Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 157

 

                              

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 9-08 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЖ82013028, Борлууд овогт Ядамын Батцэцэгийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 9-22 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЮ77111513, Говоо овогт Энгэлийн Цэрэнпэлд холбогдох,

       Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Хариуцагч Э.Цэрэнпэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Я.Я.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Я.Батцэцэг миний бие Э.Цэрэнпэлтэй 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж 2002 онд хүү Ц.Батзориг, 2003 онд охин Ц.Мөнхсоёл, 2006 онд Ц.Мөнхсувд, 2010 онд охин Ц.Мөнхшүр нарыг төрүүлж 8 жил хамт элэг бүтэн амьдарсан. 2010 онд бага охин Ц.Мөнхшүрийг төрөөд 2 сартай намайг нялх биетэй байхад нөхөр Э.Цэрэнпэл нь алтанд явах нэрийдлээр гэрээсээ гарч явснаас хойш гэртээ тогтохгүй явуулын амьдралтай болсон. Би хүүхдүүдээ өсгөж том болоход нь гол анхаарлаа хандуулаад хэсэг хугацаа өнгөрсний дараа нөхөр Э.Цэрэнпэлийг сураглаж хайхад Э.Цэрэнпэл Улаангом сумын гахайн байранд өөр эхнэр хүүхэдтэй болчихсон байсан. Одоо миний хувьд Э.Цэрэнпэлтэй цаашид хамтран амьдрах шаардлагагүй ба Э.Цэрэнпэлээс тусдаа амьдраад 8 дахь жилдээ орж байгаа, бидний дунд эд хөрөнгийн маргаангүй, эвлэрэх шаардлагагүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 4 хүүхдээ өөрийн асрамждаа авна” гэжээ.

     Хариуцагч Э.Цэрэнпэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Э.Цэрэнпэл нь Я.Батцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Я.Батцэцэгтэй цаашид хамтран амьдрах боломжгүй, одоо тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг яаралтай цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа, Я.Батцэцэг бид хоёр ярилцаж тохиролцсон. Би цаашдаа хүүхдүүдээ харж хандах болно” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч Я.Батцэцэг нь хариуцагч Э.Цэрэнпэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

       Я.Батцэцэг нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

     Иргэн Я.Батцэцэг, Э.Цэрэнпэл нар 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж тэдний дундаас 2002 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү Ц.Батзориг, 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин Ц.Мөнхсоёл, 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Ц.Мөнхсувд, 2010 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Ц.Мөнхшүр нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр тогтоогдож байна.

      Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй учир нь хариуцагч Э.Цэрэнпэл өөр гэр бүлтэй болсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.

     Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

    Нэхэмжлэгч Я.Батцэцэг, хариуцагч Э.Цэрэнпэл нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Я.Батцэцэгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж байна.

        Нэхэмжлэгч Я.Батцэцэгт шүүх хуралдааны товын мэдэгдсэн боловч “Би яаралтай ажил гараад Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар баг Хөндлөнд байна. Шүүх хуралдаанд оролцож чадахгүй боллоо. Намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү. Би гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна. Э.Цэрэнпэлээс тэтгэлэг авахгүй” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Говоо овогт Энгэлийн Цэрэнпэл, Борлууд овогт Ядамын Батцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2002 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү Ц.Батзориг, 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин Ц.Мөнхсоёл, 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Ц.Мөнхсувд, 2010 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Ц.Мөнхшүр нарыг эх Я.Батцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

        4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

       5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Я.Батцэцэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.

      6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР