь нас хохирсон шалтгаан нь шүүгдэгч Д.С-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу шүүгдэгч Д.С нь амь хохирогч А.Г-ийн амь насыг хохироосон байна гэж дүгнэх үндэслэл болсон. Тухайлбал,

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ын: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө амь хохирогч А.Г- 7 өнгөрөөж сэрээд 8 гэж байхад гэрээсээ Ханын материал орно, Х ах дуудаад байна, бэр гуйна гэнээ, очихгүй бол болохгүй гээд явсан. Тэгээд 21 цагийн үед Г-ийн ангийн хүүхэд Д- нь над руу ... дугаараас залгаад ...Г Ханын материалд байдаг Хишигээ ахынд хутгалуулсан байна гэхээр нь би Д-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод иртэл цагдаа машин ирчихсэн бид нарыг оруулахгүй байсан. Тэгээд тэр хавиар юу болсон бэ гээд Э-ээс асуутал өнгөрчихсөн байна гээд уйлаад гараад ирсэн. Х нь манай хамтран амьдрагчийн хүргэн ах нь, С нь эгчийнх нь хүүхэд байгаа юм. Хоорондоо байнга л холбоотой ирэн очин байдаг..” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч С.Д-ын: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим өөрийн төрсөн ах Галсайханы хамт гэрээсээ гарсан. Харин хашаан дотор цуг байдаг хадам аав Х гэртээ амь хохирогчийн хамт хоёулаа байсан. Би ахтайгаа цуг Х ахын гэрт нь байж байгаад 22 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай нөхөр М орон дээрээ унтаж байсан ба сэрээсэн чинь согтуу байсан. Тэр үед гаднаас хадам аав Х орж ирээд намайг нааш ир гэж дуудахаар гэр лүүгээ ортол гэрт нь С, амь хохирогч хоёр байсан. Амь хохирогч гэрийн шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн, өмссөн байсан футболк нь цус болчихсон байхаар нь сандраад футболкийг нь сөхсөн чинь хэвлий хэсэгт нь зүсэгдсэн байсан тул орилоод шууд гэрээс гүйж гараад гэр лүүгээ ороод нөхрөө сэрээгээд хадам аавын гэр лүү дагуулж ороод түргэн тусламж дуудсан чинь намайг цагдаагийн байгууллагад ханд гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг ороход хамаг эд зүйл ундуй сундуй болчихсон байсан. Би талийгаачийг татахад ямар нэгэн дуу авиа гаргахгүй байсан.  Аав Х-аас юу болсон талаар асуухад нойл орчхоод ирэхэд ийм зүйл болсон гэсэн..” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

3. Гэрч Х.М-ы: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө дүү Д, ээж О, эгч Н, ах С нарын хамт дүү Ш-ын бэр гуйлганд ... руу 09 цагийн үед яваад тэнд очиж найраа хийж бэрээ гуйгаад үдээс хойш буцаж гэрт ирцгээсэн. Тэгээд би нэг согтолттой тасарчихсан байсан, нэг сэрсэн чинь талийгаач Г, Х, С бид дөрөв байсан. Г, С нар нэг хоногийн насны зөрүүтэй ба тэрнээс болж Г ах манайд ирж золгосонгүй гээд С ах руу уурлаад байсан. Тэр хооронд Н эхнэр М-ийн хамт 0,5 литрийн архи авч ирж өгөөд цуг байж байгаад яваад өгсөн. Би Н, Мэ нарыг гаргаж өгчхөөд буцаж хойд талын байшин руугаа ороод унтаад өгсөн. Унтаж байх үед эхнэр Д гэрээсээ гарч яваад буцаад орилоод эд нар нэгийгээ алчихсан юм биш үү гээд ороод ирэхээр нь би сандраад хувцсаа өмсөөд эхнэр Дын хамт Монгол гэр лүү гүйгээд ортол талийгаач Г- нь Монгол гэрийн зүүн хойд талд газарт дээшээ хараад хэвтчихсэн, дээгүүрээ гэдэс нь гарчихсан, футболк нь цус болчихсон, хүйсний тэр хавьд цус гараад өөх шиг юм гарчихсан байдалтай байхаар нь би гүйж очоод Г- ахын толгойг өвдгөн дээрээ тавиад хацрыг нь гараараа барьтал хүйтэн байсан. Тэр хооронд манай эхнэр Д эмнэлэг, цагдаа дуудаад намайг битгий хүр гээд хэлэхээр нь би хүрээгүй. Тухайн үед Монгол гэрт ороход аав Х, ах С хоёр зүүн талын орон дээр сууж байсан. Тухайн үед талийгаачийг дуудах гээд хувцаснаас нь татахад цус гоожсон байсан, бага зэрэг хэмжээтэй цус гарсан байсан, их хэмжээний цус урссан зүйл байгаагүй.  Х, С нар хоёулаа согтуу байсан, С тухайн үед саарал өнгийн дээлтэй байсан. Х тухайн үед цамцтай байсан, хөх өнгийн жинсэн өмдтэй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

4. Гэрч Э.Х-ын: “...Тухайн өдөр би хүрэн өнгийн куртиктэй, хөвөнтэй жинсэн өмдтэй, бор ноосон цамцтай байсан. ...Д гэр лүү ороод орилж чарлаад унасан. Би тэр үед нь бас дагаж сандраад юу болоод байгааг мэдээгүй. Хүмүүс юу ярьж байгааг ойлгоогүй, мэдээгүй. Намайг байхад С, талийгаач хоёр маргасан зүйл байхгүй. Намайг нойлд ороод хүндэрчхээд ирэхэд талийгаач хутгалуулсан, цээжин дээр нь дарахад цус гарсан байсан. Талийгаач гэрийн зүүн хойд талд байсан, С орон дээр сууж байсан. Тэгээд бэрээ дуудаад, түргэн тусламж дууд гэж хэлсэн, манай бэр түргэн тусламж дуудсан байсан.  Би гэрт орж ирээд талийгаачийг дуудахад “ахаа зүгээр ээ” гэж хэлж байсан, цээжин дээрээс нь цус гарсан байсан юм. Тухайн үед миний биед хэн ч гар хүрээгүй, надад талийгчтай маргаж, муудалцсан асуудал байхгүй.  Би талийгчийг тэврээд та хоёр яасан бэ гэж хэлснээ санаж байна, өөр зүйл санахгүй байна. Би цагдаа нарт баригдаж цагдаагийн газарт очоод үзлэг хийх үед хувцсаа сольсон, үзлэг хийх үед гэртээ байсан хувцастайгаа байсан. Миний өмдний өвдөг дээр бага зэрэг цус болсон байсан, шинжилгээнд өгөх гээд хувцсыг маань аваад явсан..” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 80 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

5. Цогцост үзлэг хийсэн: “...176 см урт, 78 кг жинтэй, 6 см урт хар өнгийн үстэй, 44 настай эрэгтэй хүний цогцос байна...мах мариа дунд зэрэг...зүүн гарын чигчий хурууны дотор 3х1 см, өөхөн эд гарсан шинэ шархтай, зүүн эгэмний дунд шугамаар, аюулхай дээд талд 2х1 см өөхөн эд гарсан шинэ шархтай, хүйсний дээд талд 4.5х1 см, 1,5 см гүн өөхөн эд гарсан, онгорхой шархтай, баруун гарын шууны гадна гуравны нэгт 2,5х0.7 см-ийн тов бүхий хүрэн улаан шархтай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 23-28 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 639 дугаартай:

“...Цогцост цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, баруун ховдол гэмтээсэн хатгагдсан шарх, үнхэлцэг /150мл/, цээжний хөндийн /1500мл/ цусан хураа, хэвлийн хөндийд нэвтэрч элэг, сэмж, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвийн хөндийд /100мл/ цусан хураа, зүүн сарвууны хатгагдсан шарх, хэвлийд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүр бүхий гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Цогцост учирсан цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, баруун ховдол гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрч элэг, сэмж, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн сарвууны хатгагдсан шарх гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хэвлийд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шархны улмаас цус алдан зүрх чихэлдэж нас баржээ. Талийгаачийн цусанд 4.2 промилли, ходоодны шингэнд 4.2 промилли, шээсэнд 3.5 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн зүүн сарвууны хатгагдсан шарх, хэвлийд зулгаралт гэмтэл нь эсэргүүцэж тэмцэлдсэний улмаас үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 189-193 дахь тал),

7. Шинжээч эмч Г.Х-гийн: “...Цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас зүрх чихэлдэж нас барсан, хэвлийд нэвтэрсэн шарх нь хүнд зэргийн гэмтэл боловч үхэлд хүргээгүй. Талийгаачийн цээж, хэвлий, мөчдөд учирсан шарх бүхий гэмтэл бол унах үед үүсэх боломжгүй, хэрэв талийгаачийг тухайн үед унасан гэж үзэхээр бол нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байдаг, энэ тохиолдолд 3-4 удаагийн үйлчлэлээр гэмтэл учирсан байгаа учраас унах үед үүсэх боломжгүй гэмтэл гэж үзсэн. Нас барсны дараа гэмтэл үүссэн бол цус эргэлтгүй болсон байдаг учраас хүрэн улаан өнгийн толбо үүсэхгүй. Хэргийн газарт их хэмжээний цус гараагүй байж болно, учир нь талийгаачийн дотор эрхтэн гэмтээд, цээж нь дээш харсан байхад цус гадагш алдахгүй байж болно. Талийгаачийн зүүн гарын сарвуу нь гэмтсэн бол цус гарна, ямар хэмжээний цус гарсныг би хэлж мэдэхгүй байна. Шалтгаан нь  талийгаачийн хэвлийгээс цус гараад тэр хэсэг нь их бохирлогдсон харагдаж байна, сарвуунаас гарсан цус, хэвлийгээс гарсан цус гэж ялгаж хэлэх боломжгүй юм.Талийгаач учирсан гэмтэл нь ихэвчлэн шууд үхэлд хүргэх аюултай гэмтэл байна, эмнэлгийн тусламж авалгүй нас барах боломжтой, 5-10 минут л амьд байх боломжтой. Талийгаачид цээж, хэвлий, сарвуунд хутгалагдсан шарх байсан.  Талийгаачийг тухайн үед хутгыг барьж авч өөрийгөө хамгаалах үедээ гарын сарвуундаа гэмтэл авсан байх боломжтой байсан тул амь тэмцэлдсэн байна гэж үзсэн..” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 106 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1199 дугаартай: “...хэргийн газраас хураан авч шинжилгээнд ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн бамбар нь  шинжилгээнд тэнцэнэ. Хөвөн бамбар дээрээс цус илэрсэн. Илэрсэн ДНХ тогтоц нь  амь хохирогч А.Г-ийн гэх цусны  ДНХ-ийн  тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 89-87 дахь тал),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1198 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн  хутга дээрээс цус илэрсэн, илэрсэн ДНХ-ийн  тогтоц нь амь хохирогч А.Г-ийн гэх цусны ДНХ-ийн  тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 95-96 дахь тал),

10. Шүүгдэгч Д.Сийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч М.Цэндсүрэнг оролцуулан сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  хүргэн ах Х-ын гэрт ирж, энэ өдрөөс  хойш Х-ын гэрт  амьдарсан. 2022 он 02 дугаар сарын 13-ны өдөр  өөрийн  төрсөн эгч Н-гийн  хүүхдийн бэр  гуйлганд  эгч Н, О,  дүү М, Д-гийн хамт Тахилтад очиж  бэр гуйлганд оролцоод өдрийн 15 цагийн үед  Х ахын гэрт  бид нар буцаж ирсэн. Тэр үед Х ах, амь хохирогч хоёр  архи уучихсан байсан. Тэгээд М, Х, амь хохирогч бид 4 нийлж 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан ба  амь хохирогч нь намайг цагаан сараар чи миний хөл түлэгдчихсэн байхад  ирж золгосонгүй гэж гомдоллоод бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн, бид 2 барилцаад автал М салгасан. Тэгээд архиа ууж байгаад би “чи яагаад эхнэртээ агсам согтуу тавиад байдаг юм” гэж хэлээд ахиад  маргалдаад барилцалдаж аваад би амь хохирогчоос салаад гал тогооны шүүгээнээс  шар бариултай  цагаан хутга аваад  амь хохирогчийн хэвлий хэсэгт нь  эхлээд 1 удаа хутгалаад  хутгаа сугалж аваад  дахин нэг удаа  хутгалсан чинь хойшоо  ухраад  гэрийн баруун талын орон дээр дээшээ хараад  унасан. Тэр үед Х ах байсан, болсон асуудлыг мэдэж байгаа, нөгөө хэд нь арын байшинд байсан” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 234-235 дахь тал) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл,

1. Шүүгдэгч Д.С нь Хөвсгөл аймаг тариалан суманд амьдардаг хаягтай боловч тэрбээр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод ирж өөрийн төрсөн эгч Д.О-ын гэрт хүргэн ах Э.Х, төрсөн эгч нарын хамт амьдарч байсан байх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн эгч Н-гийн хүүхдийн бэр гуйлганд эгч Н, О, дүү М, Д-гийн хамт Тахилтад очиж оролцож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар өдрийн 15 цагийн үед  Хын гэрт буцаж ирэн Х.М, амь хохирогч А.Г-, Э.Х нарын хамтаар үргэлжлүүлэн ууцгаасан байна.

Амь хохирогч А.Г- нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 08-09 цагийн хооронд “бэрийн гуйлгад очно, Х ах дууд байна” гэх шалтгаанаар гэрээсээ гарч гэрч Э.Х-ын гэр лүү явсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ын мэдүүлгээр тогтоогдсон, амь хохирогч нь уг цайллагад оролцолгүй гэрч Э.Х-ын гэрт үлдэж Э.Х-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд  тухайн өдөр амь  хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь аль аль нь согтууруулах ундааны зүйлийг тусдаа болон нийлж хэрэглэсэн болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Д.С нь бэрийн гуйлганд оччихоод Э.Х-ын гэрт буцаж ирэн Х.М, Э.Х, А.Г нарын хамт ууж сууж байхдаа амь хохирогч А.Г-тэй “чи ах, би ах, ирж золгосонгүй, эхнэртээ агсам тавилаа, эхнэр лүү утсаар ярилаа” гэх асуудлыг хэн аль нь хөндөн ярьснаас үүдэн хоорондоо маргалдсан, барьцалдаж авсан болохыг гэрч Х.М нь гэрчилж мэдүүлсэн, мөн амь хохирогчтой маргаснаа шүүгдэгч Д.С нь үгүйсгээгүй байна.

Улмаар гэрч Х.М нь тухайн хашаанд байх өөрийн байшинд орж унтахаар явсан хойгуур Э.Х-ын гэрт зөвхөн амь хохирогч А.Г, гэрч Э.Х, шүүгдэгч Д.С нар үлдсэн болох нь шүүгдэгч хийгээд гэрч Э.Х-ын мэдүүлгийн эх сурвалжтай, тэдгээрийн мэдүүлэг агуулгын хувьд зөрөөгүй байна.

Гэрт үлдсэн 3 хүний нэг нь болох Э.Х нь гэрчээр мэдүүлэхдээ “намайг байхад муудалцаагүй, нойлд орж хүндэрчхээд ирэхэд уг асуудал болсон байсан, би нойлд 10-20 орчим минут болсон байх, үйл явдал болохыг хараагүй” гэж мэдүүлдэг бол шүүгдэгч Д.С нь сэжигтнээр “би 2 удаа амь хохирогчийг хутгалсан, Э.Х хажууд байсан” гэж, яллагдагчаар “амь хохирогч хутга барьсан байсан, би өөрийгөө хамгаалаад түлхсэн чинь орон дээр унасан, очоод босгоход хутга нь цус болсон, А.Г- бид хоёрыг маргахад Э.Х хажууд байсан” гэж, шүүгдэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт “би амь хохирогчтой маргаж байснаа санаж байна, түүнээс хойших үйл явдлыг санахгүй байна” гэж мэдүүлсэн байна.

Гэрч Х.М, гэрч Э.Х, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл, гэмт хэрэг гарах үед маргаан нь зөвхөн шүүгдэгч, амь хохирогч нарын хооронд  өрнөсөн, тэдгээр нь хоорондоо барьцалдаж авч байсан байх бөгөөд харин гэрч Э.Х нь амь хохирогчтой маргалдсан, барьцалдаж авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Э.Х-д мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн эрх үүргийн тайлбарлан өгч, хүлээлгэх хариуцлагыг сануулсны үндсэн дээр гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд тэрбээр удаа дараагийн мэдүүлэгт “амь хохирогч, шүүгдэгч нар нь намайг байхад муудалцаагүй, харин нойл орчхоод ирэхэд амь хохирогч А.Г- нь газар хэвтсэн, цээжнээс нь цус гарч байсан, би амь хохирогч дээр очиж цээж дээр нь дарсан, харин шүүгдэгч Д.С нь орон дээр сууж байсан” тухай мэдүүлсэн бөгөөд гэрч Х.М, С.Д нар нь мөн гэрт ороход Д.С, амь хохирогч нар байсан, амь хохирогч нь гэрийн хоймор хэсэгт хутгалагдсан байдалтай хэвтэж байсан, шүүгдэгч Д.С нь орон дээр сууж байсан /хэвтэж байсан/ гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, гэрч Э.Х-ыг худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.С нь удаа дараа мэдүүлэг өгөхдөө өөр өөр байдлаар мэдүүлдэг боловч түүний сэжигтнээр өгсөн “...амь хохирогч нь намайг цагаан сараар  ирж золгосонгүй гэж гомдоллоод бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн, бид 2 барилцаад автал М салгасан. Тэгээд архиа ууж байгаад ахиад  маргалдаад барилцалдаж аваад би амь хохирогчийн хэвлий хэсэгт нь  эхлээд 1 удаа хутгалаад  хутгаа сугалж аваад дахин нэг удаа хутгалсан чинь хойшоо  ухраад  гэрийн баруун талын орон дээр дээшээ хараад унасан” гэсэн мэдүүлэг нь бусад баримтуудаар нотлогдож байгаа тул түүний энэхүү мэдүүлгийг шүүхээс  нотлох баримтаар үнэлсэн болно.

Учир нь, шүүгдэгч  Д.С нь хэдийгээр энэхүү мэдүүлгийг дарамталж авсан мэдүүлэг гэдэг боловч тэрбээр “дарамталсан, эрүүдэн шүүсэн” эсэх асуудлын талаар холбогдох газарт хандаж гомдол гаргаж шалгуулсан зүйлгүй, түүний сэжигтний мэдүүлэгт өмгөөлөгч оролцсон байгаа тул түүнээс мэдүүлэг авахдаа Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрхийг зөрчиж авсан гэж дүгнэх боломжгүй байна.

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 639 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Х-гийн мэдүүлэг зэрэгт иргэн А.Г-ийн амь нас нь 2 удаагийн хутгалагдсан шархны улмаас буюу цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, баруун ховдол гэмтээсэн хатгагдсан шарх, үнхэлцэг /150мл/, цээжний хөндийн /1500мл/ цусан хураа, хэвлийн хөндийд нэвтэрч элэг, сэмж, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвийн хөндийд /100мл/ цусан хураа бүхий гэмтлийн улмаас нас барсан нь тусгагдсан, дээрх гэмтлийг авсан хүн шууд нас барах эсхүл 5-10 минутын хугацаанд амьд байх боломжтой талаар мэдүүлсэн бөгөөд амь хохирогчид дээрх үхэлд хүргэх шарх гэмтлээс гадна зүүн сарвууны хатгагдсан шарх, хэвлийд зулгаралт гэмтэл учирсан, энэ нь эсэргүүцэж тэмцэлдсэний улмаас үүсэх боломжтой нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаас гадна “талийгаачийн цээж, хэвлий, мөчдөд учирсан шарх бүхий гэмтэл бол унах үед үүсэх боломжгүй, хэрэв талийгаачийг тухайн үед унасан гэж үзэхээр бол нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байдаг, гэтэл хохирогчид үүсэн хутгалагдсан шарх нь  2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байгаа учраас унах үед үүсэх боломжгүй гэмтэл гэж үзсэн” гэж тус дүгнэлтийг гаргасан шинжээч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, улмаар хэрэг учрал болсон газраас хураан авсан шар өнгийн бариултай хутга дээрээс илэрсэн цус нь амь хохирогчийн цусны ДНХ бүтэцтэй тохирсон нь 1198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баримттай байна.

Энэ бүгдээс дүгнэхэд, хэрэг учрал болдог өдөр шүүгдэгч Д.С, амь хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан, барьцалдаж аваад салсан ч  дараа нь ахин маргалдаж, шүүгдэгч Д.С нь  амь хохирогчийн цээж болон хэвлий хэсэгт  удаа дараа хутгалж амь насыг нь хохироосон үйл баримт нь дээрх шинжлэн судалсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэхдээ  “...би хохирогч А.Г-тэй маргаснаа санаж байна, түүнээс цааших үйл явдлыг санахгүй байна” гэж мэдүүлж байгаа ч хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтууд буюу баримт сэлт, мэдээллээс үзэхэд шүүгдэгч өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа удирдах, хяналт тавих чадвар, боломж нь алдагдаж, агшин зуур сэтгэл санааны гүн цочролд орсон гэж үзэх үндэслэл, мөн түүнийг цочролд орох хэмжээний үйл баримт болсон нь тогтоогдоогүй байна. Эсрэгээрээ шүүгдэгч нь өөрийн хүссэн буюу чиглэсэн үйлдлүүдийг хийснээ мэдсэн, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж  түүнийг хүсэж  үйлдсэн,  хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байна. 

Иймээс шүүгдэгч Д.С нь хутгаар А.Г-ийн бие махбодод халдан цээж болон хэвлий тус газар нь хутгалж, амь насыг  хохироосон гэмт хэргийн субьектив болон обьектив шинж буюу сэдэлт, зорилго, гэмт үйлдэл, хэрэгжүүлсэн арга хэрэгслээрээ бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д.Сийг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дараах хэд хэдэн асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах тухай саналыг гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

1. Хэргийн газрын үзлэгээр 2 цагдаа ирж үзлэг хийх явцдаа энгэрийн камераараа бичлэг хийсэн байдаг, уг камерын бичлэгийг авч хэрэгт хавсаргах, тухайн 2 цагдаагаас гэрчийн мэдүүлэг авах асуудлын тухайд:

1 дэх хавтаст хэргийн  5 дахь талд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн “Илтгэх хуудас” гэсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “...Ачит 10-с 22 цаг 10 минутад өгсөн СХД, 6 дугаар хороо, Тоосго 24а-ийн 16а тоотод согтуу хүмүүс байна, цагдаа хурдан ир гээд эмэгтэй хүн хашхираад  утас нь тасарсан  мэдээллийг  шалгахад ... А.Г нь  хэвлийн гол  хэсэгт 1 удаа, зүүн  хөхний доод  хэсэгт 1 удаа хутгалуулсан байсан, ... хамт байсан С гэх иргэнтэй уулзахад “Г- бид хоёр  “чи ах, би ах” гэж маргалдаж зодолдсон, түүнээс хойш болон асуудлыг санахгүй байна гэх яриаг, хамт байсан  Х-тай уулзахад  “би дэлгүүр  ороод тамхи  аваад ороод ирсэн чинь Г-ийн  цээж цус болсон  амьсгаа нь  өндөр болсон  байдалтай байхаар нь хүүгийнд орж  эмнэлэг дуудсан” гэсэн яриаг камерын бичлэг хийж баримтжуулсан. Илтгэх хуудас бичсэн  эргүүлийн офицер цагдаагийн  ахлах дэслэгч Э.Эрдэнэчулуун, ахлах ахлагч О.Ж гэжээ.

Дээрх илтгэх хуудасны агуулгаас харвал, дээрх хоёр цагдаагийн албан хаагч нар нь дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж амь хохирогчтой хамт байсан Д.С, Э.Х нараас тухайн үед юу гэж хэлж байсныг  камерын бичлэгээр бичиж авснаас гадна тэдгээр хүмүүс юу гэж ярьж байсныг  агуулгаар нь илтгэх хуудастаа тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий нөхцөл байдлыг  мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тодорхойлсон байна.

Гэтэл дээрх хоёр цагдаагийн албан хаагч нь хэрэг учрал болох үед байгаагүй тул  тэдгээрээс хэргийн үйл баримтын талаар тодруулах боломжгүй, улмаар  гэмт хэрэг хэзээ, хаана гарсан, хэрэг үйлдэгдсэн газрын нөхцөл байдал, ул мөр, амь хохирогч хаана ямар байрлалтай хэвтэж байсан... гэх мэт асуудлуудыг тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хэрэгт авагдсан, мөн илтгэх хуудаст дурдагдсан Д.С болон Э.Х нарын өөрсдийнх нь удаа дараа өгсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байгаа тул дээрх цагдаагийн албан хаагч нарыг албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй, мөн тэдгээрийн бичлэг хийсэн гэх  камерын бичлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийг тус тус зөрчиж хийгдсэн ажиллагаа тул уг камерын бичлэгийн хэрэгт авч хавсаргах нь ач холбогдолгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан дуудлагын лавлагааны хуудаст  дуудлага өгсөн цаг хугацааг 2022 оны 02 дугаар сарын 13-ны оройн 22 цаг 12 минут 28 секунд гэж тэмдэглэгдсэн атал Илтгэх хуудас гэх баримтад дээрх дуудлагын дагуу 22 цаг 10 минутад хэрэг гарсан газар очсон мэтээр, хутгалагдсан хүнийг А.Г гэж тэмдэглэсэн зэрэг зөрчилтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

2. Хэргийн газрыг цэвэрлэсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа тул уг явдлыг шалгах гэсэн асуудлын тухайд:

2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд:  “ ...гэрийн  гол хэсэгт  эрэгтэй хүний цогцос байсныг үзлэг хийхэд,   биеийн ерөнхий байрлал ар нуруугаар хэвтэж, цээжин хэсэг дээшээ харсан байрлалтай,  ...цээжин хэсэгт  гадуур өмссөн  улаан өнгийн футболк хагас дээшээ сөхөгдсөн, хэвлийн хэсэг нь  ил гарч нэлэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан,  зүүн талын  хөхний харалдаа доод 2х0.8см, түүнээс  баруун доод зүгт буюу хүйсний дээд талд 4.5х1.5 см хэмжээтэй нийт 2 зүсэгдсэн шархтай, өөр  ил харагдах шархгүй. ...цогцосны ойр орчимд үзлэг хийхэд  амь хохирогчийн хүйсний хэсгээс чанх баруун зүгт харалдаа шар өнгийн хулдаасан дээр  цус мэт  улаан хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдож хатаж нөжирсөн байснаас шинжилгээ хийлгэхээр  бамбар ашиглаж хураан авав. Амь хохирогчийн баруун хөлний баруун талын хэсэгт шар өнгийн иштэй  хутга байсныг үзлэг хийхэд нийт урт нь 26,5см, ажлын хэсгийн урт 14.5см, өргөн нь 2.3 см, бариу хэсгийн урт 12см хэмжээтэй байсныг эд мөрийн баримтаар хураан авсан ба хутганы ажлын хэсэг дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр  бохирлогдсон байв” гэж тэмдэглэсэн. (1 дэх хавтаст хэргийн 6-13 дахь тал)

-Гэрч С.Д-ын: “...Амь хохирогч гэрийн шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн, өмссөн байсан футболк нь цус болчихсон байхаар нь сандраад футболкийг нь сөхсөн чинь хэвлий хэсэгт нь зүсэгдсэн байсан, ...тэгээд түргэн тусламж дуудсан чинь намайг цагдаагийн байгууллагад ханд гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирж бүх зүйлийг авч явсны дараа манай банди, Мөнхбат бид нар гэрт орж цэвэрлэгээ хийсэн, цагдаа нар ирэхээс өмнө ямар ч цэвэрлэгээ хийгээгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

-Гэрч Х.М-ы: “...талийгаач Г нь Монгол гэрийн зүүн хойд талд газарт дээшээ хараад хэвтчихсэн, дээгүүрээ гэдэс нь гарчихсан, футболк нь цус болчихсон, хүйсний тэр хавьд цус гараад өөх шиг юм гарчихсан байдалтай байсан.  Тухайн үед талийгаачийг дуудах гээд хувцаснаас нь татахад цус гоожсон байсан, бага зэрэг хэмжээтэй цус гарсан байсан, их хэмжээний цус урссан зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

-Шинжээч Г.Х: “...Талийгаачийн хэвлий цээжнээс гарсан цусны хэмжээг дүгнэлтэд тусгасан байгаа. Хэргийн газарт их хэмжээний цус гараагүй байж болно, учир нь талийгаачийн дотор эрхтэн гэмтээд, цээж нь дээш харсан байхад цус гадагш алдахгүй байж болно. Талийгаачийн зүүн гарын сарвуу нь гэмтсэн бол цус гарна, ямар хэмжээний цус гарсныг би хэлж мэдэхгүй байна. Шалтгаан нь, талийгаачийн хэвлийгээс цус гараад тэр хэсэг нь их бохирлогдсон харагдаж байна, сарвуунаас гарсан цус, хэвлийгээс гарсан цус гэж ялгаж хэлэх боломжгүй юм. Талийгаачийн цээж гэмтээд хэвлийдээ дотор цус алдаж байна гэсэн үг” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл, амь хохирогч нь дээшээ харсан байрлалтай хэвтэж байснаас үүдэн хэргийн газарт бага хэмжээний цус гарсан, хатсан байдал тогтоогдсон, уг асуудлыг гэрч нар нотолж бага хэмжээтэй цус гарсан байсан, тус гэрийг цагдаа нар үзлэг хийгээд явсны дараа цэвэрлэсэн гэх асуудлыг мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчид дотуур цус алдалтын хэмжээг заасан төдийгүй шинжээч нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч дээшээ харсан байдалтай байгаагаас шалтгаалан дотуур цус алдах магадлал их, харин ил харагдах цус бага хэмжээтэй байж болох талаар” мэдүүлсэн тул гэрийг цэвэрлэсэн, ул мөрийг балласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн, иймээс өмгөөлөгчийн энэхүү хүсэлт үндэслэлгүй байна.

3. Гэрч Э.Х-ын биед  олон тооны шарх гэмтэл учирсан байхад шинжээчийн дүгнэлтээр гэмтэлгүй гэж дүгнэсэн, гэтэл хүний биед хийсэн үзлэгээр учирсан дээрх гэмтэл нь хэзээ яаж үүссэн болохыг шалгаж тогтоогоогүй гэх асуудлын тухайд:

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э-ын Х-ын биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “Э.Х-ын биед...баруун чихний  ард хэсэгт 0.5х0.1см хэмжээтэй шинэвтэр шарх, зүүн хацар 1х0.5см хэмжээтэй шинэвтэр шархтай, зүүн нүдний хөмсөг зовхи улаан хүрэн өнгийн тууралттай, амны зүүн талд 0.8х0.2см хэмжээтэй шинэвтэр улайлттай,  ...зүүн гарын сарвуун дээр цус мэт хүрэн улаан өнгийн  зүйлээр бохирлогдсон, зүүн гарын долоовор нурууны гадна хэсгээр 0.8х0.1см хэмжээтэй шинэвтэр шарх, ...баруун гарын алганы дээд хэсэгт 1.5х0.1см хэмжээтэй шинэвтэр зүсэгдсэн шарх байлаа. Өөр гэмтэл шархгүй байв” гэж тэмдэглэгдсэн байх боловч (1 дэх хавтаст хэргийн 49-58 дахь тал) шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2970 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Х-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэж дурджээ. (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал)

Дээрх асуудлыг тодруулахаар шинжээч Ц.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулахад тэрбээр “Х үзүүлэгчийн хувьд тухайн үед энэ тэнд гэмтсэн гэдэг зүйл хэлээгүй,  мөн ил харагдах гэмтэлгүй байсан тул гэмтэлгүй гэж дүгнэлтэд бичсэн байна. Ер нь С, Х нарын биед үзлэг хийх үед биед нь гэмтэл байгаагүй” гэсэн мэдүүлэг өгсөн байна. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Мөн гэрч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Надад учирсан гэх шархны талаар мэдэхгүй байна. Миний зүүн хацар дээр үүссэн  шарх нь гэртээ орохдоо үүдний довжоон дээр шургаж унаснаас үүссэн. Тэр өдрийн өглөө хоол хийж байхдаа баруун гарын завсартаа шарх үүсгэсэн. Зүүн гарын долоовор хураан дээр шарх үүсээгүй, миний гар хуруу зүгээр байгаа. Баруун гарын алган дээрх шарх заазуураар өглөө хоол хийхдээ хөлдөө мах хөшиглөж байгаад уг шархыг үүсгэсэн.  Миний бие хүний гар жаахан хүрэхэд л хөхөрчихдөг болчихсон, баруун эгэмд хэзээ хөхрөлт үүссэнийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн байна. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Дээрх байдлаас үзвэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр гэрч Э.Х-ын биед бага хэмжээний шалбаралт, зүсэгдэлт, зулгаралт гэх мэт гэмтэлтэй байна гэж тэмдэглэгдсэн ч шинжээчийн дүгнэлтээр түүний биед гэмтэл тогтоогдоогүй, улмаар гэрч Э.Хд гэрчийн эх үүргийг, хариуцлагыг тайлбарлан өгсний үндсэн дээр авсан мэдүүлэгт дээрх гэмтлүүдийг мах хөшиглөх, бүдэрч унах гэх мэт шалтгааны улмаас буюу ахуйн шинжтэй осол гэмтлийн шалтгаалан авсан талаар тайлбарласан, тус гэмтлийг хэргийн үйл явдал өрнөх үед авсан гэх баримт нотолгоогүй тул түүнийг буруутгах үндэслэлгүй, боломжгүй байна.

4. Гэрч Х-ын удаа дараагийн мэдүүлэг зөрүүтэй, тэрбээр нэг бол нойлд байсан эсхүл дэлгүүр явсан хойгуур гэж мэдүүлсэн гэж мэдүүлдэг тул түүнийг энэ хугацаанд хаана байсныг шалгаж тогтоох тухай асуудлын тухайд:

Э.Х нь нийт 3 удаа мэдүүлэг өгчээ. Ингэхдээ:

-2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр “...С, Г- нарыг гэрт үлдээчхээд нойл орчхоод буцаад иртэл Г- хутгалуулсан байдалтай газар хэвтэж байсан, С нь эсрэг талын орон дээр сууж байсан” гэж (1 дэх хавтаст хэргийн 231 дэх тал)

-2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрчээр “...би хүндэрчхээд буцаж орсон, яг хэдэн минут болсон талаар мэдэхгүй байна, ороход С орон дээр сууж байсан байх. Би Д-тай  орж ирээд  амь хохирогч руу  шууд очсон  болохоор анзаарч хараагүй” гэж, (2 дахь хавтаст хэргийн 80 дахь тал)

- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг байхад С, талийгаач хоёр маргасан зүйл байхгүй. Намайг нойлд ороод ирэхэд талийгаач хутгалуулсан, цээжин дээр нь дарахад цус гарсан байсан. Талийгаач гэрийн зүүн хойд талд байсан, С орон дээр сууж байсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) өгсөн байна.

Э.Х-ын өгсөн дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг дахин нягталж шалгах шаардлагагүй байна.

5. Э.Х нь тухайн үед өмссөн хувцсаа сольсон байх магадлалтай гэх асуудлын тухайд:

-Гэрч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Х тухайн үед цамцтай байсан, ямар өнгийн хувцастай байсныг сайн санахгүй байна. Х гэртээ хувцсаа солиод янз бүрийн хувцастай л байж байдаг, гэхдээ тухайн өдөр хөх өнгийн жинсэн өмдтэй байсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

-Гэрч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би хүрэн өнгийн куртиктэй, хөвөнтэй жинсэн өмдтэй, бор ноосон цамцтай байсан. Би цагдаа нарт баригдаж цагдаагийн газарт очоод үзлэг хийх үед хувцсаа сольсон, үзлэг хийх үед гэртээ байсан хувцастайгаа байсан. Талийгаачийг цус алдаж байхад би гараараа цээжин дээр нь дарсан, тухайн үед үзлэг хийхэд өмсөж байсан хувцастайгаа байсан, хувцсаа солиогүй. Миний өмдний өвдөг дээр бага зэрэг цус болсон байсан, шинжилгээнд өгөх гээд хувцсыг маань аваад явсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) авагдсан.

Харин гэрч С.Д нь “...Э.Х ямар хувцастай байсныг сайн санахгүй байна” гэж, гэрч Д.О нь “... манай нөхөр Э.Х нь ногоон цоохор өмдтэй байсан байхаа, гэхдээ сайн санахгүй байна” гэж мэдүүлцгээсэн байна.

Дээрх байдлаас үзвэл, тухайн өдөр хамт байсан тодруулбал, хамт архи ууцгаасан гэрч Э.Х, Х.М нарын мэдүүлснээр Э.Х-ын өмссөн өмдний өнгө, материалын талаарх мэдүүлэг зөрүүгүй, Э.Х нь тухайн өдөр хувцсаа сольсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул уг асуудлыг шалгуулах шаардлагагүй байна.

6. Д.С, Э.Х-ын хувцсыг хураан авахдаа хэзээ, хэрхэн яаж, ямар байдлаар хураан авч шинжилгээнд явуулсан болох нь тодорхойгүй, баримт үйлдээгүй, зөвшөөрөл аваагүй, гэрч Э.Х-ын өмд цус болсон гэдэг ч түүний хувцсыг шинжилгээнд явуулж шинжлүүлээгүй орхигдуулсан гэх асуудлын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...үзлэгийг нууцаар хийх, нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах ...г.м” зэрэг ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна гэж,  4 дэх хэсэгт “мөрдөгч нь энэ зүйлийн 3  дахь хэсэгт  зааснаас бусад энэ хуульд заасан  мөрдөн шалгах ажиллагааг бие даан  явуулна” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч хойшлуулшгүй  тохиолдолд  энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь  хэсэгт заасан  мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно”, 2 дэх хэсэгт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж,  ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг  бичгээр прокурорт хүргүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “... прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан  баримт, тайлбарыг  хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг  шийдвэрлэнэ” гэж, 5 дахь хэсэгт “... прокурор мөрдөгчөөс  ирүүлсэн  нотлох баримт,  тайлбартай танилцсаны  дараа  дараах шийдвэрийн  аль нэгийг  гаргана. 5.1 дэх заалтад  “мөрдөн шалгах  ажиллагааг хүчинтэйд тооцох”, 5.2 дахь заалтад “мөрдөн  шалгах ажиллагаа,  нотлох баримтыг  хүчингүй болгох” гэж хуульчилжээ.

Гэтэл тус хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, амь хохирогч, мөн гэрч Э.Х, шүүгдэгч Д.С  нараас шинжилгээнд зориулж, биологийн дээж авах, хэрэг гарсан цаг хугацаанд өмсөж байсан гэх хувцаснуудыг авч шинжилгээний байгууллага руу явуулахдаа хэнээс хэдэн ширхэг, ямар ямар эд зүйлийг нь хураан авсан талаар баримт үйлдээгүй, прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн эсэх нь тодорхойгүй орхигдсон атлаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 447 дугаартай яллах дүгнэлт үйлдэгдсэний дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр “Эд зүйлийг  хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэж, нэр бүхий эд зүйлийг Д.Сийн дүү Э.Ш- гэх хүнд, гэрч Э.Х нарт өгсөн, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэр бүхий эд зүйлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д хүлээлгэн өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн эд зүйлийг хохирлын баримттай хамтад нь шатаасан гэх асуудлын талаар мэдүүлсэн болно.

Дээрх ажиллагаануудыг анхнаасаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй, дээрх хуулийг зөрчиж хийгдсэн байх тул эдгээр хувцас эд зүйл дээр тулгуурлан гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нотлох чадвараа алдсан шинжтэй байна гэж үзэхээр байна.

Иймд уг асуудлыг шалгуулахаар прокурорт буцаах боломжгүй байна

Мөн түүнчлэн прокурорын шинжлэн судалж, нотлох баримтаар үнэлсэн  шинжээчийн 1235 дугаартай дүгнэлтэд: “....../Сийн хувцас гэх/ ...Ягаан өнгийн дээл,  шар өнгийн бүс,  цагаан өнгийн даавуун алчуур, хар өнгийн түрийтэй гутал дээр цус илэрсэн.” (2 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал) гэж буй боловч шинжээч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “...маш бага хэмжээгээр цацарсан цус Сийн хувцаснаас илэрсэн, цусны цацарсан хэмжээ хааш хаашаа 0,1 см, тухайн цацарсан цусны хэмжээ шинжилгээнд хүрэлцэхгүй байсан, Цусны хэмжээ хүрэлцэхгүй учраас хүний цус уу, амьтны цус уу гэдгийг ялгах боломжгүй, харин цус мөн эсэхийг л хэлэх боломжтой” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) өгсөн тул уг шүүгдэгчийн хувцаснаас илэрсэн цус нь хүн эсхүл амьтны цус эсэх ч тогтоогдоогүй байхад таамаглалд үндэслэж “амь хохирогчийн цус мөн” гэж үзэх боломжгүй тул энэхүү дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж дүгнэх боломжгүй  тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь оршуулгын зардал хэмээн 10,150,000 зарцуулсан гэж нэхэмжилж гар бичмэл бүхий 1 хуудас баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Харин амь хохирогчийн оршуулгын үйлийг хийхтэй холбогдон гарсан зардлуудын баримтуудыг хохирогчийн эд зүйлтэй хамт шатаасан тул баримт байхгүй гэх тайлбарыг гаргасан болно.

Тус энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, оршуулгын үйл хийхтэй холбогдон гарсан зайлшгүй зарцуулагдах зардлыг баримтгүй ч гэсэн шүүгдэгч Д.С-ээс гаргуулах нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.С-ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй зардлын дүнгээс Хөвсгөл аймаг руу шарил авч явахад гарсан зардал 2,000,000 төгрөг, хөшөө хайрцаг авахад гарсан зардал 1,350,000 төгрөг, ажил явдалд зарцуулагдсан хоол хүнсний зардал 1,900,000 төгрөг, ажил явдалд явсан машины шатахууны зардал 1,000,000 төгрөг, нийт 6,250,000 төгрөгийн зардлыг зайлшгүй гарах зардал хэмээн үзэж шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Харин бусад зардал болох Хөвсгөлөөс эгч дүү нар ирсэн зардал гэж 200,000 төгрөг, Ганданд ном уншуулах лам залахад гарсан зардал гэж 950,000 төгрөг, зэд гэж 2,500,000 төгрөг, түлээ мод худалдаж авсан зардал гэж 250,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгийн зардал нэхэмжилснийг баримтгүй тул хэлэлцэлгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.С-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч  “...Шүүгдэгч Д.С-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...ямар нэгэн санал хүсэлтгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь 8-15  жилийн хорих ялтай зүйл анги. Гэм буруу дээр мэтгэлцэж оролцсон байдал нь түүний эрхзүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Иймээс шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй тул хувийн байдлыг харгалзан  8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэж,

Шүүгдэгч “...саналгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.С-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Сэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн зэвсэг хэрэглэсэн үйлдлийн улмаас хүний эрдэнэт амь нас хохирсон, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй нөхцөл байдал, хохирол нөхөн төлөөгүй, мөн шүүгдэгч Д.Сийн хувийн байдал /насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.С хорих ял оногдуулсан тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийн 2007 онд төрсөн, насанд хүрээгүй С.Н /РД:.../-д хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Хөвсгөл аймгийн ... сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 99 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн С-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-эд 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийн цагдан хоригдсон 99 (ерэн ес) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ээс 6,250,000 (зургаан сая, хоёр зуун тавин мянга)  төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.С-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн иштэй хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийн 2007 онд төрсөн, насанд хүрээгүй С.Н (РД:...)-д хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад даалгасугай.

8. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.С-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.           

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Д.С-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ

                 ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ

          ШҮҮГЧ                              Ц.УРАНГУА