Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0441

 

 “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч төрийн захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан үүргээ биелүүлэхээс илт татгалзаж, “иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүл” гэж хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлөх захирамж гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Г, Т.У нар нь өөрийн өмчлөлийн орон сууцнаас гадагш зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан. Энэхүү өргөтгөл нь нийслэлийн Засаг даргын захирамжаар “З” ХХК-д олгосон газартай 60 м2 давхцаж байгаа. Иймд хуульд заасан процесс ажиллагааг дэс дараалалтай хийлгэхийг хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Т.Г, түүний өмгөөлөгч В.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Орон сууцны зориулалтыг өөрчлөн өргөтгөл хийгээд Нийслэлийн Захирагчийн албатай 135 м.кв талбайтай гэж гэрээ байгуулсан. Гэтэл гэрээ сунгагдахад гэрээний загвар өөрчлөгдөн шинэ гэрээнд 35 м2 газар гэж бичигдсэн. Энэ талаар асуухад өргөтгөлийн асуудал хамаарахгүй гэсэн.

Эс үйлдэхүй гэдэг нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхыг хэлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Засаг даргад захирамжийн төсөл ирээгүй байгаа тул эс үйлдэхүй байхгүй байна. Нэхэмжлэгч өргөтгөлийг буулгаж, газар чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь иргэний хэргийн шүүхээр шийдүүлэх асуудал байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар тус компанид эзэмшүүлсэн газартай гуравдагч этгээд Т.У, Т.Г нарын барьсан өргөтгөлийн барилгын давхацсан хэсэг болох 60 м2 газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг газрыг албадан чөлөөлөх захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Т.Г давж заалдах гомдолдоо: 2001 онд орон сууцныхаа зориулалтыг өөрчилж, ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2001 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 333 дугаар захирамж болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2004 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 94 дүгээр тушаалаар авч улмаар Улаанбаатар хотын ерөнхий инженертэй 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 173/04 дугаартай Орон сууцны зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан юм. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт барилга байгууламжийн гадна тал, орчны тохижилтын архитектур төлөвлөлтийн үндсэн шийдлийг гаргаж зохицуулахтай холбогдуулан 150.000 төгрөгийг Төрийн сан банканд төлөхийг зааж, тухайн төлбөрийг Төрийн сан банканд төлсөн. Мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт 135 м.кв талбай бүхий газарт үйлчилгээ явуулахаар тохиролцсон. Гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллагаас өргөтгөл барьж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэж үзэж байна.

“З” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх эрхгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 92, 106 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг үндэслэсэн байна. Нэхэмжлэгчийн эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар ердийн шүүх хамгаалахаар хуульчлагдсан байна.

Мөн хариуцагч талаас 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэгчийн хариуд нэхэмжлэлийн шаардлагыг иргэний журмаар шийдвэрлүүлэх талаар дурдсан байна. Харин нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан тайлбартаа уг хэргийг захиргааны хэрэг мөн гэдгийг тайлбарлаж чадаагүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага дагнасан бус ердийн шүүхэд харьяалах маргаан байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагатай ижил нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүгчийн 2010 оны 6416 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамж хүчин төгөлдөр хэвээр байна.

Захиргааны байгууллагын эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбараас үзэхэд газар чөлөөлөх захирамж Засаг даргад ирээгүй гэдгийг хангалттай тайлбарласан. Мөн Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанаас шаардах хуудас болон мэдэгдлийг гуравдагч этгээд Т.Г надад өгсөн нь захиргааны байгууллагаас тодорхой ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч газрын албанаас захирамжийн төсөл удаа дараа бэлтгэгдсэн боловч батлагдаагүй гэж нотлох баримтгүй тайлбар гаргасныг үндэслэн өргөтгөлийн барилгын давхацсан хэсэг болох 60 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ байгаа үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанд гаргасан газар чөлөөлүүлэх хүсэлтдээ нийтийн эзэмшилд хамаарах газрыг чөлөөлүүлэх шаардлагыг тавьж байсан тул захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

“З” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан өөрийн эзэмшлийн газартай 60 м.кв-аар давхацсан гуравдагч этгээд Т.У, Т.Г нарын өргөтгөлийн барилгыг албадан чөлөөлүүлэх арга хэмжээ авахгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газрыг албадан чөлөөлөх захирамж гаргахыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн газар эзэмших эрх нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжийн дагуу олгогджээ. Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын давж заалдах шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар магадлалц Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 154 дүгээр тогтоолуудаар2 нэхэмжлэгч уг газрыг эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байна.

Гуравдагч этгээдийн хувьд 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд инженерийн байгууллагын хэлтсийн дарга О.Б-тэй байгуулсан 173/04 дүгээр гэрээгээр орон сууцны зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрөл авч байжээ.

Т.У болон Т.Г нар нь өргөтгөлийн барилга зөвшөөрөлгүй барьсан болох нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2007 оны 05 дугаар сарын ны өдрийн 2/359, Монгол Улсын Цахилгаан холбооны 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154, Улаанбаатар хотын Захирагчийн албаны 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1168, Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6/6459, Нийслэлийн газрын албаны 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/3329 дүгээр албан бичиг, мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1737 дугаар шийдвэр4 зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зарим хэсэг нь гуравдагч этгээдийн өргөтгөлийн барилгатай 60 м.кв-аар давхцаж байгаа болох нь 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул гуравдагч этгээдийн “өргөтгөлийн барилга зөвшөөрөлтэй” гэх гомдол үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар газар эзэмших эрх түрүүлж үүссэн этгээд уг газрыг эзэмших эрхтэй ба гуравдагч этгээдэд зохих журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д зааснаар газар эзэмшүүлэх эрх Засаг даргын захирамж гарснаар үүсэж, уг газар дээрээ барилга барих эрх нь нээгдэнэ. Энэ тохиолдолд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж байхгүй байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар гуравдагч этгээд зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьснаас нэхэмжлэгч газраа зохих ёсоор ашиглаж чадаагүй, захиргааны байгууллагаас гуравдагч этгээдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, газар чөлөөлөх үйл ажиллагаа явуулахгүй эс үйлдэхүй гаргажээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан гомдолдоо: “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 92, 106 дугаар зүйлд үндэслэсэн бөгөөд эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийн эрхийг ердийн шүүх хамгаалахаар хуульчлагдсан байна. Иймд нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй” гэжээ.

Нэхэмжлэгч нь аль шүүхэд, хэнийг хариуцагчаар татах, ямар агуулгатай нэхэмжлэл гаргахаа өөрөө сонгох эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан хариуцагч болох дүүргийн Засаг даргад холбогдуулан, түүний хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна.

Мөн “Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас шаардах хуудас болон мэдэгдлийг надад өгсөн нь захиргааны байгууллагаас тодорхой ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна. Иймд, захиргаа эс үйлдэхүй гаргасан гэдэг нь тодорхойгүй” гэх гомдлын тухайд:

Гуравдагч этгээд зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байхад захиргаа энэхүү зөрчлийг таслан зогсоохоор үйл ажиллагаа явуулаагүй харин нэхэмжлэгчид “шүүхээр шийдвэрлүүл” гэсэн хариу өгч байсан болох нь 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаар албан тоотоор тогтоогдож байна. Эндээс үзэхэд захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэл гаргаж байсан тул дээрх гомдол үндэслэлгүй.

Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагатай ижил нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүгчийн 2010 оны 6416 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамж хүчин төгөлдөр хэвээр байна” гэх гомдлын тухайд:

Уг иргэний хэргийн нэхэмжлэгчийн шаардлага болон хариуцагч нь энэхүү захиргааны хэрэг маргаанаас өөр байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хувь иргэн биш захиргааны байгууллагад захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэл гаргасан, энэхүү маргааныг шийдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна.

Гуравдагч этгээд “Инженерийн шугам сүлжээ бүхий газрын асуудлыг шийдвэрлэх, уг ажлыг зохион байгуулах эрх Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудлыг хамаарах асуудал тул дүүргийн Засаг дарга шийдвэрлэх эрхгүй” гэх гомдлын тухайд:

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан бол аймаг, нийслэл, сум дүүргийн, Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргад газар чөлөөлүүлэх захирамж гаргах эрх хуулиар тусгайлан олгогдсон тул дээрх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                         ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                     ШҮҮГЧИД                          Д.БААТАРХҮҮ

                                                              Э.ЗОРИГТБААТАР

                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ