| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2020/0627/З |
| Дугаар | 128/ШШ2020/0576 |
| Огноо | 2020-09-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2020/0576
2020 оны 09 сарын 09 өдөр Дугаар 128/ШШ2020/0576 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ПТ *****” ХХК (РД: 25*****)
Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т, Л.Н нар
Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагч Ц.Т, Л.Н нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ““ПТ *****” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 3 сарын 28-ны өдөр байгуулсан 19 тоот гэрээний дагуу “И.М.Ж” ХХК-с 125,400,000 /НӨАТ-тай дүн/ төгрөгийн үнэ бүхий шугамын хаалт болон кабель худалдан авсан. “И.М.Ж” ХХК нь и баримтын цахим системд уг худалдан авалтыг шивж оруулсан. Манай компани ч тайландаа оруулан тайлагнаж тайланг маань татварын байгууллага хүлээн авсан.
Гэтэл 2 жилийн дараа буюу 2018 оны эхээр ЦЕГ-ын ЭЦА, ТЕГ-с ирүүлсэн зааврын дагуу танай 2016 оны татвар ногдуулалт төлөлтөд хэсэгчилсэн шалгалт хийх болсон гэсэн үндэслэлээр шалгалт хийж, “И.М.Ж” ХХК-тай хийсэн худалдан авалтын бичилтыг хуурамч буюу хий бичилт байсан гэж тогтоогоод 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар 11,400,000 төгрөгийн нөхөн татвар, 3.420.000 төгрөгийн торгууль, 363,520 төгрөгийн алданги нийт 15,183,520 төгрөгийн төлбөр ногдуулсан. Бид уг шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч төлбөр төлүүлэхээр тогтоосныг хэвээр үлдээлээ.
Манай компани нь уг худалдан авалтыг хийхдээ гэрээ байгуулсан, мөнгийг нь бүрэн төлсөн, мөнгө төлсөн манай компанийн тамга тэмдэг бүхий кассын зарлагын баримт, мөнгө хүлээн авсан “И.М.Ж” ХХК-ын тамга тэмдэг бүхий кассын орлогын баримт байгаа, “И.М.Ж” ХХК уг борлуулалтаа и баримтын цахим системд шивсэн, манайх мөн уг худалдан авалтыг тайландаа оруулсан ба 2016 оны 03 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын алба хүлээн авсан, бид үүнийг хуурамч гэдгийг яаж мэдэх ёстой байсан юм бэ, иймээс бид ******* тоот шийтгэлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай компанийн материалыг хянан үзэж Татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т, Л.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хэлтэстэй харилцагч ПТ эрчим ХХК-д бараа бүтээгдэхүүн борлуулсан гэх Сонгино хайрхан дүүргийн татварын хэлтэстэй харилцагч “И.М.Ж” ХХК (захирал У.А) нь нэр бүхий 677 аж ахуйн нэгжтэй ямар нэгэн бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах, борлуулах үйл ажиллагаа явуулаагүй атлаа 45.6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын төлбөрийн баримтыг бүрдүүлэн бусдыг татвараас зайлсхийх боломж олгосон, татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх эрүүгийн 201726010638 дугаартай хэрэгт захирал У.А-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 05 дугаар сарын 03-ний өдөр яллагдагчаар татсан байна.
Мөрдөн байцаалтын явцад “И.М.Ж” ХХК-с бараа бүтээгдэхүүн худалдаж авсан нэр бүхий ихэнхи компаниуд НӨАТ-ын тайландаа худалдан авалтын тухайн сарын НӨАТ-ын тайланг засварлаагүй байна.
Мөн прокурорын тогтоолд дурдсанаар хавсралтад дурдсан 160 аж ахуйн нэгжийн тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2017 он 11 дүгээр сарын 22-ний өдрийн 196 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. Энэхүү 160 аж ахуйн нэгжүүдэд холбогдох зөрчилд Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авхуулахаар Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 201 оны 12 сарын 05-ны өдрийн 10д/6570, 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 10д/6590 тоот бичгээр Татварын ерөнхий газарт албан бичгээр ирүүлсний дагуу тус “ПТ *****” компанид татварын хяналт шалгалт хийгдэж зөрчлийн хуулийн дагуу шийтгэлийн хуудас бичигдсэн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “ПТ *****” ХХК-ийн гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т, Л.Н нарын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т, Л.Н нар нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10д/6570, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590 дугаартай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/3528 тоот ерөнхий удирдамж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон 26180100027 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, “ПТ *****” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар 11,400,000 төгрөгийн нөхөн татвар, 3,420,000 төгрөгийн торгууль, 363,520 төгрөгийн алданги, нийт 15,183,520 төгрөгийн төлбөрийн шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагчаас “...Манай компани нь уг худалдан авалтыг хийхдээ гэрээ байгуулсан, мөнгийг нь бүрэн төлсөн, мөнгө төлсөн манай компанийн тамга тэмдэг бүхий кассын зарлагын баримт, мөнгө хүлээн авсан “И.М.Ж” ХХК-ын тамга тэмдэг бүхий кассын орлогын баримт байгаа, “И.М.Ж” ХХК уг борлуулалтаа и баримтын цахим системд шивсэн, манайх мөн уг худалдан авалтыг тайландаа оруулсан ба 2016 оны 03 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын алба хүлээн авсан, бид үүнийг хуурамч гэдгийг яаж мэдэх ёстой байсан юм бэ, иймээс бид ******* тоот шийтгэлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтээр татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаартай дүгнэлтийг зарим хэсэгт нь үндэслэлтэй гэх дүгнэлтийг гаргажээ.
Энэхүү дүгнэлтэд худалдан авалтын буцаалт хийгээгүй нэр бүхий 169 аж ахуй нэгж байгууллагыг хүснэгтээр харуулсан хүснэгтийн 81 дүгээр мөрөнд “ПТ *****” ХХК нь бараа, ажил, үйлчилгээний үнэ 114,000,000.00, нэмэгдсэн өртгийн албан татвар 11,400,000.00, нийт 125,400,000.00 гэж бүртгэгдсэн байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр тооцогдож байна гэж дүгнэсэн байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017.12.05-ны өдрийн 10д/6570 дугаар албан бичгээр “...Сонгино хайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000491 дугаартай дүгнэлтэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд дараах аж ахуй нэгжүүдийн татвар тооцогдох зөрчил нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд энэхүү албан бичгийн хавсралт “И.М.Ж” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэн авсан аж ахуй нэгжүүдийн нэрс гэсний 77-д “ПТ *****” ХХК нь “И.М.Ж” ХХК-аас 114,000,000.00 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж бүртгэгдсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар прокурорын тогтоолоор ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх баримтуудаас үзэхэд, Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “...Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:, 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж заасны дагуу үүргээ биелүүлэлгүйгээр тус тус компаниудаас бараа материал худалдан авсан мэтээр хий бичилттэй падаан ашиглан Нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан болох нь тогтоогдож байна.
Гомдол гаргагчаас “Манай компани нь уг худалдан авалтыг хийхдээ гэрээ байгуулсан, мөнгийг нь бүрэн төлсөн, мөнгө төлсөн манай компанийн тамга тэмдэг бүхий кассын зарлагын баримт, мөнгө хүлээн авсан “И.М.Ж” ХХК-ын тамга тэмдэг бүхий кассын орлогын баримт байгаа, “И.М.Ж” ХХК уг борлуулалтаа и баримтын цахим системд шивсэн, манайх мөн уг худалдан авалтыг тайландаа оруулсан ба 2016 оны 03 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын алба хүлээн авсан” гэж байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснийг зөрчиж, албан татвараа бууруулсан байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл 1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.2.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасан тул нэхэмжлэгчийн “И.М.Ж” ХХК-иас худалдан авсан хуурамч падаанууд 2016 оны 03 дугаар сард хамаарч байгаа учраас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА