Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0678/Э |
Дугаар | 2022/ШЦТ/725 |
Огноо | 2022-06-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт М-гийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000802 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт М-гийн Э (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод иргэн Ц.У-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн гуя руу нь хутгалж эрүүл мэндэд нь “хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.У-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5351 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), шүүгдэгч М.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), шүүгдэгч М.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот хүргэн ах Ц.У-ийн гэрт байхдаа түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн гуя руу нь хутгалж эрүүл мэндэд нь “хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Ц.У-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа тараад гэрт ирээд гал түлээд байж байсан чинь манай эхнэрийн дүү Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд танай гэрт жаахан унтчих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлчхээд гэрээс гарч аавынхаа гэрт очоод аавтай нийлж нэг шил архи хувааж уусан. Тэгээд буцаад гэртээ ирсэн чинь Э сэрчихсэн гэрт сууж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргасан. Гэхдээ юунаас болж хэрэлдэж маргасан талаар би сайн мэдэхгүй байна. Гэнэт хутга аваад миний зүүн талын гуя хэсэг рүү хутгалчхаад гараад явсан. Надад гомдол санал байхгүй. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Би шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5351 дугаартай:
“...Ц.У-ийн биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
3. Шүүгдэгч М.Э-ийн: “...У ах намайг үгээр өдөөд хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би ширээн дээрээс хутга аваад мах идэх гээд сууж байхад хажуугаас чи чадах юм уу гээд намайг өдөөд байсан юм. Тэгээд би уурандаа барьж байсан модон иштэй хутгаар гуя руу нь дүрээд авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.Э-ийн зэвсэг хэрэглэн бусдын бие махбодод халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Э-ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...би барилгын туслах хийдэг байж байгаад жинхэлсэн байгаа. Манай хүү цэрэгт байдаг одоо удахгүй халагдаад ирэхээр нь би ажил төрөлтэй угтмаар байна. Иймд надад торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, бусдад төлөх төлбөргүй байдал, мөн шүүгдэгч М.Э-ийн хувийн байдал /Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, түүний орлогын байдал/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүрэн өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт М-гийн Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүрэн өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ