| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0287/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/312 |
| Огноо | 2022-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/312
2022 03 25 2022/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Юн овогт С-гийн Х-д холбогдох эрүүгийн 2203000000145 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, одоо “.........l” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 208-16 тоотод оршин суух хаягтай, Ю овогт С-ийн Х /РД:ЖЖ00000000/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Х нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, Соёл урлагийн их сургуулийн зам дээр “Nissan note” маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, хөдөлгөөн эхлэхдээ явган хүний гарцан дээр хэвтэж байсан явган зорчигч Т.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.Х нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, Соёл урлагийн их сургуулийн зам дээр “..........” маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, хөдөлгөөн эхлэхдээ явган хүний гарц дээр хэвтэж байсан явган зорчигч Т.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Үүнд:
2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/-р тал,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...Хөдөлгөөн эхлэхэд С.Х нь жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ зүүн талын 2 дугуйгаар зам дээр хэвтэж байсан Т.Нгийн дээгүүр 19 цаг 50 минут 15 секундэд гарч байх ба улмаар машинаа зогсоон машинаасаа бууж ирэн Т.Нг машиндаа суулгаж байгаа нь бичигдсэн байв...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Нгийн өгсөн “...Явган хүний гарцаар зүүнээс баруун тийш чиглэлтэй гарах гээд алхаж байгаад архи уугаад нэлээн согтсон байсан учир зам дээр уначихсан. Тэгээд босож амжаагүй байхад гэрлэн дохио дээр зогсож байсан машин хөдлөөд зүүн урд дугуйгаараа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-25/-р тал,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн хүний биед үзлэг хийсэн тухай №2601 дугаартай “...Т.Нгийн биед баруун эгэм ясны далд хугарал, цус хуралт, хамрын нуруу баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч С.Хгийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч С.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч С.Хг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох...” саналыг гаргасан бол шүүгдэгч С.Хгийн тухайд эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч С.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Хгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Хохирогч Т.Н нь гомдол, санал байхгүй, талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Хг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сд-1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч Т.Н нь өөрт учирсан гэм хорын хохирол хор, уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох С.Хгээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгч С.Х нь цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал болоод Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан жолоочид үүрэг болгосон заалт тус бүрийг өөрийн амьдралдаа хэвшил болговол зохино.
Нөгөөтээгүүр тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Учир нь хохирогч Т.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй үедээ хэн нэгний хараа хяналтгүйгээр явганаар хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл явах зориулалт бүхий зам дээр хэвтсэн гэх үйл баримт тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл хохирогч Т.Н нь хүн унтаж амрах зориулалтын бус газарт хэвтсэн үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг гарсан гэж үзэхээр байна.
Цаашид хохирогч Т.Н-ын тухайд учир болох гэмт хэрэг зөрчлөөс өөрийгөө хамгаалах зорилгоор архи, согтууруулах ундааны зүйлийн зохистой хэрэглээг өөрийн амьдралд хэвшил болгож, хэрэв хэтрүүлэн хэрэглэсэн бол хэн нэгний хараа хяналтад доор нэг газраас нөгөөд зорчих нь түүний амь нас, эд хөрөнгийг учирч болох аливаа аюул, эрсдэлээс хамгаалах учиртайг ойлгож, ухамсарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ю овогт С-ийн Х-г Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч С.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Н нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох С.Х-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР