Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/479

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, улсын яллагч У.Анхжаргал, шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00301 0578 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Ц.М, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төвд хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.М нь согтуурсан үедээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран ** дугаар гудамжны ** тоот хашаан дотор иргэн С.Н-тэй “чи одоо манай гэрээс гар зайл чамд охиноо өгөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, дух хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас биед духанд шарх, зүүн алганд зулгаралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Ц.М согтуурсан байх үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран ** дугаар гудамжны ** тоот буюу хадам эцгийнхээ гэрт очиж хадам эцэг С.Н-д “охин чинь утсаа авахгүй байна” гэж агсам тавьсан тул хохирогч С.Н-г “чи одоо манай гэрээс гар зайл, чамд охиноо өгөхгүй” гэж хэлэхэд нь түүнтэй маргалдаж, улмаар нүүр, дух руу нь гараараа цохиж, өшиглөж, бие махбодод нь “духанд шарх, зүүн алганд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч С.Н-н “...2021 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 02 цагийн үед хүргэн орж ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь “чи одоо манай гэрээс гар зайл чамд охиноо өгөхгүй” гэж хэлэхэд хүргэн намайг заамдаад авсан. Тэгээд бид хоёр гэрт маргалдаж байгаад гэрээс гараад гэрийн үүдэнд заамдалцаад зогсож байхад шанаа руу гараараа цохиход би газар унасан. Тэгтэл шууд дух руу өшиглөхөд нь би ухаан алдсан.  Хэсэг манарч байгаад сэргэхэд цагдаа, түргэн тусламж ирчихсэн байсан ба миний дух шалбарсан цус гарсан байсан. 103-н эмч духанд оёдол тавиад цусыг нь тогтоогоод явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), гэрч Л.Н-ийн “...манай нөхөр М-ийг гэрээс гар зайл гээд хөөсөн. Тэгээд тэр хоёр маргалдаад гэрээс гарсан. Хашаан дотор М, Н хоёр заамдалцсан байсан ба М Н-н шанаа руу гараараа цохиход газар унасан. Унасан хойно дух руу нь өшиглөхөд цус гарсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), гэрч Н.Д-гийн “...Хашаанд дотор аав, М хоёр заамдалцахад М аавыг түлхэж унагаад дух руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл аавын духнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1052 дугаартай: “...С.Н-н биед духанд шарх, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ц.М нь мөрдөн байцаалтын үед яллагдагчаар ”...Намайг заамдаад авахад нь би түлхэж унагаагаад толгой буюу духны хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгтэл духнаас нь цус гарсан...” гэж (хавтаст хэргийн 70-71 дэх тал) мэдүүлсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар давхар батлагдаж байгаа тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгов.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.М нь бүрэн дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1052 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Н-н биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь эргэлзээгүй байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.М-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Н-н эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Ц.М-ийн хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохиж, дух хэсэгт нь өшиглөсөн үйлдэл болон хохирогч С.Н-д учирсан духанд шарх, зүүн алганд зулгаралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, хохирогч С.Н-н гэрт очиж агсан тавьсан буруутай үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд “эмчилгээний зардалд 700,000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 77-78 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            2.2.       Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА