Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг, улсын яллагч Б.Батбаяр, шүүгдэгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Гэрүүд овогт Батбаярын Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002360082 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын Орхон Уул аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар багийн Дэнж 15 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, регистрийн АЗ97032015, Гэрүүд овогт Батбаярын Энхболд

нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Мандахбаяртай маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Энхболд нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, мойлтын тохойн гүүрнээс баруун тийш хөх давааны энгэр гэх газарт Б.Мандахбаяр, Б.Билэгдэмбэрэл, Л.Анхбаатар, Ихэрцэцэг, Энхрий нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэн 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Б.Мандахбаяр мотор унтраасангүй гээд хөлөөрөө түүний нуруу руу жийхэд нь маргалдан Б.Мандахбаярын нүүрэн тус газар нь цохиж түүний биед хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхболдын нь мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт судалсан: Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мандахбаярын өгсөн: “”2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би дарга Мөнх-Эрдэнэтэй утсаар яриад Энхболдын ээжид мөнгө өгөх шаардлага байгаа гэж хэлээд 80.000 төгрөг дэлгүүрийн худалдагчийн дансаар шилжүүлэн аваад 0.75 литрийн 3 шил архи 2.5 литрийн том савтай пиво, лаазтай 5 пиво хиам талх зэрэг зүйлсийг аваад байрлаж байгаа гэртээ ороод Энхболд, Билэгдэмбэрэл, Анхбаатар түүний хоёр найз хүүхэд бид нар хувааж уусан юм. Тэгээд би согтоод байсан учир модон нааран дээр гараад унтсан байсан гэтэл шөнө сэрээд харсан чинь мотор асаагаагүй архи уугаад сууж байхаар нь би Энхболд ойрхон байхаар нь та нар яагаад мотор унтраасангүй вэ гэж хэлээд нуруу орчимд нь хөлөөрөө нэг удаа жийсэн энэ үед Энхболд уурлаж босоод ирэхээр нь би урдаас нь босоод ирсэн чинь Энхболд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж нааран дээр унагаад хажууд нь байсан хүмүүс салгах үед дахин нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж зодсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 6 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Билэгдэмбэрэлийн өгсөн: “”би архи уугаад нэлээн согтоод сандал дээр сууж байх үед Мандахбаяр ах мотор унтраа гэж хэлээд Энхболд нь жаахан байж байгаад унтраах талаар яриад маргалдаад байх шиг байсан нэг харсан чинь зууралдаад авсан модон наарны хойгуур байсан завсраар Мандахбаяр ороод дээш хараад хэвтсэн дээр нь Энхболд гараад суусан зууралдаад байхаар нь хойноос нь очоод Энхболдын хувцаснаас нь бариад татаж салгасан” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Анхбаатарын өгсөн: “шөнийн 03 цагийн орчим Мандахбаяр манай гэрт орж ирээд эхнэртэй утсаар яриад өгөөч Энхболд намайг зодсон гэхээр нь босоод мотор асааж Мандахбаярын амарч байсан гэрт нь орсон чинь Мандахбаяр зодуулсан бололтой хоёр нүд нь хөхөрч хавдсан зүүн чихний ар талд нь цус гарсан бололтой хатсан байдалтай байхаар нь Мандахбаярын эхнэртэй утсаар ярьж өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/185 дугаар: 1.Б.Мандахбаярын биед баруун нүдний салстад шарх, баруун зүүн нүдний салст, баруун зүүн зовхи, нуруунд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Энхболд нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, мойлтын тохойн гүүрнээс баруун тийш хөх давааны энгэр гэх газарт ууж согтуурсан үедээ Б.Мандахбаярыг 03 цагийн орчим мотор унтраасангүй гээд хөлөөрөө нуруу руу нь жийхэд маргалдан санаатай нүүрэн тус газар нь цохиж баруун нүдний салстад шарх, баруун зүүн нүдний салст, баруун зүүн зовхи, нуруунд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Энхболдод холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэрүүд овогт Батбаярын Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Энхболдод мэдэгдсүгэй.

5. Б.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдод оногдуулсан торгох ял биелүүлэхийг Орхон Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ