| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00124/И |
| Дугаар | 160 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 160
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг Баруунтуруун сумын Туруун багт оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОА85060611, Тайж овогт Басанжавын Амартүвшингийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Баруутуруун сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 2.837.526 төгрөг, улирлын үр дүнгийн урамшуулал 215.818 төгрөг, нийт 3.053.344 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Басанжавын Амартүвшин нь Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сургуулийн захирлын Б/09 тоот тушаалаар ажлаас халагдсан. Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 тоот шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохоо тогтоолгож, сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон. Ажиллаж байх үедээ миний бие үндсэн цалин 539.547 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 15 хувь, мэргэжлийн Ахлах зэргийн нэмэгдэл 15 хувь, улирал бүрийн урамшуулал 40-45 хувь авдаг байсан. Иймд ажилгүй байсан хугацааны сарын цалин 701.411 төгрөг, үүнийг 3 сараар үржүүлэхэд /2017 оны 11, 12, 2018 оны 1 дүгээр сар/ 2.104.233 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16 хоногийн цалин 510.117 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 7 хоногийн цалин 223.176 төгрөг нэмж нийт цалин 2.837.526 төгрөг, мөн улиралын үр дүнгийн урамшуулалыг 40 хувиар тооцоход 215.818 төгрөг болж нийт 3.053.344 төгрөгийг нэхэмжлэхийн зэрэгцээ нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Амартүвшин нь Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сургуулийн захирлын Б/09 тоот тушаалаар ажлаас халагдсан. Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 тоот шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохоо тогтоолгож, сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон байдаг. Түүний үндсэн цалин 539.547 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 15 хувь, мэргэжлийн ахлах зэргийн нэмэгдэл 15 хувь, улирал бүрийн урамшуулал 40-45 хувь юм. Иймд Б.Амартүвшингийн ажилгүй байсан хугацааны сарын цалин 701.411 төгрөг, үүнийг 3 сараар үржүүлэхэд /2017 оны 11, 12, 2018 оны 1 дүгээр сар/ 2.104.233 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16 хоногийн цалин 510.117 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 7 хоногийн цалин 223.176 төгрөг нэмж нийт цалин 2.837.526 төгрөг, мөн улиралын үр дүнгийн урамшуулалыг 40 хувь буюу 215.818 төгрөг болж нийт 3.053.344 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нь нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Баруутуруун сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Болд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б.Амартүвшингийн ажлаас халагдсан байх хугацааны цалинг нөхөн төлүүлэх шаардлагыг хүлээн авч биелүүлэх боломжгүй бөгөөд сургуулийн төсвөөс цалинг нөхөн төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Амартүвшиг ажлаас халагдсан байх хугацаанд сургуулийн захирал асан С.Пүрэвсүрэн тушаал гарган сургуулийн нийгмийн ажилтны ажилд сонгон шалгаруулалт явуулан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Балжинням овогтой Жавзанхандыг тухайн ажлын байранд томилон ажиллуулсан ба Б.Жавзанхандын цалинг сургуулийн цалингийн сангаас гарсан тул Б.Амартүвшингийн ажилгүй байсан хугацааны цалин 3.053.344 төгрөгийг нөхөн олгох төсөв манай сургуульд байхгүй тул Б.Амартүвшингийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Амартүвшин нь хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалин 2.837.526 төгрөг, үр дүнгийн урамшуулал 215.818 төгрөг, нийт 3.053.344 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Басанжавын Амартүвшинг Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоожээ.
Хариуцагч нь “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Амартүвшингийн ажилгүй байсан хугацааны цалин 3.053.344 төгрөгийг нөхөн олгох төсөв манай сургуульд байхгүй тул Б.Амартүвшингийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Хариуцагч нь Б.Амартүвшинг 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнаар эгүүлэн томилсон болох нь Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 тоот тушаалаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч Б.Амартүвшингийн нийгмийн даатгалын дэвтрээс харахад ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2017 оны 7 дугаар сард 748.300 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 668.261 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 720.678 төгрөг ба үнийн дүнгээс нэг сарын дундаж цалинг тооцоход 712.413 төгрөг байна.
Ингээд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нийт 2.837.526 төгрөгийг Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргаж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх мөн улиралын үр дүнгийн урамшуулал 215.818 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь үр дүнгийн урамшуулал 40 хувь хэмээн нэхэмжлэгч өөрөө тооцоолсон ба энэхүү урамшууллыг олгох эсэх, хэдэн хувиар олгох нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд улиралын үр дүнгийн урамшуулал 215.818 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж олгох боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч Б.Амартүвшин нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Амартүвшингийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуульд даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Амартүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ буюу 2.837.526 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Амартүвшинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.837.526 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Амартүвшинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 215.818 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Амартүвшингийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Б.Амартүвшингийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 63.803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулиас 60.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Амартүвшинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл эх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР