Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/524

 

                             

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, улсын яллагч Н.Улсболд, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0298 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Ц.О, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл хоёр, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 01 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Наран 13 дугаар гудамж *** тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 хүний буюу Г.И, Б.Э нарын толгойн тус газарт ямар нэгэн шалтгаангүйгээр заазуураар цохиж Г.И-ийн эрүүл мэндэд дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, Б.Э-ийн эрүүл мэндэд дух, баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Ц.О нь 2022 оны 01 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13 дугаар гудамжны ** тоотод ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр 2 хүний эсрэг буюу хохирогч Г.И, Б.Э нарын толгой руу заазуураар цохиж, хохирогч Г.И-ийн биед “...дагзны хуйханд шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Б.Э-ийн биед “...дух, баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн

дуудлага мэдээлэл (хавтаст хэргийн 1 дэх тал), гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дахь тал), хохирогч Г.И-ийн “...миний бие Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13 дугаар гудамж ** тоотод эхнэрийн хамт амьдраад 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед би, эхнэр О, эхнэрийн төрсөн ахынх нь хоёр хүүхэд болох Эн, Э бид нэг ширхэг 0.75 литрийн архи хувааж уусан. Уусны дараа Эн хойд талд байдаг гэртээ орохоор явсан. Харин эхнэр О, дүү Э бид гурав үлдэж зурагт үзээд шөнө хүргэсэн. Шөнийн 00 цагийн үед Э бид хоёр ороодог тамхи ороож татах гээд доошоо тонгойгоод сууж байтал эхнэр О хажууд зүгээр сууж байснаа гэнэт Э-ийн дух хэсэг рүү заазуурын ирээр нэг удаа цохичихсон. Тэгэхээр нь би гайхаад “хүүе” гэж хэлээд босож амжаагүй байхад миний дагз хэсэг рүү нөгөө заазуураараа нэг удаа цохисон. Э бид хоёрын заазуурдуулсан хэсгээс цус их хэмжээгээр гарч эхэлсэн бөгөөд энэ үед О заазуураа зуухны хажууд шидээд гараад явчихсан. Удалгүй эхнэр маань Эн-ыг дагуулж орж ирээд Э болсон үйл явдлыг сонсоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), хохирогч Б.Э-ийн “...И ах, О эгч бид гурав үлдэж зурагт үзээд шөнө хүргэсэн. Шөнө 00 цагийн үед И ах бид хоёр ороодог тамхи ороож татах гээд сууж байтал О эгч хажууд зүгээр сууж байснаа гэнэт бор иштэй заазуур аваад миний баруун хөмсөг хэсэг рүү заазуурын ирээр нэг удаа цохичихсон. Тэрийг харсан И ах гайхаад “хүүе” гэж хэлээд босож амжаагүй байхад нь дагз хэсэг рүү нөгөө заазуураараа мөн нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрч Б.Эн-ын “... нэг хашаанд, урд талын байшинд төрсөн ах Э эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 11 цагийн үед манай болон Э ахын эхнэр, хүүхдүүд байхгүй байгааг ашиглаад Э ах бид хоёр урд хашааны гэрт буюу О эгчийнд нөхөртэй нь дөрвүүлээ 0.75 литрийн Сүлд нэртэй архийг хувааж ууж дуусгаад 13 цагийн үед би ганцаараа гэртээ буцаж орж ирээд унтсан. Тэгээд унтаж байтал шөнийн 00 цаг 40 минутын үед О эгч гаднаас хоёр гар нь битүү цус болчихсон байдалтай орж ирээд "эгч нь нөхөр, Э хоёрыг заазуурдчихлаа” гэж хэлэхээр нь гарч гүйгээд урд талын хашааны гэр лүү орж үзтэл гэрийн шал нь цус болчихсон байхаар нь гэрт ганцаараа сууж байсан И ахаас юу болсон талаар асуухад “О бие заслаа гэж гараад буцаж орж ирээд Э бид хоёрыг ямар ч шалтгаангүй заазуурдчихлаа” гэхээр нь би 102-т дуудлага өгсөн. И ах мөн зуухны хажууд шалан дээр хэвтэж байсан бор иштэй заазуурыг заагаад “энэ заазуураар заазуурдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2012 дугаартай: “...Г.И-ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2011 дугаартай “...Б.Э-ийн биед дух, баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг нотлох баримтаар хэргийн бодит байдал эргэлзээгүйгээр сэргээн дүрслэгдэж байна.

Шүүгдэгч Ц.О нь яллагдагчаар “...нөхөр И, нагац дүү Э, Эн нарын хамт 0.75 литрийн архи хувааж уусан. Эн хойд талын хашаанд байдаг гэртээ орохоор явсан. Явсных нь дараа би унтсан, нэг сэрсэн чинь би гартаа заазуур барьчихсан, И, Э хоёрыг заазуураараа цохичихсон, газраар нил цус болчихсон байсан...” гэж (хавтаст хэргийн 64 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц.О нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2012 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.И-ийн, мөн сарын 24-ний өдрийн 2011 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Э-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.О-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.И, Б.Э нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ц.О-ийн үйлдэл нь хохирогч Г.И-ийн биед учирсан дагзны хуйханд шарх гэмтэл, Б.Э-ийн биед учирсан дух, баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.И, Б.Э нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.О-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй 1 ширхэг заазуур хураагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг 1 ширхэг заазуурыг устгуулах, мөн шүүгдэгч Ц.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.О: “...хэлэх зүйлгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), үлдэгдэл 20,600 төгрөгтэй талаар Хаан банкны депозит дансны хуулга, (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), 2012, 2017, 2018 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

    1. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Ц.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.О-т сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА