Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0214/Э |
Дугаар | 2022/ШЦТ/299 |
Огноо | 2022-03-23 |
Зүйл хэсэг | 17.2.1., |
Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/299
2022 03 23 2022/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
Улсын яллагч Г.Баярмаа,
Шүүгдэгч Д.Ж түүний өмгөөлөгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д-ийн Ж-д холбогдох эрүүгийн 2209000000320 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сан техникч /Слесарь/ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар гудамжны 000-00 тоотод оршин суух хаягтай О овогт Д-ийн Ж /РД:ЖЖ00000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн орчим иргэн Г.Сын эзэмшлийн 775.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фоне Икс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн орчим иргэн Г.Сын эзэмшлийн 775.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фоне Икс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Сын өгсөн “... Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 6 дугаар байранд өөрийн ах Ганбаатарын гэрт архи уухаар очоод гэрээс нь шөнийн 01 цаг 50 минутаас 02 цаг 30 минутын үед гэртээ харихаар гэрээс нь гараад дуудлагын жолооч дуудахад жолооч ирэхгүй болохоор нь такси бариад харих санаатай төв зам дагуу гараа өргөж алхаад Монгол 3 дугаар сургуулийн орчим очиход нэг приус маркийн тээврийн хэрэгсэл зогссон. Би тухайн үед өөрийнхөө утсаар эхнэртэйгээ видео калл хийгээд явж байсан ба манай эхнэр тухайн таксины жолоочид хандан машиныхаа дугаарыг хэл гэхэд тухайн жолооч 94-33 гэж хэлээд серийг нь хэлээгүй. Тэгээд хөдлөөд явж байгаад удаагүй зогсоод намайг буу гэсэн ба би тухайн машинаас буугаад гартаа утсаа бариад зогсож байтал тэр таксины жолооч миний утсыг шүүрээд тэр чигтээ яваад өгсөн. Надад ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй, зүгээр л утас шүүрээд яваад өгсөн. Миний гар утас Ай фоне Икс эс загварын шар өнгөтэй, хар өнгийн резинэн гэртэй утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.А-ийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө манай нөхөр Г.С нь найз нөхөдтэйгөө архи уучхаад шөнө гэр рүүгээ харих гээд такси барих гээд алхаж явсан байсан бөгөөд тухайн үед миний санаа зовоод фейсбүүк чатаар дүрсээ хараад явж байтал нэг таксинд суусан. Би тухайн таксины жолоочид хандан машиныхаа дугаарыг хэлдээ гэхэд 94-33 гэж хэлсэн бөгөөд сер дугаарыг нь бол хэлээгүй. Гэтэл дараа нь жолооч нь манай нөхрийг буу гэж хэлсэн бөгөөд 1 минут гаран бид 2-ын харилцан яриа тасраагүй байж байгаад тасарсан. Би буцаагаад залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэрнээс хойш 40 орчим минутын дараа манай нөхөр гэртээ ирсэн ба би нөхрийнхөө эд зүйлийг бүртгэхэд утаснаас нь өөр зүйл алдагдаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/-р тал,
2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40-45/-р тал,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №СБ2-22-122 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 775.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 35-36/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Жийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.
Шүүгдэгч Д.Ж нь хохирогч Г.Сын эзэмшлийн гар утсыг илээр, хохирогчийн эсрэг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, хамгийн гол нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авч болохгүй гэдгийг мэдсээр байж хууль бусаар эзэмшилдээ авсан болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл дээрэмдүүлсэн гэх гар утас нь тухайн үед хохирогч Г.Сын мэдэлд байсны хувьд түүний хувийн өмч мөн бөгөөд эзэмшигч буюу хохирогчийн зөвшөөрөлгүйгээр тухайн гар утсыг хэн нэгэн хөндлөнгийн этгээд эзэмших, ашиглахаар авч явах, захиран зарцуулах эрхгүй нөгөөтээгүүр шүүгдэгч Д.Ж нь тухайн гар утсыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Жийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Д.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Д.Ж нь өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүхийн зүгээс хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү...” гэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж, өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Д.Ж нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад
Тухай гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сод 775.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчийн гар утсыг түүнд биет байдлаар буцаан олгосон байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ж нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Д-ийн Ж-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жид 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-ийг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Ж нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР