Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0109/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлсэн эрүүгийн 2018003900099 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Б 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Дархан мөнхийн элч” ХХК-нд галч, Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт сахиул ажилтай, ам бүл 6, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 4-55 тоотод оршин суух иргэн Г.О-ийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “ARINA” маркийн 40 инчийн өнгөт зурагтыг хулгайлж, 380000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг Б.Б гэдэг. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн орой 9 цагийн орчим ажлаа тараад найзтайгаа 3 шил пиво уусан. Харих замдаа Отгонсүрэнгийн гэрт нь ороод зурагтыг нь хулгайлж авсан.

...Цонхоор нь орж авсан бөгөөд зурагтыг гэртээ хэрэглэж байгаад 07 дугаар сарын 19-ий өдөр буцааж өгсөн.

... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /9-16/,

 

-Хохирогч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хөдөө явсан манай хүүхэд гэрээ хараад үлдсэн юм. 2020 оны 07 дугаар сарын 14-ны өдөр манай хүүхэд гадуур явж байгаад гэртээ 22 цагийн үед ирсэн чинь манай байшингийн том өрөө, жижиг өрөөний цонхнууд бүгд онгорхой байхаар нь манай хүү гайхаад гэрт ороод хартал манай хананд өлгөөтэй байсан 40 инчийн хар өнгийн зурагт хулгайд алдагдсан байхаар нь би цагдаад өргөдөл өгсөн юм. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын эхээр зурагт алдагдсанаас 15-20 хоногийн дараа манай хамаатны дүү Б.Б манай зурагтыг авчирч өгсөн. Тэр үед манай зурагт ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан, хэвийн ажиллаж байгаа тул ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

 

-Гэрч Д.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн үед 4 хүүхдээ аваад Дархан сумын 3 дугаар баг тосгонд амьдардаг өөрийнхөө аавынд 4 хүүхдээ үлдээгээд ажилдаа явчихаад 21 цагийн үед гэртээ очсон чинь манай нөхөр Б.Б гэртээ байсан. Тэр үед манай нөхөр 40 инчийн хар өнгийн ЛСД зурагт аваад ирчихсэн ширээн дээр тавьчихсан байсан. Тэгээд би нөхрөөсөө хаанаас зурагт авсан юм гэж асуухад “зах дээрээс хүнээс худалдаж авсан” гэж байсан. Тэгээд бид 2 тэр зурагтаа гэрийнхээ хананд тогтоосон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

 

-“АRINA” маркийн 40 инчийн өнгөт зурагтын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны байдлаар 380000 төгрөг байна.” гэх 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 35-36/,

 

-Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55/,

-Б.Б нь Нийгмийн халамж дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн иргэн буюу өрхийн амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт багтсан тухай баримт, албат  тоон /хавтаст хэргийн 57-58/,

-Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын шатанд хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Иймд нийгмийн аюулын хор хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг үндэслэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хамаарахаар байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солиход татгалзах  зүйл байхгүй байна гэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн байдлын хувьд ам бүл 6,  4 хүүхдийн хамт амьдардаг. Амьдрал хүнд олон хүүхэдтэй, арваадхан хоногийн өмнө гэр нь шатсан, айлын хаяанд амьдраад явж байна. Хулгай хар мөртэй юм байна гэдгээ ойлгоод, ухаараад дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдэг.  Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна. Прокурорын шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаад, ял эрүүгийн хариуцлага дээр тохиролцоод орж ирж байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т зааснаар “шүүхээс 5 жил хүртэлх хорих ял оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж болно” гэсэн байх тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.

Харин шүүгдэгч Б.Б-ын зүгээс “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргажээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй,  байгаа байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэр, амьдралын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан ба шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Угалзын 2-17 тоотод түр оршин суух хаягтай, мөн “Дархан Мөнхийн илч” ХХК-д ажилладаг /хавтаст хэргийн 60/ болох нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ын 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар болон ажлын газар байрлах Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлаж, өөр чиглэлээр зорчихгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Г.О нь мөрдөн байцаалтын шатанд “...манай зурагт ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллаж байгаа тул ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/ өгсөн байх тул шүүгдэгч Б.Б-аас гаргуулах хохирол, төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух хаягаасаа гарч явахыг хязгаарлах, өөр чиглэлд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ