Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 144

 

     

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 4-02 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЮ90011410, Зуутраг овогт Даваажавын Бямбаагийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг,
12-36 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЛ92112908, Цагаантайж овогт Пүрэвсамбуугийн Дэлгэрцэцэгт холбогдох,

       Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Хариуцагч П.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие  нь эхнэр П.Дэлгэрцэцэгтэй 2015 онд танилцаж 2016 онд гэрлэлтээ батлуулсан. Би охиноо өөрийн нэрээр овоглохын тулд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр хамтран амьдарч байгаагүй бөгөөд бидний дунд эд хөрөнгийн маргаангүй, бид хоёр хүүхдээ төрснөөс хойш тусдаа амьдарч байгаа, ямарч хайр сэтгэлийн холбоо байхгүй болно. Би цаашид П.Дэлгэрцэцэгтэй хамтран амьдрах бодолгүй байгаа, би хүүхдээ өөрөө өсгөж байгаа, цаашид өөрийн асрамжид авч өсгөнө. П.Дэлгэрцэцэгээс хүүхдийн тэтгэлэг авахгүй, бид тохиролцсоны үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулж байна. П.Дэлгэрцэцэг бид хоёр Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа бөгөөд тэнд гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч заавал харьяалах орон нутгийн шүүхэд хандах ёстой гэсэн юм. Би Улаанбаатар хот дахь ажлаасаа 7 хоногийн чөлөө авсан, одоо чөлөөний хугацаа дуусаад ажлаас маань халах гээд байгаа тул бидний гэрлэлтийг түргэн хугацаанд цуцалж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч П.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Бямбаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Д.Бямбаа бид хоёр 2016 онд охиноо бүртгүүлэх зорилгоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Түүнээс хойш хамтдаа бараг амьдраагүй. Дандаа л тусдаа байсан. Бид нарын хооронд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдээ Д.Бямбаа өөрийн асрамжид авахаар тохиролцсон. Одоо ч хүүхэд маань аав дээрээ байгаа, 5  сартайгаасаа хойш аав дээрээ байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо эцгийнх нь асрамжид үлдээхийг мөн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч Д.Бямбаа нь хариуцагч П.Дэлгэрцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

      Нэхэмжлэгч Д.Бямбаа нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

        Иргэн Д.Бямбаа, П.Дэлгэрцэцэг нар 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Өнө-Үжин төрсөн ба охин эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний болон охин Б.Өнө-Үжингийн төрсний гэрчилгээний хуулбар, Дун цагаан ӨЭМТ-ийн эмч Д.Оюун-Эрдэнийн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.

      Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

    Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон тул охин Б.Өнө-Үжинг эцэг Д.Бямбаагийн асрамжид үлдээлээ.

     Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

     Нэхэмжлэгч Д.Бямбаа, хариуцагч П.Дэлгэрцэцэг нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Дэлгэрцэцэгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбаад олгох нь зүйтэй байна.

      Нэхэмжлэгч Д.Бямбаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Би энэ шүүх хуралд оролцож чадахгүй. Улаанбаатар хот руу буцаж байна. П.Дэлгэрцэцэгтэй харилцан тохиролцсон. Хүүхдийн тэттгэлэг нэхэмжлэхгүй, өөрөө хүүхдээ асарч хүмүүжүүлнэ. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зуутраг овогт Даваажавын Бямбаа, Цагаантайж овогт Пүрэвсамбуугийн Дэлгэрцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Өнө-Үжинг эцэг Д.Бямбаагийн асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

        4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

       5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Дэлгэрцэцэгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбаад олгосугай.

      6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР