Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/585

 

                 

 

                                   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, улсын яллагч У.Анхжаргал, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03079 0424 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Н.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, эх, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

-Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 639 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 40.1,2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сарын хорих ялаар шийтгэсэн.

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 10 дугаар гудамжны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх болох Ё.Н-тэй “ууснаа шингээж чадахгүй байж” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түлхэж унагааж, бугуйн хэсгээс нь чирэх зэргээр зодож биед баруун, зүүн бугалгад цус хуралт, баруун шуунд шарх, цус хуралт гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 10 дугаар гудамжны ** тоотод хүргэн дүү Х.О-тай хамт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ба Х.О-т хандаж “чи урьд намайг зодож байсан, одоо чамайг алчих уу” гэхэд Х.О үг хэлэлгүй дээд давхар руу гарсан байна. Үүний дараа шүүгдэгч Н.Б хутгаа барин дээврийн давхар руу гарахаар завдахад төрсөн эх Ё.Н нь түүнийг гаргахгүй гэж хориглон “чи хүн алах нуу, наад хутгаа аваад ир, ууснаа шингээж чадсангүй” гэж хэлэхэд нь маргалдаж, улмаар түлхэж унагааж, бугуйн хэсгээс нь чирч түүний бие махбодод “биед баруун, зүүн бугалгад цус хуралт, баруун шуунд шарх, цус хуралт гэмтэл...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Ё.Н-н “2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б ширээн дээр мах эвдэх гээд тавьсан байсан хутгыг аваад дээд давхар луу гарах гэхээр нь би гаргахгүй гээд “чи болиоч, ууснаа шингээж чадахгүй байж” гэхэд битгий хуц гичий минь, хүн алсан байсан ч би өөрөө ялыг нь эдлэх болно, чи миний эцгийг алсан шүү гээд намайг сууж байхад гараараа түлхэж газар унагасан. Тэгээд намайг босох гэхэд миний баруун гараас байшингийн хоймор луу чирээд газар хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-30 дахь тал), гэрч Н.Х-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед ээж Н миний гар утас руу залгаад уйлсан. Юу болсон талаар асуухад “Б шөнө намайг орноос түлхэж газар унагаад гараас чирээд байсан. Одоо миний гараас цус гараад байна, ээж нь айгаад байгаа болохоор ирж аваач” гэж хэлсэн. Би таньдаг хүнээ гуйж ээжийг гэртээ авч ирүүлсэн. Ээж манай гэрт ирэхэд баруун гарын бугуй хэсгийн арьс нь зулгараад цус гарсан, 2 гарын бугалга хэсгээс базсан гэмээр хөхөрсөн байсан. Мөн хамаг бие хөндүүрлэн өвдөж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), гэрч Х.О-ын “...хадам ээж Н “Б намайг зодсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11645 дугаартай: “...Ё.Н-н биед баруун, зүүн бугалгад цус хуралт, баруун шуунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад.нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал), аюулгүй зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 7-16 дахь тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...О бид хоёр гэрт 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Өмнө намайг хүргэн О хоёр удаа зодож байсан. Би тэр асуудал дээр юм бодсон байж байгаад мах идэж байсан хутгаа аваад О-т хандан “чи өмнө намайг зодож байсан, одоо би чамайг хутгалчих уу” гэхэд О юм хэлэхгүй дээврийн хоёр давхар луу гарсан. Тэгтэл ээж чи хүн алах нуу наад хутгаа аваад ир гэхээр нь танд хамаагүй, та зүгээр унт гээд цээж рүү нь түлхсэн. Тэгтэл ээж хойшоо бөгсөөрөө, орныхоо өмнө унасан. Тэгэхээр нь би гараас нь татаад ор луу нь чирч аваачаад, хутгаа үүдэнд байсан угаалгын машин дээр тавиад гараад явсан...” гэж (хх-ийн 53-54 дэх тал) мэдүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн бөгөөд түүний мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах талын нотлох баримтаар үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11645 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ё.Н-н эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Б, хохирогч Ё.Н нар нь эх, хүү бөгөөд нэг гэр бүлд хамт амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Н.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Ё.Н нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Б-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч ажил эрхэлдэг талаар баримт хэрэгт аваагаагүй, тогтсон орлоготой эсэх нь тодорхойгүй, одоог хүртэл эхтэйгээ амьдардаг, түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, мөн зорчих эрх хязгаарлах ял нь дууссан боловч бугуйвчны мөнгөө төлөөгүйн улмаас авхуулаагүй гэж мэдүүлж байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Н.Б-гийн урьд 5 удаа ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогч хэрэгт баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Б-гийн хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлж сольсон байгаа тул эдлээгүй үлдсэн ялгүй гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Миний хамтран амьдрагч эмэгтэй Хархорин худалдааны төв дээр дотуур хувцас зардаг, орлоготой. Би зорчих эрх хязгаарлах ялаа эдэлж дууссан. Харин бугуйвчны мөнгөө төлөөгүй байгаа тул бугуйвчаа авхуулаагүй байгаа...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 101 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хавтаст хэргийн 73-94 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал), нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ авдаггүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 103 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 56-67 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн бүртгэлтэй эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг тодорхойлов.

Иймд шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д гурван зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялын зарим хэсгийг буюу 10 сар 29 хоногийг Өршөөлийн тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байх ба энэ ялын хугацаа дууссан эсэх нь тодорхойгүй, бугуйвчийг одоог хүртэл аваагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан гурван зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдэлж буй зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г гурван зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан гурван зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Б-д энэ тогтоолоор оногдуулсан гурван зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг урьд шийтгүүлсэн зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.

5.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-д сануулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА