Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 15

 
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг, улсын яллагч Ц.Мөнхжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн, шүүгдэгч Б.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Б.Нарантуяаг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000186 дугаар хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 9 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Баянбэрх овогт Бат-Эрдэнийн Нарантуяа /РД:ЧБ85090560/. Шүүгдэгч Б.Нарантуяа нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 16 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөрс худалдааны төвийн баруун талын замд “Бэл капитал” ХХК-ийн эзэмшлийн Toyota Ist маркийн 15-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Болормааг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 07-нд хүүхдээ сургуулиас нь аваад “МТ” шатахуун түгээх рүү орж яваад хохирогчийг мөргөсөн. Хохирогч гэнэт гараад ирсэн. Зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Анхны тусламж үзүүлсэн. Гэм буруугаа ойлгож байна. Цаашид анхааралтай байх болно. Насанд хүрээгүй хүүхдийг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв. 201624000186 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хохирогч Б.Болормаагийн: “2016 оны 3 дугаар сарын 07-нд 16 цаг 20 минутын орчим ...Москва хорооллын урд талын “Хөрс” худалдааны төвийн АТМ-аас мөнгө авчихаад урд талынх нь явган хүний замаар зүүнээсээ баруун зүгт явган хүний гарц руу явж байсан. МТ-ийн шатахуун түгээх станц уруу ордог гарцыг хөндлөн гарах гээд хөлөө тавьсан уу үгүй юу зүүн гар талаас тас гээд л мөргөчихсөн. Надад ямар нэгэн автомашины дуу чимээ ерөөсөө сонсогдоогүй. Тэгээд би уначихаад харахад надаас нилээн цаахан талд саарал өнгийн жижиг автомашин зогсчихсон жолооч нь бууж ирчихсэн утсаар яриад байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан, нэг эрэгтэй хүүхэд бууж ирж байсан. Тухайн замыг гарах гэж байх үед ямар нэг автомашин харагдаагүй. Би явган хүний гарцаар гарч байсан. Ослын улмаас миний аарцаг ясны 2 тал цуурсан, сэртэн яс хугарсан, бяцарсан, давсаг нь дотроо хагарсан, тухайн өдрөө хэвлийн хагалгаанд орсон. Баруун гарны тохой хөхөрсөн, толгой зүүн хэсгээрээ өвдөж байсан. Эмчилгээндээ одоогийн байдлаар ойролцоогоор 1 500 000 төгрөг зарцуулсан байгаа. Хохирлоо төлөөгүй эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-56-58/, Гэрч В.Болорчулууны: “2016 оны 3 дугааар сарын 07-ны 16 цагийн орчим байх би Сүлжмэлийн зүүн урд талын “МТ” ШТС-3 дээр ажил үүргээ гүйцэтгээд автомашинд бензин олгоод зогсож байтал түс гэх чимээ гарахаар нь дуу гарсан зүгт буюу ШТС руу орж ирдэг уулзвар руу харахад “Ист” маркийн жижиг суудлын автомашин нэг хүнийг мөргөөд зогсчихсон байсан. Очиход явган зорчигч нь цаад талдаа, машин нь наад талдаа зогсчихсон жолооч нь эмэгтэй, мөн дайруулсан хүн нь эмэгтэй хүн байсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явъя гэхээр нь би хөдөлгөж болохгүй, түргэн яаралтай дууд гэж хэлсэн. Тэгээд би ажил руугаа очсон. Би явган зорчигчийг аль зүг рүү явж байсныг хараагүй. Автомашин дотор 1, 2 дугаар ангийн бололтой нэг хүүхэд байсан өөр хүн харагдаагүй. Жолооч их сандарсан байдалтай байсан. Манай ШТС-ын уулзвар руу ороод ирчихсэн байсан. Би осол дээр хамгийн түрүүнд очсон, дараа нь тэрүүгээр явж байсан хүмүүс харсан. Мөргүүлсэн хүүхний нөхөр дараа нь ирсэн” гэх мэдүүлэг /хх-60/, Гэрч Т.Баярмаагийн: “2016 оны 3 дугаар сарын 07-ны 16 цагийн орчим байх ...манай нөгөө түгээгч Болорчулуун тэнд хүн дайрчихсан байна, чи харсан уу гэсэн. Тэгээд харахад манай ШТС руу орж ирдэг уулзвар дээр жижиг суудлын автомашин зогсчихсон байсан ба эмнэлэг болон цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэрнээс биш тухайн осол аваар хэрхэн яаж болсныг би хараагүй. Би явган зорчигчийг түргэний машин руу оруулж байхад нь харсан аль зүг хаашаа аль хэсгээр явж байсныг хараагүй, осол хийсэн автомашины жолооч эмэгтэй хүн байхыг харсан. Би ослын газар очоогүй...” гэх мэдүүлэг /хх-61/, Иргэний хариуцагч О.Бат-Эрдэнийн: “...Т.Ист маркийн 15-18 УНТ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх юм. Одоо “Бэл капитал” ХХК-наас мөнгө зээлэхдээ нэрийг шилжүүлээд өгчихсөн байгаа. 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр охин Нарантуяа хүүхдээ сургуулиас авахаар надаас гуйж аваад унаад явсан. Миний зөвшөөрлөөр унаж явсан. Ослын талаар мэдэх зүйл бол байхгүй. Машины зүүн гар талын урд купер сэтэрч хагарсан, салхины шил хагарсан, урд нүүр сетик хагарсан байсан. Автомашиныхаа эвдрэлийг үнэлүүлэхгүй, миний охин унаж яваад ийм осол аваар гаргасан тул надад ямар нэгэн байдлаар нэхэмжилж үнэлүүлэх зүйл байхгүй. Хохирогчийн эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрнө, төлөхөд татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-70/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3437 дугаар актын дүгнэлтэд: “1. Болормаагийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал, хэвлийн хөндийн цус хураа, аарцаг умдагны баруун дээд салаа, зүүн дээд, доод салааны хугарал, баруун тохой, аарцаг, зүүн тавхайн цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашинд хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна” гэжээ /хх-72/, Техникийн шинжээчийн 2016.04.19-ий өдрийн 206 дугаар дүгнэлтэд: “Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримт болох сиди дээрх дүрс бичлэг зэргээс үзэхэд Т.Ист маркийн 15-18 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Нарантуяа нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Болормаа нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна” гэжээ /хх-84/, Б.Нарантуяагийн яллагдагчаар өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 07-ны 16 цаг 20 минутын орчим “Бэл капитал” ХХК-ийн нэр дээр байдаг аав Бат-Эрдэнийн эзэмшлийн Т.Ист маркийн 15-18 УНТ улсын дугаартай автомашинтай кабиндаа 10 настай хүү Аззаяагийн хамт Москва хорооллын урд замаар зүүнээс баруун зүгт явж байгаад машиндаа бензин хийхээр Хөрс худалдааны төвийн баруун талд байрлах “МТ” ШТС руу эргээд ортол баруун гар талаас нэг эмэгтэй машины урд талд тулаад гараад ирсэн. Би тоормос гишгээд зүүн гар тал руугаа дартал нөгөө эмэгтэй урагшаагаа гүйгээд дахиад урд гарч ирээд машины урд хэсэгт мөргөгдөөд копутан дээр унаад хажуу тал руу даваад унасан. Би сандарсандаа баруун гар тал руугаа дарсан чинь машины дугуй хохирогчийн хөлийг дайрч дээгүүр нь гарсан. Зогсоод түргэн болон цагдаад өөрийн утсаараа болон хүүгийнхээ 94574593 дугаартай утаснаас дуудлага өгсөн. Би анх хохирогчийг 1-2 метрийн зайд харсан. ...Одоогийн байдлаар хохирогчийн эмчилгээний зардалд 2 сая төгрөг бэлнээр өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-97/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-3-7/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-22/, хохирогч Б.Болормаагийн хохирлын баримтууд /хх-23-37/, мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-38/, гэрч О.Дуламсуүрэнгийн мэдүүлэг /хх-63/, Б.Нарантуяагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-98, 100, 102, 103/, согтуурал шалгасан магадлагаа /хх-99/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-101/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-107/, автомашины үнэлгээ хийсэн баримт /хх-110/ зэргийг уншиж шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Б.Нарантуяа нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрс” худалдааны төвийн баруун талын замд “Бэл капитал” ХХК-ийн эзэмшлийн Toyota lst маркийн 15-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалт буюу “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсний улмаас явган зорчигч Б.Болормааг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Хэргийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Нарантуяаг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Нарантуяад хуульд заасан хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоожэ шийдвэрлэлээ. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Болормаагийн бие махбодид хүнд гэмтэл учирсан боловч шүүгдэгч Б.Нарантуяа нь хохирогчийн эмчилгээний зардалд 3 320 000 төгрөг, гэм хорын хохиролд 9 700 000 төгрөг, нийт 13 020 000 төгрөг төлсөн, түүнчлэн хохирогч Б.Болормаа нь “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт шүүхэд ирүүлснийг үндэслэн Б.Нарантуяаг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хэрэгт хураагдаж ирсэн Б.Нарантуяагийн В ангиллын 594042 дугаар жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, “Бэл капитал” ХХК-ийн эзэмшлийн Toyota Ist маркийн 15-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уг зам тээврийн ослын бичлэг бүхий цагаан өнгийн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Б.Нарантуяа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Баянбэрх овогт Бат-Эрдэнийн Нарантуяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Б.Нарантуяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Нарантуяад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 01079326 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай. 5. Шүүгдэгч Б.Нарантуяа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай. 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар “Бэл капитал” ХХК-ийн эзэмшлийн Toyota Ist маркийн 15-18УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Б.Нарантуяагийн В ангиллын 594042 дугаар жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт шилжүүлсүгэй. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Б.Нарантуяад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Б.Нарантуяад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай. 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Нарантуяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нарантуяад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ Л.БААТАР