Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/403

 

 

 

 

 

  2022        04          15                                   2022/ШЦТ/403

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Харчин овогт Батбаярын Оид холбогдох эрүүгийн 2209 00000 0549 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....... ХХК-д угсрагч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо дэнжийн 0-0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Х овогт Б-ын О /РД:ЖЖ0000000/,

           2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах Гал унтраах ангийн хажууд хохирогч Г.Ж-ын гар утсан дээр дэвсэж, хана руу шидэн дахин ашиглах боломжгүй болгон устгаж 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  нь мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал, ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах Гал унтраах ангийн хажууд хохирогч Г.Ж-ийн гар утсан дээр дэвсэж, хана руу шидэн дахин ашиглах боломжгүй болгон устгаж 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ж-ын өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найз залуу О-оор 23 цагийн үед Баянхошуугаас Дамбадаржаа руу очиж юм авах гэж хүргүүлсэн. Дамбадаржаагийн 15 дугаар хорооны байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах гал түймэр унтраах, аврах 34 дүгээр байрны замын эсрэг талд О-ийн автомашинаас буух гэхэд О уурлаад намайг өөр хүнтэй уулзах гэж өөрөөр нь хаа байсан Баянхошуугаас Дамбадаржаа руу хүргүүллээ гээд баруун гараараа толгойн зүүн талд нэг удаа цохисон, дараа нь намайг автомашинаасаа буугаад ойр байсан харанхуй булан руу оруулж байгаад миний хувцаснаас заамдаад, доошоо дараад дээрээс намайг цохиод байсан. Тэгж байхад миний гарт байсан гар утас унахад О дээрээс нь дэвсэн, гар утсаа аваад үзсэн чинь дэлгэц эвдэрсэн байсан. Чи миний гар утсыг ийм болголоо гэж хэлээд үзүүлсэн чинь гарт байсан гар утас булаагаад хана руу шидэж бүл эвдэлсэн. Гар утасны дэлгэц салсан...” гэх мэдүүлэг /хх-13/-р тал,  

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3670 дугаартай “...Г.Жын биед баруун шуу, сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн ташаа, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-22-23/-р тал

Устаж, гэмтсэн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СБ2-22-268 дугаартай “...Айфоне икс” загварын гар утас 690.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-31-32/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Анх уулзсанаасаа хойш чатаар өөр хүнтэй харьцаад над руу уурлаад байхаар нь миний дургүй хүрээд нөгөө хүн чинь гарч ирэх болоогүй бол чи эндээ үлд буу буу гээд машинаасаа түлхээд буулгасан. Тэгсэн Ж буухдаа миний нүүр лүү цохичхоод буухаар нь би араас нь нуруу руу нь цохисон. Тэгсэн буучхаад миний машины толийг өшиглөөд хугалахаар нь би буугаад хойноос нь очоод бариад авсан чинь гар утас нь газар унасан. Тэгэхээр нь утсан дээр нь дэвсээд утсыг нь эвдсэн. Тэгээд Ж бид хоёр ноцолдож байгаад өөрөө утсаа авахаар нь харсан чинь дэлгэц нь хагарсан байсан тэгсэн намайг чи яаж байгаа юм бэ гээд нөгөө эвдэрхий утсаараа нүүр амруу цохиод байхаар нь утсыг нь аваад тоосгон хана руу шидсэн. ...Миний нүүр амруу цохиод бид хоёр маргалдсан юм. Тэгээд би уур нь даа гар утсыг нь эвдсэн. Төлж өгсөн би эвдсэн утастай нь адилхан Айфоне-Икс маркийн гар утас авч өгсөн. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна тиймээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-6-7/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч *******ийн тухайд өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан бол,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт “...Бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно...” гэж тус тус заажээ.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч Г.Жын эзэмшлийн гар утсан дээр дэвсэх, хана руу шидэх зэргээр устгаж, дахин ашиглах боломжгүй болгосон гэх нөхцөл байдал тогтоогдсон эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тухайн утсыг 690.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ийн тухайн үйлдэлд нь холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч *******ийн зүгээс өөрийн гэм буруутай үйлдлийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Жд учирсан бодит хохирлыг нөхөн төлж холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан хяналтын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаартай “...Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай...” тогтоол үйлдэж, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана...” гэж,

Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана...” тус тус заасан бол,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг судалж үзээд *******ид холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ын О-ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

  4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР