Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0361/Э |
Дугаар | 2022/ШЦТ/487 |
Огноо | 2022-04-20 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/487
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, улсын яллагч Б.Дэлгэрмаа, хохирогч Д.Б, шүүгдэгч Д.Я нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00000 0097 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г овгийн Д.Я, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо хувиараа барилга дээр ажиллагдаг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Я нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний 17 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хорооллын 102 дугаар байрны зүүн урд талын замд “Nissan note” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Д.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Г овгийн Д.Я нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний 17 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хорооллын 102 дугаар байрны зүүн урд талын замд “Nissan note” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Д.Б-ыг мөргөж, бие махбодод нь “баруун шаант яс дээд төгсгөл хэсгийн үе дайрсан зөрүүтэй бяцарсан далд хугарал, баруун өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дах тал), хохирогч Д.Б-ын “ ...хорооллын доторх зам хөндлөн гарч явсан. Тэгтэл миний баруун гар талаас нэг суудлын автомашин гэнэт хойноос эргэж орж ирээд миний баруун хөл хэсэг рүү мөргөөд газарт унагасан. Би зам хөндлөн гарч байхдаа автомашин зогсож байхыг харсан, тухайн автомашин нь намайг зам хөндлөн гарах үед цаашаа эргэх гээд зогсож байсан, тэгснээ гэнэт над руу эргээд ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал), иргэний хариуцагч С.А-ийн “ ...Я миний нөхөр байгаа юм. Би зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), С.А-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “ ...Тухайн Nissan note маркийн *** улсын дугаартай автомашинд зам тээврийн ослын улмаас ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-12 дах тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1934 дугаартай: “...Д.Б-ын биед баруун шаант яс дээд төгсгөл хэсгийн үе дайрсан зөрүүтэй бяцарсан далд хугарал, баруун өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-53 дахь тал), шүүгдэгч Д.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...Төмөр зам орох гээд Содон хорооллын дотроос төв зам руу гарах гээд явж байсан. Тухайн үед хорооллын баруун урд талд байрлах гарцаар гарах гээд явж байсан, баруун гар тал руу эргэх үйлдэл хийхийн өмнө баруун тийш хартал зам чөлөөтэй байсан. Зүүн тал руугаа хартал цагаан өнгийн автомашин чигээрээ ирж явсан, түр зогсоод тухайн машинд зам тавьж өгсөн, тэгтэл мэр машин ойртон ирж зогсоод надад зам тавьж өгөхөөр нь баруун гар тал руугаа хараад баруун тийш эргээд орох үед гэнэт машины баруун урд хэсэгт нэг эмэгтэй хүн харагдсан, тоормос гишгээд зогсох үед тулаад ирсэн байсан тул эмэгтэйн баруун хөл хэсэг рүү бага зэрэг мөргөөд зогссон, тэр эмэгтэйн хөл нь урд буфер, дугуй хэсэгт хөшигдөөд газарт унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 78 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Түүнчлэн, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв бичигдсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” хэмээн,
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа тараад харьж яваад хорооллын дотор бэртсэн. Гэр рүүгээ орох гээд зам хөндлөн явж байтал баруун талаас машин ороод ирсэн. Хөлийн баруун талаар мөргөөд, би босож явж чадахгүй цагдаа дуудсан. Цагдаа хэмжилт хийсэн, 103 дуудсан боловч 103 очиж боломжгүй байна гэсэн тул гэмтлийн эмнэлэг явсан...Эмнэлэгт хэвтэж 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хагалгаанд орж 21-ний өдөр эмнэлгээс гарсан. Түүнээс хойш эмчилгээ хийлгээд явж байна. Одоогийн зовуурь бол хөл өвддөг нь хэвээр байгаа, хөлд төмөр хадсан, төмрийг 1 жилийн дараа эдгэрэлтээс хамаарч авдаг гэсэн. Өнгөрсөн хугацаанд 2,500,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, 1,548,000 төгрөгийн баримтыг өнөөдөр гаргаж өгч байна, жолооч надад нийт 2,623,000 төгрөг өгсөн байгаа. Би цаашид гарах эмчилгээний зардал болох ажилгүй байх үеийн 1 сарын цалингийн зөрүүг нэхэмжилж байна...” хэмээн тус тус мэдүүлсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Я нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1934 дугаар дүгнэлтээр хохирогч Д.Б-ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь үндэслэлтэй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Я-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Д.Я нь замын хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдлыг сайтар харалгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж шүүх дүгнэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Я-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,002,081 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт 1,548,440 төгрөгийн, нийт 2,550,521 төгрөгийг эмчилгээний зардлын талаарх баримтыг гаргаж өгсөн ба цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн нэг сарын цалинг нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс шүүгдэгч Д.Я нь шүүх хуралдаанаас өмнө сайн дурын үндсэн дээр 2,623,000 төгрөгийг төлсөн байх тул эмчилгээний 2,550,521 төгрөг бүрэн төлөгдсөн гэж шүүх үзсэн. Харин хохирогч Д.Б-ын цалингийн тодорхойлолт байгаа боловч нэг сарын хугацаанд ажлаа хийгээгүйг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч дутуу авсан цалин хөлс, цаашид хийлгэх эмчилгээний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Я-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.
Шүүгдэгч: “...тусгайлах хэлэх саналгүй...” гэв.
Хохирогч: “...улсын яллагчтай санал нэг байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.Я нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 83-85 дахь тал), байнга оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг тогтоов.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-т нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглож, түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэлээ.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Я нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Г овгийн Д.Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-т нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-т оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглосугай.
4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Я-т сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Я-т оногдуулсан ял дээр нэмж 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 409 дүгээр зүйлийн 409.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б дутуу авсан цалин хөлс, цаашид хийлгэх эмчилгээний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Я нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Я-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА