Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 114

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 80 дугаар багт оршин суух, Д.Р-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Х цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 300000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

     Нэхэмжлэгч Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Р миний бие Өлгий сумын Х цэцэрлэг анх нээгдэж үйл ажиллагаа явуулсан 2016 оны 3 дугаар сарын 01-нээс эхлэн томилогдон ажилласан юм. Түүнээс хойш цэцэрлэгт үйлчлэгчийн орон тоонд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд өмнөх эрхлэгч Б.Е нь 2017 оны 1 сард ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр эргүүлэн ажилд томилогдсон юм.

     Төрийн албан хаагч нарын бүгдэд нь 2017 оны 12 дугаар сард 300000 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сард шийдвэрлэсэн юм.

     Д.Р миний бие Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 55 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн боловч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 133 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 57 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1094 тоот тогтоолын үндсэн дээр Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 тоот тушаалаар ажилд эргүүлэн тогтоосон юм.

     Миний бие Өлгий сумын Х цэцэрлэгт үйлчлэгчийн орон тоонд байнгын ажлын байранд ажиллаж байсан, буцалтгүй тусламж олгох тухай Засгийн газрын тогтоол намайг ажил албан тушаал эрхэлж байхад гарсан тул буцалтгүй тусламжийн 300000 төгрөг авах ёстой гэж үзэж байна.

     Засгийн газраас төрийн албан хаагч нарт нэг удаа олгож байгаа тусламж /тэтгэмж/-ийг бүх төрийн албан хаагч нарт жигд олгосон байхад Д.Р надад Өлгий сумын Х цэцэрлэгийн эрхлэгч ажилтай С.Л нь янз бүрийн шалтаг зааж олгоогүй явдалд гомдолтой байна.

     Иймд шүүхээс хүсэхэд Х цэцэрлэгийн санхүүгээс Засгийн газраас олгосон 300000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч Д.Р шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн эхлэн тус Өлгий сумын Х цэцэрлэгт ажилд орсон. Түүнээс хойш цэцэрлэгийн үйлчлэгчийн орон тоонд тасралтгүй ажиллаж байхад тус цэцэрлэгийн өмнөх эрхлэгч Ермек нь намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон юм.

     Төрийн албан хаагч нарт бүгдэд нь 2017 оны 12 дугаар сард нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн юм. Миний бие тус 18 дугаар цэцэрлэгт байнгын ажлын байранд ажиллаж байсан. Тус нэг удаагийн тэтгэмжийг олгохоор Засгийн газраас шийдвэр гаргах үед би тус сургуульд ажиллаж байсан учраас тус тэтгэмжийг авах эрхтэй гэж үзэж байгаа. Тиймээс шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөн үү гэв.

     Хариуцагч Баян-Өлгий аймгийн Х цэцэрлэгийн эрхлэгч С.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би тус цэцэрлэгт үйлчлэгч ажилтай Д.Р-гаас танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

     1. Д.Р нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан үндэслэлээр шүүхэд хандаж гурван  шатны шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд эгүүлж томилохоор гарч, шат шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эргүүлж томилсон. Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар баталсан орон тоогоор тус цэцэрлэгт 17 хүн ажиллах ёстой.

     Намайг цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдохоос өмнө тухайн орон тоонд ажиллаж байсан Б.Е нь Д.Р-ыг ажлаас чөлөөлөхдөө цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ж.Ө-ийг үйлчлэгчээр томилсон байдаг. Д.Р-ыг ажилд эргүүлэн томилохдоо Ж.Ө-г ажлаас чөлөөлөх гэхээр 3 сартай нялх хүүхэдтэй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн заалт зөрчигдөх болж одоо үйлчлүүлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулж байгаа юм. Үүнээс болж манай орон тоо 1-ээр хэтэрч 18 хүн ажиллаж байна.

     Засгийн газрын тогтоолын дагуу олгож байгаа 300000 төгрөгийн буцалтгүй тусламж 17 хүнээр ирсэн тул Д.Р-д олгох боломжгүй болсон. Ингэхдээ Д.Р ажилд дөнгөж томилогдоод байсан байдлыг харгалзан түүнд буцалтгүй тусламж олгоогүй.

 

     Нэгэнт дээрээс 17 хүний тэтгэмжийн мөнгө батлагдаж ирсэн тул манай цэцэрлэгийн санхүүд олгох тэтгэмжийн мөнгө байхгүй, өөр эх үүсвэрээс түүний тэтгэмжийг нөхөж олгох боломжгүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

     Хариуцагч Х цэцэрлэгийн эрхлэгч С.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус цэцэрлэгт эрхлэгчээр томилогдсон байсан. Тус тэтгэмж нь Засаг даргын баталсан 17 хүний орон тоогоор батлагдаад ирсэн байсан. Р ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд хандаж 3 шатны шүүхээс түүнийг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Түүний дагуу би Р-г ажилд эгүүлэн томилсон. Тэр үед манайд 18 хүн ажиллаж байсан. Тэр үед туслах багш байсан Ө-г үйлчлэгч болгож Р-г ажлаас үндэслэлгүй халсан байсан.

     Тэгээд Р ажилд эгүүлэн томилогдоход Өримтайг ажлаас халах гэхэд Ө нь 3 сартай нялх хүүхэдтэй байсан болохоор халж чадаагүй. Тиймээс одоо манай цэцэрлэгт 2 үйлчлэгчтэй ажиллаж байгаа гэв. Засгийн газрын тогтоолоор олгогдох буцалтгүй тусламж манай цэцэрлэгт 17 хүний нэр дээр ирсэн. Тийм учраас би Р-д 300000 төгрөгийг олгож чадаагүй гэв. Тэр үед Р ажиллаад 2 сар болж байсан гэв.

 

     Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Д.Р нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Х цэцэрлэгээс төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 300000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

     Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгч Д.Р нь нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие Х цэцэрлэгт 2016 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн үйлчлэгчээр ажиллаж байгаа бөгөөд Засгийн газраас төрийн албан хаагч нарт олгож байгаа тэтгэмжийг надад янз бүрийн шалтаг зааж олгохгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Х цэцэрлэгийн эрхлэгчээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар тухайн цэцэрлэгийн орон тоог 17 хүнээр баталсан бөгөөд одоогийн байдлаар 18 тоотой ажиллаж байгаа ба Засгийн газрын тогтоолын дагуу олгож байгаа 300000 төгрөгийн буцалтгүй тусламж нь батлагдсан орон тоогоор ирсэн тул  олгох боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

     Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Р нь Өлгий сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалаар үйлчлэгчийн орон тоонд томилогдсон, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр мөн эрхлэгчийн 55 дугаартай тушаалаар үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн боловч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаартай шийдвэрээр тухайн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон ба уг шийдвэрийг үндэслэн Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд томилогдож одоо хүртэл ажиллаж байгаа болох нь тогтоогджээ.

     Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаартай Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын 1-ийн 1-д 2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохыг Засгийн газарт даалгасан байх ба Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд дээрх урамшууллыг сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байгаа албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ авахыг төсвийн шууд захирагч нарт даалгасан байна.

     Нэхэмжлэгч Д.Р нь 2016 оноос төрийн үйлчилгээний албанд өөрөөр хэлбэл Х цэцэрлэгт үйлчлэгчийн ажил эрхэлж байсан, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байх бөгөөд Улсын Их Хурлын дээрх тогтоол Засгийн газрын тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч төрийн албан хаагчид олгох 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшууллыг авах эрхтэй байна.

     Хариуцагчаас төрийн албан хаагчид олгох 300000 төгрөгийн буцалтгүй тусламж нь батлагдсан орон тоо болох 17 хүнээр ирсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү байдал нь Д.Р-д төрийн албан хаагчид олгох 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшууллыг авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзлээ.

     Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Х цэцэрлэгээс төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 300000 төгрөгийг гаргуулан Д.Р-д олгох нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Х цэцэрлэгээс төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 300000 төгрөгийг гаргуулан Д.Р-д олгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х цэцэрлэгийн санхүүгээс 9650 төгрөгийг гаргуулан Д.Р-д олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х