Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0611

 

 

2020 оны 09 сарын 28 өдөр         Дугаар 128/ШШ2020/0611              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С** групп” ХХК/РД:53*****/

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.М нар

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.М нарын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн ******* дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Б.М нарын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн ******* дугаар актыг болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Татварын улсын байцаагчийн ******* дугаар актад дурдсан 2011 оны 12 сарын 07, 17, 24-ний өдрийн 8721386, 8721274, 8721381 тоот падаанаар 859,090,700 төгрөгийн, “Д****дорж” ХХК-иас 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1109412 тоот падаанаар 126,981,800 төгрөгийн, “Хүс**** **лан” ХХК-аас 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11785553 тоот падаанаар 165,390,900 төгрөгийн, “Дар*** **ран **лд” ХХК-аас 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12371813 тоот падаанаар 10,000,000.00 төгрөгийн, нийт 1,161,463,400.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бүхий худалдан авалтыг НӨАТ-ын тайландаа зохих хууль, журмын дагуу тусган тайлагнаж, тухайн татварын алба хүлээн авч баталгаажуулсан.

1. Дээрх компаниудаас худалдан авсан барилгын материалыг барилга угсралтдаа хэрэглэсэн боловч манай компанид бараа борлуулсан компанийн худалдан авалтын падааныг эргэлзээтэй гэж үзэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тус хуулийг хэрэгжүүлэх журмын хүрээнд буруу, дутуу тусгасан орлого түүнтэй адилтгах хөрөнгийг ил болгох...” зохицуулалтын хүрээнд татвар ногдох орлогод нөлөөлдөг гэдэг утгаар падааны дүнг борлуулалтын орлого талд тайлагнасан. Татварын улсын байцаагч болон маргаан таслах зөвлөлийн зүгээс үүнийг үгүйсгэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “Энэ хуулийн 6.1 -д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчиж татварын улсын байцаагчийн акт үйлдсэн.

2. Татварын улсын байцаагч Б.А, Б.М нарын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн ******* дугаар акт нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх” гэсэн заалтыг зөрчиж нөхөн ногдуулалт хийсэн гэж үзэх үндэстэй. Татварын хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах зохицуулалт татварын хууль тогтоомжид байхгүй. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2-д “тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх бөгөөд НӨАТ-ын тайлан нь сар бүрийн 10-ны дотор гаргадаг онцлогтой. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж. баталсан  маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч, тэрхүү суутган төлөгч нь дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа татварын албанд тушаахаар заасан. Энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасан “дараа сарын 10-ны өдрийн дотор” гэж заасан хугацаа өнгөрсөн бол тэрхүү өдрийн дараагийн өдрөөс буюу дараа сарын 11-ний өдрөөс эхлэн суутган төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудлыг хөөн хэлэлцэх юм. Гэхдээ ийнхүү хөөн хэлэлцэх хуулийн хугацаа Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан 5 жилийн хугацаагаар хязгаарлагдана.  

Иймд 2011 оны 12 дугаар сард борлуулалт хийсэн бол тэрхүү этгээд нэмэгдсэн өртгийн албан татвараа 1 дүгээр сарын 10-нд төлсөн байх ёстой ба 1 дүгээр сарын 11-ний өдрөөс хөөн хэлэлцэж уг этгээдийн татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудлаар хариуцлага хүлээлгэх үндэслэл үүсэх ёстой байтал татварын улсын байцаагч 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Татварын улсын байцаагчийн актаар хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу тайлангаа гаргасан.

Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж зааснаар татварын улсын байцаагчийн актаар албан татвар ногдуулах үндэслэлгүй тул Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолоор нөхөн татварыг хэвээр үлдээснийг ил тодын хуулийн үйлчлэлд хамруулаагүйд гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Б.М нарын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн ******* дугаар актыг болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 05 дүгээр сарын 21-ны өдрийн 20 дугаар тогтоолын нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосон холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 26/898 тоот албан бичгийн дагуу “С** групп” ХХК-д Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 240031 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, мөрдөн байцаалтын явцад тус компанийн захирал Д.Б нь 2011-2012 онуудад “Ар***” ”, “Да***дорж”, “Хүс**** **лан”, “Дар*** **ран **лд” ХХК-даас нийт 1,161,463,400.0 төгрөгийн хий бичилт бүхий 8721381, 8721386, 8721274, 11109412, 11785553, 12371813 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг авч татварт тайлагнан онц их хэмжээний албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулан тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор хэрэгсэхгүй болгосныг Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтын дагуу нягталж үзээд:

1. “Ар***” ХХК-аас 2011 оны 12 дугаар сарын 07, 17, 24-ны өдрүүдэд 859,090,700.0 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр тус ХХК-ний нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 8721381, 8721386, 8721274 дугаартай хий бичилттэй падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын 2011 оны 12 дугаар сарын тайланд,

2. “Д****дорж”  ХХК-аас 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 126,981,800.0 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр тус ХХК-ний нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 11109412 дугаартай хий бичилттэй падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 5 дугаар сарын тайланд,

3. “Хүс**** **лан” ХХК-аас 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 165,390,900.0 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр тус ХХК-ний нэр, тамга бөхий нэмэгдсэн өртгийн албан татварын 11785553 дугаартай хий бичилттэй падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 6 дугаар сарын тайланд,

4. «Дар*** **ран **лд” » ХХК-аас 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000,0 төгрөгийн бараа. материал худалдан авсан мэтээр тус ХХК-ний нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 12371813 дугаартай хий бичилттэй падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 8 дугаар сарын тайланд тус тус худалдан авалтын хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн «Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа» хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулан, нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөнийг тэмдэглэж: Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэн:

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.», 10 дугаар зүйлийн «10.7.Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна» гэж заасныг дагуу нийт 1,161,463,400.0 төгрөгийн зөрчилд 16,146,340.0 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, 0.00 төгрөгийн алданги, хүү ногдуулж шийдвэрлэсэн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “С** групп” ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.М нарын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.М нар нь Татварын ерөнхий газрын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2б/898 тоот албан бичгийн дагуу “С** групп” ХХК-д татварын хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 240031 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлтээр хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлснээр Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.М нар нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ГТЕГ-ын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03-3/1676 тоот албан бичгийн дагуу “С** групп” ХХК-ийн 2011-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд дахин шалгалт хийж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* дугаар актаар 116,146,340 төгрөгийн нөхөн татвар оногдуулжээ.

Нэхэмжлэгчээс “....”Ар***” ХХК-иас 2011 оны 12 сарын 07, 17, 24-ний өдрийн 8721386, 8721274, 8721381 тоот падаанаар 859,090,700 төгрөгийн, “Д****дорж” ХХК-иас 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1109412 тоот падаанаар 126,981,800 төгрөгийн, “Хүс**** **лан” ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11785553 тоот падаанаар 165,390,900 төгрөгийн, “Дар*** **ран **лд” ХХК-иас 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12371813 тоот падаанаар 10,000,000.00 төгрөгийн, нийт 1,161,463,400.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бүхий худалдан авалтыг НӨАТ-ын тайландаа зохих хууль, журмын дагуу тусган тайлагнаж, тухайн татварын алба хүлээн авч баталгаажуулсан гэж маргаж, харин хариуцагчаас “С** групп” ХХК нь худалдан авалтын хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн «Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа» хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулан, нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн” гэж тайлбарлан маргаж байна.

Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 240031 тоот дүгнэлтээр “С** групп” ХХК-ийн 2011-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 1,161,463.4 мянган төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байх бөгөөд эрүүгийн 201201000553 дугаар бүхий хэрэг нээж, хянах хугацаандаа дээрх дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаар дүгнэлтээр “Д****дорж” ХХК-тай холбоотой 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 350000155 дугаартай Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн дүгнэлт, “Дар*** **ран **лд” ХХК-тай холбоотой 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 340000471 дугаартай Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчийн дүгнэлт, “Хүс**** **лан” ХХК-тай холбоотой 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 350000189 дугаартай Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжилгээгээр нэр бүхий 15 компани нь 1135 аж ахуйн нэгж байгууллагад нийт 3225 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр борлуулалт үүсгэн нийт 315,081,603,381.28 төгрөгийн дүнтэй борлуулалт хийсэн байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Энэхүү дүгнэлтийн хавсралт 3-т “Бусад аж ахуйн нэгжид бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх борлуулалтын дүнгийн жагсаалт”-ын 210 дугаарт “С** групп” ХХК нь 302,372,721.38 борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар тооцвол 30,237,272.14 гэж бүртгэгдсэн байна.

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот прокурорын тогтоолоор “...Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 240031 дугаартай татварын байцаагчийн дүгнэлтээр “С** групп” ХХК-ийн захирал Д.Б нь 2011 онд “Ар***” ” ХХК-ний 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 859090,7 мянган төгрөгийн, 2012 онд “Д****дорж” ХХК-ний 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 126981,8 мянган төгрөгийн, 2012 онд “Хүс**** **лан” ХХК-ний 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 165390,9 мянган төгрөгийн, 2012 онд “Дар*** **ран **лд” ХХК-ний 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 10000,0 мянган төгрөгийн нийт 1161463,4 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн  хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцогдсон, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 2015260000225 дугаартай хэргийн сэжигтэн, яллагдагчаар татагдсан нэр бүхий хүмүүсийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хаасан байна.

Дээрх баримтуудаас үзэхэд “С** групп” ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “...Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:, 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж заасны дагуу үүргээ биелүүлэлгүйгээр “Ар***”  ХХК-иас 859,090,700 төгрөгийн, “Д****дорж” ХХК-иас 126,981,800 төгрөгийн, “Хүс**** **лан” ХХК-аас 165,390,900 төгрөгийн, “Дар*** **ран **лд” ХХК-аас 10,000,000.00 төгрөгийн, нийт 1,161,463,400.00 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр хий бичилттэй падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан байх ба уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т “Анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж заасан ба “С** групп” ХХК-ийн анхан шатны санхүүгийн баримт /орлого, зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан/, “Д****дорж” ХХК-ийн 2012 оны борлуулалтын мэдээний /Хавсралт №1.4/ 491 дугаарт “С** групп” ХХК-д 126,981,818.43, “Дар*** **ран **лд” ХХК-ийн 2012 оны борлуулалтын мэдээний /Хавсралт №1.5/ 323 дугаарт “С** групп” ХХК-д 10,000,000.00, “Хүс**** **лан” ХХК-ийн 2012 оны борлуулалтын мэдээний /Хавсралт №1.5/ 183 дугаарт “С** групп” ХХК-д 165,390902.95 төгрөгийн борлуулалт хийсэн гэж тусгасан баримт, татварын цахим тайлангийн системд “Ар***” ХХК, “Д****дорж” ХХК, “Хүс**** **лан” ХХК,  “Дар*** **ран **лд” ХХК зэрэг компаниудын борлуулалт хийсэн талаар шивэлт хийсэн байх боловч нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр төлбөр төлсөн банкны дансны хуулга зэрэг, төлбөр төлснийг нотлох баримт байхгүй байна.

“С** групп” ХХК-ийн захирал Д.Б нь нийт 1161463,4 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт сэжигтнээр тооцогдсон ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “С** групп” ХХК-ийн хий бичилттэй падаан бичүүлж авсан гэх 3 компанийн татварын байцаагчийн дүгнэлтүүд үндэслэлтэй зэргээс харвал тус компани нь албан татвараа бууруулсан болох нь нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “С** групп” ХХК нь бетон гадаад худалдаа, барилга угсралтын ажиллагаа эрхэлдэг бөгөөд дээрх компаниудаас худалдан авсан барилгын материалыг барилга угсралтдаа хэрэглэсэн боловч манай компанид бараа борлуулсан компанийн худалдан авалтын падааныг эргэлзээтэй гэж үзэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тус хуулийг хэрэгжүүлэх журмын хүрээнд буруу, дутуу тусгасан орлого түүнтэй адилтгах хөрөнгийг ил болгох...” зохицуулалтын хүрээнд татвар ногдох орлогод нөлөөлдөг гэдэг утгаар падааны дүнг борлуулалтын орлого талд тайлагнасан гэж тайлбарлаж байгаа боловч “С** групп” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө татварын хяналт шалгалтаар “Ар***” ХХК, “Д****дорж” ХХК, “Хүс**** **лан” ХХК, “Дар*** **ран **лд” ХХК зэрэг компаниас хий бичилттэй худалдан авалт хийсэн болох нь 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр татварын улсын байцаагчийн 240031 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон байх тул Засгийн Газрын 2015 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 2.1.1-д "нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар тайлагнасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6-д заасан татварын хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа нэгэнт акт тавигдсан зөрчлийн тухайд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл 2016 оны актаар тогтоосон төлбөр нь нэхэмжлэгчийн 2011 болон түүнээс өмнөх оных бус 2011-2012 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийсний дүнд гарсан зөрчилд ногдуулсан нөхөн татвар болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.М нарын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах “С** групп” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА