Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

            Улсын яллагч Э.Уламбаяр,

            Шүүгдэгч П.О**********р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П**********гийн О**********рт холбогдох эрүүгийн **********  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч П.О**********р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр П.М**********ыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж, нүүрэн тус газарт нь өшиглөж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.О**********р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр П.М**********ыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж, нүүрэн тус газарт нь өшиглөж  хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн **********  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.О**********рын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М********** гэх залуу яагаад байгаа юм бэ? Гээд хүрч ирсэн. чи яах гээд байгаа юм гээд би яадгийн гээд том дуугараад байхаар нь би М**********ын нүүрэн хэсэгт нь гараараа хоёр удаа цохиод газар унахад нь хөлөөрөө толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд маргалдаж байхад тэнд байсан хүмүүс бид 2-г салгасан. Тэгсэн манай дүү Равжаа нь М**********ыг 2-3 удаа тонгорч газар унагаасан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй.ондоо хэрэлдэж байгаад О**********р ах бид хоёр М**********ын гэрээс явсан. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. . ...” гэх мэдүүлэг (хх 21-22, 34х),

Хохирогч П.М**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр найз болох Батдоржийн хамт хөдөө айлд очиж ямаа самнаж байгаад орой 19 цагийн үед Их-Уул сумын төв рүү орж ирээд бид 2 манай гэрт очсон. Тэгээд манай найз Батдорж айлд очоод ирье гээд явсан. Би ам цангаад байхаар нь ундаа авч ууя гэж бодоод гэрийн урд байдаг дэлгүүр орохдоо Батдорж руу дэлгүүр дээр байна гэж чат бичсэн тэгсэн Батдорж ахынхаа машинтай давхиад ирсэн. Тэгээд бид 2 нэг нэг 0,5 литрийн касс пиво аваад уг дэлгүүрийн үүдэнд машин дотроо уугаад байж байхад Батдорж руу нэг хүн залгаад хүрээд ирээч гэж дуудсан. Тэгэхээр нь Батдорж бид 2 цуг яваад очсон тэнд Батдоржийн дүү гээд 2 залуу байсан тэгээд бид 4 юм яриад машин дотроо сууж байхад Батдоржийн дүү гээд залуу руу Жижгээ гэж залуу утсаар залгаад хүрээд ирээч гэсэн тэгэхээр нь бид 4 очсон чинь Жижгээ нэг нэг залуутай байсан тэгээд яасан гэсэн чинь энд харин хүмүүс зодох гээд байна гэсэн тэгэхээр за за явъя гээд байж байхад мотоциклтой 2 залуу хүрээд ирсэн тэгэхээр нь бид нар машиндаа суугаад шууд зугтаасан. Тэгээд сумын төвөөр зугтаж явж байгаад Батдоржийн машины бензин дуусах гээд байхаар нь зодвол зодог арай ч алчихгүй байлгүй манайд очъё гээд манай гэрт бид 6 очсон. Би жорлон орж бие засаад жорлонгоос гарч ирэхэд хашааны хойд хаалган дээр нөгөө хөөгөөд байсан мотоциклтой 2 залуу ирсэн тэгэхээр нь би урдаас хаалган дээрээ явж очоод гэр лүүгээ оруулахгүй гэсэн чинь оюутан нэрийг нь мэдэхгүй байна Оогий гэдэг нь манай гэр лүү яваад орсон Равжаа нь үлдсэн. Тэгсэн Равжаа нь намайг яасан том болсон юм бэ? Яасан их зугтдаг юм бэ? Гэсэн тэгэхээр нь би яасан юм бэ гээд бид 2 бага зэргийн маргалдаад хашаан дотор зогсож байхад гэр лүү орсон Оогий эргэж гарч ирээд намайг сая зугтдаг нөхөр мөн үү гэсэн тэгэхээр нь би мөн байна гэсэн тэгсэн Оогий чи бид 2-ыг зодно гэл үү гэж надаас асуусан тэгэхээр нь би үгүй яасан гэж хэлсэн тэгсэн чинь чи намайг таних уу гэсэн үгүй би танихгүй юм байна гэсэн /гадаа харанхуй болсон байсан/ тэгээд зогсож байтал Оогий миний нүүр хэсэг ам руу 2 удаа цохисон тэгээд би хойшоогоо цохиулсандаа манараад унаж байхад Оогий юм уу Равжаа 2-ын аль нэг нь мөн миний нүүр хэсэг буюу ам руу 1 удаа өшиглөсөн би хэнийг нь өшиглөснийг мэдэхгүй байна тэр 2-ын аль нэг нь өшиглөсөн. Тэгээд би босож ирээд яасан овоо юм миний гэрт ирж хэрүүл хийдэг юм гээд би Оогийтой барилцаад авсан. Тэгсэн бид 2-ыг Батдорж салгасан цаана нь гэрийн үүдэнд Жижгээ нөгөөдүүлийнх нь нэрийг нь мэдэхгүй хараад зогсож байсан. Тэгээд дараа гэрийн үүдэнд Равжаа нь намайг чи ахыгаа хүндлэхгүй яасан том юм бэ? Гэсэн тэгэхээр нь би яахаараа хүндлэх ёстой юм яачхаад байгаа юм гээд бид 2 хэрэлдээд барилцаад авсан Равжаа намайг 3 удаа үүрч шидэж газар унагасан тэгээд газар унасан байхад миний цамцны захаар нь миний хоолойг боосон тэгсэн би амьсгаа авч чадахгүй амь тэмцэж байхад Равжааг нэг нь салгасан, тэгээд би босож ирээд сууж байхад Оогий ирээд миний цээж хэсэг рүү 2 удаа өшиглөсөн дараа нь Равжаа ирээд намайг заамдаад авахаар нь би урдаас нь заамдаж аваад Равжааг 2 удаа цохисон тэгэхэд Равжаа миний хурууг хазаад тавихаа больсон тэгэхээр нь би хуруугаа тавиулах гэж Равжааг 2 удаа цохисон тэгсэн миний хурууг тавьсан тэгээд миний бүүр уур хүрээд Равжааг дахиж 2 удаа цохисон. Тэгээд зодоон больсон. Тэгээд удалгүй Равжаа Оогий 2 манайхаас явсан...О**********р миний эмчилгээний зардалд зориулж бэлнээр 600,000 төгрөг өгсөн...надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-15-17, 19х),

Гэрч Э.Мягмарцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр П.М********** гэдэг залуугийн гар хүрч цохисон асуудал байхгүй. Харин надтай хамт явсан О**********р ах бол М**********ыг 2 удаа удаа цохиод 1 удаа өшиглөсөн, тэгээд би дундуур нь орж салгасан. П.М********** нь О**********р ахын нэрийг мэдэхгүй, намайг таньдаг болохоороо намайг Зодсон гэж өргөдөл дээр андуурч бичсэн байх. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр П.О**********р ах бид хоёр Их- Уул сумын дээд талд айлын эзэнгүй хашаан дотор пиво уугаад сууж байсан чинь Мөнбатаар, Батдорж гэдэг хоёр залуу ирээд үг зөрөлдөөд маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад М**********, Батдорж хоёр М**********ын гэр лүү явсан. Тэгээд О**********р ах бид хоёр М**********ын гэрт явж очсон тэгээд М**********, О**********р ах хоёр хоорондоо маргалдаж байгаад О**********р ах М**********ыг хоёр удаа цохиж газар унагаад унасан хойно нь М**********ын нүүрэнд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би тэр хоёрын голоор орж салгаад, тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгж байсан чинь М********** надтай хэрэлдээд тэгэхээр нь би М**********ыг тонгорч газар унагаасан тэгсэн М********** миний толгой хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон. Тэгээд л хоорондоо хэрэлдэж байгаад О**********р ах бид хоёр М**********ын гэрээс явсан... ” гэх мэдүүлэг (хх-24-25х),

            Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дугаартай:

            1. П.М**********ын биед доод салстад язралт, зүүн доод 1-р үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг  хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

            3. П.М**********ын биед учирсан уруулын язралт, шүдний сулрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-28х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-37х), Хонин онход овогт П**********гийн О**********рын иргэний үнэмлэхийн лавлагааны (хх-38х), эвлэрлийн гэрээ (хх-40-41х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.О**********р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр П.М**********ыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж, нүүрэн тус газарт нь өшиглөж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч П.О**********рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч П.М**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-15-17, 19х),

Гэрч Э.Мягмарцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-24-25х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дугаартай дүгнэлт (хх-28х), зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.О**********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч П.О**********р нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч П.О**********р нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч П.О**********р нь хохирогч П.М**********ын эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн хариуцаж төлж барагдуулсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч П.О**********рыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.О**********рын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.О**********р нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч П.О**********р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч П.О**********р нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хонин онход овогт П**********гийн О**********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П**********гийн О**********рыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.О**********р нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.О**********р нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч П.О**********рын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О**********рт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН