Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/687

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208011630847 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... гудамж ... байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Б-ийн Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоот гэртээ “...хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар өөрийн эхнэр Э.Х-гийн нуруун тус газар нь хөлөөрөө өшиглөх, толгойн тус газар руу нь утас авч шидэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн чамархайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Э.Х-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 74-82 дахь тал), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 83-85 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4552 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал), шүүгдэгч Б.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 33-34 дэх тал), ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 38-58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал), шүүгдэгч Б.Б-ий яллагдагчаар мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоот гэртээ “...мөнгө их үрлээ” гэх шалтгаанаар өөрийн эхнэр Э.Х-гийн нуруун тус газар нь хөлөөрөө өшиглөх, толгойн тус газар руу нь утас авч шидэх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Э.Х-гийн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө гэрээсээ гараад улсын 3 дугаар эмнэлэгт дүүдээ цай хүргэж өгөөд гэртээ ирээд байж байтал манай бага хүүхэд уйлахаар хажуугаар нь ороод хэвтэж байсан. Нөхөр бид хоёр хэд хоногийн өмнө маргалдсан байсан тул тэрнээс хойш нэг нэгэнтэйгээ дугарахгүй байсан. Тэгтэл нөхөр Б над руу уурлаад байхаар нь өөдөөс “юу болсон” гэж уурлаад асуухад “чи мөнгө төгрөг их зарцуулаад байна” гэх шалтгаанаар хэрүүл хийж байгаад намайг хүүхдийнхээ хажууд хэвтэж байхад нуруун тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөөд авахаар нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд эргээд хартал миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө дэвссэн. Тэгээд би яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлэхэд гар утас шидээд миний зүүн чихний ард дээр байрлах чамархай хэсэгт оносон чинь цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. 2021 оны 10 дугаар сард надтай хэрүүл хийж нэг удаа цохиж байсан өөр цохиж зодож байгаагүй. Бид хоёр хамт амьдраад 8 жил болж байна, гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 2 хүүхэдтэй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

2. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 74-82 дахь тал),

3. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 83-85 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4552 дугаартай: “...Э.Х-гийн биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

5. Шүүгдэгч Б.Б-ий: “...Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Б.Б, хохирогч Э.Х нар нь албан ёсны гэр бүл болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал)-аар тогтоогдсон, шүүгдэгч Б.Б нь өөрийн эхнэр Э.Х-гийн нуруу хэсэг рүү өшиглөж, түүний толгой хэсэг рүү нь гар утас шидсэн шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Иймээс шүүгдэгч Б.Б-ий дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.Б-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Б.Б-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ