Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/337

 

   

 

           

 

  2022        03          31                                     2022/ШЦТ/337

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  И.Номин,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбатын Энх-Амгаланд холбогдох эрүүгийн 2209002740260 дугаартай хэргийг 2022 оны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа .............. 1 дүгээр баг, ............. гэх хаягт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ын Э /РД:ЖЖ00000000/,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Холидэй дэлгүүрийн лангуунаас Чивас виски, Хэннэси коньяк, Хэннэси коньяк нэртэй 3 шил виски, коньякийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч О.Дд 491.680 төгрөгийн хохирол,

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шангрилла молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Эйч Ай Грийн Интернэшнл” ХХК-ийн “Минисо” брэндийн 9 ширхэг спикерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Н.Тт 629.100 төгрөгийн хохирол,

-2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Киви” дэлгүүрийн худалдагч Б.Цгийн Редми нөт-9 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Цд 515.000 төгрөгийн хохирол буюу нийт 1.635.780 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч иргэний хариуцагч болон хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэжээ.

         Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Манай байгууллагын зүгээс хохирол, төлбөрөө бүрэн хүлээж авсан, гомдол санал байхгүй...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Холидэй дэлгүүрийн лангуунаас Чивас виски, Хэннэси коньяк, Хэннэси коньяк нэртэй 3 шил виски, коньякийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч О.Дд 491.680 төгрөгийн хохирол,

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шангрилла молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Эйч Ай Грийн Интернэшнл” ХХК-ийн “Минисо” брэндийн 9 ширхэг спикерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Н.Тт 629.100 төгрөгийн хохирол,

-2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Киви” дэлгүүрийн худалдагч Б.Цгийн Редми нөт-9 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Цд 515.000 төгрөгийн хохирол буюу нийт 1.635.780 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Тийн өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 40 минутаас 13 цаг 40 минутын хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шангрилла моллын Минисо дэлгүүрт 20 орчим насны нэг залуу орж ирээд танайхаас 3.800.000 төгрөгийн бараа авах гэж байгаа юм манай эгч өчигдөр ирээд уулзаад тохироод явсан гэхээр нь би өмнөх өдөр байгаагүй тул эрхлэгч Наранцэцэг рүү залгаад нэг хүн өчигдөр манайхаас их хэмжээний бараа авна гэж ярьсан юм уу гэхэд үгүй гэсэн. Тэр залуу гар утсаар яриад “Эгчээ та хэнтэй ярьсан юм энд худалдагч залуу нь бараа авах талаар мэдэхгүй байна” гэсэн ба тэр залуу хэлэхдээ цүнх үүргэвч 60, ширхэг хоолны сав 60 ширхэг, сойз 60 ширхгийг авна Ботаникийн хүүхдийн асрамжийн газарт өгнө гэхээр нь бараа хүрэхгүй юм байна, бараа авчруулъя гээд жолоочоор бараа татуулахаар болсон. Тэр үед намайг кассны хажууд байхад худлаа гар утсаар яриад хайрцагтай байсан спикерийг задлаад хоосон хайрцгийг нь буцааж тавиад жолооч нь ирж байна уу гээд асуугаад байсан. Би хүнтэй харьцаад анхаарал сарнисан хойгуур дэлгүүрээс гараад явсан байсан. Би Спикер алдсанаа тэр өдөр мэдэхгүй байж байгаад манай касс юм шалгаж байгаад маргааш нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/-р тал,

Дамно ХХК-ийн үнэлгээний “...Минисо брэндийн 9 ширхэг спикер 629.100 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 59/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Цгийн өгсөн “... Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Киви нэртэй дэлгүүрт худалдагч хийж байхад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын үед үл таних залуу орж ирээд 14 хүүхдэд бэлэг боолгож өгөх гэсэн юм бэлэг бэлдээд өг гэсний дагуу боож өгөхөд цаанаасаа мөнгө хийнэ гэж хэлээд утсаар ярьж зогсож байгаад мөнгө хийчихлээ гэж хэлсэн. Үүний дагуу дансаа шалгатал дансанд мөнгө орж ирээгүй байсан учраас бид бараагаа өгөөгүй. Гэтэл нөгөө залуу утсаар ярьж байгаад гараад явсан. Явсных нь дараа би гар утсаа хайтал байхгүй байхаар нь эгчийнхээ утсаар залгатал холбогдох боломжгүй гэх дохио өгч байсан. Ингээд камерын бичлэг шүүтэл кассны тавиур дээр байсан утсыг нөгөө үл таних залуу аваад гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/-р тал,

Сид-д үзлэг хийсэн “...25-30 орчим насны 175 см өндөртэй цэнхэр өнгийн маск, хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд бор өнгийн гуталтай этгээд нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 31 минутад кассын дэргэдэх текнээс утас мэт зүйл авч байгаа харагдаж байгаа харагдаж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 80/-р тал,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Редми нөт 9 загварын гар утас 515.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 122/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.С-ын өгсөн “...Бондгор хүү барьцаалан зээлдүүлэх газарт сууж байхад үл таних эрэгтэй хүн Редми Нөт-9 загварын гар утсыг барьцаанд тавина гэхээр нь уг хүнээс 250.000 төгрөгт уг гар утсыг барьцаанд авсан бөгөөд дараа нь тухайн гар утсыг хулгайн гар утас байсан гэдгийг мэдсэн. Надад 250.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/-р тал,

 Гар утсыг зээлийн барьцаанд тавьсан барьцаанд зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 123/-р тал,

Эд мөрийн баримт болох Редми Нөт-9 загварын гар утсыг хүлээн авч хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 89-90/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Дын өгсөн “... Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 30 минутын үед өөрийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Холидей дэлгүүр дээр байж байтал Зиг Зиг заг компанийн худалдааны төлөөлөгч байна, бараа буусан байгаа захиалах уу гэсэн. Тухайн залууг би өмнө нь харж байгаагүй бөгөөд тухайн компанийн шинэ ажилтан байна гэж бодоод захиалга өгчхөөд байж байтал бараа орж ирэхгүй удаад байсан. Тухайн үед ажил ихтэй байсан тул тухайн залууг нээх тоогоогүй байж байтал манай дэлгүүрийн архины тасгаас Чивас виски, Хэннэси коньяк, Всоп коньяк зэрэг нийт 566.000 төгрөгийн эд зүйл байхгүй байхаар нь хяналтын камер шүүж үзтэл нөгөө худалдааны төлөөлөгч гэх залуу авч байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/-р тал,

Дамно ХХК-ийн үнэлгээний “...Chivas Visky 110.240, Hessey vsop коньяк 216.320 төгрөг, Hessey коньяк 165.120 төгрөг нийт 491.680 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 16/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сиди-д үзлэг хийсэн тухай “...2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 16:33:22 секундэд хар өнгийн куртиктэй куртикнийхээ малгайг өмссөн, цэнхэр өнгийн масктай нүүр, царай нь харагдахгүй эрэгтэй архины тавиурын голын тасалгааны хамгийн дээд талын тасалгаа дээр байх вискийг авч байгаа нь харагдаж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 20-22/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Эгийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг болон өөрийн хийсэн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 68-69, 103-105/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч *******гийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.

Шүүгдэгч *******гийн тухайд дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр үргэлжилсэн үйлдлээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч *******г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний урьдчилан цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч *******гийн зүгээс “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байх тул хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг гаргажээ.  

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус сануулах нь зүйтэй.  

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч *******гийн хувийн байдал, түүний өсөж хүмүүжсэн орчин нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал болоод түүний нийгэмд эзлэх байр суурь зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Гурав. Бусад

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 62 хоног цагдан хоригдсоныг дурдаж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Э-г “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус сануулсугай.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир нийт 62 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР