Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ДШМ/46

 

 2019            05            28                                          2019/ДШМ/46

 

Г.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.О-д холбогдох, эрүүгийн 1919001110075 дугаартай, 1 хавтас, 104 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Г.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн гудамж 12-19 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жамбал овогт Г-ын О /РД:ЕЭ8........7/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн ........ тоотод гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх, хохирогч Ж.С-ын толгойн үснээс зулгааж, түлхүүрийн оосор шидэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Жамбал овогт Г-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д 500 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийн саатуулагдсан 72 цагийг эдлэх ялаас хасч тооцон нийтэд тустай ажил хийлгэх ялыг 428 цагаар тогтоож,

Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлбөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 500 цагийн албадан ажил хийлгэх ял хүлээгээд байгаа билээ. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн бичгээр /төмсгөнд/ төлөвлөгөөт хавдрын мэс засал хийхээр байгаа, цаашид эмчилгээ үргэлжлүүлж хийх шаардлагатай байдлыг харгалзан үзэж мөнгөн төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Г.О-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ял шийтгэлийн тухайд анх прокуророос торгох ялаар тохиролцож явуулсан. Анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Тиймээс ялын тал дээр санал байхгүй гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

            Учир нь: Прокурор А.Дүүрэнбилэгээс гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд дурьдсан асуудлаар хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалт буюу шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийг бүрэн тодорхойлж чадаагүйгээс шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... тодорхой, ойлгомжтой ...” бичигдсэн байх шаардлагад нийцээгүй тул энэ нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болов.

            Шүүгдэгч Г.О нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ нохойгоо зодоод байсанд ээж нь “боль” гэсэн шаардлага тавьсныг эсэргүүцэж ээжийнхээ толгойны үснээс зулгаах,  нүүрлүү нь түлхүүрийн оосор шидсэний улмаас түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь гэр бүл хүчирхийллийн аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 05-10/,  хохирогч Ж.С-ын мэдүүлэг /хх-ийн 11-12, 29-30/, хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон 02/0155 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Г.О нь уг гэмт хэргийг үйлдсэн болохоо мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд өгсөн гэрчээр болон яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

            Хэргийг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба хэргийн оролцогчдийн зүгээс хэрэгт нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

            Хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуульд зааснаар  хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан боловч 04 дүгээр сарын 22-ны өдөр прокурор Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба 04 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх 04 дүгээр сарын 26-нд хэргийг хүлээн авч, мөн өдөртөө шүүх хуралдаанаа товлон зарлаж, 04 дүгээр сарын 29-нд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д зааснаар зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн байна.

            Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийн мөрдөн шалгах, прокурор, шүүхийн үйл ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудын дагуу явагдсан,  хэргийн оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан гэх үндэслэлүүд тогтоогдоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар энэ хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн  шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.О-ийн ээжийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэгдсэн байх тул мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэргийн шинжид нийцсэн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн орлогогүй болох нь түүний өөрийнх нь болон хохирогчийн мэдүүлгүүд, түүний банкны харилцах дансны хуулга зэргээр тус тус тогтоогдсон тул анхан шатны шүүх 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 500 цагийн ялыг сонгож хэрэглэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон “ Шударга ёсны зарчим”-д нийцсэн, хүнд биш ял оногдуулсан гэж үзнэ.

            Шүүгдэгч Г.О нийтэд тустай ажил хийх боломжгүй мэс засалд орох шаардлагатай гэж давж заалдах гомдолдоо хуулбарлаж хавсаргасан эмнэлгийн баримт нь гаргацгүй бичигдсэн ба тухайн баримтаас түүнийг зайлшгүй эрүүл мэндийн шаардлагаар мэс засалд орох юм байна гэдэг нь харагдахгүй, шаардлага хангаагүй баримт байна.

            Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Г.О-ээс гаргасан оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүссэн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

            Харин анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн  хүндрүүлэх нөхцөл байдлыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэсэн боловч тогтоох хэсэгт ойлгомжтой байдлаар тодорхойлж өгөөгүй буюу тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

            Иймд тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Энэ нөхцлийг прокурор мөн яллах дүгнэлтдээ тодорхойлж өгөөгүй байгааг магадлалд тэмдэглэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч Г-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг,

“Шүүгдэгч Ганболдын О-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.“ гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                  ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

                                                                                                       А.САЙНТӨГС