Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/534

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00775 0620 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овгийн Ц.Д, ** оны ** сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, “***” ХК-ний тэжээлийн үйлдвэрт ачигч ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Өндөрхаан ** гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 09-ний өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Д нь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Аюушийн ** тоотод 2022 оны 02 сарын 04-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн М.Д-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж биед нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний хугарал* гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Ц.Д нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Аюушийн ** тоотод 2022 оны 02 сарын 04-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн М.Д-ийг “хүүхэд дээр дарчхав* гэж хэлсний улмаас түүнтэй маргалдан нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, бие махбодод нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний хугарал* гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан* хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч М.Д-ийн “...2022 оны 02 сарын 04-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө.Г ахынд золголт хийгээд цайлж байхад Ц.Д согтуу орж ирсэн...Би Ц.Д-д хандаж “хүүхэд дээр дарчхав* гэж хэлэхэд Ц.Д би дарах дарахгүйгээ мэдэж байна гээд бид хоёр маргалдахад миний нүүр лүү гараараа цохиод намайг гэрээс чирч гарсан. Гэрийн гадаа гараад Ц.Д дахид миний нүүр лүү 2-3 удаа цохиход шүд болон хамраас цус гарсан, мөн нүд хөхөрсөн...Би шүүх эмнэлгийн 2692 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ц.Д миний нүүрний зүүн хэсэг рүү 3-4 удаа цохисон. Би эмчилгээ хийгээгүй тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), гэрч Ө.Г-ын “...манай гэрт М.Д орж ирж цай уусан. Тухайн үед Ц.Д гаднаас орж ирсэн. Тэгээд Ц.Д манай гэрийн зүүн талын орон дээр суусан ба гэрийн унинаас бариад мултлахад М.Д “чи айлд орж ирээд яагаад байгаа юм бэ, жоохон хүүхэд орон дээр унтаж байна, дээр нь суучхав” гэхэд Ц.Д “би мэдэж байна” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Ц.Д М.Д-ийг гараараа цохиод авсан. Тэгээд тэр хоёр гэрээс заамдалцаад гарсан ба Ц.Д М.Д-ийн нүүр рүү нь гараараа цохиход М.Д-ийн ам, хамраас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 2692 дугаартай “...М.Д-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...* гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ц.Д нь шалгах ажиллагааны үед яллагдагчаар*...Д бид хоёр хоорондоо маргалдаад би нүүр лүү нь гараараа цохиод Д-ийг цамцнаас нь зуураад гэрээс чирээд гарсан. Гэрээс гараад хашаан дотор мөн зүүн шанаа руу нь гараараа 2-3 удаа цохисон. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...* гэж (хавтаст хэргийн 40-41 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...* гэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Д нь тусгай дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 2692 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Д-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Д-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.Д-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Д-ын хохирогчийн нүүрэн тус газар нь цохсон үйлдэл болон хохирогч М.Д-ид учирсан зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хохирогчийн зүй ёсны шаардлагыг хүлээж аваагүйгээс энэ гэмт хэрэг гарсан гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч М.Д нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Д-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 56-61 дэх тал),  АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 51-52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            2.2.       Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Д-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА