| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
| Хэргийн индекс | 000/0000/0000/З |
| Дугаар | 221/МА2014/0443 |
| Огноо | 2014-11-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2014/0443
“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 379 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ”Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэх” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 450 дугаар захирамжаар “А” ХХК-д Аса циркийн хойно байрлах 8000 м.кв газрыг худалдаа, үйлчилгээ, авто машины зогсоолтой барилгын зориулалтаар эзэмшүүлэхдээ нийтийн эдэлбэрийн талбайд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн. Улмаар 2011 оны 494 дүгээр захирамжаар ”Р” ХХК-д шилжүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оны А/287 дугаар захирамжаараа хууль зөрчсөн захирамжуудыг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.
Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 379 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч”Р” ХХК-ийн зөрчигдсөн газар эзэмших эрхийг сэргээн тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хуувь бус захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны А/287 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Р” ХХК-ний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 379 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Р” ХХК-ний зөрчигдсөн газар эзэмших эрхийг сэргээн тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хууль бус захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02- ны өдрийн 379 дугаар шүүгчийн захирамжаар “Р” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.
1. Төрийн өмчийн хорооны 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, хувьчлах тухай тогтоол гарсантай холбоотойгоор “Р” ХХК-ний "Цирк"-ийн зориулалтаар эзэмшиж байгаа 21052 м2 газрын талаар
а) Сүхбаатар дүүргийн 02-р хороонд 10080 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 1996 оны09 дүгээр сарын 27-ны өдрийн А/210 тоот захирамжаар "Улсын цирк"-т циркийн тоглолтын зориулалтаар 1.0 га газрыг ашиглуулах тухай гарсан шийдвэрийг үндэслэн 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн газрын алба нь Улсын цирктэй газар ашиглуулах 0887 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулжээ.
б) Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2005 оны 11 дүгээр сарын хурлаар 10080 м2 газрыг Монгол Улсын цирк контор, урлаг соёлын үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших гэрээг байгуулж 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 0061603 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
в) Төрийн өмчийн хорооны 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, хувьчлах тухай тогтоол гарсны дагуу “А” ХХК нь "Улсын цирк"-ийг хувьчилж авсантай холбоотойгоор циркийн эзэмшлийн 10080 м2 газрыг тус компанид шилжүүлсэн байна.
г) Нийслэлийн газрын албанд 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “А” ХХК- нь өөрийн нэр дээр байгаа 10080 м2 газарт нэмэлт тохижилт хийх хүсэлтэй байгаа тул 25012.9 м2 газрыг баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 тоот шийдвэрийг үндэслэн 24269 м2 газрыг 15 жилийн хугацаатай циркийн зориулалтаар эзэмшүүлж 0172981 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2009 оны 05 дугаар сарын 23 өдөр олгожээ.
д) Нийслэлийн газрын албанд 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “А” ХХК нь өөрийн нэр дээр байгаа 24269 м2 газраасаа ЧИ76073116 регистрийн дугаартай Б.Н-т 3216.5 м2 газрыг шилжүүлж өгөх тухай хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 440 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Б.Н-т 3217 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар контор, үйлчилгээний зориулалтаар 0349082 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгосон байна.
е) Нийслэлийн газрын албанд 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Н нь өөрийн эзэмшлийн 3217 м2 газраа Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны эзэмшилд шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 тоот шийдвэрээр Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банканд 3217 м2 газрыг контор, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж 0231482 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
ё) Уг 3217 м2 газар нь “А” ХХК-ний эзэмшлийн 24269 м2 газраас хасагдсанаар “А” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 440 тоот шийдвэрийг үндэслэн Циркийн зориулалтаар, нэгж талбарын 18642310587295 нэгж талбарын дугаартай 21052 м2 газрыг 5 жилийн хугацаатай 0231427 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
Нийслэлийн газрын албанд 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Р” ХХК- нь “А” ХХК-нь 2011 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу хуулийн этгээдийн оноосон нэр нь “Р” ХХК болж, хаяг өөрчлөгдөн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Роял плазагийн байр болон өөрчлөгдсөн тул газар эзэмших гэрчилгээ дээр шинэ нэр хаягаар бүртгэн олгож өгнө үү гэсэн хүсэлтийнх нь дагуу “А” ХХК-ний нэр нь “Р” ХХК болон өөрчлөгдсөн байна.
2. Улсын Циркийн хувьчлалтай холбоогүйгээр “Р” ХХК-д худалдаа, үйлчилгээ, авто машины зогсоолтой барилгын зориулалтаар Циркийн хойд талд эзэмшүүлсэн 8000 м2 газрын талаар
а) “А” ХХК-нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Улсын циркийн хойд талд худалдаа, үйлчилгээ, авто машины зогсоолтой барилгын зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасных нь дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжаар 8000 м2 газрыг эзэмшүүлсэн болно. Тус 8000м2 газрыг эзэмших тухай хүсэлт гаргахдаа “А” ХХК-нь Улсын Циркийг хувьчилж авсан учраас уг газрыг эзэмшүүлж өгнө үү гэдэг хүсэлт гаргаагүй бөгөөд энэхүү талбайд нийслэлийн иргэн бүрийн чөлөөт цагаа өнгөрөөх зориулалт бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа тул газар баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан болно.
Улсын циркийг Төрийн өмчийн хорооны 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоолын дагуу “А” ХХК-нь хувьчилж авсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 440 тоот шийдвэрээр тус компанид 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нэгж талбарын 18642310587295 дугаартай, 0231427 дугаартай гэрчилгээ бүхий Циркийн зориулалттай 21052 м2 газар нь маргаан бүхий циркийн хойд талын 8000м2 газартай огт хамааралгүй бөгөөд тус тусдаа байршилтай, зориулалт нь өөр, хоёр өөр үндэслэлээр, хоёр өөр захирамжаар эзэмшүүлсэн газрыг хооронд нь холбож, хамааруулж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
б) Шүүх Төрийн өмчийн хорооноос Улсын циркийг хувьчилсантай огт хамааралгүйгээр “А” ХХК-д олгосон 8000 м2 газрыг Төрийн өмчийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас "Улсын цирк" төрийн өмчит төсөвт байгууллагыг “А” ХХК-нь хувьчилж авсантай холбоотойгоор эзэмшүүлсэн 21052 м2 газартай хамааруулж ойлгосноос шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаан бүхий 0.8 га газар нь "Улсын цирк" төрийн өмчит төсөвт байгууллагын эзэмшилд байсан 35.666 м2 газарт багтсан байх тул “А” ХХК-д 0.8 га газрыг эзэмшүүлсэн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамж нь уг компанид шинээр газар эзэмшүүлэх тухай шийдвэр бус, хувьчилж авсан гэх "Улсын цирк" төрийн өмчит төсөвт байгууллагын эзэмшилд зарим газрыг нөхөж эзэмшүүлсэн агуулгатай шийдвэр байна гэж гэжээ.
“А” ХХК-д уг газрыг нөхөн олгоогүй бөгөөд өмнө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаагүй нийтийн эдэлбэрт байсан газрыг тус компани нь эзэмшихээр хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжаар маргаан бүхий 8000 м2 газрыг шинээр олгосон болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт газар эзэмших гэрчилгээ олгох үедээ дуудлага худалдаа явуулаагүй, газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэл нь газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгоход хамааралгүй байна. Нэхэмжлэгч “Р” ХХК нь энэхүү заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэжээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжид дурдсан дуудлага худалдаа, төсөл, шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн гэдэгт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дүгээр зүйлийн 33.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дугаар заалтуудыг үндэслэл болгосон болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Р” ХХК-ний эзэмшиж буй 8000 м2 газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбай мөн гэдэг нь тогтоогдож байна гэсэн боловч нэхэмжлэгч нь уг уг газрыг цаашид нийтийн эдэлбэрийн гудамж, талбайн зориулалтаар үргэлжлүүлэн ашиглаж байгаа бөгөөд газар эзэмшигч нь газраа хууль бусаар эзэмшсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэжээ.
Нийтийн эзэмшлийн газрыг хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй бөгөөд нэрээсээ ч гэсэн нийтээрээ ашиглах зориулалттай газар гэдэг нь ойлгомжтой байхад шүүх “Р” ХХК-нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар худалдаа, үйлчилгээ, авто машины зогсоолтой барилгын зориулалтаар эзэмшиж байгаа газраа цаашид нийтийн эдэлбэрээр ашиглана гэж дүгнэсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж нийслэлийн Засаг даргын 2014.03.15-ны өдрийн А/287 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 02-ний өдрийн 379 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Р” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дүгээр захирамжаар Монгол Улсын циркчд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10080 м.кв газар эзэмших эрхийг 15жилийн хугацаагаар сунгажээ.
Төрийн өмчийн хорооны 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоолоор “Улсын цирк” төрийн өмчит төсөвт байгууллагыг “А” ХХК-д хувьчилж, мөн оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 363 дугаар тогтоолоор барилга, эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгожээ.
“А” ХХК-аас 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “ногоон байгууламжийг сэргээх, орчны зам талбайг сэргээх, шинэчлэн сайжруулах, цэцгийн мандал байгуулах” гэсэн үндэслэлээр 12251,1 м.кв газрыг эзэмших хүсэлтийг гаргасан бөгөөд үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн 450 дугаар захирамжаар 8000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, газар доорх худалдаа үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар эзэмшүүлжээ.
Харин Улсын циркийн өмчлөгч болсонтой холбогдуулан гаргасан хүсэлтийнх нь дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар “А” ХХК- д 24269 м.кв газрыг эзэмшүүлж, 2011 оны 440 дүгээр захирамжаар 21052 м.кв газрыг эзэмшүүлж, 3216 м.кв газрыг нэхэмжлэгчээс хүсэлт гаргасны дагуу Б.Н-т шилжүүлсэн байна.
“А” ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрээ “Р” болгон өөрчилсөнтэй холбогдуулан уг хуулийн этгээдийн хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн хавсралтын 32-т 21052 м.кв газрыг цирк автомашины зогсоолын зориулалтаар, 33-т 8000 м.кв газрыг худалдаа үйлчилгээ, автомашины зогсоолын зориулалтаар”Р” ХХК-д шилжүүлэн тус бүр 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч ”Р” ХХК өөрийн 21052 м.кв газрын эзэмших эрхийн талаар маргаагүй бөгөөд харин тухайн газрын хойно залгаа байрлах 8000 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Нийслэлийн Засаг даргын Улсын циркэд газар эзэмшүүлсэн 2006 оны 184 дүгээр захирамжид газрын хэмжээг 10080 м.кв гэж тодорхой зааснаас үзэхэд Төрийн өмчийн хорооноос Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн 2008 оны 3/1410 дугаартай албан бичигт “газар эзэмшлийн гэрээг шинэчлэн газар эзэмших эрх олгохыг хүсэж, эзэмшил газрын хэмжээг 35666 м.кв” гэж заасан тул тухайн хэмжээгээр “А” ХХК газрыг эзэмших эрхтэй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Тодруулбал, Төрийн өмчийн хороо нь газрын эзэмшлийн хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага биш бөгөөд мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “А” ХХК нь 24269 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоосон байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь 35666 м.кв эзэмшил газар бүхий Улсын циркийг хувьчлан авсан” гэж дүгнэсэн нь буруу байна.
Монгол Улсын циркийн эзэмшил газраа нэмэгдүүлэх тухай хүсэлтэд Нийслэлийн газрын албанаас 2008 оны 2/743 дугаартай албан бичигт тухайн газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байгаа талаар хариу өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан, түүнчлэн 8000 м.кв газар нь анх Улсын циркийн эзэмшил бус нийтийн амралтын зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байсан болохыг нэхэмжлэгч мэдэж байсан нь Нийслэлийн газрын албанд газар эзэмшихээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “анх газар эзэмшихээр хүсэлт гаргасан гэж үзэхгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь “уг газрыг нийтээр эзэмшинэ, бид зориулалтыг нь өөрчлөхгүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т зааснаар нийтээр эзэмших газрыг хэн нэгний эзэмшилд олгох тухай шийдвэр гаргах эрх захиргааны байгууллагад олгогдоогүй болно.
Дээрхээс дүгнэхэд “А” ХХК-аас зөвхөн хүсэлт гаргасныг үндэслэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр нийтийн эдэлбэрийн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 /Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна./, 33 дугаар зүйлийн 33.1.2 /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ/, 33.4 /Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/ гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлийн дагуу”Р” ХХК-т 8000 м.кв газрын эзэмших эрх олгосон холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамж нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй байна гэж үзэв.
Үүнээс гадна, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжаар 2011 оны 494 дүгээр захирамж нь”Р” ХХК-д хоёр тусдаа 21052 м.кв болон 8000 м.кв газрыг эзэмшүүлсэн байхад шүүх нийт ”Р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбаруудаас үзэхэд “8000 м.кв газрыг эзэмших эрхийг зөрчсөн” гэсэн агуулгаар маргажээ. Тиймээс энэхүү үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, хэсэг заалтыг бичээгүй атлаа удирдлага болгосон хуулийн зүйл, заалтыг дурдсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д “Тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой ...заана.” гэснийг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.