Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/422

 

 

 

 

 

 

   2022        04          22                                   2022/ШЦТ/424

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Иргэдийн төлөөлөгч А.Өлзийжаргал,

Улсын яллагч М.Отгонбаатар,

            Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч А.Энхтүвшин,

            Хохирогчийн өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Хавчиг овогт Нэргүйн Мөнхнаранд холбогдох эрүүгийн 2209000000134 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр, Сүхбаатар аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ........... мэргэжилтэй, “..........” ХХК-д пассадчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ аймгийн .............. сумын 0 дугаар баг, Ц гэх нэршилтэй газар оршин суух үндсэн хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00 дүгээр гудамжны 000 тоотод түр оршин суудаг гэх Урьд

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Х овогт Н-н М /РД:ЖЖ00000000/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-402 тоотод *******той архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цээж хэсэгт нь хутгалж, түүний биед цээжний зүүн талд 4-5 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх шингэн хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “... Би 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 15:00 цагт гэртээ байхад манай дүү гэртээ халамцуу ирсэн, эхнэр нь машин барьж ирсэн, би тэгээд муу сайн зүйл зөндөө байна, одоо л сайхан амьдарч болж байгаа юм чинь архи дарс багасгавал яасан бэ? гэж хэлсэн. Тэгээд миний үгэнд ороод гэр лүү явсан. Би тэгээд орой нь ахын дүү хүрээд ирээрэй, нэг газар орж сууя  гэж хэлсэн. Тэгээд дүүд одоо яв яв манайд хүргэн ирээд баяраа тэмдэглэж он гаргаад бүгдийг нь гэр гэр лүү нь явуулсан. Тэгээд маргааш нь гэртээ байхад ирээд жаахан сууж байгаа явъя гэхээр нь би за тэгвэл тэг тэг ахын дүү, машин тэрэг битгий бариарай, болохгүй бол манай хүргэн эрүүл байгаа юм чинь машинаа бариулаад явуулна гэж хэлсэн. Тэгж хэлтэл надтай маргалдаж эхэлсэн. Та одоо яасан сүртэй юм вэ? баярын өдөр жаахан уусан байхад гэж хэлсэн. Тэгээд дүү явъя гэхээр нь архи уусан байхаар нь ахын дүү жаахан байж байгаад яваач гэхэд хоёулаа гэрт маргалдаад зуралдсан. Орон дээр сууж байсан чинь манай дүү би та нарт ад үзэгдээд байгаа юм бол явлаа, зайллаа, амиа хорлоно гэж хэлээд гараад явсан. Тэр үед хутга авч гарсныг нь хараагүй байсан. Манай эхнэр О наад чинь хутга аваад гарчихлаа, хурдан гараач гэхээр нь би гараас нь хутга барьсныг нь харсан.  Гадаа байсан улаан дэвсгэрт тээгэлдэж унаад, гараас нь хутгыг авах гэж араас нь гүйгээд, тэгээд унаад босоод ирэхэд миний гарт хутга байсан бөгөөд тэгээд яг юу болсон бэ? гэхэд манай эхнэр чи дүүгээ хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд манай хүргэн, дүү хоёрыг дуудаж, гэр лүү аваад орсон. Миний ухаан манартаад ингэж хутгалчихдаг юм байх даа гэж зогсож байхад Н гарч ирээд хутгаа болилдоо, дүүгээ хутгалчихлаа шүү дээ гэхэд би сандраад харсан чинь хутга бариад зогсож байсан. Гадаа зогсож байхдаа цагдаа ирээд мэдүүлэг өгснөө сайн санахгүй, архи ууснаас ч болоод уу, ухаан балмагдаад, архи уухгүй байж байгаад архи уусан чинь хурдан согтоод тиймэрхүү юм болсон...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцоно. хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүний биед санаатай гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн хангагдаагүй гэж үзсэн. Хэрэг хэзээ, хаана болсон, ямар гэмтэл учирсан, хэрэгт авагдсан хэргийн материалууд мөн байсан уу? гэдэг дээр маргаагүй. Гол нь гэмт хэргийн бүрэлдэхүүн, санаа, сэдэл,  зорилго, шалтгаан нөхцөл, хэн гэмтэл учруулсан гэдэг дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өөр зүйл харагдаж байна. Хохирогч анхнаасаа хэлдэг, би бол юуг ч санахгүй байна, гэрч А.Н-ийн мэдүүлэг, түүний эхний мэдүүлэг нь харсан, хутгатай байсан, хутгалчихлаа” гэж мэдүүлсэн. Тэгээд гэрч А.Н-гээс  мэдүүлэг тодруулж авахаар өөр хүн өөр мэдүүлэг өгч байна, та яг хутгалсныг харсан уу? гэхэд хутгалсныг би хараагүй юм, харахад *******ыг аваад гэр лүү орсон байсан. Тухайн үед гартаа хутгатай байснаас болж тэр маргаан болж байгаа гэсэн боловч гадаа маргалдаж байгааг эсвэл гэртээ маргалдаж байгааг, унаад хутгалж байгаа байдлыг би хараагүй, зүгээр логикоор гартаа хутгатай байсан болохоор хутгалсан, эсвэл гартаа хутгатай байсан хүн гэсэн утгаар логик дүгнэлт хийсэн мэтээр мэдүүлж байна. Улсын яллагчийн зүгээс ирүүлсэн яллах дүгнэлтийн үндэслэл болж байна гэрчийн мэдүүлэг ийм байдлаар үгүйсгэгдэж байна. Дараагийн 2 гэрч тэр үед байгаагүй,  тухайн үед энгийн нэг иргэн очоогүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэргийн газарт дуудлагаар очсон ийм үүрэг бүхий албан тушаалтнууд бөгөөд тэр үүргийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа болох хэргийн газрын үзлэг хийсэн. Хийсэн ажиллагааны хүрээнд хийснээр тэмдэглэл үйлдэж, зургаар баталгаажуулсан. Мөрдөх байцаах ажиллагааны тэмдэглэлд хэрэг болсон газар, гэр дотор маргалдсан, зууралдсан гэж байгаа, гэхдээ маргалдсан гэж тайлбарлах байсан уу, зууралдсан гэдгээр тайлбарлах нь зүйтэй юу гэдэг дээр би маргах шаардлагагүй гэж бодож байна. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд дотор болсон хэргийн талаар мэдүүлсэн байгаа боловч хоёр, гурав дахь гэрч нарын яг хутгалсан гэж мэдүүлээд байгаа яллах дүгнэлтийн үндэслэл болж байгаа гэмт хэргийн шинж чанар, ач холбогдол, бусад гэрчийн цагаатгах баримттай яаж уялдах вэ? гэдэг дээр дамжмал нотлох баримт, мэдүүлэг авч байгаа юу? гэхээр зүгээр буу халж байгаа юм шиг машинаас нь гаргаж ирээд асуухаар хутгалсан гэж мэдүүлсэн. Дээрхээс дүгнэж хэлэхэд гэрч А.Н-г асуухад гарт нь хутга байсан хутгалсан гэж мэдүүлсэн шиг тухайн үед дүүтэйгээ ямар нэгэн асуудал болж зодолдсон байж магадгүй ба машины өмнө унасан гэж байгаа нь нотлогдож байна. Энэ дээр өмнө нь даавуун дэвсгэрт тээгэлдэж унасан байх боломжтой гэж мэдүүлгүүдээс ч гарсан, цагдаа ч гэсэн мэдүүлсэн. Тэр үед хутгалж байсныг нь шууд харсан хүн байхгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болж байгаа яллах баримтууд үгүйсгэгдэж байна. Гэрч О-ийн мэдүүлэг дээр хэн, яаж хутга авч гарсан, хутгыг авч гарсан сэдэл ямар байсан, дүүгээ хутгалчихъя, айлгачихъя гэж гарсан уу? гэдэг дээр тодорхой дүгнэлт хийж болох байх. Үүнд шууд санаатай үйлдэл харагдахгүй байна ба хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйл, заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотолбол зохих баримтууд нотлогдоогүй. Энэ яллах дүгнэлтэд зүйл анги нь тохирохгүй байна, харин болгоомжтой үйлдэл үү гэдэг дээр ач холбогдол өгөх хэрэгтэй. Зөвхөн яллах дүгнэлтийн хүрээнд шийдэхэд  энэ гэмт хэрэг санаатай үйлдэгдсэн эсэх нь эргэлзэлтэй байгаа бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэх хуулийн заалтаа бариад шийдэж өгнө үү ...” гэжээ.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Би ахтай хамт нэг компанид ажилладаг, 2021 оны 12 дугаар сарын 31-нд өдөр ажил дээр архи ууж нэлээд согтсон. Ажлаас ахтай хамт гарсан бөгөөд ах ажил дээр архи ууж ирлээ гээд зэмлэсэн, тэгээд гэртээ баяраа тэмдэглэчхээд ахын гэрт очоод гэр бүлээрээ байж байгаад гэр лүү явсан. Шөнө 2 цагийн үед ахын гэрт дахин очоод тасарсан байсан болохоор юу болсноо мэдэхгүй байна. 2 хоногийн дараа л эгч чи өөрөө өөрийгөө хутгалсан гээд хэлсэн, тэрнээс биш манай ах надад чанга үг хэлж үзээгүй, бид хоёр нэг айлын хүүхдүүд, ахын ажилд ороод 7-8 жил болж байна. Миний буруутай үйлдлээс болж ах маань шүүхэд дуудагдсан нь харамсалтай байна ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч А.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч *******ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. *******ын  эрүүл мэнд, хэргийн бодит үнэнийг тогтоолгох үүднээс хүсэлт гаргасны дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд эрх ашгийг нь хамгаалж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Энэ бол мөрдөгч, прокурорын үүрэг юм.Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцахад улсын яллагчаас шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар зөв зүйлчилж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хувийн байдал, хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал нь тогтоогдохгүй байна. Энэ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, энэ 3 хэргийн байдлаас миний хувьд хамгийн эргэлзээтэй нь  заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр. ГЭм буруугийн хэлбэр дээр зүйлчлэл яригдаж байна бөгөөд миний үйлчлүүлэгч санаатайгаар *******ын биед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирол учруулсан уу? Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь болгоомжгүйгээр учруулсан уу? Санаатай үйлдэл бол өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх ёстой. Харин болгоомжгүй үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх ёстой. Энэ гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч аль аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан байна. Тэр маргаан гэж яригдаж байна, ийм нөхцөл болсон юм шиг байна. Энэ маргаан ямар зорилготой байсан бэ? гэхээр дүүгээ архи, дарс битгий уугаач, ажил төрөл, амьдрал ахуйгаа алдах нь ээ, архи, дарс битгий уу гэсэн ахын хувиар төрсөн дүүгээ бодож санаа тавьсан шаардлага нь, тэрнээс хар буруу санаагүй, дүүгээ гэмтье гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Дүү нь яасан бэ? гэхээр үдээс хойш архи уугаад нөхцөл байдлыг мэдээгүй байсан юм байна. Хутгалсан уу? гэхээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаас яг хутгалсан гэсэн мэдүүлэг алга, шүүгдэгчийн хувьд ч энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Дээрхээс дүгнэж хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэхэд *******гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт биш харин өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэргийн шинжтэй зүйлчлэгдэхээр нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд дээрхийг харгалзан үүний дагуу гэм буруутайд тооцуулах саналтай байна ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

НЭГ: Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь аливаа гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог нэгэн төрлийн зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Түүнчлэн гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр тухайн хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь гэмтэл учруулах үйлдлийн хувьд санаатайгаар гэх үндсэн шинжийг хангахын зэрэгцээ, яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл нь шууд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд харин зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, санаатайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйлдэл нь үгүйсгэгдэж байна.

Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж “...хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, эд зүйл хэрэгсэл...”-ийг ойлгоно.

Хэрэг учрал болсон өдрийн үйл баримтаас харвал шүүгдэгч ******* нь өөрийн төрсөн дүү болох *******той архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэгллээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогч ******* нь гэрээсээ хутга авч гарсны дараа шүүгдэгч *******-н эхнэр Н.О нөхөр *******д хандан “...******* хутга аваад гарчихлаа, араас нь гар...” гэж хэлээд гаргасан гэх үйл баримт болоод шүүгдэгч ******* нь хохирогч *******ын араас гарч ямар нэгэн хувийн өс хонзонгийн сэдэлтгүйгээр түүнд хандан хутгаа өгөхийг шаардахад хохирогч өгөөгүйн улмаас түүнээс хутгыг нь авах зорилгоор зууралдаж, гэрийн гаднах хөлийн довжоон дээр бүдэрч унасан, тухайн уналтын улмаас хохирогчийн гарт байсан хутга түүний цээжин тус газарт зоогдсон гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудаас харвал шүүгдэгч ******* нь анхнаасаа зориуд санаатайгаар хохирогчийн биед халдах зорилгоор хутгыг тусгайлан бэлтгээгүй, түүнийг авч гараагүй, хохирогчийн эрүүл мэндэд болон амь насанд нь аюул учруулах санаа, зорилгогүй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд харин хохирогчийн авч гарсан хутгыг авах зорилгоор булаацалдаж байх үедээ болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэлээ.   

Гэмтлийн "хүнд" зэрэг гэдэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

            Амь насанд аюултай гэмтэл учруулсан, амь тэнссэн байдал үүсгэсэн, гэмтлээс их хэмжээний үлдэц, уршиг үүссэн, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр буюу 35-100% алдсан байхыг ойлгоно.

            Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №1225 дугаартай дүгнэлтээр “...Хохирогч *******ын эрүүл мэндэд цээжний зүүн талд 4-5-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх шингэн хуралдалт гэмтэл тогтоогдсон байх бөгөөд энэ Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна шүүхээс дүгнэлээ.

Иймд, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “... Миний үйлчлүүлэгч нь тодорхой эрхэлсэн ажилтай, хөрөнгийн эх үүсвэртэй, зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй бол шүүгдэгчийн зүгээс “...Би эхнэр болон 2 настай хүүхэдтэй амьдардаг тул торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

ГУРАВ. Бусад асуудлаар:

Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол, санал байхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай байна гэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт Н-н М-г “...Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж...” ирүүлснийг, “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Х овогт Н-н М-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ИДЭР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.БОЛДБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.АЗЖАРГАЛ