Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

          

 

 

  2022         02          08                                    2022/ШЦТ/103

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Рэнцэндорж овогт Б-ийн Д-т холбогдох эрүүгийн 2209000000030 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ......... дүүргийн 00 дугаар хороо, Гүнжийн 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, Р овогтой Б-ийн Д /РД:ЖЖ00000000/,  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бэлх” зочид буудалд хохирогч Я.Н-гийн эзэмшлийн Самсунг А31 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч 384.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35-51 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бэлх” зочид буудалд хохирогч Я.Нгийн эзэмшлийн Самсунг А31 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч 384.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.Нгийн өгсөн “... Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Бэлх” нэртэй бааранд ороод шар айраг ууж сууж байгаад дээд талын өрөөнд байрлах буудлын өрөө рүү орсон. Тэгээд буудлаас шатаар буцаж байх үед Д гэх таньдаг залуу надтай зөрсөн. Тэгээд тухайн залуутай хэсэг юм ярьж зогсож байгаад барны тек хэсэгт очоод өмднийхөө зүүн гар талын халаасанд байсан гар утсаа үзсэн боловч байхгүй байсан. Тэгээд байж байтал Д гэх залуу гаднаас тортой архи, бэлэн хоол зэргийг авч орж ирсэн ба би тэр залуугаас утас хаана байна гээд тулгаад асуусан чинь зугтаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Алтанчимэгийн өгсөн “...Манай буудалд хонож байсан залуу гаднаас тор дүүрэн юм бариад ороод ирсэн. Уг нь тэр залуу мөнгөгүй байсан болохоор нь би дотроо хардаад чи хүний утас авч яваад хаана тавьчихсан бэ гэж асуухад би өөрийнхөө утсыг тавьсан гэж хэлсэн. Мөн тэрээр 43500 төгрөгийн барьцаанд дэлгүүрт тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Халиунаагийн өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим дэлгүүртээ сууж байхад манай энэ хавиар байнга явж байдаг таньдаг залуу ******* орж ирээд бэлэн гоймон, архи, тамхи, ундаа зэрэг 44.600 төгрөгийн бараа авч оронд нь Самсунг загварын утас барьцаалсан. ******* нь 44.600 төгрөгөө төлөөд утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 59/-р тал,

Дамно ХХК-ийн СБ-2-21-1053 дугаартай үнэлгээний “...Самсунг А31 загварын гар утсыг 384.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 42-43/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд, шүүгдэгч *******ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Я.Нгийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлж авсан цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтийг гаргасан /хх-ийн 62/-р тал байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р овогт  Б-ийн Д-ыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 08 цагаас хэтрүүлэхгүйгээр хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР