Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/480

 

                                                           

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Л.Баатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, иргэдийн төлөөлөгч П.М, улсын яллагч Н.Улсболд, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0411 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б овгийн Д.Х, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 31 дүгээр гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Монгол Улсын иргэн, С овгийн Д.Д, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 696 гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцэс дээр “бусад руу ална гээд гартаа отверка барьчихсан дайраад” гэх үйлдлийг нь болиулахаар шаардлага тавьсан Д.Д-тай маргалдан улмаар өөрийн биед байсан отверкийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, түүний цээжний зүүн хөндий хэсэг рүү хатгасны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн талд суганы дунд шугамаар 6,7-р хавирганы завсар цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт 7-р хавирганы сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт,

Яллагдагч Д.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцэс дээр Д.Х-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зулайн хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

“Шүүгдэгч, Б овгийн Д.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцэс дээр хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нартай маргалдан ална хэмээн сүрдүүлж гартаа отверка барьчихсан дайрч байх үед түүний үйлдлийг болиулахаар шаардлага тавьсан Д.Д-гийн цээжний зүүн хэсэг рүү отверкаар хатгаж, бие махбодод нь цээжний зүүн талд суганы дунд шугамаар 6, 7-р хавирганы завсар цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт 7-р хавирганы сэлтэрсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулжээ. Харин шүүгдэгч, С овгийн Д.Д нь шүүгдэгч Д.Х-ы довтолгоог зогсоох зорилгоор түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, бие махбодод нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан“ үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

- Шүүгдэгч Д.Х-ы шүүх хуралдаанд өгсөн: “...Би 1 жилийн өмнө хагалгаанд орсон. Би дэнж дээр очоод 2 хүн аваад байж байсан чинь 1000-н унааны таксины жолооч миний машиныг хааж зогсоод, машины түлхүүр булааж авсан. Түлхүүр булаагаад авахаар нь би “та нар түлхүүр өгчих өө, адилхан амьдрах гэж байж битгий ингэлдээ” гэж хэлээд түлхүүрээ хөөцөлдөөд явж байсан чинь Д цаанаас машинтайгаа ирээд, хүүхэд нь намайг 2 удаа өшиглөсөн. Д миний хамрыг хуга цохисон, миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би сандраад алуулж магадгүй гээд айсандаа отверка хэрэглэсэн. Д хүүгийнхээ араас нь ирээд миний хамрыг хуга цохисон. Тэгээд миний хамраас их цус гараад, би уураа барьж дийлэлгүй Д-г дүрсэн...” гэсэн мэдүүлэг;

- Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Би хамраа янзлуулмаар байна. Хамар гэмтсэнээс болоод амьсгалахад бэрхшээлтэй байгаа...” гэсэн мэдүүлэг;

- Шүүгдэгч Д.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын  28-ны өглөө 7 цагт би хүүхэдтэйгээ, манай хүүхэд ажил руугаа би фитнес рүүгээ явах гээд гэрээсээ гарсан. Өнөр дэнж дээр машинууд зам хаагаад зогссон гарах боломжгүй байсан. Тэгээд би цонхоороо “хөөе машинаа холдуулаач ээ, би явах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгсэн Х отверка бариад хүмүүс рүү дайраад байсан. Би шаардлага тавиад машинаа холдуул, би ажлаасаа хоцрох гээд байна явах гэсэн юм гэж хэлсэн. Тэгтэл Х хөгшин хүн рүү отверка бариад дайраад байхаар нь би машины цонхоо буулгаад чи наад хөгшин хүн хатгачихвал яах юм бэ, болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн ч машинаа холдуулахгүй байхаар нь би буугаад очсон чинь хүмүүс рүү отверкаа бариад “ална” гээд дайраад байсан. Дараа нь Х над руу дайрсан. Тэгэхээр нь би Х-ыг өөрөөсөө түлхээд холдуулсан. Холдуулахад Х миний духан тус газар отверканы ишээр цохисон. Би айгаад сандраад байж байтал Х миний бие рүү отверкаар 2, 3 хатгах шиг болсон. Отверка хэзээ миний биед орсныг би мэдээгүй. Х-ыг түлхэхэд Х-ы нүүр, ам хаана нь би цохисноо мэдэхгүй байна. Х тухайн үед хүн ална гэсэн шиг л аймаар дайрч байсан. Тэгээд би цаашаа явж байсан чинь Х отверкаараа дахиж миний нурууны араас зоогоод иш нь миний куртикт үлдсэн. Тэгээд би Хаас отверкыг нь булаагаад авсан чинь Х “өг” гээд чулуу бариад над руу дайраад байсан. Намайг машиндаа суугаад явах гэсэн Х араас чулуу шидээд миний машины цонхыг хагалсан. Цаашаа явж байтал Х миний урдуур давхиж ирээд, миний машиныг хааж зогсоод чамайг ална гээд чулуу бариад дайраад байсан. Тэгтэл манай хүүхэд ааваа таны биеэс их цус гарч байна, куртикт чинь цус нэвтэрсэн байна гэж хэлэхээр нь би куртикээ харсан чинь их цус нэвтэрсэн байсан. Тэгээд би Х-д чи намайг хатгасан байна ш дээ, надаас их цус гараад байна гэж хэлсэн чинь Х яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг;

- Шүүгдэгч Д.Д-гийн шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Би эмнэлэгт хэвтсэн болон машины шил хагалсан зэргийн төлбөрийг баримтаар нэхэмжилсэн байгаа. Би 2 сар ажил хийгээгүй. Эмнэлгээс гараад 7 хоногтоо 1 удаа эмнэлэг дээр хяналтад явж байсан. 7 хоног бүр очиж зураг авхуулж байсан. Би 2 сарын ажил хийгээгүй цалин мөнгөө нэхэмжилнэ. Би их ядраад байдаг болсон. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн...Би Монголд эмчлүүлэх эсвэл Солонгос явж эмчлүүлэх шаардлагатай эсэхээ тогтоох хэрэгтэй тул одоогоор мөнгөн дүн хэлэх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг;

- 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Д.Д нь...үл таних хүнд зодуулж бэртсэн...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эд мөрийн баримтаар халивыг тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал);

- Хувцсанд үзлэг хийсэн: “...Д.Д-гийн өмсөж байсан гэх хар өнгийн юүдэнтэй, юүдэнгийн зах, ирмэгээр шар өнгийн үстэй өвлийн дотортой куртикт үзлэг хийхэд...Куртканы зүүн ханцуйн суга хэсгийн ар хэсэгт суганы уулзвар оёдлоос дээш 12 см зайд ханцуй дээр 0.7*0.1 мм хэмжээ бүхий урагдал, цооролттой. Уулзвар оёдлоос зүүн тийш 3 см зайд ханцуй дээр 1 см урагдалт, цооролттой....Уулзвар оёдлоос доош 2 см зайд куртик дээр 0,8 мм-ийн урагдалт, цооролттой....Куртканы дотор хэсгийг үзэхэд гадна талд үүссэн дээрх 3 урагдалт, цооролт нь бүгд нэвтэрч гарсан байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-14 дэх тал);

- Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 07 цаг жаахан өнгөрөөд ажилдаа явахаар хүү болох Б-ийн хамт гэрээсээ гарсан. Манай хүү бид хоёр хамт ажилладаг юм. Тэгээд би манай гэрийн ойролцоо байдаг хуучнаар Өнөр дэнжийн эцэс дээр иртэл 500 төгрөгийн унааны дунд нь нэг хар өнгийн пробокс маркийн автомашин зогсчихсон автомашин явах боломжгүй байхаар нь би машинаасаа буутал тэр хавиар согтуу эсэхийг нь мэдэхгүй байна, 30-35 орчим настай, саравчтай малгай, дамбаал өмсчихсөн залуу гартаа отверка барьчихсан, тухайн 500 төгрөгийн унааны жолооч нар луу “ална” гээд дайраад байсан. Би боль гэж хэлээд тухайн залуугийн урд нь очоод зогстол 1 бил үү 2 удаа баруун гараараа хүн хутгалах гэж байгаа юм шиг миний зүүн талын суга доогуур хүрэх шиг болсон. Бас миний духны баруун хэсэгт нь гартаа барьж байсан юмаараа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд салаад би машин руугаа хүүхэдтэйгээ хамт явж байтал тэр залуу миний хойноос, зүүн талын суганы доод хавьцаа хүрэх шиг болохоор нь ноцолдож байгаад салсан. Тэр залуу намайг ална гээд дайраад байсан. Тэгэхэд миний бие их сонин болоод явчихсан. Би ноцолдохдоо тухайн залуугийн гарт байсан отверканы ишийг авчих шиг болсон. Үүний дараа би намайг машиндаа суугаад явахад тэр залуу араас чулуу шидээд автомашины цонхыг хагалахаар нь би машинаасаа буутал над руу дайраад байхаар нь би “чи боль хөөе, чи миний зүүн талын суга доогуур хатгачихсан юм биш үү” гэтэл тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн. Куртикээ хартал зүүн талын суганы доод хэсэг нь зөндөө цоорчихсон нэлээн цус гарчихсан байхаар нь би хүүхдээ ажил руугаа явуулаад би Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг, Гэмтэл эмнэлгээр очиж томографын зураг авхуултал зүүн суган доогуур 1 удаа отверкдсан байсан...Би түүнийг нэг л удаа цохисон. Хаашаа цохисон оо санахгүй байна. Тухайн үед их сандарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал);

- Хохирогч Д.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 06 цагаас 07 цагийн орчимд би хамт ажилладаг ах С.Ганбаатарын *** улсын дугаартай Тоёота Саксийд маркийн хар өнгийн автомашинаар таксинд явахаар болоод Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцсийн зогсоолын дээхэн талаас хоёр хүн гар өргөхөөр нь аваад явж байсан чинь эцсийн зогсоол дээр нэг тоёота Приус-11 машин миний машиныг хааж зогссон. Тэгээд буудал дээр байсан таксинд явдаг гурван жолооч ирээд миний машины түлхүүрийг булааж авсан. Тэгэхээр нь би “түлхүүрээ авъя” гэсэн чинь тэр хүмүүс намайг “давраад байгаарай эндээс хүн ачихгүй шүү” гэхээр нь би “адилхан амьдрах гэж байж та нар юунд нь ингэдэг юм бэ” гэж хэлээд байж байсан чинь дээрээс цагаан өнгийн Верна машинтай хоёр хүн ирээд машинаасаа бууж ирээд над руу “хаана ирчхээд томроод байгаа юм бэ” гээд дайрсан. Верна машинаас бууж ирсэн хоёр хүний залуу эрэгтэй нь миний гуя руу өшиглөсөн. Тэгтэл Вернаг жолоодож явсан арай настай эрэгтэй хүн нь шууд хүрч ирээд миний хамар луу гараараа цохихоор нь хамраа гараараа дараад доош суусан чинь миний хамраас цус гарсан. Би “та нар миний хамрыг хугалчихлаа” гэж хэлсэн чинь намайг тоолгүй үргэлжлүүлээд дайрахаар нь би айгаад өмсөж байсан куртикнийхээ халаасыг тэмтэрч үзсэн чинь отверка байхаар нь над руу дайрч байсан хоёр хүнээс өөрийгөө хамгаалах, айлгах зорилгоор отверкыг баруун гартаа бариад Верна машиныг жолоодож явсан жолоочийн ар дал орчим руу нь цохисон. Верна машинд сууж ирсэн хоёр хүний залуу нь миний отверкыг аваад машиндаа суугаад хоёулаа зугтахаар нь би араас нь газраас чулуу авч шидээд машины арын цонхыг нь хагалчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 дэх тал);

- Гэрч Н.Б-ын “...Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцэс дээр таксинд өөрийн *** улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинаар хүмүүс ачиж байсан. Тэр Өнөр дэнжийн эцэс дээрээс хүмүүс 1000 төгрөгөөр авч Эрчим төв дээр буулгадаг юм...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 7 цагийн орчимд Өнөр дэнжийн эцэс дээрээс хүмүүс авч таксинд явж байхад хар өнгийн Тоёота саксийд маркийн автомашинтай урьд нь харагдаж байгаагүй залуу хүмүүс аваад байхаар нь би тэр залууг зогсоогоод “бид нар энд оочирлоод зогсож байна шүү дээ. Чи яагаад дээрээс хүн авч ачаад байгаа юм бэ” гэж хэлээд машиных нь түлхүүрийг сугалж аваад “цагдаад өгнөө” гэж хэлсэн чинь тэр жолооч болох 40 орчим насны бараан царайтай эрэгтэй машинаасаа отверка барьж бууж ирээд “бүгдийг чинь нэг нэгээр нь ална“ гэхээр нь би тэр залууг юм ойлгохгүй юм байна гэж бодоод машиных нь түлхүүрийг шууд буцаагаад өгсөн. Тэгтэл араас нь цагаан машинтай залуу ирээд тэр Саксийд машины жолоочид хандаж “чи зам бөглөөд байна, яагаад хөгшин хүн дээрэлхээд байна” гэж хэлээд машинаасаа бууж ирэхэд отверка барьсан залуу маргалдаад эхэлсэн. Цагаан машинтай залуу “чи яагаад хөгшин хүн дээрэлхээд байгаа юм бэ” гээд хоёр гараараа өөрөөсөө холдуулж түлхсэн. Яг энэ үед цаанаас “Дамбий ахаа хүн чинь дүүрчихсэн байна” гэж хэлэхээр нь би машинаасаа асаагаад хүмүүсээ аваад явсан. Хүмүүсээ эрчим төв дээр хүргэж өгөөд буцаад Өнөр дэнжийн эцэс дээр очсон чинь хүмүүс “нөгөө цагаан машинтай залууг хар Тоёота Саксид машинтай залуу отверкаар суганд хатгачихсан цус гарч байна лээ. Мөн машиных нь арын шилийг хагалчихсан” гэж ярьж байсан....Тэр сугандаа хатгуулсан цагаан өнгийн машинтай залууг өнөр дэнжийн эцэс дээр ирэхээс өмнө хар өнгийн Тоёота Саксид машинтай залуугийн биед нь гар хүрч гэмтэл, бэртэл учруулсан хүн байхгүй...Цагаан өнгийн машинтай залууг Өнөр дэнжийн эцэс дээр ирэхээс өмнө Саксид машинтай залуу отверка машинаасаа гаргаад барьчихсан “та нарийг нэг нэгээр чинь алнаа” гээд зогсож байсан. Тэр хүн отверка машиныхаа жолооч талын хаалганы хавтаснаас гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал);

- Гэрч Б.Б-ын “...Өнөр дэнжийн эцсийн зогсоол дээрээс хүн авах гээд машинтай зогсож байхад таксинд явдаг ах хар өнгийн Тоёота Саксид маркийн машинтай залууг зогсоогоод “чи яах гээд хулгайгаар хүн аваад байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу “би яагаад ачиж болдоггүй юм, та нарт өмчлөөд өгчихсөн юм уу” гэж хэлээд маргалдсан. Д тэр залуугийн машиных нь түлхүүрийг сугалаад авчихсан. Тэгтэл Саксид машинтай залуу машиныхаа хаалганы халааснаас отверка гаргаж ирээд “та нарыг бүгдийг чинь ална” гээд Д-тай маргалдаад зогсож байхад тэнд амьдардаг, урьд харж байсан зүс таних нэрийг нь мэдэхгүй залуу цагаан өнгийн Хьюндай верна машинтай гарч ирээд (явах гэсэн чинь зам хаалттай болохоор машинаасаа бууж ирээд) “юу болов, хүн аллаа шүү дээ гэж хэлээд” Саксид машины жолоочтой маргалдаж эхэлсэн... Миний машинд гурван хүн суучихаар нь би хүмүүсээ аваад цааш явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал);

- Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “...07 цагийн үед аав бид хоёр ажилдаа явах гээд аав *** улсын дугаартай Хьюндай верна маркийн цагаан өнгийн машинаа бариад би хажууд нь суугаад гэрээс дөнгөж гараад хөдлөөд явж байтал Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Өнөр дэнжийн эцэс дээр нэг хар өнгийн тоёота Саксид маркийн автомашин зам хаагаад зогссон байсан. Аав машинаасаа буусан чинь тэр хар өнгийн Саксид маркийн машинтай ах гартаа отверка барьчихсан нэг настай ах руу “та нарыг ална гээд” дайрч байсан ба аав тэр хүнд хандаж “болиоч наадах чинь хөгшин хүн шүү дээ” гэж хэлсэн чинь отверка барьсан ах аав руу дайраад гартаа барьж байсан отверкаар аавыг цохисон. Аав цохиулаад тэр хүнтэй барьцалдаж аваад ноцолдохоор нь би дундуур нь болиулах гээд орсон чинь тэр танихгүй ах намайг гараараа нэг цохихоор нь аав тэр хүний нүүрэн хэсэг рүү нь гараараа цохисон. Отверка барьсан ах гартаа барьж байсан отверкаараа аавын зүүн суга хэсэг рүү араас нь 2, 3 удаа хатгасан. Тэгээд тэр отверканы үзүүр нь аавын куртикт зоогдоод үлдсэн, иш нь салдаг отверка байсан. Аав куртикдээ зоогдсон отверкыг сугалж аваад машиндаа суухаар нь хөдлөөд явсан чинь тэр ах араас чулуу шидээд манай машины арын цонхыг хагалсан. Аав бид хоёр цаашаа явж байсан араас машинаа унаж гүйцэж ирээд манай машиныг зогсоогоод хаалга онгойлгоод аавтай маргалдаад байсан. Энэ үед аавын куртикнээс нь цус дуслаад байхаар нь би аавд хэлсэн чинь аав “больё” гэж тэр хүнд хэлээд цааш бид хоёр явсан. Тэр ах араас дахиад чулуу шидээд байсан. Тэгээд салж яваад аав эмнэлэг явахаар болоод би машинаас нь буугаад ажил руугаа явсан...Анх маргалдаад буусан чинь тэр отверка барьсан хүн “чи яах гээд байгаа юм” гээд гартаа барьж байсан отверкаар цохисон. Тэгээд дараа нь бас намайг цохихоор нь аав зөрүүлээд тэр хүнийг цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2357 дугаартай: “...Д.Д-гийн биед цээжний зүүн талд суганы дунд шугамаар 6,7-р хавирганы завсар цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт 7-р хавирганы сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3021 дугаартай: “...Д.Х-ы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дахь тал);

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 194 дугаартай “хохирогч Д.Д-гийн тээврийн хэрэгслийн арын салхины шилний үнэ 180,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 82-83 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт эргэлзээгүй, хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Шүүгдэгч Д.Х нь хүмүүс рүү отвёрка бариад ална хэмээн дайраад байсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй, мөн Д.Д-г эхэлж хатгаагүй, харин хамар луу цохисных нь дараа түүнийг хатгасан хэмээн маргадаг боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг харьцуулан үнэлэхэд, түүний мэдүүлэг няцаан үгүйсгэгдэв.

Тодруулбал, гэрч Н.Б, Б.Б нарын мэдүүлэгт дурдсан агуулгаар шүүгдэгч Д.Х нь өөрийн Тоёота Саксид маркийн машинаар такси үйлчилгээ хийх зорилгоор хүмүүсийг дэнж уруудах замаас нь тосож авахад нь доор дарааллаар зогсож байсан жолооч нар дургүйцэж, түүнд “бид нар энд оочирлоод зогсож байна шүү дээ. Чи яагаад дээрээс хүн авч ачаад байгаа юм бэ” гэж хэлээд түүний автомашины түлхүүрийг сугалж авсан байна. Харин шүүгдэгч Д.Х энэ үйлдэлд нь уурлаж, хаалганыхаа хавтаснаас отвёрка гаргаж ирээд бусад жолооч нар луу “та нарыг бүгдийг чинь ална” гэж дайрч байх үед шүүгдэгч Д.Д хүрч ирсэн болох нь тогтоогдож байгаа болно.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Х шүүгдэгч Д.Д-гийн амь насанд аюултай байдлаар эхэлж довтлон цээжний зүүн хэсэг рүү отвёркаар хатгаж, хүнд гэмтэл учруулсан байх бөгөөд энэ үед шүүгдэгч Д.Д хариу нэг удаа цохиж шүүгдэгч Д.Х-ы хамрыг гэмтээсэн болох нь насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Өнөр дэнжийн эцэс дээр нэг хар өнгийн тоёота Саксид маркийн автомашин зам хаагаад зогссон байсан. Аав машинаасаа буусан чинь тэр хар өнгийн Саксид маркийн машинтай ах гартаа отверка барьчихсан нэг настай ах руу “та нарыг ална гээд” дайрч байсан ба аав тэр хүнд хандаж “болиоч наадах чинь хөгшин хүн шүү дээ” гэж хэлсэн чинь отверка барьсан ах аав руу дайраад гартаа барьж байсан отверкаар аавыг цохисон. Аав цохиулаад тэр хүнтэй барьцалдаж аваад ноцолдохоор нь би дундуур нь болиулах гээд орсон чинь тэр танихгүй ах намайг гараараа нэг цохихоор нь аав тэр хүний нүүрэн хэсэг рүү нь гараараа цохисон. Отверка барьсан ах гартаа барьж байсан отверкаараа аавын зүүн суга хэсэг рүү араас нь 2, 3 удаа хатгасан. Тэгээд тэр отверканы үзүүр нь аавын куртикт зоогдоод үлдсэн, иш нь салдаг отверка байсан. Аав куртикдээ зоогдсон отверкыг сугалж аваад машиндаа суухаар нь хөдлөөд явсан чинь тэр ах араас чулуу шидээд манай машины арын цонхыг хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал)-ээр нотлогдож байна.   

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн гэм буруугийн талаар: “...Уг хэргээс авч үзвэл бусдын илтэд зүй бус, ёс суртахуунгүй, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн гэрчүүдийн мэдүүлж байгаагаар шүүгдэгч Х-ы үйлдэл аль дээрээс эхэлсэн, хяналтаа алдчихсан, мөн зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл болох отверкыг ашигласан үйлдэл нь миний үйлчлүүлэгчийн биед халдахаас өмнө үүссэн нөхцөл байдал байна. Тухайн үед замын түгжрэл үүссэн, явах орц гарц хаагдсан, ажил эхлэх гээд Д замаа чөлөөлж өгөөч гэж шаардлага тавьсан. Х хөгшин настай хүн рүү дайрч байхад нь миний үйлчлүүлэгч шаардлага тавьсны төлөө Х миний үйлчлүүлэгч рүү дайрч, довтолсон. Энэхүү довтолгоонд миний үйлчлүүлэгч болон миний үйлчлүүлэгчийн хүү Б нар өртсөн. Гэрч нарын мэдүүлгээр Х миний үйлчлүүлэгчийг түрүүлж цохисон талаар мэдүүлдэг. Энэ нь эд мөрийн баримтаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, Д-гийн нүдэнд цус хуралт үүссэн. Д эмнэлэгт хэвтэж байхдаа зургаа дарсан байгаа. Тэгэхээр бусдын амь насанд аюултай үйлдлийн эсрэг хийсэн шинж бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал, аргагүй хамгаалалтад тооцогдоно. Өөрөө хэлбэл, өөрийн болон ойр дотнын хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус бөгөөд тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалт байдаг. Энэ хэргийн бүрдэл нь манай хэрэгт нотлох баримтаар мэтгэлцээний явцад тогтоогдож байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Х-ы өмгөөлөгч Ч.Даваасүрэн гэм буруугийн талаар: “...Миний үйлчлүүлэгч Х нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Д-гийн үйлдэл бол аргагүй хамгаалалт биш гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлгээр Д Х-ыг цохисон талаар мэдүүлсэн байгаа. Б бас мэдүүлэг өгсөн байгаа. Д айсандаа ийм үйлдэл хийсэн гэдгээ хэлсэн. Д хүүхэдтэйгээ нийлээд хүн зодсон учир айсан хүн биш, сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн хүмүүс. Д хүний хамрыг хугалчхаад хэргээ хүлээн зөвшөөрөхгүй эсрэг мэдүүлэг өгөөд байна. Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учирсан хохирол болох 563,500 төгрөгийг одоо өгнө...” гэв.

Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон П.М нь шүүгдэгч Д.Х, Д.Д-гийн нарыг тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал дүгнэлт гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын аргагүй хамгаалалтын төрлийг тодорхойлон хуульчилсан байдаг. Иймд аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх үндэс нь хүний жам ёсны эрхээс үүдэлтэй, Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах, халдашгүй байх эрх, эрх чөлөөтэй салшгүй холбоотой юм.

Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар хүч хэрэглэн довтлох нь Эрүүгийн хуулиар хамгаалсан харилцааг зөрчсөн хууль бус, гэмт үйлдэл бөгөөд нэгэнт эхэлсэн байхын сацуу дуусаагүй байгаа нийгэмд аюултай хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Х нь хүмүүс рүү отвёрка барин дайрч байгаа үйлдэл нь нийтийн хэв журам, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд аюултай хууль бус довтолгоо байх бөгөөд түүнийг үйлдлийг таслан зогсоох гэсэн Д.Д-гийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирсан байх тэр үед шүүгдэгч Д.Д шүүгдэгч Д.Х-ы хамар луу цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүй байх хангалттай үндэслэл байна. Шүүгдэгч Д.Х нь довтолгооноо дуусгалгүй, үргэлжлүүлсээр байсан болох нь тэрээр шүүгдэгч Д.Д болон түүний хүүхдийн араас хөөж, автомашиных нь арын шилийг чулуу шидэн хагалсан нөхцөл байдлаар илрэн гарч байна.  

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0411 дугаартай хэргээс С овгийн Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон буюу аргагүй хамгаалалт хийсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д-г цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Д.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн эрх зүй дэх аргагүй хамгаалалтыг энгийн хүний хувьд гэмт хэрэгтэй андуурах нь түгээмэл байдаг. Тийм учраас шүүх шийдвэртээ гэмт хэргийг үгүйсгэж байгаа нөхцөл байдал болон хамгаалалт хийх эрхийн талаар тодорхой тусгасан болно.    

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Д.Х-ы үйлдэл нь 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Х нь өөрийн холбогдсон хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч Д.Х-ы үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Д.Х нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ үйлдвэрийн хийц бүхий бүтцийн хувьд аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох халивыг хэрэглэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэн зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Төлбөрийн тухайд шүүгдэгч Д.Д-г цагаатгасан учраас Д.Х-аас нэхэмжилсэн 138,000.0 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин хохирогч Д.Д-гийн эмчилгээний зардал болох 563,500 төгрөгийг шүүгдэгч Д.Х-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Х-аас 563,500 төгрөгийг шүүх хуралдааны явцад хохирогч Д.Д-д төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдан, Д.Д-гийн цалин хөлстэй холбоотой 1,200,000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлс, орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

    1. Талуудын санал, дүгнэлт    

Улсын яллагч: “....Х зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, өөрийнх нь гаргаж байгаа зан авир гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Бусдыг илтэд үл хүндэтгэсэн нөхцөл байдал хэрэгт байгаа. Х нь хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй боловч гэмт хэрэг үйлдсэн арга, хор уршиг нь хүний бие, амь насанд аюултай. Иймд шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөх саналтай байна. Шүүгдэгчийг хойшлуулшгүйгээр баривчилсан, цагдан хоригдсон, хоног байхгүй. Хохиролд нийт 563,500 төгрөг нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан отверкыг устгах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал хэргийн оролцогч нараас гараагүй, нэгтгэсэн болон хэргээс тусгаарласан хэрэг байхгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн: “...прокурорын саналд хэлэх зүйл байхгүй байна...” гэв.

Шүүгдэгч Д.Х-ы өмгөөлөгч Д.Даваасүрэн: “...Х гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа. Х нь бага насны 2 хүүхэдтэй, аав нь өндөр настай хүн байгаа. Хохирогчид учруулсан хохирол, эмчилгээний зардал бүрэн төлж барагдуулсан. Иймд ялын доод хэмжээгээр оногдуулж өнө үү. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-ийг хэрэглэж хорих ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Д.Х-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 115 дахь тал), мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 116 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 117-126 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 128 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 146 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 147-148 дахь тал)-д үндэслэн Д.Хы хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.Х нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Х-д дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзлээ.

    1. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг халивыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х, Д.Д нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооллоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0411 дугаартай хэргээс С овгийн Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д-г цагаатгасугай.

2.Б овгийн Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Х-д дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлсөө холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг халивыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х, Д.Д нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус бүрд нь хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 ДАРГАЛАГЧ                                         Б.БАТАА

 

                                             ШҮҮГЧ                                          Л.БААТАР

 

                                                                                                                                                                                                                              М.МӨНХБААТАР

 

[1] П.А-д холбогдох 1908033111257 эрүүгийн хэрэг, УДШ, (Эрүүгийн хэргийн танхим), 2020.04.20, №192, хуу 3/5-4/5