Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00131

 

 

 

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00131

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал  би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-12 тоотод оршин суух, Гурван цэнхэр овогт Лхагвадоржийн Ганбат /ПЖ81030311/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө гудамжны 52 байр, 69 тоотод байрлах, Гэрэлгэгээ наран ХХКомпани /регистрийн дугаар 5818842/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 153/2018/00076/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганбат шүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ: Л.Ганбат миний бие 2017 оны 5 сарын 22-нд 24 айлын орон сууц барьж гүйцэтгэсний мөнгө буюу 24,000,000 төгрөг авах ёстой байсныг 14,000,000 төгрөгийг авсан. Үлдсэн 10,000,000 төгрөгийг 9 сарын 20-нд өгөх ёстой байсан боловч мөнгө өгнө гэж худлаа хэлж өдөр хоног өнгөрөөсөөр өнөөдрийг хүрлээ. Миний бие аргаа барж танай шүүхэд хандаж байгаа бөгөөд хариуцагч Гэрэл гэгээ наран ХХКомпаниас 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гэрэлгэгээ наран ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцооз шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай байгууллага Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт 24 айлын орон сууц барих барилгын ажлын явцал нэхэмжлэгч Л.Ганбатад нийт 24,0 сая төгрөг өгөхөөс 14,0 сая төгрөгийг өгөөд 10,0 сая төгрөгийг санхүүгийн чадамжгүйн улмаас өгч чадаагүй байгаа болно.

Барилгын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар банкнаас зээл олгогдоогүй, бүх арилжааны банкууд барилгын гүйцэтгэлээс хамааран олгодог зээлийг 2017 онд огт олгоогүй, санхүүгийн хямралаас шалтгаалж иргэдийн орлого муудсанаас урьдчилгаа 30 хувийн мөнгөө бүрэн төлж чадаагүй, банк орон сууцны ипотекийн зээл олгохоо зогсоосон зэрэг хүчин зүйлээс хамаарсан юм.

Бид эвлэрүүлэн зуучлах шатанд мөн эхний ээлжинд 3,0 сая төгрөг өгье. 2018 оны 4 дүгээр сарын 1-ээс өмнө зээл олгож эхэлмэгц энэ 10,0 сая төгрөгийг өгнө гэдгээ учирлан хэлсэн байгаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганбат нь хариуцагч  Гэрэлгэгээ наран ХХКомпанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцооз нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 10,000,000 /арван сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээртус шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Л.Ганбат нь уг тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Гэрэлгэгээ наран ХХКомпаний захирал А.Цэр-Очир нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаартай албан бичгээр Ч.Мөнхцоозид итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэлийг гардан авах, хариу тайлбар гаргах эрхийг олгосноос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчийн  2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төрийн банкны 110000321668 тоот дансанд  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  174,950  төгрөгийн  тал  хувь  болох 87,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 87,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Гэрэлгэгээ наран ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 87,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Л.Ганбатад олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг баримтлан

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ганбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Гэрэлгэгээ наран ХХКомпанид холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Гэрэлгэгээ наран ХХКомпани нь 10,000,000 /арван сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн тал хувь болох 87,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 87,475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Гэрэлгэгээ наран ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 87,475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Л.Ганбатад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Гэрэлгэгээ наран ХХКомпани нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ