Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0442

 

 “Т” ТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 24- ний өдрийн 427 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Т” ТББ-ын нэхэмжлэлтэй Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дархан-Уул аймгийн 22 дугаар хорооны нутагт байрлах 6-р байр нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд 1971 онд байгуулсан “Нууц протокол”-ын дагуу манай улсад байрлаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд ашиглаж байсан 58 объектын нэг юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн болон хавсралт хуулийн дагуу протокол нь хүчингүй болсон бөгөөд Засгийн газар 1993 он хүртэл уг протоколын үйлчилгээг зогсоож, шийдвэрлэх үүрэгтэй байсан. Энэ асуудал одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй.

Энэхүү протокол нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын тухай хууль, Газрын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг гол тулгуур хуулиудын тодорхой заалтуудыг зөрчсөн байгаагаас гадна Олон улсын гэрээний эрх зүйн 1969 оны Венийн конвенцийн 61 дүгээр зүйлийн 1, 60 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “б”-д заасан заалтуудыг тус тус зөрчиж байгаа гэдгийг Монгол Улсын Засгийн газар тодорхойлон энэхүү протоколын дагуу баригдсан монголын иргэд сүүлийн 20 жил амьдарч буй орон сууцны байруудын асуудлыг төр засгаас шийдвэрлэн улмаар оршин суугчдад нь давуу эрхээр хувьчлахаар ажиллаж байгаа. Эдгээр орон сууцуудад 2000 онд тухайн үеийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан Т.П нь “ОХУ-ын өмч” мэтээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь илт хууль бус, хүчингүй болгох үндэслэлтэй.

Тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3-т “эд хөрөнгийг Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн бүртгэнэ", мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар орших бүртгэлийн байгууллагад гаргана” гэснийг зөрчиж, Дархан хотын 6 дугаар байр /одоогийн 12 дугаар/-ны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2202005426 дугаарт Улаанбаатар хотод бүртгэсэн. Энэ бүртгэлийг хийж, гэрчилгээ олгосноос болж ОХУ-ын дээрх байранд амьдардаг Дархан-Уул аймгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөж, олон жилийн турш түрээсийн өндөр төлбөр төлөн, байрнаасаа хөөгдөх байнгын аюул дунд амьдарцгааж байна.

Уг байрыг “ОХУ-ын өмч” гэж хууль бусаар бүртгэснээс болж, ОХУ-аас түрээслэгч компани нь “Түрээсийн гэрээ” нэрийн дор оршин суугчдыг дур мэдэн хөөх, дарамтлах, орон сууцыг зориулалтын бусаар ашиглах зэрэгт хяналт тавих боломжгүй байдалд хүрээд байна. Иймд, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2202005426 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ болон холбогдох баримтыг Засгийн газрын болон холбогдох байгууллагаас гаргуулж, нягтлан шалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.З, М.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дархан-Уул аймгийн Дархан сум, 22 дугаар хороололд байрлалтай 2821.25 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 6 дугаар байрыг ОХУ-ын өмчлөлд бүртгэж, 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрхийн 22851 тоот гэрчилгээг олгосон... БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газрын хоорондын 1971 оны протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж, 1971-1975 онуудад 50000 м.кв талбайтай орон сууц болон соёл, ахуйн зориулалттай барилгыг /Улаанбаатар хотод 40000 м.кв, Дархан хотод 10000 м.кв / зөвлөлтийн барилгыг байгууллагын хүчээр барих, уг барилгууд нь ЗСБНХУ-ын өмч байхаар шийдвэрлэсэн... Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад улс орны дипломат зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль хэсэгт оршихоос үл хамааран Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт төвлөрүүлэн бүртгэх тухай тус газрын даргын 17 тоот тушаалыг үндэслэн ОХУ-ын хөрөнгөөр барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. Нэхэмжлэлд дээрх протокол нь хүчингүй болсон гэж дурдсан боловч протоколыг хүчингүй болгосон тухай тогтоол, шийдвэрийг манайд өнөөг хүртэл албан ёсоор ирүүлээгүй, дээрх 6 дугаар байрыг улсын бүртгэлд бүртгэх үед энэ протокол хүчин төгөлдөр байсан. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 427 дугаар шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 оны/-ийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хууль /1994 оны/-ийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /хуучин нэрээр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар/-ын 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн 220005426 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлах 6 дугаар байрны өмчлөгчөөр ОХУ-ыг бүртгэсэн бүртгэл болон Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 22850 дугаар гэрчилгээг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо: ..Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Оросын холбооны улсын өмчлөлд бүртгэсэн нь “Т” ТББ-ын ямарваа нэгэн ашгийг зөрчсөн эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ОХУ-ын хөрөнгөөр барьж, улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд Монгол Улсын иргэд тухайн орон сууцыг зөвхөн гэрээний үндсэн дээр түрээсэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцыг Монгол Улсын иргэдийн хөрөнгөөр бариагүй бөгөөд зөвхөн гэрээний үндсэн дээр тухайн орон сууцанд амьдардаг.

Шүүх эрх ашиг нь хөндөгдөж болох ОХУ-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Тухайн орон сууцыг ОХУ өөрийн хөрөнгөөр барьж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага “тухайн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн агуулгатай байхад тухайн бүртгэлийн өмчлөгчөөр бүртгэгдсэн ОХУ-ыг оруулалгүй шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанүндэслэлээр хязгаарлалгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

  1. Хавтаст хэргийн 6, 17-р хуудас, 17-р хуудасны ар талаас 26-р хуудас хүртэл, түүнчлэн 76-р хуудаснаас 82-р хуудасны ар тал, 88-р хуудаснаас 90-р хуудасны ар талд тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт авагдсан байна.

Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг тус тус зөрсөн байна.

Иймд, шүүх дээрх баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзвэл хуульд заасан шаардлагыг хангуулан авах, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзвэл нотлох баримтаас хасах тухай захирамж гаргах нь зүйтэй.

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19 тоот албан бичгээр, мөн оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус тус хүсэлт гаргасан боловч дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай 2009 оны тунхаглалд “...Ерөнхийлөгч Д.М, Улаанбаатар болон Дархан хот дахь орон сууцны 8 байрыг Монголын талд шилжүүлэх шийдвэрийг нотоллоо...” гэж тусгасан асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байна гэж үзээд дээрх 6 дугаар /оршин суугчдын нэрлэдгээр 12 дугаар/ байранд холбогдох маргаанд ОХУ-ыг татан оролцуулалгүй шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С дээрх 8 байранд энэхүү 6 /оршин суугчдын нэрлэдгээр 12/ дугаар байр ороогүй гэж тайлбарлаж байна. Энэхүү тайлбараас дүгнэхэд ОХУ-аас Монголын талд шилжүүлэхээр шийдвэрлэсэн 8 байр, түүнээс гадна Монголын талд шилжүүлэхээр шийдвэрлээгүй 1 байр /энэхүү маргаж байгаа 6 дугаар байр/ гэсэн 2 төрлийн байр байна гэж дүгнэж болохуйц байх бөгөөд анхан шатны шүүх Монголын талд шилжүүлэхээр шийдвэрлэсэн 8 байранд энэхүү байр орж байгаа эсэх талаар нотлох баримтад тулгуурлаж, дүгнэлт хийгээгүй байна.

  1. Шүүхэд “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ нэхэмжлэл гаргахдаа Дархан-Уул аймаг дахь 6 дугаар /оршин суугчдын нэрлэдгээр 12 дугаар/ байрны оршин суугч, түрээслэгчдийг итгэмжлэлээр төлөөлж байгаа гэж тайлбарлаж байна.

Хавтаст хэргээс үзэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 хороолол, 6 дугаар байрны 64 өрхийг төлөөлж Д.С нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан эрхийг эдэлж оролцох, энэхүү итгэмжлэлээ “Т” ТББ-ыг тэргүүн Б.Б-т шилжүүлэх эрхтэй байхаар тусгасан 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн баримт байна.

Д.С нь “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ-ын тэргүүн Б.Батцэцэгт 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэл олгосон, тус холбоо нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улмаар нэхэмжлэгч “Т” ТББ нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг Б.С-т олгожээ.

Анхан шатны шүүх дараах нөхцөл байдлыг шалган тогтоох шаардлагатай байна. Үүнд:

а. Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, 22 хороолол, 6-р байрны 64 өрхийг Д.С төлөөлж байгаа гэх боловч хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан баримтаас үзэхэд дээрх оршин суугчдыг 6 дугаар байрны оршин суугчид гэж үзэх боломжгүй байхаас гадна 64 өрхөөс олгосон итгэмжлэл гэж дүгнэх боломжгүй байгааг нягтлах,

б. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан итгэмжлэлд дүгнэлт өгч уг итгэмжлэлээр “Т” ТББ-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж итгэмжлэл олгосон эсэх, тус холбооны тэргүүн ажилтай, иргэн Б.Б-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж итгэмжлэл олгосон эсэхийг тодруулах, эсвэл Д.С нь итгэмжлэлээ шилжүүлж байгаа эсэхийн аль нь болохыг тогтоох,

в. “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ нь анх Д.С-т олгосон гэх итгэмжлэлд дурдсан хугацаанаас хэтрүүлж, илүү урт хугацаатай итгэмжлэлийг Б.Сүхбаатарт олгосон байгааг анхаарахаас гадна “Т” ТББ нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд хэрэгт авагдсан итгэмжлэлүүдэд үндэслэн дүгнэлт хийх нь зүйтэй.

Шүүх хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны актыг зөв тодорхойлох шаардлагатай байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд “Т” ТББ нь “2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2202005426 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн, харин хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг “1999 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2202005426 дугаартай улсын бүртгэл” гэж тайлбарлаж байна.

Гэтэл шүүх “2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 220005426 дугаартай бүртгэл”-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дээрх бүртгэл хийгдээгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсанаас өөр улсын бүртгэлийг/захиргааны актыг/хүчингүй болгосон байна.

Иймд, дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                       ШҮҮГЧИД                         Д.БААТАРХҮҮ

                                                               Э.ХАЛИУНБАЯР

                                                               Э.ЗОРИГТБААТАР