Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/00633

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/00633

Улаанбаатар хот

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэйгээр

 

Нэхэмжлэгч Б.Б /РД:/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч КМ ХХК /РД:/-д холбогдох,

 

99116055 дугаарыг эзэмших эрх хязгаарлаж хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгож, түүний улмаас учирсан хохирол 20.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч   Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, түүний өмгөөлөгч М.Балжинсүрэн, иргэдийн төлөөлөгч Т.Гандуулга,  гэрч О.Самааранзаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад  Э.Цолмон нар оролцов.

 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие КМ ХХК-д 2003 оны 12 дугаар сараас  эхлэн хуульчаар ажиллаж байгаад 2006 оноос Тамгын газрын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Би 2005 оны 5 дугаар сараас Мобиком корпорацийн  99116055 дугаарыг эзэмшиж эхэлсэн.

 

КМХХК-ийн дотоод журмын дагуу өөрийн эзэмшиж байсан 99116055 дугаарыг компанийн нэр дээр бүртгүүлж, компаниас ярианы төлбөрийг нь төлдөг байсан.

 

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр КМХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболд нь 15/65 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас халсан. Ажлаас халагдсан  шалтгаанаар Мобиком корпораци ХХК-д 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр албан бичиг хүргүүлж, миний эзэмшиж байгаа 99116055 дугаарыг хаалгуулсан.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4294 тоот шийдвэрээр Мобиком корпораци ХХК- ийн 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Б.Б намайг тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 30ы өдөр дугаараа нээлгэсэн.

 

Иймд КМХХК нь миний эзэмшдэг Мобиком корпораци ХХК- ийн 99116055 дугаарыг хаалгахдаа надаас зөвшөөрөл аваагүй 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Мобиком корпораци ХХК-д албан бичиг хүргүүлж, ярианы эрхийг 2016 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл хаалгуулсан.

 

Дугаарыг хаалгуулснаар энэ дугаартай холбоотой хөнгөлөлт, урамшуулал бүгд байхгүй болсон бөгөөд уг дугаарын эзэмшигчээр тогтоолгосон өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэр гарснаар би эзэмшигч болсон. Миний хувьд КМХХК нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

 

Үндсэн хуулиар олгогдсон миний иргэний эрхийг халдаж, эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлан, миний хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 492.1, 495.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч КМХХК-ийг миний эрхийг хязгаарлаж хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоож, эрх хязгаарласны улмаас учирсан хохиролд 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Б.Б  КМХХК –нд хуульч, Тамгын газрын даргаар ажиллаж  байсан.

 

Б.Бийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас халсан, энэ тухайгаа шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн.  Тухайн үед Мобиком корпораци ХХК-ийн 99116055 дугаар нь манай компанийн нэр дээр байсан бөгөөд утасны төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  компани төлсөн.

 

 Түүнийг ажлаас халагдсаны дараа утасны төлбөрийг компани төлж байсан болохоороо Мобиком корпораци ХХК-д албан бичиг хүргүүлж, үйлчилгээг хаалгасан нь үнэн, хаалгахдаа Б.Боос зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

 

Гэтэл нэхэмжлэгч эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан гээд байгаа нь ажлаас халагдсан ажилтны гар утасны үйлчилгээний төлбөрийг ажил олгогч үргэлжлүүлэн төлөхгүйгээр түр хаалгасан явдалд хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Б.Б 9911-тэй дугаарыг зах зээл дээр  20.000.000 төгрөгөөр зарагдаж байгаа гээд үнэлгээчнээр үнэлүүлчихээд түүнийгээ өөрийнхөө  эрх хязгаарлаж хууль ёсны эзэмшилд халдсаны улмаас учирсан хохирол гэж үзэх үндэсгүй юмаа. 20.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа үндэслэл нь тодорхойгүй байна.

 

КМХХК  өөрийн нэр дээр байсан 99116055 дугаартай гар утасыг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хооронд хаалгаснаар шүүхийн шийдвэрийн дагуу уг утасны эзэмшигч болсон Б.Бийн эрхийг хязгаарлаж хууль ёсны эзэмшилд нь халдаагүй бөгөөд түүнд ямар ч хохирол учраагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч КМХХК-д холбогдуулан эрх хязгаарлаж, хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоож, эрх хязгаарласны улмаас учирсан хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч КМХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

1.Хариуцагч КМХХК нь Мобиком корпораци ХХК-тай 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Үүрэн холбооны үйлчилгээний гэрээ” байгуулан  99116055 дугаарыг эзэмшиж эхэлжээ./хх-ийн 39-42–р хуудас/

 

Улмаар КМХХК-ийн Тамгын газрын дарга, хуулийн зөвлөх Б.Б гэрээгээр тохирсон нөхцөлөөр ашиглан ярианы төлбөрийг КМХХК төлж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогдоогджээ./хх-ийн 45-51-р хуудас/

 

Нэхэмжлэгч Б.Б нь КМХХК-д 2006 оноос хуулийн зөвлөх, 2013 оны 12 дугаар сараас Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 4776 дугаартай шийдвэрээр Б.Бийг КМХХК-ийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоосон байдаг. /хх-ийн 4-7-р хуудас/

 

Б.Бийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 тоот тушаалаар КМХХК-ийн Тамгын газрын захирлын албан тушаалаас чөлөөлснөөс хойш “КМХХК-ийн нэр дээр байгаа 99116055 дугаарыг 3 сарын хугацаанд хааж, хадгалж өгнө үү” гэсэн тус байгууллагын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/72 дугаартай албан бичгийг Мобиком корпораци ХХК- д хүргүүлснээр 99116055 дугаарыг ашиглах эрх хязгаарлагдсан байна./хх-ийн 27-р хуудас/

 

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4294 дугаартай шийдвэрээр 99116055 дугаартай утасны хууль ёсны эзэмшигч нь Б.Б болохыг тотоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3/26088 дугаартай албан бичгээр “КМХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 99116055 дугаарыг Б.Бийн нэр дээр шилжүүлэх”-ийг мэдэгдэн, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээ шилжүүлснээр  уг утасны дугаарыг  Б.Б эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 8-12,13-19-р хуудас/ 

 

Үүнээс үзэхэд КМХХК нь 99116055 дугаарыг эзэмшиж байх хугацаандаа буюу  2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Мобиком корпораци ХХК- д дугаар түр хаалгах агуулгатай албан бичгийг явуулсан байх бөгөөд Мобиком корпораци ХХК дугаар эзэмшигчийн хүсэлтийг хүлээн авч дугаарыг түр хаах үйлчилгээг үзүүлжээ.

 

Хариуцагч КМХХК нь  тухайн үед өөрийн эзэмшиж байсан 99116055 дугаарыг ашиглах эрх хаалгасныг бусдын /Б.Бийн/ эрхийг хязгаарлаж хууль ёсны эзэмшилд халдсан гэж үзэх үндэсгүй юм.

 

Б.Б нь 99115066 дугаарыг шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, түүний тайлбараар нотлогдож байх тул тус дугаарыг устсан гэж үзэх боломжгүй, улмаар Б.Бид 20.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхгүй.

 

Мөн хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-нь 9911....–тэй дугаарыг зах зээлд худалдан борлуулж байгаа үнэ 20.000.000 төгрөг гэж үнэлснийг нэхэмжлэгч Б.Бид учирсан хохирол гэж үзэхгүй юм.

 

Иймд  99116055 дугаарыг эзэмших эрх хязгаарлаж хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгож, түүний улмаас учирсан хохирол 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд гэрч О.Самааранзын мэдүүлгийг сонсов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1., 497 дугаар зүйлийн 497.1.д заасныг баримтлан 99116055 дугаарыг эзэмших эрх хязгаарлаж хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгож, түүний улмаас учирсан хохирол 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  энэхүү  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  шийдвэрийг  гардаж авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

 

                                     ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО 

 

                                         ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                                    С.ХИШИГБАТ