Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/419

 

          

 

 

  2022        04          19                                    2022/ШЦТ/419

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Жанерке,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч, хохирогч *******,

Шүүгдэгч, хохирогч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ын А нарт холбогдох эрүүгийн 2209000000455 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа ажил хөдөлмбөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 00 дугаар хороо, .............. 00 дүгээр гудамж, 000 тоот хаягтай боловч Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, урьд нь:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 552 таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 400 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 212 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэтгэн нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 245.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хонгийн баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ийн Л /РД:ЖЖ00000000/

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Б-ын А /РД:ЖЖ00000000/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б овогт Б-ийн Л нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өглөөний 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто замын хөдөлгөөнд 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр оролцож байхдаа 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байсан хохирогч *******ыг дуут дохио өглөө, автомашин руу нулимлаа гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан бие бие заамдан авсан байхдаа баруун гарын эрхий хурууг хойш дарж эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны дунд шивнүүрийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч Ш овогт Б-ын А нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өглөөний 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто замын хөдөлгөөнд 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр оролцож байхдаа 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байсан хохирогч******* нь автомашин руу нулимлаа гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан бие бие заамдан авсан байхдаа хүзүүн тус газарт нь шахаж боосноос хүзүүнд цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:                         

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2022 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла Моллын зүүн талд би өөрийн 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Спэйт загварын тээврийн хэрэгсэлдээ ганцаараа явж байхад урд 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч явж өгөхгүй байхаар нь сигналдсан, тэгтэл Шангрилла моллын зүүн талын уулзвар дээр огцом урд тооромслохоор нь хажуугаар нь өнгөрөхдөө холоос цонхоор нулимчхаад яваад өгсөн, Чойжин ламын сүмийн урдуур өнгөрөөд хойшоо эргэх уулзвар дээр тухайн 00-00 УУУ улсын дугаартай Филдер маркийн тээврийн хэрэгслийн жолооч урдуур шахаж зогсоод бууж ирээд машин руу нулимлаа гэж уурласан, тэгээд зууралдаад бид хоёр заамдалцсан бөгөөд тэр залуу баруун гараараа миний баруун гарын эрхий хурууг хойш нь дарсан, хуруу эвгүй дугарч өвдсөн, тэгээд тэр залуу гэмтэл үзүүлээд зураг авхуулаарай гэж 20.000 төгрөг өгсөн би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хуруу хугарсан байна гэж хэлсэн. Би тухайн хүний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй, тээврийн хэрэгсэлд нь халдсан зүйлгүй харин заамдсан...” гэжээ.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла Моллын уулзвар дээр явж байхад хойноос үл таних, хар өнгийн жижиг машинтай хүн байнга сигналдаад, урагшаа явах гэрэл ассан байсан ч цагдаа зохицуулж хаачихсан байсан болохоор явахгүй байсан, би хөдлөөгүй болохоор тэр машины жолооч цонхоороо машин руу нулимсан, тэгээд бид баруун эргээд явж байхад тэр хүн 2 дугаар эгнээнээс намайг шахаад урагш чигээрээ яваад өгсөн, тэгэхээр нь миний уур хүрээд гүйцэж очоод хуримын ордны урд явж байхад шахаж зогсоод би түрүүлж буугаад цагдаа зохицуулаад байхад яагаад байгаа юм, машин руу нулимдаг нь яаж байгаа юм гэж асуусан. Тэгэхэд өөдөөс бууж ирээд миний өмсөж явсан хувцасны захнаас бариад намайг заамдсан бөгөөд гарийг нь тавиулахаар таттал баруун гарын эрхий хурууг нь татсан, хуруугаа бариад өвдөж байна гэж хэлсэн, би мултарсан байх гэж бодсон, өндөр болохоор намайг боосон, би ухаан алдаагүй, бага зэрэг амьсгаа боогдсон, бид хоёр 3-4 минут маргалдаж ноцолдсон, тэр хүн намайг энэ үед заамдсан хэвээрээ байсан  ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өглөөний 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто замын хөдөлгөөнд 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр оролцож байхдаа 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байсан хохирогч *******ыг дуут дохио өглөө, автомашин руу нулимлаа гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан бие бие заамдан авсан байхдаа баруун гарын эрхий хурууг хойш дарж эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны дунд шивнүүрийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өглөөний 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто замын хөдөлгөөнд 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр оролцож байхдаа 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байсан хохирогч******* нь автомашин руу нулимлаа гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан бие бие заамдан авсан байхдаа хүзүүн тус газарт нь шахаж боосноос хүзүүнд цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч*******гийн өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла Моллын уулзвар дээр явж байхад хойноос үл таних, хар өнгийн жижиг машинтай хүн байнга сигналдаад, урагшаа явах гэрэл ассан байсан ч цагдаа зохицуулж хаачихсан байсан болохоор явахгүй байсан, би хөдлөөгүй болохоор тэр машины жолооч цонхоороо машин руу нулимсан, тэгээд бид баруун эргээд явж байхад тэр хүн 2 дугаар эгнээнээс намайг шахаад урагш чигээрээ яваад өгсөн, тэгэхээр нь миний уур хүрээд гүйцэж очоод хуримын ордны урд явж байхад шахаж зогсоод би түрүүлж буугаад цагдаа зохицуулаад байхад яагаад байгаа юм, машин руу нулимдаг нь яаж байгаа юм гэж асуусан. Тэгэхэд өөдөөс бууж ирээд миний өмсөж явсан хувцасны захнаас бариад намайг заамдсан бөгөөд гарийг нь тавиулахаар таттал баруун гарын эрхий хурууг нь татсан, хуруугаа бариад өвдөж байна гэж хэлсэн, би мултарсан байх гэж бодсон, өндөр болохоор намайг боосон, би ухаан алдаагүй, бага зэрэг амьсгаа боогдсон, бид хоёр 3-4 минут маргалдаж ноцолдсон, тэр хүн намайг энэ үед заамдсан хэвээрээ байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******-ын өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла Моллын зүүн талд би өөрийн 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Спэйт загварын тээврийн хэрэгсэлдээ ганцаараа явж байхад урд 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч явж өгөхгүй байхаар нь сигналдсан, тэгтэл Шангрилла моллын зүүн талын уулзвар дээр огцом урд тооромслохоор нь хажуугаар нь өнгөрөхдөө холоос цонхоор нулимчхаад яваад өгсөн, Чойжин ламын сүмийн урдуур өнгөрөөд хойшоо эргэх уулзвар дээр тухайн 00-00 УУУ улсын дугаартай Филдер маркийн тээврийн хэрэгслийн жолооч урдуур шахаж зогсоод бууж ирээд машин руу нулимлаа гэж уурласан, тэгээд зууралдаад бид хоёр заамдалцсан бөгөөд тэр залуу баруун гараараа миний баруун гарын эрхий хурууг хойш нь дарсан, хуруу эвгүй дугарч өвдсөн, тэгээд тэр залуу гэмтэл үзүүлээд зураг авхуулаарай гэж 20.000 төгрөг өгсөн би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хуруу хугарсан байна гэж хэлсэн. Би тухайн хүний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй, тээврийн хэрэгсэлд нь халдсан зүйлгүй харин заамдсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн “...*******гийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... *******ын биед баруун гарын эрхий хурууны дунд шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч*******гийн яллагдагчаар өгсөн “...үл таних эрэгтэй машинаасаа бууж ирээд надтай маргалдаж эхэлсэн бөгөөд би “цагдаа зохицуулж байхад яагаад араас сигналдаад мөн шахаад байгаа юм бэ” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм, явж чадахгүй бол зайл” гэж хэлж надаас өндөр байсан учир хоёр гараараа миний энгэрээс зуурч, боосон бөгөөд би боолтыг нь тавиулах гэж баруун гарынх нь эрхий хурууг мушгиж хугалсан. Тухайн үедээ миний хоолой боолгосноос болж улайж, хөндүүр орсон байсан. Энэ явдлын дараа би уг залууд хуруугаа үзүүлээрэй гэж хэлээд өөрт байсан 20.000 төгрөгийг өгчихөөд цаашаа явсан. Ямар хохирол учирсан талаар сайн мэдэхгүй байна, гэхдээ хохирол барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...машинаасаа үл таних залуу бууж ирээд  миний машины урд ирэхэд би бууж очтол “яагаад нулимж байгаа юм” гэж хэлсэн бөгөөд би “яваа” гэж хэлээд уг залууг түлхтэл миний энгэрээс заамдаж, би зөрүүлж энгэрээс нь заамдаж байтал уг залуу миний баруун гарын эрхий хурууг мушгиж хугалсан, дараа нь нөгөө залуу “наадах чинь хугараагүй байхаа гэж хэлээд миний хурууг буцаагаад хэвэнд оруулж” мултарсан байх гэж надад 20.000 төгрөг өгчихөөд явсан. Надаас арай намхан хүн байсан бөгөөд би хоёр гараараа энгэрээс нь заамдсан, ямар хохирол учирсан талаар сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч*******г заамдаж боосон үйлдлийг, шүүгдэгч******* нь хохирогч *******ын баруун гарын эрхийн хурууг мушгиж дарсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.  

 “...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд *******,******* нар нь хэн алиныхаа биед харилцан халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаа “...Шүүгдэгч *******ын хохирогч*******гийн эрүүл мэндэд учруулсан хүзүүнд цус хуралт гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан буюу ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-35 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Аригуунтөгс “...Шүүгдэгч*******гийн хохирогч *******ын эрүүл мэндэд учруулсан баруун гарын эрхий хурууны дунд шивнүүрийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч*******гийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч*******г хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *******ыг хохирогч*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгуулын ял оногдуулах...” саналыг,  

Шүүгдэгч*******гийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч *******ын зүгээс “...торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.  

Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт ял шийтгэл оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлагын талаарх шүүгдэгч нарын санал, тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 700.000 төгрөгийн торгуулийн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хэн алинаасаа нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Л-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Ш овогт Б-ын А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /Долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР