Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/485

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, улсын яллагч Н.Улсболд, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00434 0299 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овгийн Э.Т, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар баг, *** гэх газарт оршин суудаг албан ёсны хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо гудамжны *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 04 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялыг эдэлж дууссан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран *** тоотод өөрийн эхнэр Г.О-ыг “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, М овгийн Э.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн *** тоотод өөрийн эхнэр Г.О-ыг “гэртээ оройтож ирлээ” гэсэн шалтгаанаар нүүр лүү нь гараараа цохиж, биед нь “...зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, мэдээлэл (хавтаст хэргийн 3 дахь тал), гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч Г.О-ын “...Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан Овоогийн ** тоот хаягт бүртгэлтэй боловч мөн дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран ** тоотод нөхөр Т болон 3-7 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гадуур гарч найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэчхээд оройн 23 цагийн үед найз У, түүний нөхөр Д нарын хамт гэртээ ирсэн юм. Гэрт ирэхэд манай нөхөр, хүүхдүүд байсан. Бид гэртээ 0.75 граммын 1 лонх архи, 2.5 литрийн савтай нэг том шар айраг хувааж ууцгаасан. Ууж дуусаад манай найз, нөхрийн хамт гэр лүү гээ харьсан. Тэгээд нөхөр бид нар унтах гээд орондоо ороод байж байтал Т гэрэл унтраагаад хажуугаар орж ирж хэвтэхдээ миний зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би гараад эгчийнхээ гэрт орж эгч О-д хэлэхэд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-24 дэх тал), гэрч Г.О-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран *** тоотод нөхөр, 4 хүүхдийн хамтаар оршин суудаг. Манай дүү О Улаанбаатар хотод нүүж ирээд манай хашаанд эсгий гэрт амьдарч эхэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 00 цаг өнгөрч байхад манай дүү О орж ирээд “Т О-ыг цохичихсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гэрт нь яваад ороход манай дүү О орон дээр уйлчихсан сууж байсан. Түүнээс юу болсон талаар асуухад “Т цохичихсон” гэж хэлсэн. Харин Т орондоо орчихсон, хүүхдүүд нь унтаж байсан. О дээр очоод хартал нүд нь хөхөрчихсөн байхаар нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1694 дугаартай: “...Г.О-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэг дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцээтэй байв.

 

Түүнчлэн, шүүгдэгч Э.Т нь яллагдагчаар: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байхад эхнэр О хоёр найзын хамт гэрт ирж бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Ууж дуусаад эхнэрийн хоёр найз нь явсан. Манай гэрийнхэн унтахаар болоод миний гурван хүүхэд баруун талын орон дээр унтсан. Би эхнэрийн хамт зүүн талын орон дээр унтах гээд гэрлээ унтраагаад орон дотор ороод “чи яагаад орой ирдэг юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхээр нь би гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэж (хавтаст хэргийн 53 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтойн сацуу бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1694 дугаар дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Т-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.О-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.Т-ын хохирогчийг цохисон үйлдэл болон хохирогч Г.О-ын биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.О-ыг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Т-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаангүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Т-ын нүд нь 50 хувийн харааны бэрхшээлтэй. Улсын яллагчийн санал болгож буй 600,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Т-ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 89 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 90-93 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 59-81 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн оршин суух тодорхой хаягтай, хөдөлмөр чадвар алдалт 50 хувьтай, сард 300,000 төгрөгийн тэтгэвэр (нийгмийн  халамжийн сангаас) авдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх өмгөөлөгчийн болон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Тад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Э.Т-ад оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.М овгийн Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Т-ад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Т-ад оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Т-ад сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Т-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА