Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 20

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Д.Нарангэрэл,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Т.Сайханбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Т.Сайханбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526012673 дугаар хэргийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн гол 119-21 тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551-д заасныг журамлан 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялаас өршөөгдөж, 06 сарын хорих ялыг биечлэн эдэлсэн, Бадрахынхан овогт Төмөрбаатарын Сайханбаяр /РД:ЖИ90102911/.

Шүүгдэгч Т.Сайханбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 11-313 тоотод оршин суух Ж.Гажсүрэнгийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Монетон бөгж, гинж, зөөврийн компьютер” зэрэг 1.040.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Сайханбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.   

 

201526012673 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ж.Гажсүрэнгийн: “Би 2015 оны 11 сарын 24-ний өдөр эмнэлэгт хэвтээд гэртээ байгаагүй. Манай дунд охин Доржжүгдэр маань 2015 оны 11 сарын 26-ны орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ очтол гэрийн хаалга онгорхой байсан гэсэн. Яваад ортол хамаг эд хогшил эмх цэгцгүй болчихсон байдалтай байхаар нь над руу залгаад хэлсэн. Би эмнэлгээс очтол гэрийн маань хамаг эд зүйлсийг сандаачаад хаячихсан байдалтай байсан бөгөөд цагдаад дуудлага өгөөд эд зүйлсээ бүртгэж үзсэн чинь Самсунг маркийн Ай-3 үзүүлэлттэй хар өнгийн нөтбүүк, монетон хос ээмэг, монетон бөгж 2 ширхэг, Сваровский брендийн хос ээмэг, гинжний мөнгөн зүүлт, мөнгөн гинж алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Өөр эд зүйл алдагдаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-26/,

Гэрч Г.Доржжүгдэрийн: “Би 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим ажлаа тараад 3-р эмнэлэгт хэвтэж байсан ээж дээрээ очиж эргэчихээд гэртээ харьтал хашааны хаалга онгойчихсон байхаар нь хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхээр нь хамт ороод хартал гэрийн маань хамаг эд зүйлсийг сандаачаад хаячихсан байсан” гэх мэдүүлэг /хх-27/,

Т.Сайханбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2015 оны 11-р сарын 26-ны өдөр 16 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын дэнжээр явж байгаад саарал өнгийн хаалгатай улаан тоосгон байшин эзэнгүй цоожтой байсан. Уг байшингийн гаднах тамбарын хэсэг шавардсан байсан. Би хаалганы цоожийг нарийн төмрөөр хөшиж эвдээд байшин руу орсон. Авчихмаар эд зүйл хайж эд зүйлийг нь нэгжиж эхэлсэн. Тэгээд зөөврийн компьютер, 2 ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж авсан. Хашааны гаднаас такси бариад төв зам руу гарсан, таксины жолоочид зөөврийн компьютероо ярьж байгаад 100.000 төгрөгөөр зарсан. Би одоо таксины жолоочийн автомашины улсын дугаарыг сайн санахгүй байна. Ямар ч байсан саарал өнгийн суудпын машин байсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлгийн хажуу талаас такси бариад Нарантуул зах руу явсан. Тэнд явж байсан хүмүүсээс явуулын нэг залууд 2 ширхэг бөгжөө 280.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би зөөврийн компьютер болон 2 ширхэг бөгжөө зарж олсон мөнгөөрөө хороолол бааранд орж шоудаж үрж дуусгасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.

...Би тухайн үед балмагдсан байсан бөгөөд сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор тэгж мэдүүлэг өгсөн. Анх цагдаад баригдаад хулгай хийсэн талаар асуухад би надад 10 гаран үйлдэл байгаа гэж хэлсэн бөгөөд зааж өгч чадахгүй, очиж харвал хашаа байшингийн содон шинж тэмдгээр нь зааж өгч чадна гэж худлаа мэдүүлсэн” гэх мэдүүлэг /хх-42, 93/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-33, 102/, гэрч Ш.Оюунчимэг, Т.Атарбаяр нарын мэдүүлэг /хх-39, 40/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-64, 95-98/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-76-80/, хохирол төлсөн баримт /хх-104/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт зэргийг уншиж шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Сайханбаяр нь согтуурсан үедээ 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 11-313 тоотод оршин суух Ж.Гажсүрэнгийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “монетон бөгж, гинж, зөөврийн компьютер” зэрэг 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийн эд зүйлийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Т.Сайханбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар уг ялаас 3 жилийг өршөөгдөж, үлдэх 6 сарын хорих ялыг биечлэн эдэлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно” гэсний дагуу Т.Сайханбаярыг нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.   

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Сайханбаярын өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялгүй болох хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгож түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн дүгнэлээ.

Дээрх байдлын талаар улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих шаардлагыг хангаагүйг тэмдэглэх нь зүйтэй.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Гажсүрэнгийн эд хөрөнгөд 1 040 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 810 000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч нь “үлдэгдэл 230 000 төгрөгийг нэхэмжлэхгүй, Т.Сайханбаярт гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлснийг харгалзан шүүгдэгч Т.Сайханбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.  

Шүүгдэгч Т.Сайханбаярын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Сайханбаяр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Сайханбаярын Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шийтгүүлсэн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч Бадрахынхан овогт Төмөрбаатарын Сайханбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Сайханбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Сайханбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар Т.Сайханбаяр энэ хэрэгт 105 /нэг зуун тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Т.Сайханбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Сайханбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Сайханбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР