Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0416/Э |
Дугаар | 2022/ШЦТ/446 |
Огноо | 2022-04-27 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/446
2022 04 27 2022/ШЦТ/446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Б-н *******д холбогдох эрүүгийн 2109004660640 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Хэнтий аймгийн ......... сумын 0 дугаар баг, 00-00 тоотод оршин суух хаягтай, Урьд
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 331 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял,
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 06 сарын хорих ялыг нэг жилийн тэнсэн харгалзах ялаар,
Эрүүгийн 20946184 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 442 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож байсан Э овогт Б-ын ******* /РД:ЖЖ00000000/,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 00000 тоотод байхдаа хохирогч С.Г Хаан банкны дансны 00000000 дугаартай виза картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч нийт 16 удаагийн гүйлгээгээр 2.723.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 0000 тоотод байхдаа хохирогч С.Г Хаан банкны дансны 00000000 дугаартай виза картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч нийт 16 удаагийн гүйлгээгээр 2.723.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлд хийсэн “...2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 05 минутаас 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 23 минут хүртэл хугацаанд нийт 16 удаагийн гүйлгээгээр 2.713.100 төгрөгийн үнэлгээ хийгдэж, гүйлгээний суутгалд 2.258 төгрөг суутгагдаж, хохирогч С.Год нийт 2.715.358 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 22-23/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын камерын бичлэгт “...2021 оны 03 дугаар сарын 27-ны орой 22 цаг 49 минутад Хаан банкны АТМ-рүү хар өнгийн цамцтай эрэгтэй хүн орж ирэх ба мөнгө авах гэж байгаа бололтой байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 28-30/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Г өгсөн “...Би 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр засвар хийлгэхээр нутгийн залуу болох Н-ийг найзын хамт гэртээ засвар хийлгэхээр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 0 дүгээр гудамж 000 тоотод гэртээ авчирсан бөгөөд орой нь бид 3 шар айраг ууж байгаад унтсан. Өглөө 2021 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед сэртэл Н-ийн найз алга болчихсон байсан. Утасны интернэт банкаар хүн рүү мөнгө шилжүүлэх гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй болчихсон байсан. Тэгээд өмдний халаасаа үзтэл халаасанд байсан Хаан банкны картаа үзтэл байхгүй болчихсон байсан бөгөөд 2.778.300 төгрөг авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Н-ийн өгсөн “...Би Хархорин зах дээр юм зардаг байхдаа жилийн өмнө Т гэж танилцуулсан 45 орчим насны залуутай танилцаж байсан. Тэгээд Г-т гэртээ засвар хийхээр болж хүн асуухад нь би Хархорин зах дээр явж байгаад Т-тэй таараад засварын ажил хийх үү гэхэд тэгье гэхээр нь би дагуулаад Г-ын гэрт очсон. Очсон өдрөө жоохон барилгын ажил хийж байхдаа 3-4 шил шар айраг уусан бөгөөд удалгүй Г унтаад өгсөн. Тэгсэн чинь Т хамт дэлгүүр явъя гэхээр нь мөнгөтэй байгаа юм байна гэж бодоод дагаад явсан. Би дэлгүүр ороогүй гадаа байж байтал Төрөө 1 шил архи ундаа зэргийг барьчихсан гарч ирээд юу ч хэлээгүй яваад өгөхөөр нь би гэр рүүгээ хариад унтчихсан. Өглөө босоод Т-г хайсан чинь байхгүй байсан. Ажил хийнэ гэсэн өдөр Т-эй хамт дэлгүүр ороход нууц кодыг нь мэдсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/-р тал,
Хохирогч С.Г эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаартай дансны хуулга /хх-ийн 26-27/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Яг хэдэн төгрөг авч үрсэн гэдгээ сайн мэдэхгүй байна. Эхлээд 400.000 төгрөг авсан нийт хэчнээн удаагийн үйлдлээр хэдэн төгрөг авснаа бол сайн санахгүй байна, 2 сая гаран төгрөг авсан байх. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч ******* нь тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.
Шүүгдэгч *******ийн тухайд дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд, шүүгдэгч Ө.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгч *******өөс нийт 2.723.900 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Год олгуулах...” саналыг гаргасан бол хохирогч болон шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Гурав. Бусад
Шүүгдэгч *******ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч С.Год нийт 2.723.900 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулаагүй байна.
Иймд, шүүгдэгч *******өөс нийт 2.723.900 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Год олгож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г урьдчилан цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,
-хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Б-ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 01 жил, 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн урьдчилан цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******өөс нийт 2.723.900 /Хоёр сая долоон зуун хорин гурван мянга есөн зуу/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт С-гийн Г-т /РД:ЖЖ00000000/-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР