Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 3150

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/03150

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол  дугаар байр  тоотод оршин суух, 1000 онд төрсөн 35 настай, Ш овогт ИХ/РД:ЙЮ/

           Хариуцагч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо  хороолол  дугаар байр  давхар ББХХК /РД: 2/

 Орон сууцны талбайн мкв-ын зөрүү 4.138.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Хоролсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч И.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: И.Х миний бие ББХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалах гэрээ байгуулж Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 43 дугаар байр 69 тоот орон сууцыг худалдаж авсан.ББХХК нь орон сууцны хэмжээг 32.12 мкв гэж тооцон нийт 38.319.160 төгрөгөөр худалдсан бөгөөд 1 м.кв талбайн үнэ 1.193.000 төгрөгөөр тооцсон. Энэ хэмжилтээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Бид гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийг төлсөн. Орон сууцыг 2013 оны 12 дугаар сард ББ ХХК нь хүлээлгэн өгч түлхүүрээ авсан. Орон сууцаа хүлээн авч анх ороход зохион байгуулалт нь сонин, мкв нь арай жоохон ч юм шиг санагдаж байсан. Байраа хүлээж авснаас хойш орон сууцын үл хөдлөх гэрчилгээ гарсан. 2017 оны 07 дугаар сард байраа зарахаар хүнд үзүүлэхэд байр сонирхсон хүн маань байрны мкв дутуу байж болзошгүй, өөрийн баримжаагаар хэмжихэд дутуу байгааг хэлж харилцан тохиролцож худалдаж чадаагүй. Дараа нь орон сууцны талбайн хэмжээг зураг төслийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага Тоонто гранд ХХК-иар 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэмжилт хийж гүйцэтгүүлэн нийт талбайн хэмжээг 28.50 мкв байгааг тогтоолгосон. Хэмжилт хийлгэхээс өмнө болон дараа нь компанид хандахад энэ асуудлаа захиралд хэл гэсэн шаардлага тавьсан. Орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс дутуу худалдаалснаас болж надад биет байдлын доголдолтой, эд хөрөнгийн хохирол учирсан. ИймдББХХК-наас орон сууцны талбайн зөрүү болох 3.62 мкв талбайн үнэ буюу 1 м.кв-ыг 1.193.000 төгрөгөөр тооцон 4.138.660 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            ХариуцагчББХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн И.Х-н нэхэмжлэлтэйББХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.ББХХК нь И.Хоролсүрэнтэй 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр №069/14 Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулан 2 давхарын 69 тоот 32.12 мкв орон сууцыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч И.Хнь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа болон барилгын баталгаат хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд түүний шаардах эрхийн үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын байгуулсан гэрээний 3.6-т орон  сууцын засал чимэглэл, дотоод заслын материалаас бусад барилгын үндсэн хийцтэй холбоотой асуудлыг Барилгын тухай хуулийн дагуу 3 жилийн хугацаанд санал хүсэлтийг хүлээн авч барагдуулна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авснаас хойш 4 жил гаруйн хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авх үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд И.Х-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч И.Хнь хариуцагчББХХК-нд холбогдуулан орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү метр квадратын үнэ 4.138.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч И.Хнь хариуцагчББХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Хувьсгалчдын зам-3 МҮОНРТ-ийн ажиллагсадын 120 айлын орон сууцны барилгаас 69 тоот 2 өрөө 32.12 мкв талбайтай орон сууцыг 1 мкв талбайн үнэ 1.193.000 төгрөг нийт үнэ 38.319.160 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гүйцэтгэгчББХХК гэрээний 3.1-т заасан орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч гэрээний 2.2-т заасан төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг хүлээж гэрээ байгуулсан байна.

Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч И.Хоролсүрэн, хариуцагчББХХК нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хүлээлгэн өгсөн орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тохирсон 32.12 мкв-аас бага байгаа гэж маргажээ.

Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнтэй, доголдолтой холбоотой шаардлага гаргасан боловч гомдлын шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заажээ.

Хэдийгээр орон сууцны талбайн хэмжээ нь мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий этгээд хэмжилт хийсний үр дүнд тогтоогдох нөхцөл байдал учраас орон сууцны талбайтай холбоотой доголдлыг шууд хараад мэдэх боломжгүй боловч ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар хуульд заасан, захиалагч нь гүйцэтгэгчББХХК-иас сууцыг 2013 оны 12 дугаар сард хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан боловч нэхэмжлэгч энэ хугацааны дотор хариуцагчаас шаардаж байгаагүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сард орон сууцыг хүлээн авснаас хойш 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж үзэв.

            ИймдББХХК-д холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 3.62 метр квадратын үнэ  4.138.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Х-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 81.169 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.          

            ХариуцагчББХХК-ийн захирал Д.П-д энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчББХХК-иас орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 3.62 метр квадратын үнэ 4.138.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Х-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.169 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.     

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                      

                      

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА