Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2018/00116

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

  Дугаар 153/ШШ2018/00116

                   Жаргалант сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 6-13 тоотод оршин суух, Боролдой овогт Цэдэвсүрэнгийн Лхагвасүрэн /ПЭ70012111/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 21-12 тоотод оршин суух, Боржигон овогт Цэнд-Аюушийн Сэржпүрэв /ПЮ66033110/-д холбогдох,

Гэм хорын хохирол 2,115,000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 153/2017/00038/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, иргэдийн төлөөлөгч Ц.Баярсайхан, нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн, хариуцагч Ц.Сэржпүрэв нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Ц.Сэржпүрэв нь миний хөлийг хугалсан бөгөөд эмнэлэгт очиж үзүүлэхэд хөлний шилбэ хугарсан байсан. Тухайн үед эхнэр цагдаа дуудаж өгсөн.

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар магадлалаар шүүгдэгч Ц.Сэржпүрэвийг гэм буруутай болохыг тогтоож хохирогч Ц.Лхагвасүрэн намайг эмчилгээний баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан.

Би хугарсан хөлөө бариулахын тулд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд амьдардаг бариач Дамдинжамц гэдэг хүнийг Ховд аймгаас машинтай очиж аваад буцаж гэрт нь хүргэж өгч 6 удаа бариулсан. 6 удаа бариулахад машинд бензин хийж жолоочийг нь гуйж явсан. Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Хишигбүрэн эмийн сангаас 1,015,500 төгрөгийн эм тариа худалдан авсан. Миний бие сэтгэл санааны гүн хямралд орж эхнэрийн байнгын асаргаанд байсан. Иймд иргэн Ц.Сэржпүрэвээс эм тарианы зардал, бариа заслын зардал, шатахууны зардал нийт 2,115,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид хоёр ярилцаад 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Ц.Сэржпүрэв надад 500,000 төгрөг өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч Ц.Сэржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр гэмгүй сайхан найзууд юм. Шүүхээс нийгэмд тустай 450 цагийн ажил авсан байгаа бөгөөд учир байдлаа хэлсэн. Өнөө маргаашдаа мөнгө өгөх боломгүй байна. 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 500,000 төгрөг өгье гэж хэлсэн. Найз минь намайг ойлгож за гэж хэлээд бид хоёр эвлэрсэнгэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нь хариуцагч Ц.Сэржпүрэвт холбогдуулан гэм хорын хохирол 2,115,000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Сэржпүрэв нь 500,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчЦ.Сэржпүрэвээс 500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийн тал хувь болох 7,825 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Энэхүү тогтоолыг хариуцагч Ц.Сэржпүрэв нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Сэржпүрэвт холбогдох гэм хорын хохирол 2,115,000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Сэржпүрэв нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд төлөхөөр зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ц.Сэржпүрэвээс улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийн тал хувь болох 7,825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч Ц.Сэржпүрэв нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ

        ШҮҮГЧ                               Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧ                               Б.МАРИНА