Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 42

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч С.Үржхорол,

улсын яллагч У.Дэндэвдорж,   

хохирогч Б.Батдэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч З.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.6, 112.2.8-д заасан гэмт хэрэгт З.Гантуяаг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201501000215 дугаар 2 хавтас хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газарт шалгагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, 2 нас 2 сартай охины хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 4-15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Зоригтын Гантуяа /РД:МЬ87090109/.

Шүүгдэгч З.Гантуяа 2015 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Оюунтунгалаг,  Б.Батдэлгэр, Б.Оюун-эрдэнэ нарын утасны 99151538, 99113411, 99697799 дугаар луу 80211152 дугаарыг ашиглан өөрт нь “20 000 000 төгрөг шилжүүлэн өгөх”-ийг шаардаж “хэрэв өгөхгүй бол гэр бүлийнх нь нэр хүндийг гутаасан мэдээ, баримтыг интернэт орчинд тараах”-аар заналхийлсэн мессеж илгээсэн,    

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол амны 18192 дугаар байр, 7 дугаар гудамж, 2-256 тоотод цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Б.Оюунтунгалагаас “100 000 000 төгрөг гаргаж өгөх”-ийг шаардан, түүний охин 1 нас 7 сартай О.Мишээлийн биед хүч хэрэглэн хөнгөн гэмтэл учруулан барьцаалахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Хохирогч Б.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед ажил дээрээ байхад утсанд маань ойр ойрхон мессеж ирээд байсан. Гараад үзтэл “Танай ач охиныг барьцаалах гэж оролдсон хүн байна. Би уучлалт гуйдаг хүн биш” гэсэн маш олон мессеж ирүүлсэн байсан. Тэгээд охин руугаа ярихад миний утсанд бас ирсэн гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр очсон. 18-ны өдөр “Яагаад мөнгөө хийхгүй байна, 15 минут өнгөрлөө” гэсэн утгатай мессеж ирсэн. Улмаар цагдаагаас хамгаалалт хүсэхэд 2 цагдаагаар мануулж хоносон. Тухайн үед бид сэтгэл санааны хүнд байдалд байсан. Одоо З.Гантуяагаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.  

 

201501000215  дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Б.Оюунтунгалагийн: “2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний 99151538 дугаар руу нэг эмэгтэй хүн яриад Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүүхдийн амны хөндий үзэж судалгаа авъя гээд залгахаар нь би гадуур ажилтай явж байна, өнөөдөр хүүхдээ үзүүлж амжихгүй гэж хэлсэн. Би энэ өдрийг яагаад сайн санаж байгаа вэ гэвэл 2015.10.02-ны өдөр 10-н жилийн ангийнхантайгаа уулзах гээд явж байсан, маргааш нь амралтын өдөр Фэйсбүүкдээ уулзалтын зураг хийж байсан. Тэгэхэд над руу ярьсан эмэгтэй нэг дэхэд очиж үзье гэж хэлээд утсаа тасалсан. 2015.10.05-ны өдөр 12 цагийн үед 99151538 дугаар руу ямар дугаараас залгасныг бас сайн санахгүй байна дүүргээс хүүхдийг чинь үзэхээр гэрийн чинь гадаа ирчихлээ, хүүхдээ дулаан хувцаслаад аваад гараад ир гэж ярихаар нь би охиноо хувцаслаад эгч Оюун-Эрдэнэтэй хамт гарахад энэ судалгааг бөглөөд хүүхдийнхээ ягаан дэвтрийг аваад гараад ир гээд өгөхөөр нь би гэртээ ганцаараа орж судалгааг нь бөглөчихөөд хүүхдийнхээ ягаан дэвтрийг аваад гарч ирсэн. Тухайн үед манай эгч охин Мишээлийг тэврээд гадаа хашаанд салхилуулж байсан. Тэгээд би буцаж гараад бөглөсөн судалгаагаа өгөхөд нөгөө үл таних эмэгтэй манай эмч энэ хавиар хүүхдүүд үзэж байгаа аяар танайд ирж хүүхдийг чинь үзнэ гээд л машинд суугаад явсан. Тэр машин нь хар ногоон өнгийн жижиг суудлын тэрэг байсан марк, дугаарыг нь тодорхой сайн санахгүй байна, манай гэрийн хашаанаас хол зайтай зогсчихсон байсан болохоор харж амжаагүй. Тэр эмэгтэй жолоочтойгоо ирсэн байх машиндаа суугаад явсан өөр хүн байхгүй байсан байх. Үүнээс хойш энэ эмэгтэй надтай дахиж утсаар яриагүй, манай гэрт эмч ирж хүүхэд үзээгүй. ...Тэр эмэгтэй анх цагаан өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн маск зүүчихсэн ирж байсан. 163-165 см орчим өндөртэй, махлагдуу, хоёр нүдэндээ давхраа оёулсан эмэгтэй байсан.

2015.12.04-ний өдөр 13 цаг 25 минутанд 99151538 дугаар руу 96447344 дугаараас өмнө нь над руу залгаад ярьж байсан эмэгтэй залгаад “Дүүргээс ярьж байна, хүүхдийн сэтгэл зүй гээд 2 дугаар үеийн судалгаа авч байна” гэж над руу ярихаар нь би өмнө нь та нар ирээд амны хөндий үзнэ гээд үзээгүй шүү дээ гэж хэлэхэд одоо очихдоо амны хөндийгөө үзээд судалгаагаа авна гэж хэлэхээр нь би өнөөдөр ирээд үзэж болохгүй юм уу, би 1 дэх өдрөөс 5 дахь өдөр хүртэл хичээлтэй байдаг юм гэж хэлэхэд 1 дэх өдөр өглөө 09-11 цагийн хооронд очно гэртээ байж байгаарай гэж хэлсэн. 2015.12.07-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ...аав Батдэлгэр хашааны гадаа байсан хүнтэй уулзахад танай охинтой чинь хүүхдийг нь үзнэ гэж ярьсан, манай эмч машиндаа хүүхдийг чинь үзнэ, машин урд доголдчихлоо гэж ярьсан байна лээ. Тэгээд ээж намайг 10 цаг өнгөрч байхад хүүхдийг чинь үзэх гээд эмч ирчихсэн байна гэж хэлэхээр нь би ганцаараа хашааны гадаа гарахад өмнө нь ирж судалгаа бөглүүлж авч байсан эмэгтэй маск зүүчихсэн хар бараан өнгийн куртик өмсчихсөн байсан. Хатуу хавтсан дээр судалгаа тавьчихсан энийг бөглөөд хүүхдээ хооллоод дулаан хувцаслаад хүүхдээ аваад гараад ирээрэй гэж хэлэхээр нь би манай хүүхэд дөнгөж саяхан сэрсэн хоол хийж амжихгүй гэж хэлэхэд нөгөө эмэгтэй хүүхдээ хөхүүлчихээд гараад ир, хэлэн дээр нь өнгөр тогтоох шаардлагатай гэж хэлэхээр нь би судалгааг нь гэртээ орж бөглөчихөөд охиноо хувцаслаад охинтойгоо хоёулаа гарахад нөгөө эмэгтэй хашааны гадаа зогсож байсан. Би бөглөсөн судалгаагаа өгөхөд буцааж надад өгөөд танай хүүхэд чинь хэр их бишүүрхдэг вэ? Тэвэрч үзье гэхээр нь би судалгаатай хавтсыг нь аваад охиноо өгөхөд тэвэрч байснаа чи ороод хүүхдийнхээ ягаан дэвтрийг аваад ир, би хүүхдийг чинь тэвэрч байя гэж хэлэхээр нь би манай хүүхэд танихгүй хүнээс бишүүрхээд байдаг юм, би хүүхдээ аваад орчихъё гэж хэлээд гэртээ ороод ягаан дэвтрийг аваад буцаж гарч ирэхэд нөгөө эмэгтэй хүүхдийг чинь одоо эмчид үзүүлэх юм чинь би тэвэрчихье гэхээр нь хүүхдээ өгөөд тэврүүлээд баруун талд байсан машин руу алхаж байтал нөгөө эмэгтэй куртикнийхээ халааснаас шар саарал иштэй 10 см орчим урттай хутга гаргаж ирээд манай охины зүүн хацарт нь тулгаад “одоо чи эргэж хараад яв, би охиныг чинь аваад явна” гээд хутгаараа намайг чичээд байхаар нь би охиноо булааж аваад чи яасан мэдрэл муутай юм бэ? гэж хэлэхэд шууд машин руугаа гүйгээд суугаад машинтайгаа явсан. Машин нь хөндлөн зогсчихсон байсан болохоор улсын дугаарыг нь харж амжаагүй. Цагаан өнгийн марк 2 шиг загвартай суудлын машин байсан хойд хоёр хаалганы цонх нь тентэй байсан учраас өөр хүн байсан эсэхийг хараагүй. Жолооч нь гээд нэг эрэгтэй хүн жолооны ард суучихсан байсан нь тенгүй цонхтой байсан учраас харагдаж байсан. Тэгээд би гэр рүүгээ гүйгээд орсон. Манай охин О.Мшээлийн зүүн хацар нь бага зэрэг зүсэгдсэн байсан. Энэ талаар аав, ээждээ хэлээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан.

Дараа нь буюу 2015.12.17-ны өдөр 80211152 гэсэн дугаараас миний 99151538 дугаар руу “танай гэр бүлийнхнийг би маш сайн судалсан учраас цагийн дотор миний дансанд мөнгө хийхгүй бол би фэйсбүүкийн хүн их группэд танай гэр бүлийнхний тансаг хурим, зугаалга гээд зургуудыг хүний үнэргүй баячуудын тансаглал гарчигтай тавих болно. Яг цагийн дараа би интернэтэд зураг тавина” гэж мессэж ирэхээр нь би дансаа явуул гэж хариу бичихэд 5001371039 гэсэн дансны дугаар, Тогтох өөрөө хандив гэсэн нэрээр хийгээрэй гэж мессэж над руу явуулсан байсан. Мөн энэ дугаараас аав Батдэлгэрийн 99113411 дугаар руу “Ач охиныг чинь өрөвдсөн учраас өгч явуулсан” гээд дээрх над руу явуулсан мессэжээ явуулаад “цагийн дотор 20 сая төгрөг миний дансанд хий” гэж манай гэр бүлийхнийг айлган сүрдүүлсэн. Манай эгч Оюун-Эрдэний 99697799 гэсэн дугаар руу мөн дээрх дугаараас аав, бид хоёрын утасны дугаарыг бичээд “ямар шийд гаргасан бэ, дансны дугаар авахаар бол залга, эсвэл мессэж бич” гэж мессэж явуулсан. Манай эгч, нөхөр бид нарын утасны дугаарыг хаанаас яаж олж авсныг мэдэхгүй байна, бид нар өөрсдийнхөө утасны дугаарыг өөрсдөө харагдахаар тавьсан байдаг. Тэрнээс гадны ямар нэгэн хүн харах боломжгүй... 99151538 дугаар нь манай ээж У.Дэнсмаагийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Би энэ дугаарыг 2007 оноос эхлэн барьж байгаа тэрнээс өмнө манай ээж барьж ашигладаг байсан... 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 07 минутанд миний барьж ашиглаж байсан 99151538 дугаар руу 80211152 дугаараас “одоо нэтээр бүр гоё юм тавина” гэсэн мессэж ирүүлсэн. 15 цаг 11 минутанд “яаралтай мөнгө хэрэгтэй байгаа болохоор ингэж байна, намайг барьлаа гээд ялгаагүй, илүү ширүүн болох байх, та нар баячууд биз дээ, 20 сая хоолны мөнгө л баймаар” гэсэн мессэж ирүүлсэн. 15 цаг 15 минутанд “бүгдийг ингээд дуусгая гэж бодсон юмсан, та нар мөнгө харамлаад барих гээд улайраад байвал би юу хийхийг харж бай” гэсэн меесэжүүдийг ирүүлсэн. Миний зүгээс нэг их гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-хх-35-37, 38, 2-хх-14/,

Хохирогч Б.Батдэлгэрийн: “...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13 цагаас эхлэн миний 99113411 дугаар руу 80211152 дугаараас “би танай ач охиныг чинь барьцаалах гэж оролдсон хүн байна. Би уучлалт гуйдаг хүн биш” гэсэн маш олон тооны мессэж ирүүлсэн. Мөн “1 цагийн дотор миний дансанд 20 сая төгрөг хийхгүй бол гэр бүлийн чинь талаар нийтэд тавина, хэрэв та нар мөнгө өгвөл танай гэр бүлээр дахиж оролдохгүй амар тайван амьдарч болно” гэсэн утгатай мессэж ирүүлсэн. 99113411 дугаарыг би одоогоос 3-4 жилийн өмнөөс барьж эхэлсэн яг хэдэн он гэдгийг тодорхой санахгүй байна. Уг дугаар нь миний нэр дээр байдаг. Дээрх гэмт хэргийн улмаас сэтгэл санааны маш их дарамт, айдас түгшүүр дунд ажиллаж амьдарч байна. Миний зүгээс болон манай гэр бүл нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.

...2015.12.18-ны өдөр 13 цаг 08 минутад 80211152 дугаараас “одоо нэтээр бүр гоё юм тавина” гэсэн мессеж дахин ирүүлсэн” гэх мэдүүлэг. /2-хх-16-17, 18/,

Хохирогч Б.Оюун-Эрдэнийн: “...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 48 минутанд миний 99697799 дугаар руу 80211152 гэсэн дугаараас “99113411, 99151538 юу гэж шийдэв, дансны дугаар авах уу эсвэл интернэт орж зурагнуудаа үзэх үү залгаад хэлчих” гэсэн мессэжүүд ирсэн. 14 цаг 04 минутанд “данс авбал мессэж бич залгах шаардлагагүй” гэсэн, мөн “10 минут өнгөрсөн” гэсэн мессэжүүд ирсэн. Орой 18 цаг 35 минутанд “фэйсбүүкт Халиун Дөлгөөн гээд ороод үз хэдэн хүн шэйр хийх бол би маргааш өшөө олон хүнтэй группээр тавих болно бүх монголчууд үзтэл нь тараана” гэсэн мессэжүүдийг ирүүлсэн. Тухайн үед ирүүлсэн Халиун Дөлгөөн гэсэн хаяг руу орж үзэхэд манай гэр бүлийнхний зураг байгаагүй харин мөнгөний шэйрлэсэн зургийг тавьчихсан байсан. Маргааш нь буюу 2015.12.18-ны өдөр 13 цаг 08 минутанд “одоо нэтэд бүр гоё юм тавина” гэсэн мессэж ирүүлсэн. Дээрх гэмт хэргийн улмаас надад болон гэр бүлд сэтгэл санааны маш их дарамт үүссэн. Тэрнээс бодитой хохирол учраагүй. 80211152 дугаараас ирсэн мессежүүдийг уншихад манай гэр бүлээс ямар нэг байдлаар мөнгө нэхэж шаардсан байсан. Тэрнээс биш аав, дүү бид нараас тус тусад нь хэдэн төгрөг өг гэж шаардаж нэхсэн зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /2-хх-20-22/,

Гэрч У.Дэнсмаагийн: “2015.12.07-ны өглөө 10 цагийн үед хашааны хаалган дээр ...нэг эмэгтэй ирчихсэн байхаар нь би нөхөр Батдэлгэрийг ...ямар учиртай явж байгаа талаар асуу гэж хэлэхэд танай охиныг үзэх гээд эмчтэйгээ ирсэн, машин урд доголдоод зогсчихсон байна гэж хэлэхээр нь манай нөхөр хашааны хаалга онгойлгоод манай зээ охин урьд шөнө халуурч хоносон одоо унтаж байна, гэрт орооч гэхэд өнөөдөр үзнэ гэж хэлсэн шүү дээ гээд нилээн ууртайгаар хэлээд цаашаагаа машин руугаа алхаад явчихлаа гэж нөхөр Батдэлгэр надад хэлсэн. Би охин Оюунтунгалагыг сэрээгээд охиныг нь эмч үзнэ гэж хэлсэн юм уу гэж асуухад өмнө нь үзнэ гээд үзээгүй явчихсан гээд нилээн дургүй босч ирээд ганцаараа гараад удалгүй буцаж орж ирээд ширээн дээр нэг зүйл бичээд суугаад байсан.

...авч орсон зүйлээ бөглөж дуусаад зээ охин Мишээлийг хөхүүлээд хувцаслаад хоёулаа гарахдаа цэнхэр хавтастай бөглөсөн бичгээ аваад гарсан. Удалгүй орж ирснээ хүүхдийн ягаан дэвтрээ аваад ир гэж байна гээд аваад гарсан. ...би цонхоороо хартал Оюунтунгалаг охиноо тэврээд хашааны хаалган дээр зогсож байхаар нь хаалга онгойлгож өгөхөд хүүхдээ тэврээд гүйж орж ирэхээр нь би ямар хурдан эмчдээ үзүүлдэг юм бэ гэж бодоод өрөөнөөсөө гарч ирэхэд манай охин Оюунтунгалаг зээ охин Мишээл нар уйлчихсан байхаар нь юу болсон талаар асуухад Оюунтунгалаг хутга энэ тэр гээд яриад уйлаад байхаар нь би охиноо тайвшруулаад болсон асуудлын талаар яриулахад энэ хүн чинь Мишээлийг хулгайлах гэж ирсэн хүн байна, Мишээлийн хацарт нь хутга тулгаад зүсчихлээ гэж хэлсэн. Манай охин Оюунтунгалаг орж ирэхдээ хүүхдийн ягаан дэвтэр болон тэр хүний өгсөн цэнхэр хавтсыг барьж орж ирсэн. Тэгээд 102 дугаар руу залгаж цагдаа дуудсан. Тэр хооронд охин Оюунтунгалаг нөгөө эмэгтэйн барьж явсан цэнхэр өнгийн хавтсыг нээж үзэхэд судалгааны хойд талд нь 3 цагийн дотор 100 сая төгрөг бэлд, цагдаа сэргийлэхэд хэлэх юм уу араас хөөх оролдлого хийвэл бид хүүхдийг чинь аваад тэр чигээрээ алга болно, хүүхэд чинь та нарт 100 саяас илүү үнэтэй гэж найдъя 3 цагийн дараа хаана мөнгө авах, яахаа утсаар хэлж мэдэгдэнэ, 100 сая төгрөгийг ямар нэгэн хэл үггүйгээр дансанд хийвэл хүүхдээс чинь ширхэг ч унагахгүйгээр буцааж өгнө, 20000-тын дэвсгэртээр 100 сая төгрөгийг бэлд, аминд тулсан мөнгө хэрэгтэй нэг нь танай хүүхдийг нухчиж магадгүй нийгэм хэцүү болж гэсэн компюьтер дээр шивсэн бичиг байсан. Тэгээд манай гэр бүл хүүхдийг барьцаалж мөнгө нэхэх гэж байсныг мэдээд дахиад 102 руу залгаж нөгөө бичгийн талаар учрыг хэлсэн.

...2015.12.17-ны өдөр Батдэлгэрийн 99113411, Оюунтунгалагийн 99151538, Оюун-Эрдэнийн 99697799 дугаарууд руу 80211152 гэсэн дугаараас “манай хүүгийн хуримын зураг, манай гэр бүлийн амралт, зугаалгын зураг, нохой тэжээдэг зургийг хүний үнэргүй баячуудын тансаглал гарчигтайгаар аль олон хүнтэй сайтаар тарааж тавина, өдөр 16 цаг гэхэд ядаж 20 сая төгрөг дансаар шилжүүлж хэргээ дуусга, дансанд мөнгө хийхгүй бол насны өстнөө бэлдлээ шүү та нарыг тайван амьдруулахгүй шүү” гэсэн заналхийлсэн мессежүүдийг явуулж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-39-41/,

Гэрч Б.Оюунбатын: “2015 оны 9 дүгээр сард өдрийг нь санахгүй байна манай эхнэр надад хэлэхдээ дүүргээс нэг эмэгтэй охин О.Мишээлийн талаар судалгаа авна гэж яриад байгаа талаар ярьж байсан. Хэрэг гарахаас өмнөх 7 хоногт санагдаж байна намайг ажил дээр байхад миний 94941792 дугаар руу юнителийн дугаараас залгаад эхнэрийг чинь дугаар холбогдохгүй байна, судалгаа авах гэсэн юм, өөр холбогдох дугаар байна уу гэж асуухаар нь би эхнэрийн эгч Оюун-Эрдэнийн 99697799 дугаарыг өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг ажил дээрээ байхад хадам эгч Оюун-Эрдэнэ над руу залгаад танихгүй хүн танай охиныг авч зугтаах гээд ирлээ явлаа гээд уйлаад ярихаар нь би ажлаасаа чөлеө аваад хадам ээж Дэнсмаа руу ярихад болсон асуудлын талаар хэлсэн. ...Манай охины зүүн хацар дээр бага зэргийн улаан туяатай зүсэгдсэн байсан. Хэрэг болсны дараагийн 7 хоногт байсан санагдаж байна яг өдрийг нь сайн санахгүй байна. Манай эхнэрийн 99151538 дугаар руу юнителийн дугаараас “өвчтэй, зовлонтой хүмүүс их байна, манай нөхөр хүнд өвчтэй, мөнгө хэрэгтэй учраас ийм аргаа ядахдаа ингэж байна, нэг дансны дугаар явуулаад энэ данс руу мөнгө шилжүүл, шилжүүлэхгүй бол фэйсбүүкт танай гэр бүлийн тансаглал, баян сайхан амьдралын талаар зургийг чинь олон нийтэд дэлгэж гэрийн хаяг, утасны дугаар гээд бүх мэдээллийг тавина. Над шиг аргаа ядсан хүмүүс зөндөө байгаа байх” гэсэн сүрдүүлсэн янзтай олон тооны мессеж явуулсан байсан” гэх мэдүүлэг /1-хх-47/,

Гэрч Т.Дэлгэрцэцэгийн: “Би З.Гантуяа гэх эмэгтэйг урьд өмнө танихгүй. “Зүрх бүхний төлөө” ТББ нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсанаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүүкэд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байх Ахмадын асрамжийн хөгжлийн төвийн 124 ахмадуудад туслах үйл ажиллагаа явуулах гэж групп нээж пост бичсэн. Уг хандивын аянд оролцох хүмүүсийг 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Саманг плазагийн кофе шопод уулзъя гэсэн зарыг 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тавьсан. 2015.11.21-ний өдөр 14 цагт зарын дагуу 3 хүн ирсний нэг нь З.Гантуяа гэх эмэгтэй байсан, ...тэгэж л З.Гантуяатай анх танилцаж фэйсбүүкээр харьцаж байсан.

2015.12.17-ны өдөр 14 цаг 37 минутанд 80211152 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн нэрээ хэлээгүй яриад “та нар Батсүмбэр явах гэж байгаа “Зүрх бүхний төлөө” ТББ-ын хүн мөн үү” гэж ярихад тийм байна гэж хэлэхэд би танай хандивын данс руу 200 000 төгрөг хандивлах гэж байгаад 20 сая төгрөг байгууллагынхаа данснаас шилжүүлчихлээ, хэрэв танай дансанд мөнгө орсон байвал 500 000 төгрөг дансандаа үлдээгээд өдөр 16 цагаас өмнө аваад манай байгууллагын данс руу хий гэж ярьснаа болиод би жолоочоо явуулъя, чи банкнаас мөнгө аваад явуулчих гэж ярихаар нь би өдөр 15 цаг өнгөрч байхад Цайз захын Хас банкинд очоод “Зүрх бүхний төлөө” ТББ-ынхаа дансаа шалгуулахад ямар нэгэн орлого ороогүй байхаар нь би 80211152 дугаар руу залгаад эгчээ манай дансанд гаднаас ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй байна, та данс андуурсан юм биш үү гэж хэлэхэд 5001371039 гээд манай “Зүрх бүхний төлөө” ТББ-ын дансыг хэлээд мөн биз дээ гэхээр нь би банкны теллерээс асуухад 1 саяас дээш мөнгө 2 цагийн дараа шилжиж ордог гэж хэлэхээр нь би дахиж 80211152 дугаар руу залгаад мөнгө төгрөг ороогүй байна, хэрвээ та мөнгө явуулсан бол 1 саяас дээш төгрөг 2 цагийн дараа ордог гэж банкны теллер хэлсэн талаар хэлсэн. Чи банкин дээр хүлээж байгаад 2 цаг болохоор мөнгөө аваад манай жолоочид өгөөд явуул гэж яриад байсан. Тэгээд би банк хаатал 17 цаг 30 минут хүртэл хүлээж суугаад дахин дансаа шалгуулахад ямар нэгэн орлого ороогүй байсан, ...мөн мөнгө авах жолооч гэсэн хүн ирээгүй, хэлсэн 20 сая төгрөг нь ч ороогүй. ...би фэйсбүүкэд Зүрх бүхний төлөө төрийн ТББ-ын группэд хандивын 5001371039 гэсэн дансны дугаараа бичээд үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаараа бичсэн. ...94645614 дугаарыг 2015 оны 08 дугаар сард билүү 09 дүгээр сард өөрийн нэр дээр бүртгүүлж авсан” гэх мэдүүлэг.  /1-хх-55-56, 2-хх-22/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17450 дугаар актын дүгнэлтэд: “1.Мишээлийн биед зүүн хацрын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /1-хх-64/,

З.Гантуяагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад Орбитын тойргоос цайвар өнгийн суудлын авто машинд гар өргөж суугаад Батдэлгэрийн гэр рүү явсан. Би таксигаа Батдэлгэр ахын хашаанаас ертөнцийн зүгээр урд талд нь зайтай зогсоогоод машинаас буугаад ганцаараа хашааны хаалган дээр очоод тогшиж дуудахад Батдэлгэр ах өөрөө хашааны хаалган дээр ирэхээр нь “би дүүргээс явж байна, хүүхдийн судалгаа авах гэсэн юм” охиноо хүүхэдтэй нь дуудчих гэж хэлэхэд Батдэлгэр ах за гээд орсон. Би Орбитын тойргоос такси барихдаа 40 гаран насны жолооч эмэгтэйд “би Найрамдал орж айлаас охиноо аваад гараад ирнэ” гэж хэлсэн байсан. Тэгтэл Батдэлгэр ахын охин Оюунтунгалаг хүүхдээ аваад гараад ирэхээр нь би судалгааны хүснэгтийг хатуу хавтсын хамт өгөөд бөглөчих гэж хэлсэн. Оюунтунгалагаас хүүхдийн чинь ягаан дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр байна уу? гэж асуухад гэртээ орхичихсон байна, аваад ирье гээд миний өгсөн судалгааг аваад хүүхдээ тэврээд орсон. Би Оюунтунгалагийг орохоос нь өмнө хүүхдээ үлдээгээд орох юм уу? гэж асуухад аваад орно гээд хүүхдээ аваад орсон. Удалгүй Оюунтунгалаг хүүхдээ тэврээд миний өгсөн судалгааг аваад гарч ирэхээр нь би одоо машин руу очоод хүүхдийг чинь эмчид үзүүлнэ гэж хэлээд машин руу явж байхдаа Оюунтунгалагаас хүүхдээ нааш нь өгчих би тэвэрье гэж хэлэхэд Оюунтугалаг хүүхдээ надад өгөхөөр нь би судалгаа болон хатуу хавтсаа Оюунтунгалагт өгөөд хүүхдийг нь тэвэрч явахдаа куртикнийхээ халааснаас бор өнгийн иштэй эвхдэг ойролцоогоор 5 орчим см урттай хутга гаргаад хүүхдийн нүүрний орчим бариад Оюунтунгалагыг хол бай, цаашаа зогс гэж хэлэхэд Оюунтунгалаг миний гарнаас хүүхдээ шүүрээд авахаар нь машиндаа сууж яваад Орбитын тойрог дээр буугаад гэртээ харих замдаа бор өнгийн иштэй эвхдэг жижиг хутгаа хаячихсан.

...Би 2015 оны 10 дугаар сар, 11 дүгээр сард бодож байгаад Батдэлгэр ахын зээ охиныг дүүргээс явж байна, судалгаа авъя гэж байгаад охиныг нь салгаад аваад явчих байх гэж бодож төлөвлөсөн чинь Оюунтунгалаг хүүхдээ надад үлдээж гэр рүү орохгүй байхаар нь хүүхдэд нь хутга тулгаж байгаад хүүхдийг нь авч зугтаагаад Москва хороололд цагийн 4000 төгрөгөөр хүүхдийн тоглоомтой хүүхэд хардаг газар байлгаж байгаад 100 сая төгрөг авъя гэж бодсон. Би 2015.12.07-ны өдөр интернэтэд орж сууж байгаад 3 цагийн дотор 100 сая төгрөг өг, цагдаа сэргийлэхэд хандаж болохгүй хандах юм бол дахиж холбоо барихгүй цааш нь бичсэн зүйлээ сайн санахгүй байна. Уг бичгийг би өөрөө бичсэн ба судалгааны хамт хатуу хавтсан завсар үлдээсэн байсан. 2015 оны 10 дугаар сард өдрийг санахгүй байна Батдэлгэр ахын 99113411 дугаар руу цагаан утсаар залгаад дүүргээс ярьж байна, хүүхдийн судалгаа авч байгаа, охиныхоо утасны дугаарыг өгөөч гэхэд Оюунтунгалагийн 99151538 гэсэн дугаарыг хэлэхээр нь би Оюунтунгалаг руу ярихад гэртээ байна гэхээр нь Орбитын тойргоос такси бариад Батдэлгэр ахын Найрамдалын гэрийнхээ гадаа очоод судалгаа бөглүүлээд явсан. Тэр үед хүүхдийг авч зугтаах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Харин дараа нь ойр орчмын орон сууц, газрын байршлыг судалж үзсэн.

...2015.12.14-ний өдөр Драгоны хойд талын автобусны буудал дээр байдаг ТҮЦ-нээс Халиунаа гэдэг 1992 оны охины цахим үнэмлэхийг миний таньдаг хүн байна гэж хэлээд худалдагч 40 гаран насны эмэгтэйд 3000 төгрөг өгч бичиг баримтыг нь авч гараад Драгоны юнителийн салбар руу орж Халиунаагийн бичиг баримтаар 80211152 гэсэн дугаарыг 5000 төгрөгөөр худалдаж авсан. Маргааш нь буюу 2015.12.15-ны өдөр би Батдэлгэр ахын 99113411 дугаар руу 80211152 дугаараас “танай гэр бүлийн зургийг фэйсбүүк дээр тавьлаа шүү 20 сая төгрөг шилжүүл” гэж мессэж бичихэд хариу ирээгүй. Би Фэйсбүүк рүү орж Батдэлгэр ахын гэр бүлийнхний зургийг хүү Баажийгийн Фэйсбүүкийн зурагнаас нь татаж аваад “Dulguun” нэрээр шинэ хаяг нээхэд утасны дугаараа бич гэхээр нь 80211152 гэсэн дугаарыг шивсэн. Тэгээд Батдэлгэр ахын гэр бүлийнхний зургийг шинээр нээсэн хаягтаа тавьсан. Тэр өдрөө би Батдэлгэр ах руу “20 сая төгрөг шилжүүлбэл фэйсбүүкээс зургийг чинь устгана” гэж дахин мессэж бичихэд Оюунтунгалагийн 99151538 гэсэн дугаараас “дансны дугаараа явуул” гэсэн мессэж ирэхээр нь би “Зүрх бүхний төлөө” ТББ-ын Хас банкны дансны дугаарыг Фэйсбүүк дээр байдаг группээс нь хараад явуулсан. Тэр өдрөө дахин Оюунтунгалагийн 99151538 дугаар руу “мөнгөө яасан бэ” гэж мессэж бичихэд хариу ирээгүй. Маргааш нь буюу 2015.12.16-ны өдөр “Зүрх бүхний төлөө” ТББ-ын гишүүн Тогтох гэж хүний дугаар руу 80211152 гэсэн дугаараас яриад танай данс руу хандивын мөнгө явуулах гэж байгаад андуураад өөр гүйлгээ хийчихсэн байна. Танай данс руу 20 сая төгрөг шилжүүлчихсэн байна 500.000 төгрөгийг нь дансандаа үлдээгээд 19.500.000 төгрөгийг бэлнээр аваад өгчих гэж хэлэхэд нөгөө эмэгтэй банкин дээр ирлээ манай дансанд мөнгө ороогүй байна гэж хэлэхээр нь Батдэлгэр ах руу дахиад мөнгөө хийгээч гэж мессэж бичихэд хийхээрээ хэлье гэсэн хариу мессэж ирсэн. Тэгээд би Батдэлгэр ахыг мөнгө өгөхгүй юм байна гэж бодоод 5 дахь өдөр Бөхийн өргөөний хойд талын автобусны буудал дээр 80211152 гэсэн сим картыг хаячихсан.

...80211152 дугаар авч тухайн өдрөө Батдэлгэр ахын 99113411, охин Оюунтунгалагийн 99151538 дугаар руу “гэр бүлийн чинь зургийг интернэтэд тавина шүү, интернэтэд тавиулахгүй гэвэл 20 сая төгрөг өгөх”-ийг шаардсан мессежүүдийг явуулсан. Батдэлгэр, Оюунтунгалаг нараас хариу ирэхгүй болохоор нь Батдэлгэр ахын охин Оюун-Эрдэнийн дугаарыг нь санахгүй байна. Батдэлгэр 99113411, Оюунтунгалагийн 99151538 дугааруудыг бичээд, энэ хоёр дугаараас хариу ирэхгүй байна. Мөнгө өгөхгүй бол гэр бүлийн чинь зургийг интернэтэд тавина шүү гэсэн мессэжийг явуулсан. Би Батдэлгэр ах, Оюунтунгалаг, Оюун-Эрдэнэ нараас тус тусад нь 20 сая төгрөг нэхсэн асуудал байхгүй. Ер бол Батдэлгэр ахын гэр бүлээс нь 20 сая төгрөг өгөхийг шаардсан” гэх мэдүүлэг/1-хх-96-99, 104-105, 2-хх-26/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-8-13/, хураан авсан тэмдэглэл /1-хх-28-31/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-32/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-хх-33/, гэрч С.Зоригтын мэдүүлэг /1-хх-48/, Г.Оюунчимэгийн мэдүүлэг /1-хх-50/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-хх-68-72/, утасны баримт /1-хх-195-200/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар /1-хх-109/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /1-хх-120/, шүүх сэтгэц эмгэг судлалын 82 дугаар дүгнэлт /1-хх-213-215/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /1-хх-249-250/, гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл /2-хх-8/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-хх-50/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд зэргийг уншиж шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.Гантуяа 2015 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Оюунтунгалаг,  Б.Батдэлгэр, Б.Оюун-Эрдэнэ нарын 99151538, 99113411, 99697799 утасны дугаарууд руу 80211152 дугаарын утас ашиглан мессеж /зурвас/ илгээн “тэдний гэр бүлийн нэр хүндийг гутаасан мэдээ, баримтыг интернэт орчинд тараах”-аар заналхийлэн “20.000.000 төгрөг өөрт нь шилжүүлэн өгөх”-ийг шаардсан,

Мөн З.Гантуяа нь шунахайн сэдэлтээр, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол амны 18192 дугаар байрны 7 дугаар гудамжны 2-256 тоотод иргэн Б.Оюунтунгалагаас “100 000 000 төгрөг гаргуулах болзол” тавьж түүний хүүхэд болох 1 нас 7 сартай О.Мишээлд бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан барьцаалахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.Гантуяаг иргэнээс мөнгө гаргуулахаар болзол тавьж хүн барьцаалах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, зэвсэг хэрэглэж, насанд хүрээгүй хүн барьцаалахыг завдсан, мөн бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч З.Гантуяаг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч З.Гантуяад ял шийтгэл оногдуулахдаа бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч З.Гантуяа нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр охин М.Есүйүжинг төрүүлсэн болох нь төрсний бүртгэлийн 249/004463 дугаар лавлагаа /2-хх-50/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7320 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул З.Гантуяаг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх гэж дүгнэж, түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.Гантуяа нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 60 /жар/ хоног цагдан хоригдсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг Эс-3 маркийн 4gb меморитай, Юнителийн симтэй 1 ширхэг гар утсыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригтын Гантуяаг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн,

мөн хүн барьцаалах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, зэвсэг хэрэглэж, насанд хүрээгүй хүн барьцаалахыг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д зааснаар шүүгдэгч З.Гантуяаг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.6, 112.2.8-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан З.Гантуяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.6, 112.2.8-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дугаар зүйлийн 149.1-д зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, З.Гантуяагийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар З.Гантуяад оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар З.Гантуяа 60 /жар/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг Эс-3 маркийн 4gb меморитай, Юнителийн симтэй, 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Гантуяа бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч З.Гантуяад 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргээс зайлсхийвэл хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд З.Гантуяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Гантуяад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                               ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР

                                   ШҮҮГЧИД                             И.ГАНБАТ

                                                                              Т.АЛТАНТУЯА