Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 91

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00091

                            Ховд аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би, 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 10-12 тоотод оршин суух, Холхон овогт Дашнямын Гансүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, ПЛ77030517 дугаарын регистртэй, Баян жадик овогт Хараагийн Аманбайд холбогдох 1200000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Гансүх миний бие 2018 оны 02 дугаар 08-ны өдөр Х.Аманбайтай утсаар ярихад манай мал тарга тэвээрэг маш сайн байгаа. ирж мал авбал ав гэсэн тул нэг бух, 4-5 насны шар үхэр хоёрыг худалдан авахаар утсаар тохиролцсон.

Маргааш нь би өөрөөсөө бензин шатахуунаа хийгээд Х.Аманбайгийн хүү Телеберийг өөрийн ах Мягмардоржийн хамт аваад Аманбайгийн гэрт очсон. Гэтэл түүний зааж өгсөн мал нь тарга тэвээрэг тийм сайн байгаагүй. Тэгээд орой, харанхуй болоход Аманбай би чамайг гомдоохгүй. Хэрвээ миний зааж өгсөн үхрээс 180 кг мах нөгөөгөөс нь 120 кг мах гарахгүй бол буцааж авч ирж өгөөрэй гэсэн ингэж тохироод би нэмж 3 ууцны хонь авахаар болсон. Х.Аманбай өөрөө сайн мал гэж хэлээд өөрөө малаа зүслэж барьж өгсөн. Маш орой, харанхуй байсан болохоор би өөрөө малын тарга тэвээрэгийг сайн шалгах боломжгүй байсан тул Х.Аманбайг сайн мал өгөх байх гэж итгэсэн. Би Аманбайгаас дараах нийт 3 хонь тус бүрийг 100000 төгрөгөөр, 2 үхрийн томыг нь 400000 төгрөгөөр, жижгийг нь 300000 төгрөгөөр нийт 1000000 төгрөгөөр 5 мал худалдаж авсан.

Гэтэл тус хонинууд нь ууц тавихаар сайн байгаагүй. Мөн зарсан 2 үхэр нь Аманбайгийн хэлж байсан шиг сайн тарга тэвээрэгтэй байгаагүй учир түүнийг авах хүмүүс нь голоод аваагүй. Ингээд маргааш нь би Х.Амабайгаас худалдаж авсан бүх малыг нь буцааж аваачиж өгсөн.

Иймд малын үнэ 1000000 төгрөг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт байх Аманбайгийнх руу 2 удаа нааш цааш явсан замын зардал 200.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг Х.Аманбайгаас гаргуулж, надад олгож миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Гансүх нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: хариуцагч Х.Аманбайгаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1200000 төгрөгөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1000000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ямар нэгэн гомдол саналгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Гансүх нь хариуцагч Х.Аманбайд холбогдуулан 1200000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Аманбай нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16675  төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Д.Гансүхэд олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гансүхийн нэхэмжлэлтэй Х.Аманбайд холбогдох 1200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16675  төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Д.Гансүхэд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                               

ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ