| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0157/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/155 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Ж.Б********ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж********ийн Б********шид холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ж.Б********ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 22-06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Д********лыг үл ялих зүйлээр шалтаглан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төмрөөр нуруу руу нь цохиж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үснээс нь зулгааж, толгой руу цохиж, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үснээс нь зулгааж тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б********шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… тухайн өдөр би архи уухын хувьд бол уусан. Тэгээд орой 17-18 цагийн алдад гэртээ хариад энхэр Д********лаас мөнгө нэхсэн. Тэгэхэд Д********л надад хандаж мөнгөөр яах гэж байгаа юм гэхэд нь би нэг шил архи авч ууя гэсэн. Тухайн үед Д********л өгөхгүй гээд араас босох үед нь бүснээс нь барих гэтэл гэрийн багана тулсан. Тэгээд Д********лыг гэрээс гараад ирэхээр нь бариад автал би цагдаа дуудлаа шүү би дууд гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх- 33),
Шүүгдэгч Ж.Б********шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... мэдүүлэг өгөхгүй. Асуултад хариулна. ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Д********лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн нөхөр Б********шийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг (хх-17х),
Хохирогч Т.Д********лын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд болон мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө манай нөхөр Ж.Б********ш гэрээсээ гараад орой 18 цаг өнгөрч байхад шал согтуу гэртээ орж ирээд надаас мөнгө нэхсэн. Надад мөнгө байхгүй гэсэн чинь намайг янхан, гичий мөнгө олж ир гээд үснээс зулгаагаад тавьж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би надад мөнгө байна үснээс тавьчих гэсэн чинь үсийг минь зулгаахаа больсон. Тэгээд би босоод гүйсэн. Миний хойноос Б********ш гүйж байгаад гэрийн багана хугалсан тэгээд гадаа гарч тамхи татаж байх хойгуур нь би цагдаа дуудсан. ...гэх мэдүүлэг (хх-18-19х),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-69-71, 100-101х),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-108, 113х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Гэгээнтэн овогт Ж********ийн Б********шийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-40х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-41х), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-42х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-43х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-45-48х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-49-52х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 673 дугаартай шийтгэвэр (хх-73-76х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 501 дугаартай шийтгэвэр (хх-77-80х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 53 дугаартай шийтгэвэр (хх-81-84х), шүүгдэгч Ж.Б********шийг баривчлах байранд саатуулж байсан тухай баримтууд (хх-86-90), Ж.Б********ш, Т.Д********л нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-91х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ******** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б********ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 22-06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Д********лыг үл ялих зүйлээр шалтаглан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төмрөөр нуруу руу нь цохиж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үснээс нь зулгааж, толгой руу цохиж, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үснээс нь зулгааж тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Б********шийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Т.Д********лын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 673 дугаартай шийтгэвэр (хх-73-76х),
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 501 дугаартай шийтгэвэр (хх-77-80х),
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 53 дугаартай шийтгэвэр (хх-81-84х),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-69-71, 100-101х),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-108, 113х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Б********шийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б********ш нь ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-43х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-45-48х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-49-52х)-аар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Т.Д********л нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй (хх-17х) гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Б********шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б********ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дугаар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б********шийн үйлдсэн гэмт хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялыг танилцуулахад зөвшөөрсөн гэв.
Шүүх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт, болон өмгөөллийн дүгнэлт гаргаж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 6 сарын хугацаагаар хорих ялын саналыг шүүгдэгч Ж.Б********ш нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б********шийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хорих ял дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б********ш нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 38 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэгээнтэн овогт Ж********ийн Б********шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж********ийн Б********шид 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б********шид оногдуулсан 1 (нэг) жил,10 (арав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Ж.Б********шийн цагдан хоригдсон 38 (гучин найм) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай .
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б********шид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН