Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/677

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овогт Н-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208014290922 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, У овогт Н-ийн А (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ...-р гудамж ... тоот гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.У-тай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал), хохирогч Б.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5659 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), шүүгдэгч Н.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 47-77, 78 дахь тал), шүүгдэгч Н.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ...-р гудамж ... тоот гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.У-тай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Хохирогч Б.У-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ амарч байтал 16 цагийн үед манай үеэл ах А бага зэрэг архи уучихсан манай гэрт орж ирээд намайг гараад ир, хоёулаа уулзъя гэж хэлэхээр нь би хамт гарсан. Тэгээд бид хоёр А-ын гэрт очихоор болсон ба замдаа “Оюу төв” гэх дэлгүүрээс 1 шил архи аваад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах А-ын гэрт очоод авч ирсэн архиа бид хоёр хувааж уугаад дуусахад А өмнө үүссэн байсан маргаанаас болж надад агсам тавьж эхэлсэн. Тэгээд гэрт байхдаа миний зүүн хацар шанаа хэсэг рүү 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би уурлаад “яагаад байгаа юм, би гарлаа” гэж хэлээд гарсан. Гартал араас А нь гарч ирээд дагз хэсэг рүү 1 удаа цохиж унагаад дээрээс гараараа цохиж зодоод байсан ба арай хийж салгаад гэр лүү орсон. Гэтэл манай төрсөн дүү М нь А-ын гэр лүү орж ирээд цагдаа дуудсан. ... Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн зүйл байхгүй. Надад цаашид нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5659 дугаартай:

“Б.У-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд тухайн гэмтлийн үүссэн дарааллыг ялган тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

4. Шүүгдэгч Н.А-ын: “...Би хийсэн хүргээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие хувиараа мал мах авч борлуулдаг. Сарын орлого маань 2,000,000 орчим мянган төгрөг болдог...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.А нь урьдын асуудлаас юм санаж архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.У дээр дахин очиж дагуулж яван гэртээ авчирсан үедээ  өмнөх асуудлаа дахин сөхөн ярьж улмаар хохирогч Б.У-ын биед халдаж гэмтэл учруулсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул  шүүгдэгчийн санаатай үйлдэл хохирогчид учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Н.А-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Н.А-ад танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Н.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Н.А-ын хувийн байдал зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Н.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Н-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ